Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01521

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00176 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00598 дугаар магадлалтай, 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Жинст заан ХХК, А.Нарантуяа, М.Баяржавхлан, М.Баярмагнай нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 235,736,172 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Баяржавхлангийн 2015.03.11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Жинст Заан ХХК, М.Баярмагнай, А.Нарантуяа, М.Баяржавхлан нар нь Хаан банк ХХК-тай 2014.06.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар 300,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд М.Баярмагнайн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, 18 тоот 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204018147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, М.Баяржавхлангийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, Энгельсийн гудамж, 8 дугаар байр, 42 тоотын 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205035099 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, 82-45 УНА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээлд 163,219,988 төгрөг, зээлийн хүүд 39,563,507 төгрөг, нийт 202,783,496 төгрөг төлсөн. Талууд 2015.03.11-ний өдөр ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гэрээний хугацааг 2016.02.20-ны өдөр хүртэл сунгасан. Иймд хариуцагч Жинст заан ХХК, А.Нарантуяа, М.Баярмагнай нараас 2018.03.12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 136,780,011 төгрөг, хүү 85,471,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,461,332 төгрөг, нотариатын зардал 23,500 төгрөг, нийт 235,736,172 төгрөг гаргуулах, уг төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч М.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: ... Жинст заан ХХК, М.Баярмагнай, А.Нарантуяа нар Хаан банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. 2016, 2017 онуудад бизнесийн орлого муудан зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болж алдагдалд орсон. Тухайн үед М.Баярмагнайн 1 өрөө орон сууцыг банкны эдийн засагчийн хүсэлтээр 59,812,000 төгрөгөөр худалдсан бөгөөд надаас 59,000,000 төгрөг зээлийн төлбөрт авсан атлаа одоо 235,712,672 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлд нийт 202,783,496 төгрөг төлсөн. 59,000,000 төгрөг төлчихөөд 135,000,000 төгрөг үлдэхэд нь шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье, төлбөрийн чадваргүй боллоо гэдэг санал хүргүүлсэн. Гэтэл 135,000,000 төгрөг нь 235,000,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Хариуцагч М.Баяржавхлан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн ах М.Баярмагнайн Хаан банк ХХК-тай байгуулсан 2014.06.20-ны өдрийн ЗГ14/141 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс, Энгельсийн гудамж, 8-142 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2205035099 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай байсан, энэ хугацаанд л үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг зөвшөөрсөн. Нөгөөтээгүүр, миний бие дээрх зээлийн гэрээг сунгасан асуудлыг мэдээгүй, сунгалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дээрх гэрээнд гарын үсэг зураагүй. Мөн барьцааны гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохоос зээлийн гэрээний дагуу зээлийг хамтран төлөх үүрэг хүлээгээгүй тул хамтран хариуцагчаар татахыг зөвшөөрөхгүй. Иймд 2015.03.11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн буюу М.Баяржавхлангийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Баяржавхлан нь барьцаа хөрөнгийн өмчлөгч учраас банк түүнийг хариуцагчаар татсан бөгөөд түүнээс зээлийн төлбөр нэхэмжлээгүй. Зээлдэгч нартай 2015.03.11-ний өдөр ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан, гэрээний хугацааг 2016.02.20-ны өдөр хүртэл сунгасан. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу М.Баяржавхлангийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй гэжээ.  

Хариуцагч А.Нарантуяа, Жинст заан ХХК, М.Баярмагнай нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хангах нь буруу гэж үзэж байна. 2015.03.11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний тухайд маргаан байхгүй гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Жинст заан ХХК, М.Баярмагнай, А.Нарантуяа нараас нийт 186,246,343 төгрөг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 49,489,828 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,406,744 төгрөгийг болон М.Баяржавхлангийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх, Жинст заан ХХК, М.Баярмагнай, А.Нарантуяа нараас нийт 1,159,381 төгрөг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Жинст заан ХХК, М.Баярмагнай, А.Нарантуяа нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, 18 тоот 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204018147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө бүхий орон сууц, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, Энгельсийн гудамж, 8 дугаар байр, 42 тоот 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205035099 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц, 82-45 УНА улсын дугаарын тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00598 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Хаан банк ХХК-иас төлсөн 405,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. М.Баярмагнай, Жинст Заан ХХК, А.Нарантуяа, М.Баяржаргал нарт холбогдох иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд маргаагүй үйл баримтыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс 2015.11.30-ны өдөр түүний эзэмшлийн 5076051938 тоот данс дахь 59,212,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд суутгасан талаарх баримтыг нэхэмжлэгчээс ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн бүртгэлийн картыг хавсаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн 59,212,000 төгрөгийг зээлдэгчийн үндсэн зээлд төлсөн уг төлбөрийн нэхэмжлэлд дурдсан нийт төлсөн зээлд тооцсон. Талуудын хувьд уг төлбөрийг төлсөн эсэхэд маргаагүй, нэхэмжлэгчийн хувьд уг мөнгийг зээлд төлсөн уг төлбөрийг зээлийн төлбөрт тооцсон байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэх нотлох баримт биш юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэх шүүхийн ажиллагааны зохицуулалтын талаар хуульчилсан бөгөөд шүүх зөвхөн тухайн хэрэгт хамааралтай буюу тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоох эсхүл няцаах нотлох баримтыг хянан хэлэлцэх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлэхээр хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэх бөгөөд хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Нэгэнт талуудын хоорондын маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж, хуулийн шаардлага хангаагүй баримтыг үнэлэхгүй байхаар хуульд заасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримтыг үнэлэх эсэхийг шаардах нь хуульд үл нийцэх юм. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 19,2 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Хаан банк ХХК нь Жинст заан ХХК, А.Нарантуяа, М.Баяржавхлан, М.Баярмагнай нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 235,736,172 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан, хариуцагч М.Баяржавхлан 2015.03.11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Жинст заан ХХК, М.Баярмагнай, А.Нарантуяа нараас нийт 186,246,343 төгрөг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 49,489,828 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.  

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.  

Давж заалдах шатны шүүх ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Баярмагнай зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан нэхэмжилж буй зээлийн төлбөрийн хэмжээг эс зөвшөөрч, уг татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор 2015.11.30-ны өдөр түүний эзэмшлийн хадгаламжийн 5076051938 тоот данс дахь 59,212,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд суутгасан талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүх хүсэлтийг хангаснаар нэхэмжлэгч нь Хаан банк-ны төв архив хуулбар үнэн гэх тэмдэглэгээ бүхий баримтыг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах талаарх зохицуулалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм. Иймд нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй... гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.  

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.  

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг.

Талууд маргаан бүхий 59,212,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд суутгасан баримтын талаар мэтгэлцсэн эсэх нь тодорхой бус байхаас гадна анхан шатны шүүх уг баримтад тусгагдсан төлбөр тооцооны тухайд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтын талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй, уг зөрчлийг зөвтгөх буюу нотлох баримт гаргах, цуглуулах ажиллагааг гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй гэсэн давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Учир нь хариуцагч М.Баярмагнай ...миний 506051938 гэсэн хугацаагүй хадгаламжийн данснаас автоматаар 59,212,000 төгрөг авсан..., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох ...59,212,000 төгрөгийг М.Баярмагнайгийн Хаан банкны данснаас үл маргах журмаар төлүүлсэн байдаг. Ингэж төлүүлэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэж хийсэн асуудал байгаа... гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх ...зээлдэгч нар ...зээлийн төлбөрт 59,212,000 төгрөг төлсөн..., түүнчлэн уг суутган авсан Хаан банкны гүйлгээний баримтад 2015.11.30 гэсэн байхад 2015.12.30-ны өдөр гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.  

Анхан шатны шүүх М.Баярмагнайгийн Хаан банк дахь 506051938 тоот хугацаагүй хадгаламжийн данснаас 59,212,000 төгрөгийг нэхэмжлэгч суутган авсан нь хууль, эсхүл гэрээнд үндэслэгдсэн эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.  

Давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00598 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Л.АТАРЦЭЦЭГ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН       Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                            П.ЗОЛЗАЯА 

                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                              Х.ЭРДЭНЭСУВД