Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01566

 

2022.08.22 МАГАДЛАЛ №1566

/ТӨСӨЛ/

 

К-ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/003152 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К-ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЗБДС-д холбогдох,

Батлан даалтын гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:Х-ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 тоот зээлийн гэрээ байгуулж 370,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийн зориулалттай К-ХХК-аас зээлэн авсан.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 үл хөдлөх хөрөнгө болон 1 эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан бөгөөд үүнээс гадна энэхүү зээлдЗБДС-гаас батлан даалт гаргасан.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д ЗБДС- нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана гэж заасны дагуу ЗБДС- нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2014-128 дугаартай батлан даалтын гэрээг К-ХХК-тай байгуулж,Х-ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь буюу нийт 199,800,000 төгрөгийн үнийн дүнг батлан даахаар үүрэг хүлээсэн.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд дээр дурьдсан 2014-128 дугаартай батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1-д Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн болно.

Х- ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд К-ХХК-ийн зүгээс ЗБДС-д удаа дараа батлан даалтын үүргээ гүйцэтгэхийг шаардсан албан бичгийг хүргүүлж байсан боловч зээлдэгч болон батлан даагчийн аль аль нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Улмаар тус банк нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд Х-ХХК-иас үндсэн зээл 369,997,800. төгрөг, зээлийн хүү 29,193,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,838,751 төгрөг, нийт 405,030,308 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ЗБДС-гийн гаргасан батлан даалтыг хэвээр үлдээж, үлдсэн хэсэг дээр эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Зээлдэгч Х-ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш нийт 997,950 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул барьцаа хөрөнгүүдийг нийт 240,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцон К-ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4/1923 тоот албан бичгээр ЗБДС-д мэдэгдэл хүргүүлж, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 165,123,909 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг шаардсан боловчЗБДС-гаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/317 тоот албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг зээлийн өр төлбөрт тооцон авсан тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авсан нь ЗБДС-г батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тулХ-ХХК-ийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 165,123,909 төгрөгийгЗБДС-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн батлан даалтын сан нь К-ХХК болонХ-ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулан 370,000,000 төгрөгийн зээлийн 54 хувьд нь батлан даалт гаргасан.

Батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна гэж заасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж санал болгох хурлаар зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгүүдийг К-ХХК-ийн нэр дээр шилжүүлж зээлдэгч банкинд өр төлбөргүй болсон тул ЗБДС- нь үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ньХ-ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 405,030,308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5145 дугаартай захирамжаар үндсэн зээл 369,887,800 төгрөг, зээлийн хүү 29,193,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,838,751 төгрөг, нийт 405,030,308 төгрөг дээр эвлэрсэн байдаг. Эвлэрлийн гэрээг баталгаажуулснаас хойшХ-ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 997,950 төгрөг төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх барьцаа хөрөнгийг 312,500,000 төгрөгт тооцон өмчлөлдөө шилжүүлсэн атлаа 240,000,000 төгрөгийг хасаж, зээлийн үлдэх төлбөр 165,123,909 төгрөгийгЗБДС-гаас нэхэмжилсэн. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг 312,500,000 төгрөгөөр авсан, гэхдээ манайх балансанд бүртгэхдээ 240,000,000 төгрөгөөр бүртгэсэн гэх тайлбарыг хэлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны санал болгох ажиллагааны хурлын тэмдэглэлд барьцаа хөрөнгийг 312,500,000 төгрөгт тооцож төлбөртөө авсан гэдгээ бичсэн байдаг.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх дараалалаас үзэхэд үүргийн гүйцэтгэл хангуулах хугацаа нь болчихсон, чанаргүй зээлээс эхлээд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн байдлаар төлөх ёстой. Тэгэхээр барьцаа хөрөнгөөр хангуулсан 312,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой. Үндсэн зээл 369,997,800 төгрөгөөс 312,500,000 төгрөг, Х-ХХК-ийн төлсөн 997,950 төгрөгийг хасахад 56,499,850 төгрөг үлдэх ба үүнээс манайх батлан даалтын гэрээний дагуу 54 хувь буюу 30,509,919 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж тухайн үедээ маргаж байсан.

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1777 дугаар шийдвэрээр 58,293,127 төгрөгийг ЗБДС-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг манайх биелүүлсэн тул уг төлбөрийг Х-ХХК-иас гаргуулах талаар хуваарь гаргасан, хуваарийн дагуу манайд 24,700,000 төгрөгийг төлсөн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х-ХХК-иас гаргасан хүсэлтийг манайх дэмжиж байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж байх үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч бүрэн төлж дуусгасан гэх баримт хэрэгт авагдаагүй байсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон талаар тогтоол гарсан, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн 165,123,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Х-ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1777 дугаар шийдвэрээр ЗБДС-гаас батлан даалтын гэрээний дагуу 58,293,127 төгрөгийг гаргуулж, К-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу бүх үүргийг манайхаас нэхэмжилсэн, харин ЗБДС-гаас түүнтэй байгуулсан гэрээний дагуу үүрэг нэхэмжлээгүй байтал түүний гүйцэтгэсэн үүрэг нь манайд ирчихсэн. Тухайн үед зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь манайхнаас шаардсан, энэ талаар талууд эвлэрсэн учраас ЗБДС-г батлан даалтын гэрээний дагуу үүрэг хүлээх шаардлагагүй болсон гэж үзсэн. Гэтэл ЗБДС- нь өөрсдөө биелүүлэх ёсгүй даалгаврыг биелүүлчихээд, биелүүлсэн үүргээ манайхаас шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч зээлээ төлж чадаагүй тохиолдолд батлан даагч түүний нэрийн өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэнэ, 1.2-т энэхүү гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч, батлан даагч нарын хооронд байгуулагдсан гэрээ байх бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-128 тоот зээлийн гэрээний хамт хүчин төгөлдөр байна гэж тус тус заасан.

К-ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 405,030,309 төгрөгийг Х-ХХК-иас бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, энэ өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар банкны санаачилгаар гэрээг цуцлах заалтын дагуу шаардлага гаргаснаар зээлийн гэрээ дуусгавар болж, гэрээ цуцлагдсан учраас батлан даалтын гэрээ мөн адил дуусгавар болсон тулЗБДС-д зээлийг батлан даах үүрэг байхгүй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5145 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон.

К-ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлэн авсан атлаа уг үнийн дүнгээр бус 240,000,000 төгрөгөөр тусгасан учир үлдэгдэл 165,123,909 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч К-ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчЗБДС-д холбогдох, гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К-ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983,569 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:Х-ХХК-ийн зээлийн дансны хуулгаар 165,123,909 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр К-ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн дансанд шилжин ирсэн нь нотлогддог. Барьцаа хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 312,500,000 төгрөгөөр К-ХХК-ийн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Х-ХХК нь бүрэн биелүүлээгүй нь ЗБДС-гийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч К-ХХК,Х-ХХК нарын хооронд 2014 онд 5 жилийн хугацаатай зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд 2019 онд дуусгавар болох ёстой байхад К-ХХК нь 2016 оны 07 дугаар сард зээлийн гэрээг цуцалж, үндсэн дүн, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүнд 405,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. ЗөвхөнХ-ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн цаг мөчид зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Мөн зээлийн төлбөрийг зөвхөнХ-ХХК-д нэхэмжлэл гаргаснаарЗБДС-гийн нөхөх үүрэг нь дуусгавар болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К-ХХК болонХ-ХХК-уудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулсан.ЗБДС- нь зээлийн гэрээнд батлан даалт гаргасан бөгөөд эвлэрлийн гэрээнд батлан даалт гаргаж өгөөгүй. Эвлэрлийн гэрээгээр 405,000,000 төгрөгийгХ-ХХК-аас гаргуулах ажиллагаа явагдсан. Тухайн ажиллагааны явцад 3 барьцаа хөрөнгийг үнэлсэн. 405,000,000 төгрөгийн өр төлбөрт 625,000,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдсэн эд хөрөнгийг 312,500,000 төгрөгөөр тооцож авсан тулЗБДС- нөхөх үүрэг хүлээхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч К-ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагчЗБДС-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 дугаартай шийдвэрээр К-ХХК зээлийн гэрээний үүрэгт нийт 405,030,308 төгрөг төлөхөөс 997,950 төгрөгийг төлсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг 240,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн, батлан даалтын гэрээний дагуу үлдэгдэл 165,123,909 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ гэрээнд батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байхаар заасан, барьцаа хөрөнгийг К-ХХК-д шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байх батлан даалтын гэрээ мөн адил дуусгавар болно гэх агуулгаар тайлбарласан байна. /1хх 1-3, 52/

3.Зээлдүүлэгч К-ХХК, зээлдэгчХ-ХХК нар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128, БГ-128 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. Энэ гэрээг үндэслэн Капитал банк,ЗБДС-,Х-ХХК нар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан ГЗ-128 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүлж чадна гэдгийг баталж, зээлдэгчийг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх зорилгоор 2014-128 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулжээ. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

4.Талууд дээрх үйл баримтад маргаангүй, харин батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болжээ.

5.Хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

5а.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд К-ХХК нь Х-ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 405,030,308 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 дугаартай захирамжаар Хар туг ХХК тодорхой хугацаанд зээлийн үүргийг хэсэгчлэн төлөх, төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар К-ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан байна. /1хх 22-23/

5б.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэх үүргээ Х- ХХК сайн дураар биелүүлэх үүргээ зөрчсний улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Хар туг ХХК нь төлбөр авагч К-ХХК-д барьцаа хөрөнгүүдийг нийт 312,500,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1182 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /1хх97-101, 2хх39/

6.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд К-ХХК болонХ-ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор мөн батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнээд нэхэмжлэгч Капитал банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/003152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К-ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД