Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01525

 

 

 

 

 

 

 

 

 

Х-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/02422 дугаар шийдвэртэй

Нэхэжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "Ж"- ХХК, М.Б-, А.Н, М.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 235,736,306 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 123,263,559 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Б-н,

2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай М.Б-гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш, хариуцагч М.Б-, М.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч А.Н, Ж-ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч "Ж- ХХК, М.Б-, А.Н, М.Б- нар нь Х-ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Ү000000000 тоот гэрчилгээнд бүртгэлтэй 4 өрөө орон сууц, Ү-0000000000тоот гэрчилгээнд бүртгэлтэй 4 өрөө орон сууц, Ланд 200 маркийн автомашиныг тус тус барьцаалуулсан. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 202,783,496.44 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл 136,780,011.41 төгрөг, үндсэн хүү 85,471,328.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,461,332.70 төгрөг, нотариатын зардалд 23,500 төгрөг, нийт 235,736,306 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нар зээлийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд хариуцагч М.Б-, М.Б- нарын өмчлөлийн, Б дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, ... 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, Энгельсийн гудамж, 1тоотын 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн р-0000000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, 00-00 УНА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч М.Б-гийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 136,780,011 төгрөгийг зөвшөөрч байна. М.Б- нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг Х-ХХК-тай байгуулж байгаагүй. Нэмэлт өөрчлөлт оруулах 2015 оны 03 дугаар сарын гэрээнд мөн огт гарын үсэг зураагүй. Х-ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 6.1.7, 6.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн байхад хууль бусаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох эрхгүй байсан. Үлдэх хэсгийг нь төлөх боломжгүй талаар баримт гаргуулахаар олон хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ж- ХХК, А.Н нарын татгалзал, тайлбарын агуулга: Бид авсан зээлээ хугацаанд нь төлж байсан. 2016 оноос үйл ажиллагаа зогсож зээл төлөх боломжгүй байдалд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Хадгаламжид байсан 59,212,000 төгрөгийг Х-ХХК-ийн зүгээс татаж авсан. Зэээлийн гэрээний үүрэгт 136,780,011 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

4. Хариуцагч М.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлд М.Б-д холбогдуулсан шаардлага байхгүй. Зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй. Уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь зээлийн гэрээний үүрэг шаарддаг. Гэтэл уг гэрээнд нь М.Б- огт оролцоогүй, гарын үсэг зураагүй, түүний дансанд нэг ч төгрөг ороогүй. Барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэж М.Б- хэлсэн тул зөвшөөрсөн. М.Б- барьцааны хөрөнгөө барьцаанд тавих эрхийг М.Б-д олгосон. Нэмэлт үүрэг нь үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой. 2015 оны 03 дугаар сард байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж, шүүх шинжээч томилж М.Б- гарын үсэг зураагүй гэдгийг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч М.Б-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарын агуулга: М.Б- 2014 онд 300,000,000 төгрөгийн зээлийг Х-ХХК-аас авсан. Зээлийн барьцаанд 2 орон сууц, нэг автомашин барьцаалсан. Орон сууцыг худалдан борлуулсан мөнгө болох 59,222,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцон, үлдэх 136,780,011 төгрөгт хүү тооцохгүй гэж амаар тохиролцсон. Х-ХХК М.Б-гийн хадгаламжид орсон 59,212,000 төгрөгийг 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг зөрчиж татан авсан. Мөн хуулийн 7.2.6-д заасны дагуу 2.318 өдөр хадгалуулж байсан гэж үзэж хадгаламжийн хүү тооцож нэхэмжилж байна. 58,251,709 төгрөгийн хүү хуримтлагдсан байна. Бид 59,212,000 төгрөгийг хүү 58,251,709 төгрөгийн хамт нэхэмжилж байна. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сар хүртэл гэрээ үргэлжилсэн. Хугацааг 03 дугаар сарын 11-ний өдөр сунгаж, М.Б- түүнд гарын үсэг зураагүйг шинжээч тогтоосон. Түүний зүгээс өөрийнх нь зөвшөөрөлгүй гэрээ хийсэн гэдэг тул хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шилжүүлсэн бүх зүйлээ буцаан шилжүүлэх үр дагавар үүссэн тул мөн хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж тул гэрээгээр шилжүүлсэн 5,799,850 төгрөг, нийт 123,263,559.36 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

6. М.Б-гийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: М.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авч 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хугацааг сунгасан. М.Б-гийн худалдан борлогдсон байрыг авсан этгээд нь Х-ХХК-аар дамжуулж ипотекийн зээлээр авсан байтал Х-ХХК авсан мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Х-ХХК нь тухайн зээлийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч М.Б-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан нэмэлт өөрчлөлтйн гэрээнд гарын үсэг зураагүй. Зохин этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна гэжээ.

8. Хариуцагч М.Б-гийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: М.Б-гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд хөрөнгөө 1 жилийн хугацаатай барьцаалуулахаар зөвшөөрсөн гэдэг. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.3 дахь хэсэгт заавал зээлдэгч, хамтран зээлдэгчийн хөрөнгө байна гэж заагаагүй тул бид хуульд зааснаар барьцаалсан. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.4-д гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хүчин төгөлдөр, биелэгдмэгц дуусах талаар зохицуулснаар түүний сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж- ХХК, М.Б-, А.Н нараас 181,534,715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-ХХК-д олгож, нэхэмжлэлээс 54,201,590 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х-ХХК-иас 123,263,559 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Б-гийн, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч М.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж- ХХК, М.Б-, А.Н нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч М.Б-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байрны 18 тоотод орших, 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаартай, 4 өрөө орон сууц, мөн 00-00 УНА улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл, мөн хариуцагч М.Б-гийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, Энгельсийн гудамж,0 байр 0 тоот орших, 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  р-0000000000 дугаартай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,406,744 төгрөг, хариуцагч М.Б-гийн төлсөн 935,218 төгрөг, М.Б-гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ж- ХХК, М.Б-, А.Н нараас 1,065,623 төгрөгийг, хариуцагч М.Б-, М.Б- нараас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 13,461,810 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 40,740,125 төгрөг, нийт 54,201,456 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний 2.1.5-т нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй бол үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан.

Хэтэрсэн хугацааны хүүгийн талаар анхан шатны шүүх дүгнэхдээ гэрээний үүрэг зөрчигдсөн байх зээлийн гэрээний хугацаанаас өмнө дуусгавар болсон зээлийг хугацаанд төлөх арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар эрх, үүргээ зээлдэгч хэрэгжүүлээгүй, төлбөрийн чадваргүй болсон нөхцөлд зээлийг буцаан шаардаагүй. Иймд хариуцагч нарт хамгийн сүүлд зээл төлөхийг мэдэгдсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон зээлийг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тайлбарласан бөгөөд зээлдэгч авсан зээлийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч авсан зээлийг гэрээний хугацаанд буцаан төлөх үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийг төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдуулах, хүүг төлөх хүртэлх хугацаанд нөхөн төлнө тодорхой заасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийг баримталж, зээлдэгчид боломж олгосон энэхүү заалтаар эрхээ хэрэгжүүлээгүй гэж хариуцлага ногдуулж нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү 40,740,125 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Уг хэрэг 2018 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 4 жил 5 сарын хугацаанд үргэлжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 4 жил гаруй хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй ашигласаар байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

11. Хариуцагч М.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Х-ХХК-д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх гэрээнд миний бие гарын үсэг зураагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахаар байна.

Мөн 2014 оны зээлийн болон барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл шаардсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй бөгөөд Ж- ХХК, М.Б-, А.Н нарын төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна гэжээ.

 

12. Хариуцагч Ж-ХХК, А.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х-ХХК-аас 2000 оноос хойш зээл авч, найдвартай зээлдэгч болж байсан. Би бизнес эрхэлдэг А.Н, Ж- ХХК-ийг төлөөлж байгаа. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300,000,000 төгрөгийн зээл авсан. Нэмж хэлэх зүйлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч М.Б-гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Х-ХХК нь хариуцагч М.Б-, А.Н, Ж- ХХК, М.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 235,736,172 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн гаргасныг хариуцагч А.Н, Ж- ХХК, М.Б- нар дээрх нэхэмжлэлээс 123,263,559 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч М.Б- нь учирсан хохиролд 123,263,559 төгрөг гаргуулах, хариуцагч М.Б- нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /хх-1хх1-2, 47, 100/

4.Зээлдүүлэгч Х-ХХК, зээлдэгч Ж- ХХК, М.Б-, А.Н нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ЗГ14/141 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч нь 300,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-.../

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Зээлдүүлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний 2.1.3-т зааснаар зээлдэгч М.Б-гийн Х-ХХК дахь 5014342079 тоот данс руу 300,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

5. 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээгээр зээлийн үүргээс зээлдэгч талын төлсөн мөнгөн дүнг хасч, үндсэн зээлийг 200,000,000 төгрөгөөр тооцон, зээлийн хүүг өмнөх гэрээнд заасан хэмжээгээр тогтоож, гэрээний хугацааг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгахаар харилцан тохиролцон, зээл эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна. 1хх-16-17/

6. Зээлдэгч нар зээлийн үүргээс нийт 202,783,496 төгрөг төлсөн, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үүргээ зөрчснийг анхан шатны шүүх зөв тогтоож, Х-ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Ж- ХХК, М.Б-, А.Н нараас зээлийн үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7.Хариуцагч Ж- ХХК, М.Б-, А.Н нар үндсэн зээлийн үлдэгдэл 136,780,011 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

Зээлийн гэрээний талууд зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг харилцан тохиролцож гэрээндээ заасан нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин гэрээний үүрэг 2015 оноос эхлэн зөрчигдсөн байхад зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах гэрээнд заасан эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй, нэмэгдүүлсэн хүү шаардсан үндэслэл тодорхойгүй гэж анхан шатны шүүх дүгнэн нэхэмжлэгчийн зээлийн хүү нэхэмжилсэн шаардлагыг 49,238,430 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 36,232,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,461,333 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаас үзвэл зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлж дуусгах хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, цуцлагдсан эсэхээс үл хамаараад гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Талууд гэрээний 6.1-д банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах тохиолдлыг нэрлэн заажээ. Хариуцагч тал зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөнтэй холбоотойгоор уг гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Зээлийн бүртгэлийн карт гэх баримтад хариуцагч талын гэрээний хугацаанд төлж байсан зээлийн төлөлтөөс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган, үндсэн зээл 136,780,011 төгрөг, нийт хуримтлагдсан зээлийн хүү 85,471,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,461,333 төгрөг, нийт 235,712,672 төгрөг гэж тодорхойлжээ. Энэ баримтыг хариуцагч тал өөр баримтаар үгүйсгээгүй байх тул хариуцагч Ж- ХХК, М.Б-, А.Н нарыг зээлийн гэрээний үүрэгт 235,712,672 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.

7.Үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нотариатын зардал 23,500 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийг буруу хэрэглэснийг залруулах нь зүйтэй.

8. Иймд хариуцагч Ж- ХХК, М.Б-, А.Н нараас нийт 235,736,305 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

9.Нэхэмжлэгч Х-ХХК нь хариуцагч М.Б-, М.Б- нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч М.Б- уг нэхэмжлэлд тайлбар гаргаагүй, хариуцагч М.Б- хөрөнгийг барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан гэж маргажээ.

Х-ХХК, М.Б-, М.Б- нар 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГҮ14/141 дугаартай барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч М.Б-гийн өмчлөлийн, Б дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 0 дугаар байрны 0 тоот, 135 м.кв, 4 өрөө, Ү-0000000 дугаарт бүртгэлтэй орон сууц, 00-00 УНА улсын дугаартай, Тоёото Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл, мөн М.Б-гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, Энгельсийн гудамж, 0 дугаар байрны 00 тоот, 140 м.кв талбайтай, 4 өрөө, Ү-0000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг тус тус барьцаалсан. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардах эрхтэй. Хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхан шатны шүүх зөв хэрэглээгүйг залруулна.

10. Хариуцагч М.Б- давж заалдах гомдолдоо барьцааны гэрээний зүйлээр үүрэг гүйцэтгүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан, Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /... барьцаа, .../-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заажээ.

10.а.Зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилийн тооцвол 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дотор хамаарч байна. Иймд хариуцагч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

10.б.Хариуцагч М.Б- нь барьцааны гэрээний нэг тал байна. Мөн өөрийн өмчлөлийн үл хөдлөх, эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг М.Б-д олгосон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

11.Хариуцагч М.Б- нь 123,263,559 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөөс зөвшөөрөлгүйгээр 59,212,000 төгрөгийн гүйлгээ хийсэн, үүний улмаас хадгаламжийн хүүнд 58,251,709 төгрөг тооцуулах боломжгүй болсон, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул гэрээгээр шилжүүлсэн 5,799,850 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлажээ.

11.а.2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 5.1.2-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь харилцах данснаас, харилцах данс дах мөнгөн хөрөнгө хүрэлдэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах эдгээр дансаар төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурьдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутгах авах гэж тохиролцжээ. Энэ тохиролцоо хүчин төгөлдөр бус гэж талууд маргаагүй.

11.б.Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар бүрийн 20-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ гүйцэтгээгүй зөрчснөөр гэрээний 5.1.2-т зааснаар зээлдэгч М.Б-гийн, Х-ХХК дахь данснаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 59,212,000 төгрөг суутган авч, зээлийн гэрээний үүрэгт тооцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг зөрчөөгүй тул хариуцагчид хохирол учирсан гэж үзэхгүй.

11.в.Хариуцагч М.Б- нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг М.Б- гаргасан гэх үндэслэлээр гэрээгээр шилжүүлсэн 5,799,850 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.

12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч М.Б-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага / 59,212,000+58,251,709+5,799,850/-ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний 5.1.2-т заасан талуудын тохиролцоонд нийцсэн байна.

13. 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний нэг тал буюу М.Б-гийн нэрний өмнө зурсан гарын үсэг, түүний гарын үсэг биш болох нь шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4030 тоот дүгнэлтээр тогтоогдсон. /хх-1хх-141-145/

Хариуцагч М.Б- нь уг зээлийн гэрээний зээлдэгч тал биш учир түүнд зээлийн гэрээний үүрэг үүсэхгүй юм. Иймд ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан арилгуулахаар шаардах этгээдэд М.Б- хамаарахгүй. Анхан шатны шүүх холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаарх хариуцагч М.Б-гийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

11.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/02422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж- ХХК, М.Б-, А.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 235,736,305 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 гэж дугаарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х-ХХК-иас 123,263,559 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг, мөн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч М.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэсэн найруулгыг нэмж оруулан,

тогтоох хэсгийн 2 гэснийг 3 гэж, 3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж өөрчлөн дугаарлаж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, гэсний дараа 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмж оруулан,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын 1,065,623 гэснийг 1,336,631 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,958 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД