| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 176/2020/0035/Э |
| Дугаар | 474 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 474
Р.Э, Х.М, Т.А,
Т.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар магадлалтай, Р.Э, Х.М, Т.А, Т.Б нарт холбогдох 1934005320370 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Э, Х.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Р нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд
Налайх дүүргийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 252 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88.б-д зааснаар 4 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,
Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар зарим хэсгийг нэмж нэгтгэн, нийт 4 жил хорих ял шийтгүүлсэн Боржигон овогтой Р-гийн Э,
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Т-ын А,
3. Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Аргалчин овогт Х-ны М,
4. Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Т-ын Б.
Шүүгдэгч Р.Э, Т.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч Х.М, Т.Бнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р-гийн Э, Т-ын А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг,
Шүүгдэгч Х-ны М, Т-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Р.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,
Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар,
Шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,
Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сар хорих ялаар тус тус тогтоож,
Шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай, шүүгдэгч Т.А-т оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Х.Мт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Р.Э-ийн цагдан хоригдсон 175, Т.А, Т.М нарын цагдан хоригдсон тус бүр 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Болортуяагийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газар эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Аын эзэмшлийн 6238 СҮЭ улсын дугаартай Соната 5 маркийн 631,700 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Шүүгдэгч Р.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жил хорих ялаар...” гэсэн хэсгийг
“Шүүгдэгч Р.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар ...” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жил хорих ялаар ...” гэсэн хэсгийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хорих ялаар...” гэж,
4 дэх заалтын “... шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай ...” гэснийг
“... шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг нээлттэй ...” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж,
шүүгдэгч Р.Эийн “хэргийг дахин шалгуулах”, Х.Мийн ”ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Р.Э,Т.А, Х.М нарын тус бүрийн цагдан хоригдсон 78 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
шүүгдэгч нар хохирогч Ч.Нэргүйд 1.608.000 төгрөгийн, У.Баянмөнхөд 1.100.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Э гаргасан гомдолдоо “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ял, нийт 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг ялыг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зүйл, хэсгээс 1 жил 11 сарыг хасаж, 6 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие хохирлын мөнгөн дүнг бүрэн барагдуулсан, мөн миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас хасаж өгнө үү гэж Улсын дээд шүүхээс хүсэж байна” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Х.М гаргасан гомдолдоо “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, амь бие эрүүл мэнд, сэтгэл санаагаараа ухаарч байна. Миний гэрийн амьдрал үнэхээр хүнд. Надад хүүхэд, ач, зээ нараа тэжээж, хооллож ундаалж, хувцаслах ямар ч мөнгө байхгүйгээс гадна, миний амьдралд удаа дараа гашуудал, зовлон тохиож, сэтгэл санааны хувьд хүнд болсон билээ. Би есөн хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 2010 онд хүү Адъяацэнд 21 насандаа тархины хорт хавдраар нас барсан. 2012 онд миний нөхөр хүнд өвчний улмаас нас барсан. 2017 онд охин Болормаа ууланд төөрч сураггүй алга болсон. Одоо хоёр хүүхэд нь над дээр байна. Мөн онд миний хүү Адъяасүрэн нь эхнэрийн хамт мотоциклтой явж байгаад онхолдож нас барсан. Одоо 5 хүүхэд нь өнчирч үлдсэн. Ингээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу амьд явах сонирхолгүй боллоо. 2012 онд хүү Адъяабазар бөөрний архаг дутагдалд орж ухаангүй хүүхдээ аваад эмнэлэгт сахин одоогоор 7 хоногт 3 удаа, нэг орохдоо 4 цагаар цусаа шүүлгэдэг. Миний бага охин Болор-Эрдэн одоо 14 настай, булчирхайн өвчтэй. Хэсэг байж байгаад булчирхай нь томрохоор би дагуулж явж хавдар судлалын төвд очин хагалуулдаг. Охин маань байнгын том хүний асрамжид байдаг. Миний бие нь хоол унд идэж уух, эд хөрөнгөөр дутагдаж маш хүнд байдалд орсон тул арга буюу хулгайн гэмт хэрэг үйлдэж, насан туршдаа мартагдашгүй хүнд байдалд орсондоо маш их харамсаж, шоронд өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байна. Би ач, зээ нар, өнчин үлдсэн хүүхдүүд, өвчтэй хүүхдүүд, амьдралаа зохиож чадаагүй охидуудаа бодоход амьд явмааргүй санагддаг боловч эд нараа бодоод үхэх биш эд нартайгаа хамт байж асарч тэтгэн, хүний зэрэгт хүргэхийг хүсэж байна. Мөн хүүхдүүдээ энэ муухай хулгайн хэрэг хийхгүй байхыг хэлж ойлгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Зарим сайн санаат нөхдийн буянд миний хувьд ноогдох төлбөрийг давж заалдах шатны хуралдааны өмнө төлөгдөж дууссан байсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүгч нар миний энэ амьдралын хүнд байдал, өнчирч үлдсэн ач, зээ нар өвчтэй болон үр хүүхдүүдийн минь амьдрал ахуйг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг тэнсэж өгөхийг хүсэж, шүүх хуралдаан дээр чин сэтгэлээсээ гуйсан боловч харж үзээгүйд туйлын ихээр харамсаж байна.
Иймд миний бие Улсын дээд шүүхийн эрхэм шүүгчид та бүхнээс миний ач, зээ, үр хүүхдүүдийн хувь заяаг анхаарч үзэж, надад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгөхийг гуйж байна” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Р гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн зүйлийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн”, 6.5 дугаар зүйлийн 5.1.3 “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулийн заалтуудыг буруу хэрэглэж, Х.Мт оногдуулсан ялыг хөнгөрүүлж үзэлгүй анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг зөв хэрэглэж, Мөнхцэцэгт анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг багасгах буюу тэнсэн хянан харгалзаж болох байсан гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргаж байна. Р.Э, Х.М нарын 4 хүн 7 иргэнд учруулсан хохирол бүрэн төлөгдсөн тул тэдгээрийн ялыг хөнгөрүүлж болох хуулийн заалттай тул эдгээрийн ялыг багасгаж өгөхийг хүсэж энэ талаар мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатанд хандаж байна. Үүнд:
1. Х.М нь 52 настай өрх толгойлсон эмэгтэй, 9 хүүхэд төрүүлснээс өвчнөөр болон осол аюулаар нас барж, тэдний нялх балчир 7 хүүхэд нь өнчирч үлдсэнийг нь өөр дээрээ авч асран хамгаалж байгаа ба түүний дунд хүү Адъяабазар нь бөөрний хүнд өвчтэй 7 хоногт 3-4 удаа аппаратанд ордог. Бага охин Болор-Эрдэнэ нь булчирхайн сүрьеэ өвчтэй байнгын эхийнхээ асрамжид байдаг, нөхөр Түвдэнжаргал нь хүнд өвчний улмаас 2012 онд нас барсан тул дээр дурдсан өнчирч үлдсэн хүүхдүүдтэйгээ нөхрөөсөө хоцорч туйлын их зовлон үзсэн эмэгтэй юм. Түүний бага хүү нь 2010 онд тархины хорт хавдраар нас барсан, 2017 онд том хүү нь мотоциклоос унаж эхнэртэйгээ хамт нас барсан, хамгийн том охин Болормаа нь 2017 онд Төв аймгийн Эрдэнэ сумын ойд төөрч сураггүй алга болж түүний 2 нялх хүүхэд өнчирч үлдэж эх Х.М нь сэтгэл санааны хүнд цочролд орсон төдийгүй амьдрал ахуйн хувьд маш хүнд байдалтай болж цаашид амьдрах боломжгүйд хүрсэн боловч үр хүүхэд ач зээ нараа бодож амьд яваа ба амьдрахын эрхэнд хулгайн энэ хэрэгт холбогдсон байдаг юм. Түүний 3 охин гэрлээгүй боловч тус бүрдээ 1-2 хүүхэдтэй эхтэйгээ хамт амьдардаг. Тэдэнд эрхэлсэн ажил мэргэжил байхгүй тул авдаг цалин хөлсгүй амьдрал ахуйн хувьд нэн ядуу өрхийн тодорхойлолттой байдлууд нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т заасан онцгой нөхцөл байдал гэж үзэх бүрэн үндэстэй байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч дээр дурдсан хуулийн заалтыг зөв хэрэглээгүйг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хяналтын шатны шүүх хуулийн энэ заалтыг зөв хэрэглэж, үйлдсэн хэргийг нь хөнгөрүүлэн үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг нь тэнсэн хянан харгалзах буюу зайлшгүй ял өгөх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сараас дээшгүй хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна.
Х.Мийн учруулсан хохирол нь хүний эрүүл мэнд, амь нас биш хохирол нь төлөгдсөнөөр тухайн иргэнд учирсан хохирол бүрэн арилдаг тул Х.М нар нь иргэдэд учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд тэдгээрийн хохирол бүрэн арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учир Мөнхцэцэгт заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байгаагаа зориуд тэмдэглэж байна.
2. Миний үйлчлүүлэгч Р.Э нь эрүүл мэндийн хувьд сайнгүй нас нь өндөр болж байгаа энэ хэргийг үйлдэхдээ танил найз Мөнхцэцэгийнхээ амьдрал ахуйн аргагүй байдлыг нь анхааран үзэж хамтран хэргийг үйлдсэн байдаг юм. Р.Э нь урьд өмнө нь олон удаагийн ял шийтгэлтэй боловч одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд түүнийг хүндрүүлэн үздэггүй тул нэгэнт хохирол нь бүрэн төлөгдөж тухайн иргэд ямарч хохиролгүй болсон учир ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөхийг хүсч байна.
Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Х.М нь 9 хүүхэд төрүүлсэн эх бөгөөд 3 хүүхэд нь дараалан нас барсан. Х.М үхэх талаар олон удаа бодож байсан гэдгээ ярьдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Мөн түүний гурван охин нь нэг нэг хүүхэдтэй бөгөөд хүнтэй гэрлээгүй. Тийм учраас үр хүүхдээ тэжээхийн тулд хулгайлах хэргийг үйлдсэн гэдэг. Мөн Р.Эийг өөрийнхөө гуйлтаар хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэж ярьдаг юм билээ. Иймд түүний амьдралын онцгой нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнсэх боломжтой. Р.Эийн хувьд өөрт ногдох төлбөр буюу Л.Энхтүвшинд учирсан хохирлыг ганцаараа төлсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Х.Мт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, Р.Эд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж ялгамжтай ял оногдуулсан буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин ч давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Э-д оногдуулан ялыг багасгаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.М-т оногдуулсан ялыг багасгах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хохирол бүрэн төлөгдсөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байгааг анхаарах ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Р.Э, Х.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Р нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Р.Э, Т.А, Х.М, Т.Бнарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Р.Э, Т.А, Х.М, Т.Бнар нь 2019 оны 5 дугаар сард 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын 5 үхрийг бэлчээрээс нь хулгайлж, 6.924.030 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Р.Э, Т.А нар бүлэглэн, машин механизм ашиглан П.Л-О-ын эзэмшлийн худгийн мотор хулгайлж 464.200 төгрөгийн, Ц.О-ийн худгийн моторыг хулгайлж 304.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Р.Э, Х.М, Т.А, Т.Бнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Шүүгдэгч Т.А, Т.Б нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсноос гадна Т.Энхтөрт шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Х.М, Т.Б нар нь 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нараас мал хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Мт хорих ял оногдуулж, шүүгдэгч Т.Болортуяад нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсан, өөрөөр хэлбэл гэмт хэрэгт оролцсон оролцоо адил байхад хэт зөрүүтэй ял оногдуулжээ. Тиймээс шүүгдэгч Х.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, хохирогч нар санал, гомдолгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Х.Мт анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчлөн тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Х.М-ийн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна, ар гэрийн байдлыг минь харгалзаж өгнө үү” гэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Р-гийн “... Х.Мийн хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар магадлал тогтоох хэсгийн
2 дахь заалтын “Шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар” гэснийг
“Шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэж,
5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мийн нийт цагдан хоригдсон 215 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, түүнийг ял эдэлж дууссанд тооцож, нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шүүгдэгч Х.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Р нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Р.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН