| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2017/0804/З |
| Дугаар | 221/МА2019/0003 |
| Огноо | 2018-12-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2019/0003
2018 оны 12 сарын 26 өдөр Дугаар 221/МА2019/0003 Улаанбаатар хот
Д.Х нарын 9 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгч Д.А, Д.Т нарын өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч Б.М нарын давж заалдах гомдлын дагуу Д.Х нарын 9 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэхь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан иргэн Д.Х, Н.Б, Д.Т, Ц.Ц, Ц.Н, Ц.Б, Д.А, Б.М, Ц.Х нарын Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаартай захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захирамжийн Ш.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Ш.Б-ийн нэр дээр үйлчилгээний барилгын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГБЗХ201-662 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 онд сунгагдсан зураг төслийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн Д.А давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэртээ “... 2017 оны А/92 дугаар захирамж нь хуульд нийцсэн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37, 2017 оны А/92 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ш.Б-т газар эзэмшүүлсэн, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдийн үйлчилгээний барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зургийг баталсан нь тус тус Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “Барилга байгууламжийн нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд уг актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна ...” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаартай захирамж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захиргааны актын улмаас ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбайгүй болох, байрны орц, гарц хязгаарлагдмал болж галын машины болон оршин суугчдын машин орох гарах боломжгүй болж, оршин суугчдад үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Газрын тухай хуульд заасны дагуу газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгодог боловч энэ газрын хувьд ямар нэгэн байдлаар бусдад өмчлүүлж, эзэмшүүлэх боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбай бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан ерөнхий төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Уг газрыг Ш.Б-т эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамж илт хууль бус захирамж болох нь харагдаж байна.
Мөн иргэд бидний амьдарч оршин сууж буй байрны хойд тал болох автомашины зам нь их нарийн орц, гарц анхнаасаа хойд тал руугаа төлөвлөгдсөн, нийтийн эзэмшлийн шат, талбайг тохижуулсан бөгөөд 2 машин зөрөх боломжгүй одоогийн бодит байдал, замд тулгаж барилга барьснаар явган хүн зорчих боломжгүй болж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг улам бууруулж иргэд бид машин замаар зорчихоос өөр аргагүй байдалд хүрээд байна. Ямар нэг гэнэтийн аюул осол эрүүл мэндийн хувьд хүндрэл тохиолдож гал команд, онцгой байдал, түргэн тусламжийн үйлчилгээг бид одоо ч бүрэн авч чадахгүй байгаа байдал нь улам бүр боломжгүй болж бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань маш ноцтойгоор зөрчигдөхөд хүрээнд байгаа юм. Гэтэл шүүх фото зургууд, газрын байршлын кадастрын зургаар одоогийн маргаан бүхий газрыг авто зогсоолын зориулалтаар ашигладаггүй, ашиглах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Оршин суугчдаас санал авалгүй барилгын зураг төслийг батлуулсан байх барилгын зургийг зохих журмын дагуу авсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус газрыг Ш.Б нь 2 жил ашиглаагүй байхад шүүх 2012 он, 2015 он, 2017 онуудад гурван удаа барилгын эскиз зураг гаргуулж барилга барих шаардлагатай материалуудыг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хийж байсан гэж үзсэн нь өөрөө үндэслэл муутай хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна.
Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрын асуудлаар Нийслэлийн Газрын албаны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 30/2852 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгодог. Танай албан бичигт нэр дурдсан иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу ирсний дараа 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбараар дамжуулан өргөдөл, гомдол өгсөн байдаг.
Хэрэгт авагдсан “Бүртгэл, хяналтын карт”-д 8 дугаар сарын 15-ны өдөр өргөдлийг хүлээж авч, 9 дүгээр сарын 15-ны өдөр хариу өгөхдөө “Хариу: 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/2852 тоот албан бичгээр хариу өгсөн” гэж тэмдэглэж, Нийслэлийн Газрын албаны албан бичгийг өгсөн нь илт хууль зөрчсөн үйлдэл байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гарах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “... дээд шатны захиргааны байгууллагад ... гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг гаргуулаагүй.
Хэргийн нөхцөл байдал, “нотлох баримт”-ыг бүрэн гүйцэд үнэлээгүй талаар: Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаар “Газар ашиглуулах эрх баталгаажуулах тухай” захирамж, түүний хавсралтын 71 гэсэн дугаарт, Ш-12 СӨХ-д Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байрны орчны 9832 м.кв газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2008 оны 5 дугаар сарын 21-ны өдөр “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-г Ш-12 СӨХ-тэй байгуулж, эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон актаар Ш-12 СӨХ-д 9832 м.кв газар эзэмших эрхийг кадастрын зургаар баталгаажуулжээ.
Гэтэл энэхүү кадастрын зургийн 1, 2, 16, ,15 гэсэн солбицлын цэгүүд нь гуравдагч этгээд Ш.Б-ийн газартай давхцаж байгаа нь кадастрын зургаас харагддаг. Энгийн хүний нүдээр үүнийг мэдэх боломжгүй тул “шинжээч томилуулах” хүсэлт гаргасныг шүүх татгалзаж, нийслэлийн Газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02-04/1971 дугаартай албан бичгээр дээрх асуудал хязгаарлагдсан.
Нийслэлийн Газрын албаны албан бичигт “... иргэн Ш.Б ... –ийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаар бүхий газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд хэн нэгний эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй байна. Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд Ш-12 СӨХ-ны ашиглалтын газар бүртгэлгүй” гэжээ.
2008 онд кадастрын бүртгэлтэй байсан газар 2018 онд яагаад бүртгэлгүй, алба болсон асуудал нь эргэлзээтэй, ойлгомжгүй байхад үүнийг тодруулаагүй, хүсэлтийг хангаагүй.
Орон сууцны орчны нийтийн эзэмшлийн газар нь СӨХ-д хамаарагдах тул бидний зүгээс “Ш-12” СӨХ-ийг гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн нь газрын кадастрын зураг давхацсан асуудлаас үүдэлтэй юм.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар “хууль ёсны буюу үндэслэл бүхий” болж чадаагүй байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэх дүгнэлт өгөхдөө Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталжээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрыг “нийтийн эзэмшлийн талбай биш гэдгийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон учир түүн дээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, барилга барьсан ч нэхэмжлэгч нарын эрхийг хөндөхгүй ...” гэж дүгнэсэн.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж зааснаас үзэхэд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 12 дугаар байрнаас хойш 10 метрт /машин зам оруулаад/ байрлах ногоон байгууламж, явган хүний зам, тохижуулсан шат зэрэг нь нийтийн эдэлбэрийн талбай бөгөөд илэрхий байдлаар нийтийн ашиглаж байгаа газрыг нийтийн эзэмшлийн талбай биш, өмнө нь уг асуудлыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоочихсон гэдэг байдлаар огт өөр нэгж талбар бүхий талбайн асуудлыг шийдсэн шүүхийн шийдвэрийг энэхүү маргаанд шууд хамааруулж оруулж ирж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Тодруулбал, нийтийн эдэлбэрийн газарт бүртгэлгүй, СӨХ-ны эзэмшлийн газарт ороогүй бол стандарт шаардлага зөрчсөн ч хамаагүй барилга барих зориулалтаар газар олгож болно гэх хуулийн зохицуулалт Монгол Улсын хуульд байхгүй гэж үзэж байна.
Нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэг нарын эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж бусдын нөлөөлөлд буюу өөр шүүгчийн шийдсэн шийдвэрт хэт автаж бодит нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлт өгч чадсангүй.
Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь талд “... Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны хойд талд үйлчилгээний зориулалттай барилга баригдсанаар оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө ... гэх үйл баримтын талаар үнэлж дүгнэсэн байх ба нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий дээрх үйл баримт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа тул шүүхээс дахин нотлох, улмаар нэхэмжлэгч нарын дээрх үндэслэлд дахин дүгнэлт өгөх шаардлагагүй ... архивын 615 дугаар бүхий 4 хавтаст захиргааны хэргээс дээрх үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэрэгт нотлох баримтаар хуулбарлан авсан болно” гэснээр нотлогдох ба нэхэмжлэгч нарын маргаж буй үйл баримтыг өмнө нь шийдчихсэн гэж буруу дүгнэлт хийснээр шийдвэр нь алдаатай, нэхэмжлэгч нарын ярьж байгаа үндэслэлийг нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх хэрэггүй гэсэн байдлыг үүсгэж буруу шийдвэр гарах шалтгаан нь болсон.
Үүнээс үүдээд шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж хэрэг ёсгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.5-д заасан заалтыг хэрэглэж дээрх дүгнэлтийг өгсөн гэж үзэж байна.
Шүүхийн өмнө шийдсэн шийдвэрээр нэгэнт нотлогдсон гэж үзээд байгаа зүйл бол захиргааны актын хувьд өөр, газрын байршил, нэгж талбарын хувьд бас өөр бөгөөд уг маргааны гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нийтийн эдэлбэрийн талбай биш гэдгийг тогтоогоогүй, өмнөх шийдвэрийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л тус асуудлыг шийдсэн болохоос бус дараагийн үйл баримтыг урьдаас дүгнэж одоогийн нэхэмжлэгч нарын маргах газрыг нийтийн эдэлбэрийн талбай биш гэдгийг тогтоогоогүй байхад шууд түүнийг хамаатуулж байгаа нь шүүх хараат бус шүүгч бие даасан, дотоод итгэл үнэмшлээрээ хуульд үндэслэж шийдвэрээ гаргах, маргаан бүхэн тус бүртээ шийдэгдэх байдал илт алдагдсан нэхэмжлэгч иргэд бидэнд маш ойлгомжгүй зүйлийг уг шийдвэрээр бий болгож байна.
Товчхондоо өмнө нь Г.Б нарын иргэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон учир та нарынхыг бас тус шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон” гэж шүүх дүгнэсэн гэж ойлгогдохоор байна.
Хэрэв үнэхээр тийм байсан бол шүүх шийдвэр гаргах бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан, гэтэл тэгэлгүйгээр шүүхийн шийдвэр гаргаж хууль бус аргаар бий болсон гуравдагч этгээдийн эрхийг хамгаалж байгаа хэт нэг талыг барьсан хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлсэн нь буруу болсон нь тогтоогдож байна.
Түүнчлэн, СӨХ-ны эзэмшил газрын кадастрын зураг байсаар байхад байхгүй гэж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд барилга баригдахаар төлөвлөгдөөгүй байхад төлөвлөгдсөн гэж илт нотлох баримтыг буруугаар үнэлж, баригдаагүй байгаа барилгыг барьсан мэтээр төсөөлж хийсвэр байдлаар асуудалд хандаж байгаа нь үндэслэлгүй болсон.
Явган хүний зам дээр, оршин суугчдын аюулгүй байдлыг зөрчин байж 4 давхар зочид буудал барих ёстой гэдгийг батлахгүй нь лавтай гэж үзэж байна.
Оршин суугчдаас санал авсан гэх гуравдагч этгээдийн тайлбарт хэт хөтлөгдөж иргэд өөрсдөө санал өгөөгүй, эрхийг минь зөрчиж байна гэж нэхэмжлэл гарган маргаж байхад санал өгсөн байна гэж дүгнэж байгаа нь логикийн хувьд алдаатай. Санал өгсөн бол хэн хэн өгсөн дийлэнх иргэд нь өгсөн үү тухайн баримт нь үнэхээр хууль ёсны дагуу авсан санал мөн эсэхэд шүүхийн зүгээс бусад эх сурвалжаар нотлох процесс ажиллагааг явуулаагүй, өөр аж ахуй нэгжийн эзэмшлийн зогсоолын талбайг шүүгч тогтоогоогүй байж нэхэмжлэгч нар тус талбайг авто машины зогсоолоор ашиглах боломжтой, мөн урд талдаа нийтийн эдэлбэрийн газартай байна гэх шалтгааныг дурдаж байгаа нь урагшаа орцгүй барилга байхад мөн л тухайн барилгад хамаатай эсэхийг шалгаж тогтоогоогүй нь нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож дүгнэхдээ “... 12 дугаар байрны хойд талын авто машины замтай давхцаагүй болох нь эскиз зургаар гуравдагч этгээдийн үйлчилгээний барилга баригдсанаар явган хүний замгүй болох нөхцөл байдал үүсэхгүй болох нь тус тус тогтоогдсон” гэх дүгнэлтийг хийсэн нь Барилгын тухай хууль, норм стандарт дээрх 2 шаардлагыг хангасан нь бол хамаагүй гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй болсон.
Зам нь өөрийн гэсэн бүрдэл хэсэгтэй бөгөөд түүнд ногоон байгууламж, явган хүний зам гарц, шат зэрэг хамаарах бөгөөд энэ бүх зүйл үгүй болох нөхцөл үүссэн байхад уг асуудлыг нарийн мэргэжлийн шинжээч томилох байдлаар нотлоогүй, тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.А-ын гомдлын зарим хэсэг, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э-ийн гомдлыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар Э.Г, Ж.Э нарын эзэмшиж байсан үйлчилгээний зориулалттай 216 м.кв газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Ш.Б-т шилжүүлэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгажээ. Гуравдагч этгээд Ш.Б-өөс дээрх маргаан бүхий газарт 4 давхар /зоорьтой/ үйлчилгээний барилга барихаар 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ГБЗА2014-662 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 2017 онд барилгын эскиз зургаа шинэчлэн батлуулсныг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар шаарджээ.
Нэхэмжлэгч нараас “нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд барилга барих гэж байгаа, ногоон байгууламж устаж, хүүхдийн тоглоомын талбайгүй болох, байрны орц, гарц хязгаарлагдмал болж, оршин суугчдад үзэгдэх орчин хязгаарлагдана, уг газар нь бусдад өмчлүүлж, эзэмшүүлэх боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарч байгаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан ерөнхий төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй, гуравдагч этгээд барилга барихдаа нэхэмжлэгч нарын саналыг аваагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргажээ.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй байна. Үүнд:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаар шийдвэрийг үндэслэл болгон “... үйл баримтын талаар үнэлж дүгнэсэн байх ба нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий дээрх үйл баримт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа тул шүүхээс дахин нотлох улмаар нэхэмжлэгч нарын дээрх үндэслэлд дахин үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, захиргааны актын /иш татсан шийдвэрт дүгнэсэн актаас өөр/ хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.
Анхан шатны шүүх “... нийтийн эдэлбэрийн газартай ямар нэгэн давхцалгүй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон барилга газарт хамаарч байгаа болохыг тодорхойлсон” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг иш татсан ч уг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Энэ талаарх нэхэмжлэгч Б.М-ын “Шүүхийн өмнө шийдсэн шийдвэрээр нэгэнт нотлогдсон гэж үзээд байгаа зүйл бол захиргааны актын хувьд өөр, газрын байршил, нэгж талбарын хувьд бас өөр бөгөөд уг маргааны гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нийтийн эдэлбэрийн талбай биш гэдгийг тогтоогоогүй, өмнөх шийдвэрийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л тус асуудлыг шийдсэн болохоос бус дараагийн үйл баримтыг урьдаас дүгнэж одоогийн нэхэмжлэгч нарын маргах газрыг нийтийн эдэлбэрийн талбай биш гэдгийг тогтоогоогүй байхад шууд түүнийг хамаатуулж байгаа нь шүүх хараат бус, шүүгч бие даасан, дотоод итгэл үнэмшлээрээ хуульд үндэслэж шийдвэрээ гаргах, маргаан бүхэн тус бүртээ шийдэгдэх байдал илт алдагдсан” гэх гомдол үндэслэлтэй. Маргаж буй акт, газрын байршил зэргээр маргааны үйл баримт нь өөр байхад өөр шүүхийн шийдвэр хуулж бичсэн нь буруу байна.
2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э-ээс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, “Ш-12” сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлтүүдэд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр захирамжаар “Ш-12” СӨХ-д ашиглуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулсан 9832 м.кв газартай гуравдагч этгээд Ш.Б-т олгосон 216 м.кв газар давхцаж байгаа гэж дурдсан байхад дээрх баримтыг хэрэгт аваагүй, уг захирамжаар олгосон газар нь байршлын хувьд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газартай ямар хамааралтай байгаа талаар нотлох баримт, уг газрын талаар “Ш-12” СӨХ ямар эрх хэрэгжүүлж байсан эсэх, тэр эрх нь одоо хадгалагдаж байгаа эсэх талаар баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй, газрын давхцлын талаар Нийслэлийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02-04/1971 дүгээр албан бичгээс өөр баримт авагдаагүй байхад гуравдагч этгээдийн газартай давхцаагүй гэж дүгнэсэн, газрын давхцлын талаар шинжээч томилуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт зэргийг маргааны энэ үндэслэлийг тогтооход хамааралтай талаас нь хандаж шийдвэрлэвэл зохих байжээ.
3. Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд анх Э.Г, Ж.Э нарт эзэмшүүлэхдээ хэрхэн тусгасан байсан, дээрх иргэдээс гуравдагч этгээд Ш.Б-т шилжүүлэн эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан маргаан бүхий акт гарсан онуудын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг хэрхэн төлөвлөсөн, барилгажих талбайд хамаарч байгаа /байсан/ эсэх талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх нь маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Мөн төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсанаас үндэслэн Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газарт хамаарахгүй гэх үндэслэлд дүгнэлт өгөх нотлох баримтыг цуглуулж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан газарт хамаарах эсэх зэрэг нэхэмжлэгчийн маргасан үндэслэлүүдэд холбогдох нотлох баримтыг цуглуулан дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн, нэхэмжлэлд бичсэнээр нэхэмжлэгч Ц.Б-ыг Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн наран 8 дугаар гудамж, 191 тоот хаягтай гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь хаана оршин суудаг, маргаан бүхий актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргах эрхтэй эсэх талаар тодруулах нь зүйтэйг тэмдэглэв.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0671 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.А-ын төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч Б.М-ын төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э-ийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ