Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдоны Очмандах |
Хэргийн индекс | 185/2016/0134/э |
Дугаар | 802 |
Огноо | 2016-12-15 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Ц.Уртнасан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 802
Г.Нямсүрэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Уртнасан,
хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
ялтан Г.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан давж заалдах гомдлоор Г.Нямсүрэнд холбогдох 201625022185 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Үхэр овогт Гончигийн Нямсүрэн, 1973 оны 9 дүгээр сарын 30-нд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, техникийн операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 181 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧП73093002/;
Г.Нямсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Норов” барилгын материалын дэлгүүрийн гадаа иргэн Ж.Солонготой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Ж.Солонгын зүг чулуу шидэж, Ж.Солонгын баруун тавхайн тус газар “баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Нямсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Үхэр овогт Гончигийн Нямсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Нямсүрэнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,920,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Г.Нямсүрэн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, Г.Нямсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Нямсүрэнгээс 346,090 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Солонгод олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болон хойшид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Ж.Солонгын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Ялтан Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. 1. Хавтаст хэргийн 37 дугаар талд Ж.Солонгын биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 10265 дугаар актад “Б.Солонгын биед баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн байна. Гэрч Б.Төмөрчөдөр, Б.Төгөлдөр, Ю.Мягмарсүрэн, О.Удвал, О.Мөнхтуул нар нь хохирогч Ж.Солонгын хөлийн дээд хэсгээс нь цус гарсан байдалтай байсан гэж мэдүүлэг өгсөн буюу дээрх гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо тохирсон болно. Гэрч Б.Төгөлдөр тухайн үед өөрийнхөө утсан дээр хүртэл зургийг нь авч баталгаажуулсан байдаг. Ж.Солонгын хөл нь 6-7 см-ийн зүсэгдэлттэй, 12 оёо тавиулсан. Гэтэл үүнийг актад зөөлөн эдийн бяцрал гэсэн байна. Ж.Солонгын хөлийн дээд хэсгээс нь цус гарсан гэх гэрчүүдийн мэдүүлэг, Ж.Солонгын биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 10265 дугаар актад “Солонгын биед баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт хоорондоо зөрөөтэй байна. Иймд Ж.Солонгын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Мөн Шүүх эмнэлгийн 10265 дугаар актад “Б.Солонго” гэж бичсэн байна. Хохирогч нь Ж.Солонго болно.
2. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн бүрэлдэхүүнийг шалгаж үзэхэд объект нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн хамгаалах объект нь иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаа мөн. Ж.Солонгын хөл бэртсэн нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн хамгаалах объекттой нийцэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн объектыг хангаж байна.
Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн объектив тал нь бусад хүний бие махбод, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэхүй/, хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, гэмт үйлдэл болон гэмт үр дагаврын хоорондох шалтгаант холбоо зайлшгүй байх учиртай. Г.Нямсүрэнгийн чулуу шидсэн үйлдэл нь Ж.Солонгыг хөлнөөс нь цус гаргахад хүргэсэн шалтгаант холбоотой байх ёстой буюу үйлдэл, үр дагавар хоёрын хооронд харилцан хамааралтай байх ёстой. Г.Нямсүрэн нь хохирогч Ж.Солонго руу чулуу шидсэн байдаг. Гэхдээ чулуу Ж.Солонгыг оноогүй газар бутарсан гэж гэрч О.Мөнхтуул, О.Удвалын мэдүүлэгт тусгагдсан. Мөн Г.Нямсүрэн Ж.Солонго руу чулуу шидэхэд оноогүй, цементэн чулуу газар унахдаа бутарсан гэж мэдүүлэг өгсөн. Г.Нямсүрэнгийн шидсэн чулуу нь газар бутарсан буюу эд мөрийн баримт байхгүй болсон. Хохирогч Ж.Солонгын мэдүүлэгт над руу чулуу шидсэн гэж мэдүүлэг байдаг ч намайг оносон гэж огт мэдүүлээгүй. Үүнээс үзвэл Г.Нямсүрэнгийн шидсэн чулуу Ж.Солонгыг оноогүй тул үр дагавар байхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн объектив талын ойлголтын шалтгаант холбооны шинжийг хангахгүй буюу хор уршиг гэсэн шинжийг агуулахгүй байна.
Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн субъектив тал нь шууд ба шууд бус санаатай гэм буруугийн хэлбэртэй байна. Гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь нэгдүгээрт гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг урьдчилан ухамсарласан, хоёрдугаарт тэр үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгэм, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг болон учрах бүрэн боломжтойг урьдаас мэдэж байсан, гуравдугаарт тэр хор уршгийг учруулахыг хүсч тухайн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн байх гэсэн оюун санаа, хүсэл зоригийн шинжүүдтэй байдаг. Шууд бус санааны хүсэл зоригийн шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон байдаг. Г.Нямсүрэн чулууг авч шидэхдээ Ж.Солонгод хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдэж байсан байж болох юм. Гэхдээ тодорхой хор уршгийг учруулахыг хүсч чулуу шидсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлгээр Ж.Солонго эхлээд чулуу шидсэн ба Г.Нямсүрэн тэр чулуунаас бултаж толгойгоо хамгаалж байгаа нь камерын бичлэгээс харагддаг. Мөн чулуу Ж.Солонгыг оноогүй буюу хор уршиг Г.Нямсүрэнгийн үйлдлээс болж учраагүй болно. Г.Нямсүрэнгийн үйлдэл Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн субъектив талын шинжийг хангахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шалгаж үзэхэд Г.Нямсүрэнгийн үйлдэл объектив тал болон субъектив талын шинжийг хангахгүй байна.
3. Хавтаст хэргийн 21 дүгээр талд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад О.Мөнхтуяагийн 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд Ж.Солонгыг “Г.Нямсүрэн нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож” гэсэн байдаг. Гэтэл хохирогч, яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэгт Ж.Солонго, Г.Нямсүрэн нь хоорондоо хэрэлдэж, маргалдсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэлдэж, маргалдсан гэдгийг зодсон гэж үзэхгүй. Үүнээс үзвэл тогтоол болон хохирогч, яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрөөтэй байна.
4. Хавтаст хэргийн 33 дугаар талд гэрч Г.Батбаярын мэдүүлэгт “...тас хийх чимээ гартал хойноос чулуу шидсэн” гэж байдаг. Ж.Солонгын хөлийг цохисон бол тийм хүчтэй чимээ гарах нь эргэлзээтэй. Мөн мэдүүлэгт “эхнэрээ цаашаа дагуулаад явтал ...хойноос чулуу шидсэн” гэсэн байдаг. Хойноос чулуу шидээд тэр чулуу нь хохирогчийг оносон бол хөлний хойд хэсэгт шарх үүсэх байсан. Гэтэл гэрчүүдийн мэдүүлж байгаагаар баруун хөлний сарвууны дээд хэсгээс цус гарсан гэсэн байдаг. Сарвууны дээд хэсэг бол хөлийн урд хэсэг байна.
5. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэгийг чанарын шаардлага хангасан гэж үзэх нь эргэлзээтэй. Учир нь бичлэгийг эвлүүлсэн мэт хурдасгасан хэмнэлээр тоглогдож байсан. Үүнийг нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай болно. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Ялтан Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхий шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Г.Нямсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүхээс Г.Нямсүрэнд оногдуулсан ял шийтгэл, хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өгнө үү. Хохирогч Ж.Солонго цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ...” гэв.
Прокурор Ц.Уртнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Г.Нямсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Норов” барилгын материалын дэлгүүрийн гадаа иргэн Ж.Солонготой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Ж.Солонгын зүг чулуу шидэж, Ж.Солонгын баруун тавхайн тус газар “баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
хохирогч Ж.Солонгын “...Би худалдагч охинд өчигдөр чамаас авсан зүйл дутуу байсан, тэрийгээ нөхөж авах гэж ирсэн гэтэл тэр охин уурлаад миний араар гарахдаа намайг түлхээд гарсан. Тэгэхээр нь би уурлаад “Түрүүнээс хойш л та нарын арга эвийг олох гээд байна, яагаад намайг түлхээд байгаа юм бэ” гээд маргалдаж байтал дэлгүүрийн худалдагч нар гарч ирээд над руу бөөнөөрөө дайраад, хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл миний хөл рүү чулуу шидэх шиг болсон. Эргээд явтал хөлнөөс цус гарахаар нь эргэж очоод миний хөлийг гэмтээчихсэн байна гэтэл намайг хэл амаар доромжлоод хол очиж үх гээд байсан. Маргаан тэр охин намайг түлхсэнээс болсон. Хэн чулуу шидсэнийг би сайн хараагүй. Эргээд харахад шар үстэй эмэгтэй зогсож байсан. Тэр эмэгтэй өөрийгөө “Чулуу шидсэн” гэдгийг цагдаад хэлж байсан...” /хх-ийн 21 тал/,
гэрч О.Мөнхтуулын “...Би гараад ахтайгаа машины хажууд яриад зогсож байтал нөгөө юм худалдаж авсан эгч гарч ирээд намайг хэл амаар доромжлоод эгэм хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхээр нь “Та яаж байна аа” гэтэл “Чи гарахдаа намайг мөрлөө биз дээ” гээд дайраад байсан. Тэгээд манай дэлгүүрийн ажилчидтай хэрэлдэж муудалцсан юм. Гэтэл нөгөө эгч газраас чулуу аваад шидсэн. Тэгтэл Нямаа эгч, Удвал эгч хоёр бултсан. Нямаа эгч шидсэн чулууг нь буцаагаад шидсэн. Тэр эгч нөхөртэйгээ цаашаа явсан. Тэгснээ буцаж ирээд миний хөлийг оночихсон байна, цагдаа дуудна гээд дуудсан. Баруун хөлнийх нь сарвууны дээд хэсэгт нь шалбараад хөлнөөс нь цус гарсан байдалтай байсан. Нямсүрэн эгчийн шидсэн чулуу газарт бутраад унаж байх шиг харагдсан...” /хх-ийн 23 тал/,
гэрч О.Удвалын “...Нөгөө эмэгтэй Мөнхтуулыг “портер” машины хажууд цохиод, түлхээд байхаар нь Нямаа бид 2 гүйж очоод “Хүүе чи эмэгтэй хүн байж, хүүхэд цохиж зодоод байхдаа яадаг юм бэ” гэтэл галзуу хүн шиг орилж чарлаад “Энэ муу охин намайг мөрөлж гарсан” гээд орилоод хэл амаар доромжлоод байсан. Бид нар тал талаас нь “Болиоч, одоо яваач” гээд хэлтэл нөхөр нь аваад цаашаа явсан юм. Тэгснээ эргэж хараад барьж байсан чулуугаа Нямаа бид хоёр руу шидсэн. Тухайн үед бид 2 хоёр тийшээ болоод чулуунаас бултсан. Нямаа нөгөө чулууг нь аваад “Чи хүн рүү чулуу шидээд байхдаа яадаг юм бэ” гээд нөгөө чулууг нь аваад эргүүлээд шидсэн. Тэр чулуу нь газар унасан. Тэгтэл тэр эмэгтэй нөхөртэйгээ зүгээр л цаашаа эргээд яваад өгсөн. Бид нар дэлгүүрийнхээ хаалгыг түгжих гээд байж байтал нөгөө эмэгтэй нөхөртэйгээ эргэж ирээд шидсэн чулуу чинь хөл цохьчихлоо гээд бид нарыг хэл амаар доромжлоод, цагдаа дуудахаар болсон. Баруун хөлнийх нь сарвууны дээд хэсэгт нь долоовор хурууны дайтай юмаар зүсчихсэн юм шиг тэгшхэн шархтай ирсэн. Шарх нь дөнгөж зүсэгдсэн шинэ шарх байсан. Мөнхтуулыг тэр эмэгтэй зодоод байхаар нь Нямаа өмөөрч маргалдсан юм...” /хх-ийн 24, 27 тал/,
гэрч Ю.Мягмарсүрэнгийн “...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай дэлгүүрийн хүмүүс нийлээд зугаалганд явах гэж байсан бөгөөд орой дэлгүүрээ хаах гэж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Мөнхтуулаас юм авах гээд маргалдаад байх шиг байсан. Тэгээд дэлгүүр дотор байсан хүмүүс “Та нар одоо юмаа авчихсан бол гараач дээ, хэрэлдэхээ болиоч” гэтэл гараад явцгаасан. Би дэлгүүрт үлдээд дохиололоо өгөөд, лангуугаа хаагаад гартал нөгөө эмэгтэй Нямсүрэн рүү чулуу аваад шидсэн. Нямсүрэн нөгөө чулууг нь аваад араас нь шидсэн. Тэгтэл тэр хоёр цаашаа эргээд яваад өгсөн. Нилээн байж байгаад нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр эргэж ирээд шидсэн чулуу чинь хөл оносон байна гээд хөлнөөс нь цус гоожсон ирсэн. Тэгээд дахиж маргалдаад цагдаа дуудахаар болсон. Тэр эмэгтэйн хөлнийх нь дээд хэсгээс цус гарсан ирсэн. Нямсүрэн Мөнхтуулыг өмөөрч тэр эмэгтэйтэй маргалдсан...” /хх-ийн 25 тал/,
гэрч Б.Төгөлдөрийн “...бараагаа зарчихаад дэлгүүрээс гартал гадаа “Портер” машины дэргэд нөгөө эгчтэй манай дэлгүүрийн Нямаа эгч, манай эхнэр нар маргалдаад хэрэлдэж байсан. Манай эхнэрийг тэр эгч түлхсэн гэсэн. Тэр эгчтэй дэлгүүрийн ажилчид маргалдаад салаад явцгаасан. Салж явахдаа тэр эмэгтэй чулуу аваад шидсэн юм. Шидсэн чулууг нь Нямаа эгч аваад эргүүлээд шидсэн. Тухайн үед тэр эгч чулуунд оногдсон шинжгүй зүгээр яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд шидсэн чулуу чинь хөл оносон байна гээд ирсэн. Тэгээд дахиж маргалдаад цагдаа дуудахаар болсон. Нямаа эгчийн шидсэн чулуу нилээн том, атгасан гар шиг чулуу харагдаж байсан. Тэр эмэгтэйн хөлнийх нь дээд хэсгээс цус гарсан хүрч ирсэн...” /хх-ийн 28-29 тал/,
гэрч Б.Төмөрчөдөрийн “...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед манай дэлгүүрийнхэн зугаалганд явах гээд би гадаа машин дотороо хүлээгээд сууж байсан юм. Манай дүү Мөнхтуул гарч ирээд надтай юм яриад зогсож байтал нэг хүүхэн хүрч ирээд Мөнхтуулыг араас нь түлхээд цохиод байсан. Тэгэхээр нь юу болоод байна гээд буугаад очсон. Гэтэл дэлгүүрийн худалдагч нар хүрч ирээд Мөнхтуулыг өмөөрч нөгөө эмэгтэйтэй маргалдсан. Маргалдаж байгаад нөгөө эмэгтэй салаад нөхөртэйгээ явсан юм. Тэгснээ эргэж хараад газраас чулуу аваад Нямаа эгч, Удвал эгч хоёр руу шидсэн. Тэр 2 хажуу тийшээ бултаад чулуунд оногдоогүй. Нөгөө чулууг нь Нямаа эгч аваад эргүүлээд шидсэн. Нөгөө маргалдсан эмэгтэй тэгээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд шидсэн чулуу чинь хөл оносон байна гээд ирсэн юм. тэгээд дахиж маргалдаад цагдаа, эмнэлэг дуудахаар болсон. Тэр эмэгтэйн хөлийнх нь дээд хэсгээс цус гарсан хүрч ирсэн...” /хх-ийн 30-31 тал/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны 11383 дугаар “...Ж.Солонгын биед баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/ ,
“...цүнх үүрсэн бараан өнгийн өмдтэй хүн улаан даашинзтай эмэгтэй, цагаан өмдтэй хар цамцтай эрэгтэй хоёрыг бөөгнөрсөн хүмүүсээс холдон явж байхад араас нь цүнх үүрсэн, бараан өмдтэй хүн газраас чулуу аван шиднэ. Улаан даашинзтай эмэгтэй, цагаан өмдтэй эрэгтэй нар зогсож, улаан даашинзтай эмэгтэй нь чулууг газраас аваад эргүүлэн шиднэ. Цүнх үүрсэн, бараан өмдтэй хүн улаан даашизтай эмэгтэй эрэгтэй хоёрын араас нь юм ярьж байгаад цаашаа дэлгүүр рүү эргэх үед улаан даашинзтай эмэгтэй, цагаан өмдтэй эрэгтэй хоёр хэд алхсанаа улаан даашинзтай эмэгтэй хөл рүүгээ заагаад догонцсон маягтай дэлгүүр рүү эргэн явж бөөгнөрч байсан хүмүүс дээр очоод ярилцаж байгаад дэлгүүр рүү орохоор догонцсон байдалтай явна...” гэх байдлыг харуулсан камерын бичлэг /хэрэгт хавсаргасан/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.
Г.Нямсүрэнгийн хохирогч Ж.Солонготой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүг чулуу шидэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “...бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах...” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүх Г.Нямсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд бүрэн тохирсон байна.
Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянавал:
1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нь Жаргалсайханы Солонгын бие махбодид үзлэг болон тусгайлан хэсгийн газрын “...баруун тавхайн дээд хэсэгт мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эд хавагнасан, хөх өнгийн цус хуралттай...” гэсэн үзлэгийг хийж, мөн 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэгийн “...баруун тавхайн няцарч зүсэгдсэн шарх...” гэсэнг тус тус үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 15-ны 11383 дугаар “...Ж.Солонгын биед баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/-ийг гаргасан байх тул ялтны өмгөөлөгчийн “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна...” гэх давж заалдах гомдлыг,
2. Г.Нямсүрэнгийн чулуу шидсэн үйлдлийн дараа хохирогч хэд алхаад хөлдөө гэмтэл үүссэнийг анзаарч, буцаж маргаан болсон газар руу мэдэгдэхээр очиж байгаа байдал нь камерийн бичлэгээс тодорхой харагдаж байх тул “...Г.Нямсүрэнгийн шидсэн чулуу Ж.Солонгыг оноогүй...” талаар давж заалдах гомдлыг,
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг нь үзэхэд ойлгомжтой, шинжлэн судлах боломжтой байдлаар бэхжигдсэн байх тул ялтны өмгөөлөгчийн “...бичлэгийг эвлүүлсэн мэт хурдасгасан хэмнэлээр тоглогдож байсан. Үүнийг нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай...” гэх давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Мөн Г.Нямсүрэнд холбогдох хэргийн талаар хэрэг бүртгэлтийн явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул “...Хэрэг бүртгэгч О.Мөнхтуяагийн 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолын олох хэсэгт Ж.Солонгыг Г.Нямсүрэн нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож гэсэн байдаг. Гэтэл хохирогч, яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэгт Ж.Солонго, Г.Нямсүрэн нь хоорондоо хэрэлдэж, маргалдсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэлдэж, маргалдсан гэдгийг зодсон гэж үзэхгүй. Үүнээс үзвэл тогтоол болон хохирогч, яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрөөтэй байна...” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин анхан шатны шүүх хохирогч Ж.Солонгын хэрэгт гаргаж өгсөн хохирлын талаархи нотлох баримтыг дүгнэхдээ, Голомт банкны АТМ-ээс карт уншуулж бэлэн мөнгө авсан 10,500 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс карт уншуулж бэлэн мөнгө авсан 15,580 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс карт уншуулж бэлэн мөнгө авсан 70,000 төгрөгний баримтуудыг хохиролд тооцон Г.Нямсүрэнгээс гаргуулахаар тогтоосон нь,
мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Г.Батбаяр гэсэн нэрээр бүртгэгдсэн 185,410 төгрөгийн төлбөрийн баримтыг /хх-ийн 40/ хохирогчийн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэж хасч тооцсон болно...” гэж үндэслэл бүхий дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгоогүй нь тус тус буруу байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...346,090 гурван зуун дөчин зургаан мянга ерэн/ төгрөгийг...” гэснийг “...250,010 /хоёр зуун тавин мянга арав/ төгрөгийг...” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...өмгөөлөгчийн хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн...” гэснийг “...2,281,490 /хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийн...” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.ОЧМАНДАХ