Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01925

 

К ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03581 дугаар шийдвэртэй,

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Г-эд холбогдох

102,953,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Г-, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. К ХХК нь Б.Г-ийг 2014 онд менежерийн ажилд авсан ба тэрээр компанийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд танилцуулах, компанийн харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс авах өр төлбөрийг хариуцан ажилладаг байсан.

Манай компани харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүн нийлүүлж, төлбөрийг мөнгөн хэлбэрээр болон бартераар авдаг ба харилцагч байгууллагууд өр төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б.Г- төлбөр төлүүлэхээр ажилладаг байсан.

2016-2018 онуудад манай компанид өр төлбөртэй харилцагч байгууллагууд төлбөрийг бартераар буюу бараа материал, тодорхой хөрөнгөөр төлөх санал тавьсныг хүлээн авч, Б.Г- энэ ажлыг хариуцан ажиллахдаа байгууллагуудаас бартераар шилжүүлсэн хөрөнгүүдийг дур мэдэн бусдад зарж, борлуулан олсон орлогоос

- ХТ ХХК-аас борлуулалтын орлогод шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгөөр зарж 60,000,000 төгрөгийг,

- К ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуарангийн 00 дүгээр байрны 00 тоотод байрлах 51,45 м.кв талбайтай орон сууцыг Ш.Л д 75,000,000 төгрөгөөр худалдаж 25,830,000 төгрөгийг,

- А ХХК-аас 20,000,000 төгрөгт тооцож өгсөн 05-55 ДАА улсын дугаартай автомашиныг,

- З ХХК-аас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 34-26 УНН улсын дугаартай Jeep wrangler маркийн автомашиныг Г.Ч т худалдсаны 15,000,000 төгрөгийг тус тус завшиж К ХХК-д нийт 120,830,000 төгрөгийн хохирол учруулсан.

1.2. Компанийн зүгээс Б.Г-ийг төлбөр төлөхийг шаардахад 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй тул Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, тус дүүргийн Прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.Г-ийг яллагдагчаар татаж, мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийг прокурорын газарт буцааж, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.3. К ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар хэргийг дахин шалгаж, 107.8 м.кв талбайтай орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөг, А ХХК-аас 20,000,000 төгрөгт тооцон өгсөн 05-55 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, З ХХК-аас 28,000,000 төгрөгт тооцон өгсөн 34-26 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машины 14,000,000 төгрөгийг тус тус өөртөө авч завшсан 3 үйлдлийг цааш шалгуулахаас татгалзсан.

Б.Г-ийг К ХХК-ийн өмчлөл, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуарангийн 00 дүгээр байрны 00 тоот 51.45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Л д 75,000,000 төгрөгөөр худалдаж 25,830,000 төгрөгийг өөртөө авсан үйлдлийг цааш шалгуулах хүсэлт гаргасан.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Г-ийг 25,830,000 төгрөг завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн шүүхэд шилжүүлснээр шүүх хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолоор Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгох ял шийтгэсэн.

1.4. Б.Г- дээрх 3 үйлдлийн улмаас компанид учруулсан хохирол буюу компанид орох ёстой байсан орлого 95,000,000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй. Мөн Б.Г-ийн 25,830,000 төгрөг завшсан үйлдлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр К ХХК-аас Ш.Л д төлсөн 603,150 төгрөг, эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид 7,350,000 төгрөг тус тус төлсөн.

Нэхэмжлэгч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, Б.Г-ээс компанид орох байсан орлого 95,000,000 төгрөг, хохирол 7,953,150 төгрөг нийт 102,953,150 төгрөгийг гаргуулна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие К ХХК-д 5 жилийн хугацаанд тус компанийн менежерээр ажиллаж, 3,500,000,000 гаруй төгрөгийн борлуулалт хийсэн.

107 м.кв орон сууц 260,000,000 төгрөгийн үнэтэй ба 220,000,000 төгрөгөөр худалдаж бонусаа авч чадахгүй хуримтлагдсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Би захиралд хэлж гарын үсэг зуруулж орон сууцыг бусдад худалдаж, мөнгөө авсан.

З ХХК-аас 40,000,000 төгрөгийн бартерт автомашин авсныг би мэдээгүй. Тухайн автомашиныг яаралтай худалдах хэрэгтэй гэхээр нь 22,000,000 төгрөгөөр худалдаж, 14,000,000 төгрөгийг бэлнээр аваад, үлдэгдэл мөнгөө 1 сарын хугацаанд 2 хувааж төлснийг захиралд өгсөн.

Энэ мөнгийг н.Х өгсөн ба К тус мөнгийг авсан гэх мэдүүлэг өгсөн.

Ш.Л тухайн орон сууцыг БНСУ-д байхдаа худалдан авч, сар бүр 4,000,000 төгрөгийг миний дансыг ашиглаж төлсөн. Захирал К тухайн үед Хаан банк ХХК-д дансгүй байсан ба сар бүр төлсөн төлбөрийг авсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 82,953,150 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй. Автомашин болон орон сууцны үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо байхгүй тул Б.Г- хариуцах үндэслэлгүй.

Өмгөөлөгчийн зардлын талаар санхүүгийн баримтгүй, өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр авсан тул хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй.

Шинжээч томилсон асуудлын хувьд хүсэлт гаргаснаар шинжээчийн зардлыг төлдөг. Шинжээч нь гэм хорын хохирол уу, эрүүгийн хэргийн 23,000,000 төгрөгтэй холбоотой шинжээчийн зардал юм уу гэдгээ тодорхой тусгаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Б.Г- 60,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг бонус болгож авснаа хүлээдэг. гэхдээ энэ бол миний бонус байсан гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Г-ээс 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 22,953,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар, хариуцагч Б.Г-эд холбогдох 05-55 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч К ХХК татгалзсаныг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн.

Учир нь нэхэмжлэгч өр төлбөртөө З ХХК-аас шилжүүлэн авсан 34-26 УНН улсын дугаартай Jeep Wrangler маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч нь Г.Ч гэх хүнд 28,000,000 төгрөгөөр худалдаж Г.Ч нь 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид өгч, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн.

Энэ талаар гэрч Б.Х , Г.Ч , нарын мэдүүлэг, өмгөөлөгч Б.Г гоос ХУД дэх цагдаагийн хэлтэст гаргасан хохирлын тооцоо хүргүүлэх тухай 2019.11.15-ны өрийн 1/397 албан бичиг, хариуцагч Б.Г-ийн тайлбар зэргийг анхаарч үзээгүй.

2. Хариуцагч Б.Г- нь тээврийн хэрэгслийн үлдэгдэл 14,000,000 төгрөгийг Г.Ч ээс авч нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч Б.Г-ээс 74,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, 14,000,000 төгрөгтэй холбоотой хэсгийг үндэслэлтэй дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн н.Х , Г.Ч , К гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлэгт дүгнэлт өгсөн. Гэрчийн мэдүүлэг гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт зааснаар шүүх өөрөө дуудаж, хууль сануулж авсан мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг гэж ойлгоно. Гэтэл энэ хэрэгт дээрх журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг байхгүй учраас давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Г-эд холбогдуулан

компанид орох ёстой байсан орлого 95,000,000 төгрөг,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00086 дугаар шийдвэрээр Ш.Л д төлсөн 603,150 төгрөг,

эрүүгийн хэрэгт ажилласан өмгөөлөгчийн хөлс болон аудитын зардал 7,350,000 төгрөг нийт 102,953,150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. К ХХК нь Б.Г-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн менежерээр ажиллаж байхдаа компанийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд танилцуулах, харилцагч байгууллага, аж ахуйн нэгжүүдээс авах өр төлбөрийн асуудлыг хариуцан ажиллаж байжээ. /хх43-45, 46/

 

3.а. Б.Г- нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа К ХХК-аас ХТ ХХК-д нийлүүлсэн бараа материалын төлбөрт ирсэн орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдаж 60,000,000 төгрөгийг, А ХХК-д нийлүүлсэн бараа материалын төлбөрт 20,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн автомашиныг, З ХХК-д нийлүүлсэн 40,000,000 төгрөгийн бетон зуурмагийн химийн бодисын төлбөрт 28,000,000 төгрөгт тооцон авсан автомашиныг иргэн Г.Ч т худалдаж 15,000,000 төгрөгийг тус тус компанид шилжүүлэлгүй нэхэмжлэгчид 95,000,000 төгрөгийн хохирол учруулсан.

 

3.б. Мөн К ХХК-д бартераар ирсэн 51,45 м.кв талбай бүхий орон сууцыг иргэн Ш.Л д 75,000,000 төгрөгөөр худалдсаны 25,830,000 төгрөгийг Б.Г- завшсан үйлдэлдээ эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн байна./хх33-36/

 

3.в. Ш.Л нь К ХХК-д холбогдуулан 51.45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 603,150 төгрөг гаргуулсныг болон эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид 7,350,000 төгрөг төлснийг тус тус нэхэмжилжээ.

 

4. Хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгч байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

 

4.а. К ХХК нь Б.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол шаардсан байхад тус хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

5.б. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03581 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ