Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2022/00044

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2022/00044

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 35,070,200 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.    35.070.200 төгрөг гаргуулах тухай ... ******* миний бие нь *******тай 2015 оны 1 сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. ******* нь хамтран амьдрахаар ирсэн үеэсээ эхлэн миний байранд хамт амьдарч байсан ба өөрөө РRОNТIЕR маркийн машин, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын Охиндийд 2га газар эзэмшдэг байсан.

Надтай амьдарсан хугацаандаа миний хөрөнгийн эх үүсвэрээр 10 га газартай болж, истана маркийн машин авч, мөн газар тариаландаа трактортой болсон. Эдгээр хөрөнгийг үнэлбэл 21 сая төгрөгийг хөрөнгө байдаг. Мөн *******тай хамтран амьдрах хугацаандаа бүхий л ажилд нь хамтран зүтгэж, тусалж, өөрөөсөө хөрөнгө оруулж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл төлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сард ******* гэдэг хүнээс 200 тоннын багтаамжтай ногооны зоорийг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан авахад нь би 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. *******т би өөрийн дансаараа 25,000,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн өмчлөлийн Х-Тгаil маркийн автомашиныг 10,000,000 төгрөгт тооцон Н Батбаатарын нэр дээр шилжүүлж өгч байсан. *******ын авсан ногооны зоорь нь Дархан сумын 7-р баг хүнсний захын ард байршилтай.

Гэвч Отгонжаргал нь архи дарс хэрэглэх нь ихсэж, орон гэртээ тогтохоо байж хамтын амьдралаа дуусгаж байх шиг байна, өөр хүнтэй амьдарч байгаа сурагтай. Иймд *******аас 200 тоннын ногооны зоорь авахад нь хөрөнгө оруулсан 35,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 Учир нь авсан ногооны зоорийн мөнгийг буцааж өөрт нь өгсөн. Намайг эрэн сурвалжлуулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. Зоорь худалдаж авсан 35,000,000 төгрөг ч энэ хүнээс гаргаагүй. Энэ хүний дансанд миний ногооны орлого ордог байсан. Надад мөнгө өгсөн мэт нэхэмжлэл гаргаж байгаа ч тийм зүйл болоогүй. Худлаа нэхэмжлэл гаргаад миний дансыг хүртэл хаалгаж, намайг маш их хохироож байгаа. Нэхэмжлэлдээ надтай хамт ногоо тарьсан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй. Амралтын өдрөөрөө ирж хоол л хийж өгдөг байснаас өөр зүйл байхгүй. Машиныг хүртэл би ногоогоо зарж байгаад авсан. Аль 10 жилийн өмнө нь л би 10 га талбайд ногоо тарьдаг байсан. Намайг хүүхдэдээ мөнгө өглөө гэж уурлаж түүнээс болж бид 2 салсан. Би ногооны ченжүүдэд ногооны мөнгөө энэ хүний /*******/ -ын дансанд хий гэдэг байсан. Миний ногооны орлого маань энэ хүний дансанд байсан. Тэр нь одоо буруутаж байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 34,083,000 /гучин дөрвөн сая наян гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 987,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 328.365 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 1рт: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгыг нэхэмжлэгчээс бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа..

*******аас 200 тоннын ногооны зоорь авахад нь хөрөнгө оруулсан 35.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн байна.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Үндэслэх хэсэгт...*******д холбогдуулан 200тн зоорь худалдаж авахад нь зээлсэн 35.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ... гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаасаа хойш нэг ч удаа шүүхэд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад ямар учраас зээлсэн гэж үзсэн, эсхүл хамтран амьдрагч учраас хөрөнгө оруулан хамтарч ажилласан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн мөнгийг зээлсэн эсэх, хамтарч ажилласан эсэх талаар талууд тодорхой хэмжээнд маргасан боловч маргааны аль үндэслэлийг хууль хэрэглээний хувьд зөв гэж үзсэн талаар дүгнээгүй байна.

 2рт: Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн тухайд:

-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэг бол ...******* зоорь худалдан авахад би хөрөнгө оруулалт хийсэн гэдэг, энэ бол зээлсэн гэсэн санаа... гэх, нөгөө бол тухайн Отгонжаргалаас Эрдэнэтогтох руу шилжүүлсэн мөнгө нь хамтарч ажиллаж олсон мөнгө... гэх зэргээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар хоёр хуулийн агуулгын хувьд өөр байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

-Хэрвээ шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл нэхэмжлэгчийн данс руу зээлийн гэрээ байгуулсан гэх өдрөөс хойш өөрөө болон бусдаар шилжүүлсэн мөнгийг гэрээний үүрэгт хамааралгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

-Хариуцагчийн зүгээс *******оос авсан мөнгөө буцааж өгсөн талаарх баримтуудаа шүүхэд хүсэлт гаргасны дагуу авч өгсөн боловч энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

 3рт. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, биелүүлээгүй гэсэн тухайд:

-Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн дансны хуулгыг банкнаас гаргуулах хүсэлт гаргасан нь хангагдаж хэрэгт хавсаргагдсан. Уг дансны хуулгаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******од мөнгөө буцааж өгсөн талаараа нотолсон.

-Мөн *******аас Б.Батболд, Ч.Болормаа нар нь 17.560.000 сая төгрөг зээлсэн ба тухайн мөнгийг буцааж өгөхдөө *******ын хүсэлтийн дагуу *******ын данс руу Б.Батболдоос 6.185.000 төгрөг, түүний эхнэр Ч.Болормаагийн данснаас 21.220.000 төгрөгийг шилжүүлсэн.

Үүнийг нотлохын тулд шүүхэд хүсэлт гаргаж Б.Батболд, Ч.Болормаа нарыг гэрчээр асуулгаж мөн шүүх хуралдааны явцад холбогдох дансны хуулгуудыг гаргаж өгсөн.

-Хариуцагч ******* нь *******ын зоорь худалдан авахад шилжүүлсэн мөнгө нь миний ногоо зарсан хүмүүсээс *******ын данс руу шилжүүлсэн мөнгө гэж маргадаг.

 Үүнийг нотлохын *******ын зүгээс шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр Ч.Түвшинжаргал, Б.Гэрэлмаа, Д.Чинбат нарыг асуулгасан. Эдгээр гэрч нарын ногооны мөнгийг *******ын данс руу хийсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

-Хариуцагч *******ын өөрийн хаан банкны 5675207900 данснаас *******ын данс 5046287472 дугаарын данс руу нийт 34.275.000 төгрөг шилжүүлсэн нотлох баримтыг өгсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

-Харин нэхэмжлэгч тал дээрхи баримтуудыг үгүйсгэсэн тайлбар нотлох баримтыг өгөөгүй гэдийг дурьдах нь зүйтэй байна.

 4рт. Шүүх хэрэгт авагдсан баримтуудын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй тухайд:

-Нэхэмжлэлд дурдагдсан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зоорь худалдах, худалдах авах гэрээний талаар дүгнэлт хийгээгүй,

-Нэхэмжлэлд дурдагдсан 10.000.000 төгрөгийн автомашины талаар мөн дүгнэлт хийгээгүй,

-Зоорь худалдсан гэх гэрч Батбаатар болон бусад гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй,

-Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт, хүсэлт, мөнгө дүнгийн баримтуудад дүгнэлт хийгээгүй,

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх зөв дүгнэлт гарга,сан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******д холбогдуулан хамтын амьдралтай байх хугацаандаа 200 тонны багтаамжтай ногоо хадгалах зориулалт бүхий зоорь худалдан авахад оруулсан 35.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 3. Хариуцагч *******ын хаяг тодорхойгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байсан гэх шалтгаанаар нэхэмжлэгч ******* түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодруулах үүднээс Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж *******ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодруулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргахад шаардагдсан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэмж нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 34,083,000 /гучин дөрвөн сая наян гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 987,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 5. Дээрх шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч *******ын зүгээс гаргаж ирүүлсэн Хаан банкинд эзэмшдэг өөрийн дансны хуулга, шүүхийн шийдвэр, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, түүний зүгээс хүсэлт гарган шүүхийн журмаар бүрдүүлсэн Хаан банк, Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн газруудаас ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Ниссан экстрал машины эзэмшигчдийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн түүний хүсэлтээр асуугдсан гэрч *******ын мэдүүлэг болон хариуцагчийн зүгээс хүсэлт гарган асуулгасан гэрч Ч.Түвшинжаргал, Б.Гэрэлмаа, Д.Чинбат, Б.Батболд, Ч.Болормаа нарын мэдүүлгүүд, *******, Д.Чинбат, Б.Гэрэлмаа, Ч.Болормаа, Ч.Түвшинжаргал, Б.Батболд нарын Хаан банканд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаараа огт дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тогтоогоогүй, дээрх нэхэмжлэлийн шаардлага нь чухам юу шаардаж байгаа болох нь тодорхойгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тодруулах ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт өгөөгүйн дээр нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтыг тогтоогоогүй, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр зохигчдын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар ямар үйл баримт тогтоож, аль аль нотлох баримтуудад тулгуурлан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангасан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн зохигчдын зүгээс гаргаж буй тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг хэрхэн дүгнэж хариуцагчийн татгалзалд хэрхэн няцаалт хийж буй үндэслэлээ тайлбарлаагүй, хариуцагч талаас ирүүлсэн баримтуудыг дурьдаж зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй гэж яагаад үзсэн үндэслэлээ шүүх тайлбарлалгүйгээр хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ нотлоогүй, нотлох үүргээ үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй юм.

Шүүх зохигчдоос ирүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 6. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн үйл баримтыг тогтоогоогүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигчдоос ирүүлсэн нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

7. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 8. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагч *******ын давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 329.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ