Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2022/01978

 

 

 

Х СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/03665 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х СӨХ-ны хариуцагч С ХХК -д холбогдуулан гаргасан СӨХ-ны дундын өмчлөлийн талбайн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөөгүйн улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт нийт 6,712,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 С ХХК нь тус хотхоны б байрны тоот, а дугаар байр тоотын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бөгөөд биллиард, теннисийн ажиллуулдаг. СӨХ-ны төлбөрийг холбогдох журмын дагуу б байрны тоотод 3,996,250 төгрөг буюу 2017 оны 05 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 76,050 төгрөг, 2018 оны 01-04 дүгээр саруудад сар бүр 123,450 төгрөг, мөн оны 05, 06 дугаар сард сар бүр 135,450 төгрөг, 2018 оны 07-11 дүгээр сар хүртэл сар бүр 125,100 төгрөг а байрны тоотод 2,716,450 төгрөг буюу 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл сар бүр 76,050 төгрөг, мөн оны 05, 06 дугаар сард сар бүр 88,050 төгрөг, мөн оны 06-11 дүгээр сар хүртэл 77,700 төгрөг, нийт 6,712,700 төгрөгийг орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн.

1.2 Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээ авч үйл ажиллагаа явуулдаг атлаа орон сууцны өмчлөгч гэдгээ нотлоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс тус , тоотыг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа учраас гарсан төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Хариуцагч тал ямар ч төлбөр төлөлгүйгээр хууль бусаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч талд өмчлөгчийн гэрчилгээ, гэрээ байгуулсан үйл баримт байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооноос тухайн банк руу төлбөр бодох аргачлалаа явуулдаг ба банк нэхэмжлэл үүсгээд явуулдаг. Бид хариуцагч талыг төлөх ёстой гэсэн байр суурьтай байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Тухайн тоот нь орон сууцны зориулалтай биш техникийн өрөө бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин сууц, гэр хэмээн тодорхойлсон. Хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг тоот нь зоорийн давхарт байдаг ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.9, дүгээр зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй.

2.2 Харин орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тодорхой заасан. Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцанд байрладаггүй, өмчлөгч биш бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д эрх үүргийг заасан. Нэхэмжилж байгаа сар бүрийн 76,050 төгрөг нь юу юунаас бүрдсэн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй. Иймд хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш бөгөөд инженер шугам сүлжээний техникийн өрөөг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахаар эзэмшдэг тул төлбөрийг хариуцахгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК -аас орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 6,712,700 төгрөг гаргуулах тухай Х СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х СӨХ -ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,353.20 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Нэхэмжлэгч Х СӨХ нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Харуул-Алтай хотхоны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцдаг.С ХХК нь Харуул-Алтай хотхоны б байрны тоот, а байр тоотын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бөгөөд б байр тоотод орон сууц контор, а байр тоотод биллиард, теннисийн үйл ажиллагаа явуулдаг.

4.2 Хариуцагч С ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч 2015 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж орон сууцны конторын үйл ажиллагаанаас гадна а байр тоотод биллиард, теннисийн үйл ажиллагаа явуулдаг болох нь нотлох баримтын хүрээнд нотлогдсон. Шүүх нь орон сууцны дундын өмчлөлийн сууц өмчлөгчдийн холбооны хураамжийг зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөгч хариуцна гэж буй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч С ХХК нь хэрэглэгчдэд ус, дулаан дамжуулан нийлүүлдэг бөгөөд б орон сууцны зоорийн давхарт буюу техникийн өрөөнд байрлаж үйл ажиллагаа явуулдаг. С ХХК нь биллиард, теннисийн үйл ажиллагаа явуулдаггүй буюу Г.Батнасан явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг орон сууц өмчлөгч төлнө гэж заасан. Нэхэмжлэгч талын гомдолд эзэмшигч зардлыг төлнө гэх хуулийн заалтыг дурдсан хэдий ч уг хуульд эзэмшигч гэх үг байхгүй. Мөн сарын төлбөр 76,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнд ямар, ямар зардал багтаж байгаа талаар огт нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүхэд дээрх баримтыг нэхэмжлэгч талаас удаа дараа шаардаж, тайлбарлахыг хүссэн боловч нэхэмжлэгч тал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа.

 

1.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч С ХХК -д холбогдуулан СӨХ-ны дундын өмчлөлийн талбайн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөөгүйн улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт нийт 6,712,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хилчний гудамж а , б , 102, 104, 106, 108 дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрээр Харуул-Алтай сууц өмчлөгчдийн холбоо үүсгэн байгуулагдсан болох нь 206 дугаар гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ. /1хх-6/

 

4. Хариуцагч С ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00400 дугаартай олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Харуул-Алтай хотхонд нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий үйл ажиллагаа явуулдаг болох нь зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байна. /1хх-13, 20/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгоно гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэдэг нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дах сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж тус тус заажээ.

 

6.1 Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул-Алтай хотхоны б байрны тоотод орших зоорийн давхарт буюу техникийн өрөөнд С ХХК байрлаж үйл ажиллагаа явуулж байсан болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх1-3, 18-19, 143, 2хх9-10, 218-220/

 

6.2 Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлд дурдсан б байрны , а байрны тоотод байрлах сууцны бус зориулалттай талбайн хууль ёсны өмчлөгч биш байх боловч хариуцагч нь б байрны тоотод байрлах талбайг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

6.3 Иймд хариуцагч С ХХК нь тухайн обьектыг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор СӨХ-ны дундын өмчлөлийн талбайн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 3,996,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

6.4 Х СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Төрийн банк ХХК-ийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцоолол үндэслэлтэй. /1хх-138/

 

7. Харин Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул-Алтай хотхоны а байрны тоотод орших зоорийн давхарт буюу техникийн өрөөнд С ХХК -ийн эзэмшил, ашиглалтад байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул уг шаардлагыг хангах боломжгүй.

 

7.1 Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай хотхон /13280/ хилчний гудамж б байрны зоорийн давхрын хэсэгт тоот хаягт байршилтай 466 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Батболд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэжээ. /1хх-212/

 

7.2 Цаашид нийтийн зориулалттай байшин дахь сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбогдож байгаа тул Сууц өмчлөгчдийн холбоо өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр СӨХ-ны дундын өмчлөлийн талбайн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлаа шийдвэрлэж байх нь зүйтэй. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойшхи хугацааны зардлын асуудал нь энэ хэргийн маргааны зүйл биш байх тул хариуцагч С ХХК -ийн сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бодитойгоор эзэмшиж, ашигласан хугацааны төлөөгүй дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/03665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Сод Эгшиг ХХК-аас 3,996,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,716,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78,890 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 122,354 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЦОГТСАЙХАН