Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 143

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001930131 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                              Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                                  Н.З-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Ж.Ц-

Хохирогч                                                                   Д.Ц-

Гэрч                                                                          Ж.Н- нар оролцов.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, тоот оршин суух Б- овгийн Н-ын З-       

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Шүүгдэгч Н.З- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 28-ний шөнийн 04 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух иргэн Д.Ц-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж цонхны тавцан дээр байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734.600 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 26-27-ныг шилжих шөнө найз Б-гийн хамт Майлд-Хаус бааранд орж 1 шил 0.75 граммын архи, 5 шил пиво аваад хувааж уусан. Нэг мэдэхэд бааранд ганцаараа үлдчихсэн байсан. Би архи ууж согтсон байсан бөгөөд шөнийн 04 цагийн үед баарнаас гараад гэр рүүгээ харих замд ухаан орж гараад байсан. Тэгээд Уурхайн нийтийн байрны 1 давхарын цонхоор авирч байсан, тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Ямартай ч гэртээ хариад унтсан байсан. Өглөө гэртээ унтаж байхад Ц- ах гэрт орж ирээд шөнө манай цонхоор авираад байсан, миний монетон гинжийг яасан гээд асуугаад байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан.  Би монетон гинж авсан эсэхээ санахгүй байна. Надад тэр гинж нь байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

         Шүүгдэгч Н.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 08 сарын 28-ны шөнийн 04 цагт цонхны тавцан дээр цээж хэсгээрээ ороод бурхан дээр байсан зүйлийг болон монетон гинжийг аваагүй … Салхивч нь онгорхой байсан, дээшээ өнгийж харахдаа доороо чулуу тавьж байгаад авираад хоёр гараараа тулж байгаад цээж хэсгээрээ ороод гэрэл асангуут цонхны тавцангаас буугаад гүйсэн. Манай ээж хохирол төлсөн байсан надтай зөвлөлдөж яриагүй. Мөрдөн байцаагч мэдүүлгийг уншуулалгүй гарын үсэг зуруулсан байгаа, би өөрөө уншаагүй. Надад уншуулахгүйгээр гарын үсэг зурчих гэхээр нь би зурчихсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх уурхайн нийтийн байрны 104 тоотод байдаг бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө үүрээр манай гэрийн онгорхой салхивчаар хүн орж ирэх шиг болохоор нь гайхаад нүдээ нээгээд хартал салхивчинд тогтоосон байсан торон хаалтыг салгаад 1 эрэгтэй хүний цээжэн бие гэрт ороод ирсэн байсан. Би гайхаад гэрлээ асаатал Жижгээ гэдэг хочтой З- гэх залуу цонхны тавцан дээрээс нэг юм шүүрч аваад гадагшаа буцаад үсэрчихсэн. Би араас нь нэг хашгираад цонхны тавцан дээр байсан эд зүйлээ бүртгэхэд орой унтахдаа тайлаад тавьсан байсан гинж алга болсон байсан. Миний гинж Солонгос улсад үйлдвэрлэсэн 50 см орчим урттай эрэгтэй хүний гинж бөгөөд хүүхэд маань ноднин жил надад бэлэглэсэн юм.  Манай хүү хэлэхдээ 1.200.000 төгрөгөөр авсан гэж байсан би уг үнээр нь үнэлж байна учир нь грамм ихтэй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/

Хохирогч Д.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 8 сарын 28-ны шөнө цонхоор хүн орж ирсэн. Би тэр орой ажлаас буугаад усанд орчихоод гинжээ тайлаад цонхон дээрээ тавьсан байсан юм. Тэгээд унтаж байтал шөнийн 04 цагийн үед юм түчигнээд байхаар нь юу болж байна гээд босоод хартал цонхоор хүн орж ирээд цээж нь наашаа хараад хөл нь унжчихсан сууж байсан. Тэгээд босоод гэрлээ асаатал буугаад цаашаа зугтсан. Тэгээд би цонх руу очоод харсан чинь гинж маань байхгүй байсан. Би чамайг таньж байна шүү, би одоо араас чинь очно гэсэн чинь, энэ цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд би гэрт нь очтол хаалгаа тайлж өгөөгүй, тэгтэл хажуу талд нь байсан хүн хаалгыг нь тайлж өгсөн. Тэгээд би “чи яагаад цонхоор орж байгаа юм бэ? ахынхаа гинжийг гаргаад ир” гэсэн чинь “би таны гинжийг аваагүй” гээд намайг оруулаагүй. Би тэгэхээр нь “чамайг цагдаа дуудаад өгдөг газар нь өгнө” гээд гараад явсан. Тэгээд гэртээ орох гээд явж байтал үүдэнд 2 цагдаа таарсан. Манай хажуу айлын Дуламрагчаа гуай “хажуу айлд хулгай орчихлоо” гээд цагдаа дуудсан юм билээ. Тэгээд цагдаа нар манайх руу орох гээд хажуу талын 103 тоот хаалганы хажууд явж байхад нь би таарсан. Цагдаа нар юу болоод байгаа юм бэ? гэхээр нь: цонхоор шөнө хүн орж ирээд цонхон дээр байсан гинж алга болчихлоо, гэрээр нь очиж уулзчихаад ирлээ гэсэн чинь З-г гэртээ байна уу? гэхэд нь З- гэртээ байна гээд, тэгээд  цагдаа нар З-гийнх руу явцгаасан. Ээж нь намайг утсаар дуудаад гэрт нь очиж хохирлыг авсан. Хохирлыг ээж нь барагдуулсан. Намайг очтол хохирлын үнэлгээ гарсан байна би хохирлын мөнгө төгрөгийг нь өгчихье, чи очингуутаа хөгшиндөө гомдол саналгүй гээд бичээд гарын үсэг зураад өгөөч гэсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Ж.Н-ын өгсөн: “...Миний хүү 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт миний гуравдах хүү болж мэндэлсэн. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж 1997-2002 он хүртэл Багануур дүүргийн 131-р цэцэрлэгт, 2002-2010 оны хооронд Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 9-р ангийг төгсөж, 2010-2013 оны хооронд Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд токарчин мэргэжлээр сурч төгссөн. Төгссөн цагаасаа огт ажил хийгээгүй. Миний хүү цэвэрч нямбай, хичээлдээ номдоо сайн сурдаг хүүхэд байсан. 2014 онд аав нь өөд болсон бөгөөд би Солонос улс руу ирж очин ажилладаг болсон. Тэгээд З-г ганцааранг нь их олон удаа үлдээсэн. Үүнээс болоод элдэв хүүхдүүдтэй нийлж уруу татагдсан байх....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

            Гэрч Ж.Н-ын өгсөн: “...Солонгос улсад байхдаа би хүү рүүгээ утсаар ярихад нийтийн байрны Цогоо ах гинж алга болсон гээд намайг гүтгээд байна гэсэн. Би Цогоотой утсаар ярихад танай хүү чинь манай цонхоор цээжин биеэ оруулаад байж байхаар нь би гэрлээ асаагаад хүүе Жижгээ гэтэл үсрээд алга болсон, тэгээд хартал миний монетон гинж алга болсон байсан, нэг иймэрхүү юм болчихлоо гэсэн Тэгээд би “одоо яанаа” гэсэн чинь чи зүгээр миний хохирлыг барагдуулчих тэгээд болно биз дээ бид найз нөхөд байсан юм чинь гэсэн. Би 4-5 хоногийн дараа Монголд ирээд Цогоотой биш, шууд байцаагчтай уулзсан. Би хүүтэйгээ ч олигтой ярилцаагүй, Цогоогийн үгэнд орсон. Байцаагч нь 800 000 гаруй мянган төгрөгийн хохирол гарсан, та хохирлыг нь барагдуулчих юм бол хэрэг нь хүнд биш ээ гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд би Цогоод 600 000 төгрөг байна гээд өгсөн. Би хүүтэйгээ сайн ярилцаагүй, энэ хүний үгэнд орсон, яагаад гэхээр өдий насалсан 50 хүрч байгаа, бид үеийн хүмүүс болохоор энэ хүний үгэнд орсон, ийм л юм болсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Г.Батсайханы өгсөн: “...Ц- 2018 оны 4 сараас монетон гинж зүүдэг болсон бөгөөд хүүхэд нь Солонгос улсаас явуулсан гэж ярьж байсан. Саяхан уулзахад гэрийн цонхоор хулгайч ороод нөгөө гинжээ алдсан гэж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

Хэргийн газрийн үзлэгийн “…Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотын цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан гэх дуудлагын дагуу хэрэг учрал болсон гэх газарт очиж шалгахад 5 давхар шаргал өнгийн байр байх ба уг байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харж байрласан соёлын төвийн байрны зүүн талдаа залгаа талаасаа 7 дахь цонхны нэгдүгээр давхарт байрлах Вакум цонх байх ба уг цонх нь 45х30 см хэмжээтэй салхивчтай уг салхивч онгорхой байх бөгөөд цонхны цаанаас харахад тавцан дээр ногоон эрээн өнгийн саатай материалаар хийсэн даллагын уут 2 ширхэгийг зэрэгцүүлж тавьсан хажуу талд нь шаргал өнгийн хүрээтэй жаазийг цонхны шил түшүүлж тавьсан байлаа. Уг 104 тоотын гадна талаас үзлэг хийхэд эвдэрч гэмтсэн эд зүйл байхгүй байсан ба үзлэгийг цааш үргэлжлүүлэн 104 тоот өрөө рүү ороход өрөөний хойд талд саарал өнгийн буйдан ор байх ба буйдан орны урд хүрэн өнгийн стенк зэрэг эд зүйл өрөөстэй байх ба цонхны шаргал өнгийн хөшгөөр хаасан байлаа. Хохирогчоос алдагдсан монетон гинж хаана байсныг заалгахад шаргал өнгийн хүрээтэй бурханы хөргийн урд байх шилэн тавагны хажууд тавьсан гэх ба уг хэсэг газрын орчимд шинжээч мөр илрүүлэх зорилгоор нунтаг бодис ашиглахад гарын мөр илрээгүй болно. Үзлэгийн явцыг 9 кадр зураг авч бэхжүүлэв…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-р хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээний: “... 11.3 грамм эрэгтэй Солонгос монетон гинж, 1 грамм 65.000 төгрөг нийт үнэ 734.500 төгрөг...” гэсэн тайлан /хх-н 18-р хуудас/

Шүүгдэгч Н.З-гийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “…2015 оны 09 сарын 30 ны өдрийн Багануур дүүргийн шүүхээс эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон…” гэсэн хуудас /хх-ийн 33-р хуудас/ болон дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүх хэрэгт цугларсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Н.З-г “2018 оны 8 сарын 28-ны шөнийн 04  цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, уурхайн нийтийн байрны 104 тоот оршин суух Ц-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж  цонхны тавцан дээр байсан 734 500 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлан авсан болох нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Байцаан шийтгэх ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Хохирол төлсөн ажиллагаа мөн дутуу хийгдсэн хэнд, хэн, хэдэн төгрөг яаж хүлээлгэж өгсөн нь тодорхой биш. Мөрдөн байцаалтын туршилт, мөрдөн байцаалтыг газар дээр нь шалгах ийм хоёр зүйл дутагдалтай, үнэхээр хангалттай нотлох баримт байхгүй байна гэж үзэж байгаа. Гэмт хэргийг хэн яаж үйлдснийг нь тогтоолгох шаардлагатай, Золбоогийн цонхоор орж ирсэн үйлдэл нь 3 янз болоод байгаа. З-г энэ хүний гинжийг аваагүй учраас цагаатгах тогтоол гаргаж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн. 

Н.З- нь 2018 оны 8 дугаар сарын 28-ний шөнийн 04 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух иргэн Д.Ц-ийн гэрийн цонхоор нэвтэрч орж цонхны тавцан дээр байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй монетон гинжийг хулгайлж 734.600 төгрөгийн хохирол учруулсан гэж улсын яллагч дүгнэсэн нь хохирогчийн мэдүүлгээс гадна өөр бусад хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгчээс хохирол төлсөн талаар хохирогчийн “…хохиролд 600.000 төгрөг Нармандахаас авсан…” гэж,  шүүгдэгчийн “…ээж надтай зөвлөлдөлгүй хохирол төлсөн байсан…” гэж, гэрч Ж.Н-ын “...би Цогоод 600 000 төгрөг байна гээд өгсөн…” гэсэн нөхцөл байдал тогтоогдов.

2018 оны 8 сарын 29-ний өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд хохирогчийн эрэгтэй монетон гинж… “11.3 граммтай” гэж шинжээчээс асуусан нь хаанаас, хэнээс эрэгтэй монетон гинжний жинг тогтоосон нь хавтаст хэргээс харагдахгүй мөрдөгч тогтоосон мэтээр харагдаж байх тул мөрдөгч дээрхи мэдээллийн эх сурвалжийг тогтоогоогүй байхад яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 26 хуудас/ болон яллах дүгнэлтэд /хх-ийн 46 хуудас/ “Солонгос улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734.600 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтийн шаардлагад нийцэхгүй төдийгүй, эд хөрөнгийн хохирлын үнэлгээг үнэн зөв тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Мөн яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийн ялаас чөлөөлөгдөж байсныг “ял шийтгэгдэж байсан” гэж бичсэн нь Н.З-гийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудсанд /хх-ийн 33-р хуудас/ бичигдсэнээс зөрүүтэй бичигдсэн, уг шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдаагүй зэрэг нь нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогчоос мэдүүлэг авахдаа мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу тэдэнд мэдүүлгийг танилцуулалгүй гарын үсэг зуруулсан талаар шүүх хуралдаанд хохирогчийн  “…Уг нь манай цонх ялааны торон хаалттай байсан юм, тэрийг салгаад ороод ирсэн байсан гэснийг /хх-ийн 13 дугаар хуудас/ би ингэж мэдүүлээгүй, хэлээгүй…” гэж /шүүх хуралдааны тэмдэглэл 18,19 дэх хуудас/, шүүгдэгчийн “…надаас авсан мэдүүлгийг надад уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан…” гэж /шүүх хуралдааны тэмдэглэл 8,16 хуудас/ тус тус мэдүүлжээ.

Мөн хохирогч мөрдөн байцаалтад 2 удаа мэдүүлэг өгөхдөө бодит байдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн зэрэг мэдүүлгүүдээс дүгнэхэд мөрдөгч мэдүүлгүүдийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан эсэх нь эргэлзээтэй байна.

Хэргийн газрын үзлэгт шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн мэдүүлсэн чулуу тавьж цонхруу авирсан болон цонхны давцан дээр байгаа цэцэгийн талаар дурьдагдаагүй, хэргийн газраас гарын мөр илрээгүй, хэмжилт дутуу хийсэн зэрэг нь хэргийн газрын үзлэгийг гүйцэд биш дутуу эргэлзээ төрүүлэхээр хийсэн байгаа нь харагдаж байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасан асуудлуудыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх хэргийн нөхцөл байдал болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хүрээнд Н.З-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “…бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн…” гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай “нотлоогүй” байна гэж дүгнэн, мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаахын тулд прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгах тухай хуулийн заалтыг баримталж шийдвэрлэлээ.

 Н.З- энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 5 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Багануур дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Н-ын З-д холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.
  2. Н.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Н.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар цагаатгах тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ