Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01526

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдоржийг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 606,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Ү-1 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудам, 00 тоотын 140,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000123246 дугаартай гэрчилгээ болон 70,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч П.Ц, У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ц.Т нь Х.Ц-тай 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг 1 жил 5 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгийг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр Д.Ганболдтой хамтран эзэмшдэг, Хаан банкны 0000000тоот данснаас Х.Ц-гийн 111тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд Х.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ, 00 тоотод байрлах 140.06 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч Х.Ц- нь зээлийн гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор зээлийг эгүүлэн төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, хүү 204,000,000 төгрөг, алданги 202,000,000 төгрөг нийт 606,000,000 төгрөгийг хариуцагч Х.Ц-гаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Таас 200,000,000 төгрөг авсанд маргахгүй, харин хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зохих хэмжээгээр бага багаар төлбөр төлж байсан тул үүнийг хүү алдангид тооцуулж, үлдэх хэсгийг төлөх боломжтой. Мөн нэхэмжлэлд дурдаад байгаа хожим нөхөж үйлдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь дүр үзүүлэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлүүд байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д заасан шинжийг хангасан, хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байна. Садан төрлийн хүмүүсийн хоорондын хэлцэл хийгдсэн, Ц.Тын хүсэлтээр түүнд туслах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийж, нөгөө тал болох этгээдийн хувийн шинж, үеэл дүүгийн харилцаандаа, үеэл дүү Ц.Тын хувьд Х.Ц-д Д.Б-гаас 250,000,000 төгрөг дамжуулан өгөх үүрэгтэй байсныг үндэслэн зээлийн гэрээг төөрөгдөж хийсэн нь харагдана. 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар 200,000,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сар тутмын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн гэрээний заалтыг үндэслэн 6 хувийн хүү, алданги нэхэмжилж байгаа нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, үндэслэлгүй шаардлага гаргасан. Х.Ц- нь 168,400,000 төгрөгийг Ц.Т болон түүний хамаарал бүхий хүний данс руу шилжүүлсэн нь дансны гүйлгээгээр тогтоогддог. Ц.Тын дэвтэрт бичигдсэн, бичилтээс харахад Х.Ц- нь Ц.Тд 151,750,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Мөн нэхэмжлэлд дурдсан орон сууц нь Х.Ц-гийн /нэг хүний/ өмч биш, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

З. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Талууд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Б-гаас 250,000,000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцож, хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 250,000,000 төгрөг Ц.Тын Голомт банк ХХК-ийн 1101196546 тоот дансанд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орсон байдаг. Харин Ц.Т зээлийн мөнгөн хөрөнгөөс 200,000,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөртэйгөө хамтран эзэмшдэг Хаан банк ХХК дахь 0000000тоот данснаас миний Хаан банк ХХК дахь 111тоот дансанд шилжүүлж өгсөн. Д.Б-гийн шилжүүлсэн зээлийн мөнгөнөөс өөр мөнгө Ц.Таас огт зээлж аваагүй бөгөөд нэг зээлийн мөнгийг Д.Б-, Ц.Т нарт давхар төлж хохироход хүрээд байна. Иймд үнэн бодит байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэх зээлийн гэрээг, мөн уг гэрээг үндэслэн хийсэн 2014 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөлгийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Баруун сэлбийн гудамж, 00 тоотын 140.06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000123246 дугаар гэрчилгээ болон 70,600,000 төгрөгийг буцаан гаргуулж, Х.Ц-д олгуулах гэж нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү. 70,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Х.Ц- нь Д.Б-тай эвлэрсэн тухай шүүгчийн захирамжаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Д.Б-, Х.Ц- нарын байгуулсан 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ц.Т, Х.Ц- нарын байгуулсан 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь хоорондоо ямар ч хамааралгүй, тусдаа зээлүүд юм. Х.Ц-гаар нэг зээлийг давхар төлүүлж хохироох гээд байгаа зүйл огт байхгүй. Х.Ц- нь 2014 оны 01 дүгээр сард авсан зээлийн төлбөрөөс 2014 оны 10 дугаар сар хүртэл огт төлөлт хийгээгүй учраас бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулах нь зөв гэж бодоод нотариат дээр орж гэрээг батлуулсан. Нэгэнт олгогдсон зээл дээр гэрээг бичгээр нөхөж байгуулах нь хуульд харшилсан үйлдэл биш гэж үзэж байна. Д.Б- танихгүй хүнд их хэмжээний мөнгө зээлэхгүй гээд Ц.Тыг баталгаа бол гэсний дагуу зээлийн гэрээний доор гарын үсэг зурсан төдий. Энэ хэрэг шүүхээр 2 ч удаа шийдэгдээд буцсан. Шүүхийн эхний шийдвэр гарах үед, Х.Ц- нь 200,000,000 төгрөгийг Ц.Таас зээлснээ хүлээн зөвшөөрч, хүү, алданги нь өндөр байна гэж маргаж байсан. Сүүлдээ ийм зээл огт аваагүй, төлөхгүй гэж тайлбараа өөрчилсөн. Гэтэл одоо гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Ц-гаас 284,814,000 /хоёр зуун наян дөрвөн сая найман зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тд олгож, нэхэмжлэлээс 321,186,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х.Ц-гийн Ц.Тд 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Барьцааны гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, 00 тоотын 140.06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000123246 дугаартай гэрчилгээ болон 70,600,000 төгрөгийг буцаан гаргуулж, Х.Ц- нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 00 тоотод байрлах 140.06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ц.Тын 3,416,100 төгрөг, Х.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1,613,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,582,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.а. 2014 оны 01 дүгээр сарын 05-ны зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэх боловч энэхүү гэрээний дагуу мөнгө шилжүүлэгдээгүй, хуульд заасны дагуу байгуулагдаагүй. Иймээс Ц.Т нь уг гэрээний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэл, хүү, алданги зэргийг шаардах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

6.б. Хэрэгт авагдсан баримтаар, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Болормаагаас 250,000,000 төгрөгийн Ц.Тын данс руу шилжүүлсэн. Д.Ганболдоос /хамтран эзэмшдэг данс/ 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х.Ц- руу 200,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болдог. Зээлдүүлэгч Ц.Т нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.в. Х.Ц-, Ц.Т нар нь Б.Болормаатай 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг Д.Ганболдоос 200,000,000 төгрөгийг Х.Ц-д шилжүүлсэн. Гэтэл Б.Болормаагийн шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг Х.Ц-д хариуцуулсан шүүхийн шийдвэр гарсан байхад дахин мөнгөн төлбөр хариуцуулсан шүүхийн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг удаагийн мөнгөн шилжүүлэг хийгдсэн байхад хоёр удаагийн үүрэг ногдуулсан, их хэмжээний мөнгөн төлбөрийг төлөхөөр шийдвэрлэж байгаа нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг илтэд хохироосон, шударга бус, хууль бус шийдвэр болсон.

6.г. Бусдаас авсан зээлийн хөрөнгийг өөрийн дансаар авч, өөрийн хамаарал бүхий этгээдээр шилжүүлсэн нь зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлийг бий болгохгүй Мөнгөн хөрөнгийг шилжүүлж байгаа харилцаа бүр зээлийн гэрээний харилцаа байдаггүй Мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл зэрэг нь шаардах эрхийг бий болгохгүй байхаар хуульд заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх нь энэ талаар хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.д. Шүүх хуралдааны явцад гэрч Б.Болормаа нь ...Х.Ц-, Ц.Т нарт зээлсэн 250,000,000 төгрөгийг Ц.Тын данс руу шилжүүлсэн... гэж мэдүүлсэн. Нэхэмжпэгч үүнийг нотлох баримтаар няцаагаагүй байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг хуульд заасны дагуу үнэлж шийдвэр гаргаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн дагуу зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Х.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, хүү 204,000,000 төгрөг, алданги 202,000,000 төгрөг, нийт 606,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргасан байна.

3.Ц.Т 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200,000,000 төгрөгийг Х.Ц-д шилжүүлсэн үйл баримтыг тэдгээрийн тайлбар, хэргийн 10 дахь талд авагдсан Хаан банк- ХХК-ийн Мөнгөн шилжүүлгийн баримт-ыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Х.Ц- иргэн Д.Б-гаас зээлсэн 250,000,000 төгрөгийг Ц.Тын дансаар дамжуулж авсан, Ц.Ттай зээлийн харилцаа үүсээгүй гэж тайлбарлах боловч хэрэгт уг тайлбарыг нотолсон баримт авагдаагүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б- нь Х.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 86,000,000 төгрөг, алданги 168,000,000 төгрөг, нийт 504,000,000 төгрөг гаргуулахаар /2хх229-250,3хх1-3/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг 461,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хариуцагч Х.Ц-гийн зөвшөөрлийг баталсан байна. /хх-2хх-236-237/ Уг шүүгчийн захирамжид Ц.Таас зээлийн үүргийг шаардсан талаар тусгагдаагүй.

Гэрч Д.Б- шүүхэд Х.Ц-, Ц.Т нартай байгуулсан 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний харилцааны талаар тайлбарлаж, тэдний хоорондын зээлийн болон барьцааны гэрээний асуудлыг мэдэхгүй талаар тайлбарласан байна. /3хх 98 тал/

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.Хариуцагч Х.Ц- нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 98,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Тд дансаар шилжүүлснийг хариуцагчийн Хаан банк ХХК дахь дансны хуулгыг анхан шатны шүүх зөв үнэлж,тогтоожээ.

5.Шүүх хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 98,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 200,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үүргээс хасч, үлдэгдлийг 101,600,00 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй байна.

6.Харин зээлийн гэрээний хүү тооцон хариуцагчаас гаргуулахдаа анхан шатны шүүх зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

Талууд 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бодитоор байгуулсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг шаардахад гэрээг бичгээр байгуулсан байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг шаардах эрхтэй.

Талууд гэрээний 1-д зээлийн хүүг сарын 6 хувь гэж тохиролцсон боловч тооцоо баримтаар /огноогүй/ 200,000,000 төгрөг, нийт 17 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр тооцсон нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж, зээлийн нэг сарын хүүг 5 хувиар тооцон хариуцагч Х.Ц-гаас зээлийн хүүд 35,560,000 төгрөг /101,600,000 х 5%/ х 7 сар/ гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /хх-1хх-225/

7.Талууд гэрээний 3 дах заалтад алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, анхан шатны шүүх алдангид 50,800,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно. Иймд хариуцагч Х.Ц-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 187,960,000 төгрөг /101,600,000 +35,560,000 +50,800,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 418,040,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

8.Талууд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Х.Ц- нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ 00 тоот, 5 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх7-9/ Барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт эд хөрөнгийг албадан худалдах эрх бүхий этгээд болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаагүй байгааг залруулна.

 

9.Хариуцагч Х.Ц- нь нэхэмжлэгч Ц.Тд холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлээр дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, 00 тоотын 140,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000123246 дугаартай гэрчилгээ болон 70,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь нэхэмжлэлийн үндэслэл болох бөгөөд сонирхогч этгээд нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Ц.Таас 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200,000,000 төгрөгийг Х.Ц-д шилжүүлсэн, улмаар талууд хүсэл зоригийг илэрхийлсэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хийгч 2 тал хоёул уг хэлцлийн үр дагаврыг үүсгэх сонирхолгүй шинжийг агуулдаг учиртай бөгөөд энэ талаар хэрэгт баримт байхгүй. Үндсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны үүрэг мөн хүчин төгөлдөр болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулах агуулгатай байх тул сөрөг нэхэмжлэлийн агуулгыг буруу тодорхойлсныг зөвтгөх нь зүйтэй байна. Мөн анхан шатны шүүх хариуцагч Х.Ц-гийн нэхэмжлэгч Ц.Таас 70,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгасан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ц-гаас 187,960,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тд олгож, үлдэх 418,040,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж, 00 тоотын 140.06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хариуцагч Х.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Х.Ц- нь нэхэмжлэгч Ц.Таас 70,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Ц- нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 00 тоотод байрлах 140.06 м.кв бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,416,100 төгрөгийг, хариуцагч Х.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1,613,450 төгрөгийг тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц-гаас 1,162,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,582,020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД