Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01879

 

У-ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02379 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч У-ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т- ТӨААТҮГ-т холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,469,078,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадам-ыг 2021 оны 09 дүгээр сард зохион байгуулах, 2017 оны 268 дугаар тогтоолоор Зүүн Азийн залуучуудын II наадам-ыг 2023 онд зохион байгуулахаар болсон. Улмаар Т- төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга, байгууламжийн их засварын ажилд шаардагдах 979,385,629 төгрөгийн зардлыг У-ХК нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх, Т- төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээ-г баталгаажуулж, Т-" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга, байгууламжийн их засварын ажлыг Г- ХХК-иар хийж гүйцэтгүүлж хүлээлгэн өгсөн. Манай байгууллагаас гүйцэтгэгч компанид 979,385,629 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон. Иймд гэрээний үүрэг болох 979,385,629 төгрөг, алданги 489,692,814 төгрөг, нийт 1,469,078,443 төгрөгийг Т- төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. У- ХК нь дээрх спорт наадмыг зохион байгуулах үүргийнхээ дагуу манай байгууллагатай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, Г- ХХК-иар засварын ажлын гүйцэтгэлийг хийлгүүлсэн. Уг засварын ажлын зардлыг төрийн өмчит томоохон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд босгосон хандивын хөрөнгөөр бариулна гэж хэлж байсан. Иймээс манай компани уг зардлыг хариуцахгүй. Хөрөнгө оруулагч талын эрх бүхий албан тушаалтнууд засварын ажлын явцтай газар дээр нь ирж танилцах үедээ засварын ажлын санхүүжилт болох 979,385,629 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хандивын журмаар гаргаж байгаагаа илэрхийлж байсан. Засварын ажил хийсэн талаар маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Т- төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 979,385,629 төгрөг, алданги 489,692,814 төгрөг, нийт 1,469,078,443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У-ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У-ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,503,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т- төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 7,503,342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У-ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор "Т-" ТӨААТҮГ, Булган аймгийн Хангал сумын нутаг дахь "Спортын бэлтгэл, сургалтын төв" ААТТӨҮГ-ыг нэгтгэн "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" ААТТӨҮГ болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөн байгуулснаар "Т-" ТӨААТҮГ гэдэг байгууллага одоо байхгүй бөгөөд энэ байгууллага хариуцагч байх боломжгүй юм. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Энэхүү хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.А- миний бие "Т-" ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэлтэй байсан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралтай талаар надад өмнө нь мэдэгдээгүй, харин шүүх хурал болохын өмнө над руу ярьсан. Миний аав Ж- 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барж ажил явдал гарч, би хөдөө буяны ажлаар явж байсан, энэ учраа ч над руу ярихад нь хэлсэн. Ийнхүү шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т тус тус заасан журмыг зөрчсөн.

Мөн шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хангалттай бүрдээгүй байхад шүүх хуралдааныг товлосон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Талуудын хооронд өр төлбөрийн асуудлаар хариуцагч тал 2020 оны 09 дүгээр сараас эхэлж сар бүр 20,403,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж байсан. Гэтэл тус мөнгийг төлөхгүй байсан учир 2021 оны 01, 03, 05 дугаар саруудад нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй. Иймд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 111 тоот мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан. Хэргийн 54 дэх талд төлбөр мөнгөний асуудлаар талууд тооцоо нийлэн актыг баталгаажуулж, гарын үсэг зурсан. Хариуцагч байгууллагын нягтлан бодогч н.А- гарын үсэг зурж, санхүүгийн тамга тэмдэг дарсан баримт хэрэгт авагдсан. 979,385,629 төгрөгийн өр төлбөртэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу эрх, үүрэг үүссэн манай байгууллага ажлаа 100 хувь хийж дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн акт хэрэгт авагдсан. Т- ТӨААТҮГ бүх эрх, үүрэг хариуцлага Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд шилжсэн гэж ойлголоо. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт эрх залгамжлан авах ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хийж болно гэж заасан. Эрх залгамжлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжилнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 08, 12-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдож байсан. Шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Н-т албан ёсоор мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан. Хариуцагч байгууллагын эрх зүйн статус нь өөрчлөгдөн burtgel.mn сайтаас үзвэл үйл ажиллагааны чиглэл ашгийн төлөө болсон. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын шинжээ алдсан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Иймд гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гомдол байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.НэхэмжлэгчУ-ХК нь хариуцагч Т- ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний дагуу их засварын ажлын хөлсөнд Г- ХХК-д төлсөн 979,385,629 төгрөг, алданги 489,692,814 төгрөг, нийт 1,469,078,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэхээр, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт ...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болно гэж тус тус заасан.

 

4.а. Шүүгчийн туслах нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-д 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг мөн оны 08 дугаар сарын 12-ны өдөр түүний 00000000 дугаартай утас руу Сайн байна уу. Шүүх хуралдаан хойшиллоо. 2022.08.19-ний 11 цагт болно. гэсэн захиа бичсэн баримт хэрэгт авагджээ./хх 143/ Уг баримтыг үндэслэн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид дээрх хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

5. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02379 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т- ТӨААТҮГ давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД