Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01893

 

 

Э ф ББСБ ХХК ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/03492 дугаар шийдвэртэй, Э ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 131,556,166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У , хариуцагчийн өмгөөлөгч Ж.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Б.Э нь Э ф ББСБ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд Б.Б ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.2. Б.Э хүсэлт гаргасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлтээр 28,000,000 төгрөг зээлж, зээлийн гэрээний хугацааг 49 сар болгон сунгаж зээлийн хүүг сарын 2.5 хувь болгон бууруулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэвч Б.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/16/21 тоот албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй.

Энэ хугацаанд Б.Э нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8,335,000 төгрөг төлсөн, 28,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтад Б.Эийн хүсэлтээр нь гарын үсэг зуруулсан, түүний хүсэлтээр нэмэлт гэрээг байгуулсан тул үүргээ биелүүлэх ёстой.

1.3. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй. Уг зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг төлсөн нь одоо нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Б.Эоос 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 63,000,000 төгрөг, зээлийн хүү 61,385,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,171,166 төгрөг, нийт 131,556,166 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э ф ББСБ ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тухайн үед бизнес уналтад орсноор зээлээ хугацаанд нь төлж чадаагүй.

2.1. Нэхэмжлэгч тал Монгол банкнаас шалгалт ирэх гэж байгаа тул төлж чадаагүй зээлийн хүүд нэмэлт гэрээ байгуулахгүй бол болохгүй гэсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээг байгуулсан ба бодит байдалд тус гэрээгээр 28,000,000 төгрөг аваагүй.

Зээлийн төлбөрт 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,685,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,650,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 8,335,000 төгрөг төлсөн.

2.2. Нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээл авсан нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар төлөх төлбөр нь хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,640,000 төгрөг болсон.

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уг зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч уг мөнгийг 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү болох 8,640,000 төгрөгийг хасаж үлдэх 6,360,000 төгрөгийг үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хасаж тооцоод 13,640,000 төгрөг гарсан.

Ингээд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 14,360,000 төгрөг болсныг өмнөх 20,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 13,640,000 төгрөгийг нэмээд 28,000,000 төгрөг болгож, тус өдөр нэмэлт гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, хүүгээс хүү тооцож, иргэнийг хохироосон. Бодитоор 28,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй.

2.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/17 тоот гэрээ 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан тул уг гэрээний үүргийг шаардах эрх дууссан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан Б.Эоос хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

2.4. Иймд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 26,665,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9,699,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,919,880 төгрөг, нийт 38,184,280 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Эоос 61,852,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 69,703,366 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Б ийн өмчлөлийн эрх улсын бүртгэлийн Ү-2202005641 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,379,215 төгрөгөөс 885,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 493,284 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 537,414 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ нь бодитоор хэрэгжээгүй, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгоогүй тул гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг зөвшөөрөхгүй.

Учир нь талууд дээрх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/17 тоот гэрээгээр олгосон 20,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүү болон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот гэрээгээр олгосон 35,000,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулахдаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15,000,000 төгрөгийг нэмж 28,000,000 төгрөгийн зээл авч өмнөх зээлийн үлдэгдэл, хүүг төлөхөөр тохиролцсон. Энэ талаар 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 00000 дугаар шийдвэрээр дүгнэсэн.

4.2. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг гэж дурдсан атлаа 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийг иш татсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Зээлдэгч 7 удаагийн төлөлтөөр 8,335,000 төгрөг төлснийг сар бүрийн хүүд суутган тооцсон байхад энэ талаар дээрх мөнгөн хөрөнгийг үндсэн үүрэг, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд тус бүрд хэд хэдэн төгрөгийг тооцож авсан болохоо тайлбарлаж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.3. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлдэгчийн хүү төлөх хугацааг зогсоож, зээлдүүлэгчийн хүү шаардах эрх дуусгавар болсон гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэснээр зээлийн хүү үргэлжлүүлэн тооцох эрх дуусгавар болдог.

4.5. Нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс тооцохоор дугаарлан заасан. Гэрээний 1.3.2-т заасан үндсэн хүү 3 хувийн 20 хувь нь гэрээний 1.3.3-д заасан 0,6 хувь юм. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь хэтэрсэн хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иймд Б.Эоос 131,556,166 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээг байгуулах үед 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн зээлийг хүүг төлөхгүй.

Тус гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй тул Б.Эоос Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хангасан 61,852,800 төгрөгөөс 38,184,280 төгрөгийг зөвшөөрч байгаа тул үлдэх 26,668,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Э ф ББСБ ХХК нь 36/17а тоот гэрээний дагуу зээлийг бодитоор олгоогүй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээл олгох зохицуулалтыг зөрчсөн. Үүнийг талуудын хүсэл зориг гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо утсаар ярьсан бичлэгээр хариуцагчийн зээл авах хүсэл зориггүй байсан нь тогтоогддог.

Нэмэгдүүлсэн хүүтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагаас нэмэлтээр байгуулсан гэрээнд стандарт гэрээний нөхцөл тодорхой байх ёстой гээд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нь хуулийн агуулгад нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зээлийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүүг гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасныг хариуцагч тал гомдолдоо дурдаагүй.

Зээлийн гэрээнд дээрх зохицуулалтыг бататгасан заалтыг оруулсан бөгөөд зээлийн гэрээний 2.2.4-т зээлдэгч нь энэ гэрээний 2.2.1-д заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүг энэ гэрээний 1.1.3-д заасан хувиар төлнө гэж заасан.

Зээлийн гэрээний 9.5-д дээрх заалттай адилхан агуулгатай заалт байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ гэрээний заалт болон хуулийн зохих заалтуудын дагуу хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 131,556,166 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсанаас хариуцагч 38,184,280 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 06/17 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн нөхцөлд нэмэгдүүлсэн хүүг 0,6 хувиар тооцохоор, мөн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 36/17 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн нөхцөлд нэмэгдүүлсэн хүүг 0,6 хувиар тооцохоор тус тус тохиролцсон байна.

 

4. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, ххх хотхон, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 725/2, 00 тоотод байрлах 13,2 м.кв талбайтай, Б.Эийн өмчлөлийн авто зогсоолыг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 18 м.кв талбайтай, Б.Б ийн өмчлөлийн орон сууцыг тус тус барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтасны 6, 100, 112, 160 дахь тал/

 

4.а. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээл болон барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4.б. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 35,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдсоноос гадна талууд энэ талаар маргахгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 87 дахь тал/

 

Зээлдэгч Б.Э нь зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба эхний 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, дараагийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,685,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,650,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 8,335,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 87-94 дэх тал/

 

Иймд нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эоос зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5. Дээрх 2 зээлийн гэрээнээс гадна 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г талууд бичгийн хэлбэрээр хийсэн байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлдүүлэгч Э ф ББСБ ХХК зээлдэгч Б.Эт 28,000,000 төгрөгийг нэмж олгон, нийт 63,000,000 төгрөгийг 49 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч Б.Э үндсэн зээл, хүүг хуваарийн дагуу эргүүлэн төлнө гэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 5 дахь тал/

 

5.а. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд хариуцагч дээрх зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 28,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг эхний 20,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүд, 13,000,000 төгрөгийг дараагийн 35,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүд тус тус төлсөн гэх агуулга бүхий тайлбарыг, хариуцагч талаас тус зээлийн гэрээний дагуу 28,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн аваагүй, зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн кассын зарлагын баримтад гарын үсэг зурсан гэх зөрүүтэй тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

5.б. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-ийн кассын зарлагын ордер гэх баримтад зээл олгов гэрээ 36/17а, 28,000,000 төгрөг гэх агуулга тусгагдсан хэдий ч талууд уг баримтын талаар маргаж байгаа нөхцөлд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэнтэй холбоотой санхүүгийн тайлан хэрэгт авагдаагүй тул энэ баримтыг эргэлзээгүй баримт гэж үзэхгүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

 

Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ...хариуцагч нь нэмэлт зээлийн гэрээний дагуу 28,000,000 төгрөгийг аваагүй гэж маргасан тул 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үүрэг хангагдаагүйд тооцож, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 34,004,943 төгрөг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулаагүйд тооцож, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 90,200,000 төгрөг нийт 124,204,943 төгрөг гаргуулна агуулга бүхий тайлбарыг гаргасан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 134 дэх тал/

 

6.а. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар, хариуцагчийн 28,000,000 төгрөг хүлээн аваагүй гэх татгалзсан тайлбар болон хэргийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот нэмэлт зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК нь дээрх гэрээний үүргийг хариуцагч Б.Эоос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээгээр талууд гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болсон тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон нь буруу гэж гомдлыг хангах нь зүйтэй.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч Б.Эоос зээлийн гэрээний үүрэгт 61,852,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, тооцоолол болон хууль хэрэглээний талаар дараах байдлаар өөрчлөлт оруулна.

 

8.а. Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 7,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,440,000 төгрөг нийт 28,640,000 төгрөгөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөгийг хасвал хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д 13,640,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

8.б. Мөн талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 12,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,520,000 төгрөг нийт 50,120,000 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд төлсөн нийт 8,335,000 төгрөгийг хасвал хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д 41,785,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эоос 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,640,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 41,785,000 төгрөг нийт 55,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,131,166 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан төлөх хугацаа болсон өр гэдэгт талуудын харилцан тохиролцсон гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр хамаарна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний хугацаанд төлсөн 8,335,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь үндэслэл муутай болсон тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

10. Дээрх зээлийн гэрээгээр талууд хэтэрсэн хугацааны хүүг тохиролцож тогтоогоогүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

11. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч нь гуравдагч этгээд Б.Б байх бөгөөд түүний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

11. Дээрх үндэслэлээр зохигчдын гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/03492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...61,852,800 гэснийг ...55,425,000 гэж, ...69,703,366 гэснийг ...76,131,166 гэж,

2 дахь заалтын ...537,414 гэснийг ...435,075 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 506,467 төгрөг, хариуцагчийн төлсөн 276,293 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ