Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/0436

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар,

тус газрын Үнэлгээний хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/202001007 дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/310 дугаартай “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/0312 дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5. ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-аас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0570 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 580 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ч.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Ү, өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0570 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.6-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-аас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/202001007 дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай "С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/310 дугаартай “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/0312 дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5. ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 580 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, өмгөөлөгч Б.Б нар хяналтын гомдолдоо: ... 1.1. Анхан шатны шүүхээс “...захиалагч нь худалдан авах гэж байгаа бараа, ажил, үйлчилгээндээ өөрт тохирсон шаардлагыг хангуулахаар нөхцөл, шаардлагыг тогтоох эрхтэй... Тендерт оролцогч нар нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу саналаа боловсруулан ирүүлэх бөгөөд захиалагч нь ажлын гүйцэтгэлд өөрөө хяналт тавих эрхтэй” гэж, давж заалдах шатны шүүхээс “... захиалагчийн зарласан тендер шалгаруулалтад оролцох этгээд нь бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай саналаа захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж ирүүлэх, захиалагчаас шаардсан нөхцөл, шаардлагыг хангасан болохоо нотлох үүрэгтэй” гэж тус тус дүгнэсэн.
  1. Захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ Сангийн сайдын 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар тушаалаар батлагдсан “Зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийг үндэслэсэн бөгөөд захиалагчаас тус жишиг тендерийн баримт бичигт оруулсан ганц нэмэлт нь тендерийн баримт бичгийн жишиг гэрээний маягт дахь гэрээний тусгай нөхцөлийн 7.1 буюу “Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ” гэх заалт юм.
  1. Жишиг тендерийн баримт бичгийн оршил хэсэгт дараах удирдамжийг дагаж мөрдөнө” гээд 3-т зааснаар “энэхүү жишиг тендерийн баримт бичиг нь улсын байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах бүрд давтан ашиглахад зориулагдсан юм. Иймд тухайн үйлчилгээний төсөл болон гэрээний онцлогоос хамааран гэрээний нөхцөлд орох өөрчлөлтүүд нь зөвхөн гэрээний тусгай нөхцөлд тусгагдана. Хэрэв тендер шалгаруулах журамд заавал оруулах өөрчлөлт байвал эдгээрийг зөвхөн ТШӨХ-д тусгана” хэмээн заасан.
  1. Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс тендерийн жишиг баримт бичигт тусгаснаас гадна нэмэлт материал шаардаж тендерийн баримт бичгийг боловсруулж байгаа тохиолдолд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд /ТШӨХ/ оруулж, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-нд тодорхой дурдсан байх шаардлагатай. Тодруулбал, ТШӨХ болон ТОӨЗ-нд тендерт оролцогч нь тендерт ямар баримт материал, мэдээллийг ирүүлэхийг маш тодорхой дурдсан байдаг. Тодруулбал: Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.а-д “Дараах мэдээллийг тендерийн хамт ирүүлнэ, 12.1-т “Тендерт оролцогч нь дараах нэмэлт баримт материал ирүүлэх шаардлагатай”, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.1-т “Тендерт оролцогч нь тендерийн хамт ямар материалыг ирүүлэхийг тодорхой заадаг. Үүний дагуу “С” ХХК-ийн зүгээс тендерийн баримт материалыг бэлтгэж хүргүүлсэн болно.
  1. Гэтэл дээрх нэмэлт зохицуулалтыг тендерийн баримт бичгийн захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд буюу жишиг гэрээний маягтад оруулсан нь үндэслэлгүй байсныг шүүх огт дүгнээгүй. Учир нь, гэрээний ерөнхий нөхцөлийн санамж хэсэгт “Үйлчилгээ үзүүлэх гэрээний үед ашиглах энэхүү жишиг гэрээний нөхцөлүүдийг захиалагч үйлчилгээний төлбөрийг нийт үнэд үндэслэн хийх нөхцөлөөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллахад ашиглана” хэмээн зааснаар жишиг болгон үзүүлж буй гэрээний нөхцөлүүдийг захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсанаар ашиглана.
  1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн зүгээс гэрээний тусгай нөхцөлийн 7.1-т заасан зохицуулалтыг оруулсан нь үндэслэлгүй хэмээн маргасан бус, тус зүйл заалтад заасан “Захиалагчид хүргүүлэх албан бичиг-ийг    тендерт оролцогч этгээд бус тендерт оролцоод шалгарсан гүйцэтгэгч этгээд гэрээ байгуулах шатанд захиалагчид хүргүүлэх ёстой байсан гэж үзэж маргасныг шүүх дүгнээгүй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нь тендерт шалгарсан этгээдээс ирүүлэхээр заасан баримт бичгийг тендерт оролцогч этгээд ирүүлэх мэтээр “С" ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан.
  2. Иймээс “С” ХХК өөрийн үзэмжээр шийдсэн бус, тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэг бүр өөр өөрийн зорилго, агуулга, нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээрээ магадлалд “... эргэлзээтэй асуудал үүссэн гэж үзсэн тохиолдолд захиалагчид хүсэлт гаргаж тодруулга, нэмэлт мэдээлэл авах боломжтой байсан, ... тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлж буй нэг бүхэл зүйл бөгөөд түүний аль нэг хэсэгт заасан шаардлагыг хангасан тухай баримтаа ирүүлээгүй шалтгаанаа өөр хэсэгт тусгах ёстой байсан гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна... Гэрээний тусгай нөхцөл нь тендерийн баримт бичгийн нэг бүрдэл хэсэг байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэхээр байна.
  1. 1.2. Анхан шатны шүүхээс “...дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг үндэслэн захиалагчаас тавьсан гэрээний тусгай нөхцөл, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгчид хүргүүлсэн захиалагчийн мэдэгдэл ч мөн үндэслэлтэй байна гэж үзлээ” гэж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.
  1. Манай компанийн зүгээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно” гээд 27.2.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;”, 27.2.3-т “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх” хэмээн заасныг зөрчсөн хэмээн маргасан, шүүхээс уг хуулийн зохицуулалтуудыг хэрэглэх ёстой байтал хэрэглэж, тайлбарлаагүй.
  1. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс тендерт оролцогч гэрээний тусгай нөхцөлийн эсэх, хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх, шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэхийг тус тус хянан үзэж, шалгуур үзүүлэлтийг удирдлага болгох ёстой байсан. Ийнхүү хянан үзээгүй буюу заасан журмыг зөрчсөн нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Гэтэл захиалагчийн зүгээс “С” ХХК-д хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан аль шаардлагыг хангаагүй учраас тус компанийн тендерээс татгалзсан тухай 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай шийдвэртээ огт дурдаагүй, түүнчлэн хуулийн 27.2 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлтийг хэрхэн удирдлага болгож хянасан талаар албан бичгээр ч, шүүхэд хариу тайлбараараа ч баримтаар огт нотолж тайлбарладаггүй хирнээ шүүх хуралдаан дээр үндэслэл олж тайлбарладаг.
  1. Давж заалдах шатны шүүхээс “...захиалагч хяналтын зардлыг шаардсан нь гэрээний үнэд ихээхэн нөлөөлөхөөр байна” хэмээн хэт нэг талыг барьж, хуулийн шалгуур үзүүлэлтийг шүүхээс удирдлага болгож хариуцагчийн өмнөөс ийнхүү дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
  1. Иймд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх, 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “...хууль зүйн үндэслэлийг заах” гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг тус тус ноцтой зөрчсөн болохыг аль аль шатны шүүх дүгнээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж гараагүй гэж үзэж уг гомдлыг гаргаж байна.
  1. Иймд, дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0570 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 580 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

  1. Нэхэмжлэгчээс “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/202001007 дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрүүд болон “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/0312 дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгож, ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ.
  1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/15 дугаар тушаалаар “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” /31 цэг/ төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан; уг тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/202001007 тендерийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зарлаж, нээлтийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хийсэн; тус тендерт “С” ХХК, “Ю” ХХК нар саналаа ирүүлж, тендерийн үнэлгээний хороо хоёр компанийн ирүүлсэн тендерийг хянан үзээд “С” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан гэрээний тусгай нөхцөлийн  7.1-д, ажлын даалгаврын 7.1.с хэсэгт тус тус заасан “Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ” гэж заасан баримтыг ирүүлээгүй тул захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр “С” ХХК-ийн тендерээс татгалзсан байна.
  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:” гээд 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаар тендерт оролцогч нь захиалагчаас тендерийн баримт бичигт заасан тендер шалгаруулалтын бүх нөхцөл шаардлагыг зэрэг хангасан баримт ирүүлж байж шаардлагад нийцсэн гэж үнэлэгдэх бөгөөд эсрэг тохиолдолд тухайн оролцогчийн тендерээс татгалзах зохицуулалттай.
  1. Энэхүү тохиолдлын хувьд, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 8 дугаар зүйл. “Тендерийн баримт бичгийн агуулга”-ын 8.1 “Тендерийн баримт бичгүүдийн бүрдэлд доорх жагсаалтад дурдсан баримт бичгүүд болон 10 дугаар зүйлийн дагуу гаргасан нэмэлт өөрчлөлтүүд багтана”, Бүлэг VI. “Гэрээний тусгай нөхцөл[1], Гэрээний тусгай нөхцөлийн 7.1. “Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ”[2] гэж; мөн “Төслийн техник ба үйлчилгээний тодорхойлолт, тавигдах шаардлагын”-ын Долоо. “Үйлчилгээний чанар, найдвартай ажиллагаа, тайлан, хяналт, шалгалт”-ын 1. Үйлчилгээний чанар-ын с)-д[3] энэ тухай давхар заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендерийн саналд уг хяналтын зардалтай холбоотой асуудлыг тусгаагүйн нь тогтоогдож байх тул уг тендерээс татгалзсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн, ингэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.
  1. Нэгэнт тендерийн баримт бичгийн бүрдэл болох “Гэрээний тусгай нөхцөл”-д гэрээний хяналтын зардлыг гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцах талаар баталгаажуулж ирүүлэх тухай урьдчилан тусгасан бөгөөд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 8 дугаар зүйл. “Тендерийн баримт бичгийн агуулга”-ын 8.2-т “Тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг дахь бүх зааварчилгаа, маягтууд, нөхцөлүүд болон тодорхойлолтуудыг шалгаж нягталсан байвал зохино. Тендерийн баримт бичигт ирүүлэхийг шаардсан бүх мэдээллийг дутуу ирүүлэх ... нь түүний тендерээс татгалзах үндэслэл болж болно ...” гэж тодорхой зааснаар тендерт оролцогч нь өөрөө тендерийн баримт бичгийг бүрэн нягталж бүрдлийг хангах үүрэгтэй; давж заалдах шатны шүүхийн зөв дүгнэсэнчлэн уг хяналтын зардал нь тендерийн үнэд нөлөөлөхүйц байхын зэрэгцээ тендерт оролцогч нь шалгарсан тохиолдолд (гэрээний гүйцэтгэгч болох зорилгоор л тендерт оролцож байгаагийн хувьд) гэрээний гүйцэтгэгч этгээд болох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ” гэсэн нь тендерт шалгарсан компани захиалагчтай гэрээ байгуулах шатандаа гаргаж өгөх ёстой байсан ... захиалагч нь тендерт шалгарсан этгээдээс ирүүлэхээр заасан баримт бичгийг тендерт оролцогч этгээд ирүүлэх мэтээр “С" ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан...” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
  1. Мөн хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан “... захиалагчийн зүгээс тендерийн жишиг баримт бичигт тусгаснаас гадна нэмэлт материал шаардаж тендерийн баримт бичгийг боловсруулж байгаа тохиолдолд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд /ТШӨХ/ оруулж, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-нд тодорхой дурдсан байх шаардлагатай...” гэж тайлбарлаж байгаа ч Жишиг тендерийн баримт бичгийн оршил хэсэгт “дараах удирдамжийг дагаж мөрдөнө” гээд 3-т “энэхүү жишиг тендерийн баримт бичиг нь улсын байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах бүрд давтан ашиглахад зориулагдсан юм. Иймд тухайн үйлчилгээний төсөл болон гэрээний онцлогоос хамааран гэрээний нөхцөлд орох өөрчлөлтүүд нь зөвхөн гэрээний тусгай нөхцөлд тусгагдана. Хэрэв тендер шалгаруулах журамд заавал оруулах өөрчлөлт байвал эдгээрийг зөвхөн ТШӨХ-д тусгана” хэмээн зааснаас үзэхэд тендер шалгаруулах журамд заавал оруулах өөрчлөлт байвал эдгээрийг зөвхөн ТШӨХ-д, харин гэрээний нөхцөлд орох өөрчлөлтүүд нь зөвхөн гэрээний тусгай нөхцөлд тусгагдахаар юм.
  1. Түүнчлэн, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 8 дугаар зүйл. “Тендерийн баримт бичгийн агуулга”-ын 8.1 “Тендерийн баримт бичгүүдийн бүрдэлд доорх жагсаалтад дурдсан баримт бичгүүд ... багтана” гээд III “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”, VI “Гэрээний тусгай нөхцөл” гэснээс үзэхэд ТШӨХ болон Гэрээний тусгай нөхцөлийн аль аль Тендерийн баримт бичгийн ижил түвшний бүрдэл бөгөөд гэрээний тусгай нөхцөлийг заавал ТШӨХ-д давхар тусгаж гэмээ нь шаардах учиртай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдол няцаагдана.
  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:” гээд 46.1.6-д “гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах;” гэж зааснаар гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих эрх нь захиалагчид байгаа; энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Тендерийн баримт бичгийн “Гэрээний тусгай нөхцөл” болон “Төслийн техник ба үйлчилгээний тодорхойлолт, тавигдах шаардлага” гэсэн бүлгүүдэд төслийн хэрэгжилтийг хянах зорилгоор хяналтын зардалтай холбоотой заалт тусгасан нь хуулиар зөвшөөрөгдсөн байх учир “... хариуцагчийн зүгээс тендерт оролцогч Гэрээний тусгай нөхцөлийн эсэх, хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх, шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэхийг тус тус хянан үзэж, шалгуур үзүүлэлтийг удирдлага болгох ёстой байсан…” гэх хяналтын гомдол мөн үгүйсгэгдэнэ.
  1. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0570 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 580 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

   ШҮҮГЧ                                                                       М.БАТСУУРЬ

    

 

 

[1] I хавтаст хэргийн 102 дахь тал

[2] I хавтаст хэргийн 143 дахь тал

[3] I хавтаст хэргийн 150 дахь тал