Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Н.Б, /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Нямаагийн Бд холбогдох 1729000880048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Цагаан-Овоо 3-15 тоотод оршин суух иргэн М.Наранцэцэгийн орон гэрт хууль бусаар нэвтэрч монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхгийг хулгайлж бусдад 215,000 төгрөгийн хохирол,

            2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайзын 8-80 тоотод оршин суух иргэн Б.Уранчимэгийн өвлийн сууцны хаалгаар нэвтэрч “Сони” маркийн камер, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлан 296,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:  “ Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найзындаа очих гээд явж байсан чинь хашаа нь адилхан болохоор андуураад орсон тэгсэн нэг залуу зурагтаа үзэж байсан бололтой 3 хүүхэдтэйгээ хамт унтаж байсан. Би шкабнаас нь зургийн аппарат, камерыг нь аваад гарах гэж байсан чинь гаднаас эхнэр нь орж ирээд баригдсан. Тэгээд цагдаагийн газар очсон. Цоожтой байранд нэвтрээгүй юм чинь эрүү үүсэхгүй гээд намайг явуулсан. Тэгсэн эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байна. Мөн 2017 оны 11 дүгэр сарын 07-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд айлын байшингийн цонхыг нь хагалж ороод гэрээс нь монетан гинж, бөгж аваад тэр өдрөө хот руу явсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цогтцэций сумын цагдаад баригдаад энэ хэрэгт хохирол төлбөрөө төлсөн юм чинь түдгэлзүүллээ. Чи Дорнод аймгийн хэргээ шийдвэрлүүл гээд намайг явуулсан. Дорнод аймагт хэргээ шийдвэрлүүлээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэргээ шийдүүлээд цагдан хоригдож байсан чинь 2018 оны 01 дүгээр сарын 16-17-ны үед намайг яллагдагчаар татсан тогтоол явуулсан.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2,7 -р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 -р хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2-503 дугаартай “Тус суманд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар монетон бөгж /хуучин/ 1 ширхэг нь 75000 төгрөг, монетон кулонтой гинж /хуучин/ 140,000 төгрөгийн үнэтэй байсан болно” гэх комиссын үнэлгээ /хх-ийн 26-р хуудас/

Хохирогч М.Наранцэцэгийн өгсөн : ”...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод албан ажилтай явсан юм. Улмаар манай нөхөр Бат-Эрдэнэ өглөө 06 цагт ажилдаа яваад орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирдэг. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой манай нөхөр гэртээ ирэхэд манай байшингийн үүдний хаалгыг хөшсөн байсан ба онгойлгоогүй байсан. Тэгээд баруун талын жижиг өрөөний вакум цонхны онгойдог хаалга хэсгийг нь хагалаад цонхоор хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд миний 2013 онд Улаанбаатар хотоос 110,000 төгрөгөөр худалдаж авсан бөгж 1 ширхэг, 2015 онд Улаанбаатар хотоос худалдаж авсан монетон гинж кулонтойгоо 1 ширхэг эд зүйл алга болсон байсан. ...Би монетон бөгжөө 110,000 төгрөг, монетон гинж кулонтойгоо 220,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би шүүх хуралд суух боломжгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/

Хохирогч Б.Уранчимэгийн өгсөн : ”...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад орой 20 цагийн орчим ороход манай гэрийн хаалга онгорхой байсан ба гэртээ яваад ороход үл таних эрэгтэй хүн том өрөөнөөс гараад ирсэн. Тэгэхээр нь би чи юун хүн бэ? юу хийж байгаа юм бэ гэхэд юу ч дуугаралгүй гарах гээд зугтахыг завдсан. Тэгэхээр нь би куртикээс нь хойш татаж унагаад нөхөр Ариунбаярыг дуудхад дуугараагүй тул хаалгаа түгжчихээд том өрөөндөө яваад ортол нөхөр 3 хүүхэдтэй буйдан дээр унтаж байхаар нь нөхрөө сэрээгээд манайд гэрт хүн ороод ирсэн байна шүү дээ таних юм уу гэж асуугаад уг этгээдийг халаасыг ухаж үзэхэд 2014 онд 600,000 төгрөгөөр авч байсан “SONY ” маркийн жижиг гар камер, 2014 онд 250,000 төгрөгөөр авч байсан зургийн аппарат болон миний гоёлын зүүлт зэргийг аваад халаасандаа хийчихсэн байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 203-204-р хуудас/

Гэрч Д.Ариунбаярын өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19-р хороо цайзын 8-80 тоот байшиндаа хүүхдүүдийн хамт унтаж байтал орой 19 цагийн үед эхнэр гаднаас орж ирээд намайг сэрээгээд танихгүй хүн ороод ирсэн байна гэхээр нь би босоод харсан чинь огт танихгүй хүн байсан. Тэгээд би тэр хүнийг барьж авсан бөгөөд тэр хүн манай гэрийн эд зүйлийг онгичоод сони камер, сони зургийн аппарат, эхнэрийн ээмэг, бөгж зэргийг нь шкафнаас аваад халаасандаа хийчихсэн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 207-р хуудас/

Н.Бгийн гэрчээр өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ойролцоогоор 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр цайзаас хойш байх гэр хороолол дунд байх айлын хашааны төмөр хаалгаар ороод нэг давхар байшинтай айлын хаалгаар нь орсон. Би тус байшингийн хаалгыг эвдээгүй зүгээр онгойлгоод хаалгаар нь орсон бөгөөд нэг эрэгтэй хүн 2 хүүхэдтэй унтаж байсан. Тэгээд стинкээс нь зургийн аппарат, эмэгтэй хүний зүүлт, жижиг камер байсныг нь авсан.../хх-ийн 205-206-р хуудас/

Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “...Манай эхнэр Улаанбаатар хотод албан ажилтай явсан юм. Би өглөө эрт ажилдаа яваад орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирдэг юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой би ажлаасаа гэртээ ирсэн чинь манай байшингийн жижиг өрөөний цонхыг хагалаад хулгай орсон юм шиг санагдаад эхнэр рүүгээ залгаад асуусан. Тэгсэн эхнэр мэдэхгүй байна эд зүйлээ бүртгэж үзэхэд, манай эхнэрийн 1 ширхэг монетон гинж кулонтойгоо, 1 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгээд манай эхнэр Улаанбаатар хотоос ирээд эд зүйлээ бүртгэж үзээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Н.Бгийн яллагдагчаа өгсөн: “...нэг эрэгтэй хүн 2 хүүхэдтэй унтаж байсан. Би өрөөний хойд талд байрлуулж тавьсан стинкин дээр тавиастай байсан зургийн аппарат, камер авч куртикын халаасанд хийчхээд гал тогооний өрөөгөөр дамжин гарах гэж явтал гаднаас гэрийн эзэн бололтой эмэгтэй орж ирээд “юун хүн бэ, юу хийж яваа юм” гээд нөхрөө дуудсан мөн цагдаа дуудсан эмэгтэй миний халаасанд байсан зургийн аппарат болон гарт байсан камерийг буцааж авсан. Удалгүй дуудлагын цагдаа ирж намайг эрүүлжүүлэхэд хонуулсан маргааш нь эрүүлжүүлэхээс гараад мэдүүлэг өгчхөөд Дорнод аймаг руу явсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 43-45-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч Н.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47-р хуудас/,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Б нь Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Цагаан-Овоо 3-15 тоотод оршин суух иргэн М.Наранцэцэгийн орон гэрт хууль бусаар нэвтэрч монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхгийг хулгайлж бусдад 215,000 төгрөгийн хохирол, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайзын 8-80 тоотод оршин суух иргэн Б.Уранчимэгийн өвлийн сууцны хаалгаар нэвтэрч “Сони” маркийн камер, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлан 296,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2,7 -р хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 -р хуудас/, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2-503 дугаартай комиссын үнэлгээ /хх-ийн 26-р хуудас/, Хохирогч М.Наранцэцэгийн өгсөн : ”...Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд миний 2013 онд Улаанбаатар хотоос 110,000 төгрөгөөр худалдаж авсан бөгж 1 ширхэг, 2015 онд Улаанбаатар хотоос худалдаж авсан монетон гинж кулонтойгоо 1 ширхэг эд зүйл алга болсон байсан. ...Би монетон бөгжөө 110,000 төгрөг, монетон гинж кулонтойгоо 220,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би шүүх хуралд суух боломжгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, Хохирогч Б.Уранчимэгийн өгсөн : ”...уг этгээдийг халаасыг ухаж үзэхэд 2014 онд 600,000 төгрөгөөр авч байсан “SONY ” маркийн жижиг гар камер, 2014 онд 250,000 төгрөгөөр авч байсан зургийн аппарат болон миний гоёлын зүүлт зэргийг аваад халаасандаа хийчихсэн байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 203-204-р хуудас/, Гэрч Д.Ариунбаярын өгсөн: “...Тэгээд би тэр хүнийг барьж авсан бөгөөд тэр хүн манай гэрийн эд зүйлийг онгичоод сони камер, сони зургийн аппарат, эхнэрийн ээмэг, бөгж зэргийг нь шкафнаас аваад халаасандаа хийчихсэн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 207-р хуудас/, Н.Бгийн гэрчээр өгсөнТэгээд стинкээс нь зургийн аппарат, эмэгтэй хүний зүүлт, жижиг камер байсныг нь авсан.../хх-ийн 205-206-р хуудас/,  Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тэгсэн эхнэр мэдэхгүй байна эд зүйлээ бүртгэж үзэхэд, манай эхнэрийн 1 ширхэг монетон гинж кулонтойгоо, 1 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгээд манай эхнэр Улаанбаатар хотоос ирээд эд зүйлээ бүртгэж үзээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,  шүүгдэгч Н.Бгийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Н.Бг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн материалд хохирогч М.Наранцэцэг, Б.Уранчимэг нар нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 64-р хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан нь тогтоогдож байх тул 2 жилийн хорих ял дээр тус тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоолоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 307 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Нямаагийн Бг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д  зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 3 /гурав/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8  дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 307/ гурван зуун долоо/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Н.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА