Улсын дээд шүүхийн Тогтоол

2010 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 481

 

Л.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Л.У-, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 779 дүгээр магадлалтай, Л.У-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхоны Е байрны 53 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Л-ийн У-.

Л.У- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Ди Си” рестораны гадаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой Э.Ө-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч О овгийн Л-ийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У-т оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.У-ын өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан.

Шинжээчийн 1430 дугаартай дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт гарсан. Гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгээр нэг л удаа цохисон үйлдэл нотлогддог. Үүнээс Л.У-ын цохисон үйлдлээс “дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, гурван шүдний сулрал” гэсэн гэмтэл учирсан гэж шууд үзэх нь боломжгүй байна. Учир нь дээрх гэмтэл нь олон газар үүсгэгдсэн бөгөөд олон удаагийн цохилтын нөлөөгөөр бий болжээ. Түүнчлэн Ц.У- нь эгц урдаас нэг удаа цохисон байдаг ч шинжээчийн дүгнэлтээс үзэхэд зүүн хажуугаас хэд хэдэн удаа цохисон байхаар байна.

Хохирогч Э.Ө-ийг цохисон үйлдэл нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 22-23  цагийн орчим гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлт 2020 оны 01 сарын 15- ны өдөр буюу цохисон үйлдэл гарснаас хойш 4 хоногийн дараа байна. Уг дүгнэлтээр шинэ гэмтэл гэж тогтоогдог, тухайн үед Э.Ө- согтуу байсан зэргээс үзвэл 1 удаа цохиулснаас хойш дахин цохиулсан, гэмтэл авсан байж болох нөхцөл байдал харагдаж байна. Үгүй бол олон удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтлийг Л.У- нэг удаагийн цохилтоор үүсгэх боломжгүй юм.

Гэмтлийн зэргийг тогтоох, хэрэг учралын бодит нөхцөлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан гэж үзэн шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтэд зураг хавсаргагдаагүй, бодит учирсан гэмтлийг дүгнэх боломжгүй, үндэслэл бүхий эргэлзээтэй байхад давж заалдах шатны шүүх “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ...дээрх гэмтэл нь ... нэг удаагийн цохилтоос үүсэх бүрэн боломжтой...” гэж шүүгч тусгай мэдлэгийг эзэмшсэн мэт, шинжээчийн дүгнэлтээс зөрчилдсөн дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтийг шүүхэд дээрх байдлаар үнэлэх юм бол шинжээч томилох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан хууль зүйн шаардлага, бодит нөхцөл байхгүй байна.

Дээр дурдсанаар нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байхад “Шүүх шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл уг дүгнэлтийн зарим хэсгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байж болох бөгөөд шүүхээс шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтыг үндэслэлгүй байна гэж үзэв” гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал, шүүх шинжээчийн дүгнэлтийг зарим хэсгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхдээ бусад хэсгийг үгүйсгэж болохгүй. Шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтыг үнэслэлгүй байна гэж үзсэн атлаа эхний заалтыг үндэслэл болгосон нь шинжээчийн дүгнэлт бүхэлдээ үнэн зөв гараагүй гэх эргэлзээ бүхий байдлыг бий болгож байгаа бөгөөд уг дүгнэлтийг үндэслэл болгон шүүх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасныг зөрчсөн.

Э.Ө-ийн ..эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-г баримтлан гэмтлийн хөнгөн зэрэг хэмээн тогтоосон. Гэтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно.” гэж заасны дагуу гэмтлийн зэрэг тогтоохгүй буюу гэмтлийн хөнгөн зэрэг биш байхад шинжээч гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Шинжээчийн дүгнэлт бүхэлдээ эргэлзээтэй байгааг харуулж байна.

Дээр дурдсанаар нэг удаагийн цохилтоор тухайн гэмтэл үүсэх боломжтой эсэх, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах эсэх, хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн эсэх, Л.У- тус гэмтлийг үүсгэсэн эсэхийг тогтоох нь нэн чухал байна.

Дээрх байдлаар Л.У-ыг гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулаагүй, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Шүүгдэгч Л.У-ыг яллах, гэм буруутай эсэх талаар дээрх байдлаар эргэлзээ төрж байх бөгөөд гэм буруутай нь бүрэн нотлогдохгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч Л.У-ыг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг шүүгдэгч болон хохирогч үгүйсгэдэггүй бөгөөд шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлгээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл гэдэг нь няцаагдаж байгаа бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь уруулын зүүн хэсгийг хамарсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтооол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн Л.У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Л.У- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Ди Си” рестораны гадна 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой Э.Ө-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Л.У-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Л.У-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Л.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан “...хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 779 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.У-ын өмгөөлөгч Ө.Сайнбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН