Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0466/З |
Дугаар | 221/МА2019/0010 |
Огноо | 2019-01-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2019/0010
2019 оны 01 сарын 02 өдөр Дугаар 221/МА2019/0010 Улаанбаатар хот
“Тт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Тт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тт” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүхээс маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар өмнө гаргасан алдаатай акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалыг зөвтгөж гаргасан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн бөгөөд ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн нь хууль бус гэж үзэж байна.
Учир нь маргаан бүхий актын агуулгаас харахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгосон асуудал байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх агуулгатай байхад маргаан бүхий актад хамааралгүй үндэслэлд дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Маргаан бүхий актаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх боловч нэгэнт биелэгдсэн, дахин биелүүлэх шаардлагагүй шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага дахин биелүүлэх тухай ойлголт байх боломжгүй өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрт заасан хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалыг хүчингүй болсон байхад уг шүүхийн шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар дахин биелүүлэх тухай ойлголт байхгүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж бие даасан захиргааны акт гарсан бөгөөд уг актыг гарахад нэхэмжлэгч болон иргэдийн газрын давхцал арилсан, нэхэмжлэгчид газар ашиглуулахад саад болох нөхцөл байгаагүй бөгөөд нэгэнт захиргааны байгууллагаас бие даасан захиргааны акт гаргаж газар ашиглуулсан, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан учир энэхүү газар ашиглах эрх нь зөвхөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох ёстой гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын хувьд зөвхөн нэхэмжлэгч нэр бүхий 3 иргэний газартай давхцалтай хэсгийн хувьд нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн байхад захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгосон нь хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нийцээгүй шийдвэр болсон.
Мөн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж байгаа боловч энэ биелүүлэх шаардлагагүй шүүхийн шийдвэрийн хувьд хамаарахгүй газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа агуулгатай учир сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар Зайсангийн аманд 0,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгохдоо тухайн газарт иргэн Н.З, Д.Б, Н.С нарын эзэмшил үүссэн байгааг тодруулаагүй, газрын давхцлыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр дээрх актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. “Тт” ХХК-д газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэсэн шинэ актыг шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд дээрх актыг хүчингүй болсонд тооцох тухай мөн шийдвэрт заажээ.
Шүүхийн дээрх шийдвэрт хэргийн оролцогчид гомдол гаргаагүй, тус шийдвэрийн дагуу 6 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тул 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалын “Тт” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон байна.
Нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон тушаалын холбогдох хэсэг хүчингүй болсон байх хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар “Тт” ХХК-ийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байршилтай 0,5 га газрын газар ашиглах эрх нь хүчин төгөлдөр байгаа мэтээр 5 жилийн хугацаагаар сунгасан байна.
Дээрхээс үзвэл шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалын холбогдох хэсэг хүчингүй болсон тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон байжээ. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх хүчингүй болсон эрхийн хугацааг хүчинтэй байгаа мэтээр сунгуулах агуулгатай хүсэлт гаргасныг хариуцагч судалж шалгалгүйгээр хугацааг сунгасан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар захирамжийг гаргасан нь буруу байна. Учир нь хугацаа сунгах тохиолдолд сунгаж буй эрх /энэ тохиолдолд газар ашиглах эрх/ хүчинтэй байх ёстой. Гэтэл тус захирамж гарах үед нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон захирамж буюу сунгуулахаар хүсэлт гаргасан тушаал шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байжээ.
2. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар манай газар ашиглах хугацааг 5 жилээр сунгасан ... шүүхийн шийдвэр биелэгдсэн байхад ... шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/283 дугаар тушаал нь маргаан бүхий газарт нэхэмжлэгчид газар ашиглуулах эсэхийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 826 дугаар шийдвэрт зааснаар шинээр шийдвэрлэсэн акт биш байна. Өөрөөр хэлбэл тус актаар шүүхийн шийдвэрт тусгагдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэж шинэ акт гараагүй тул 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хариуцагч өөрөө хүчингүй болгожээ.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар өмнө гаргасан үндэслэлгүй шийдвэрээ хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ