Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 203/МА2022/00038

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр Дугаар 203/МА2022/00038 Даланзадгад сум

 

 

 

 

*******-ий нэхэмжлэлтэй,

*******д холбогдох иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШШ2022/00399 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,676,280.46 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 20,682,280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,676,280.46 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 20,682,280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга:

Зээлдэгч *******, ******* нар нь ХААН банкны Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-114 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан,

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ201742940726 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845.43 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөг нийт 4 729 845.43 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан,

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201743168203 тоот зээлийн гэрээ байгуулан 3 892 906.01 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөг нийт 6 892 906.01 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай ахуйн хэрэгцээнд зориулан,

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4 610 388.47 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 12 000 000 төгрөг нийт 16 610 388.47 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар,

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201843664732 тоот зээлийн гэрээ байгуулан 16 130 240.61 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 18 130 240.61 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашины сэлбэг авах зориулалтаар,

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээ байгуулан 17 558 363.75 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 19 588 363.75 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан.

Зээлдэгч ******* нь 2018 оны 08-р сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10 234 706.54 төгрөг, зээлийн хүү 4 481 112.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568.58 төгрөг нийт 14 716 387.91 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 273 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 17,265,293.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,342,565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68, 421.12 төгрөг, зээлийн төлбөрт 20,676,280.46 төгрөг, нотариатын төлбөр 6000 төгрөг гаргуулах нийт зээлийн болон нотариатын төлбөрт 20,682,280.46 төгрөг гаргуулна.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч *******ас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна.

1.в. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Саранхүү, Уянга нар нь Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлснээр ******* болон Саранхүү, Уянга нарын хооронд 2014 оноос хойш Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэж нийтдээ 6 удаагийн зээлийн гэрээгээр 27,500,000 төгрөгийн зээл авсан.

Саранхүү нас барсан талаар зохигч талуудын хэн аль нь маргаагүй учраас эдгээр үйл баримтыг зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзэж байгаа.

Талуудын хэн аль нь хүчин төгөлдөр гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах эрхтэй бөгөөд зээлийн эргэн төлөх хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг Уянгаас шаардсан.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Ц.Саранхүү нас барсан эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлж хамтран зээлдэгчийг зээл төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Саранхүү нас барсан нь тухайн гэрээний хувьд түүний үүрэг дуусгавар болсноос биш хамтран үүрэг гүйцэтгүүлэгч Д.Уянгын үүрэг дуусгавар болоогүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр гэрээний үүргийг зээлдэгч нар тодорхой хувь хэмжээгээр хариуцахаар тохиролцоо байхгүй, энэ тухай гэрээнд тухайлан заагаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хамтран зээлдэгч Уянга нь Саранхүүгийн зээлийн хүүгийн төлбөрт нийтдээ 297190 төгрөг төлсөн.

Нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Одоо дууссан дуусчихсан байгаа учраас гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагаасаа татгалзсан. Ингээд зээлийн гэрээний үүрэгт 20, 682,280 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч Д.Уянгын татгалзал, тайлбарын агуулга:

10 341 140 төгрөг буюу одоо тооцогдоод байгаа зээлийн үнийн дүнгийн 50 хувийг хариуцаж болох юм.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзлын үндэслэл:

Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээр хариуцагч болон миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбартай явж байсан.

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин итгэмжлэл авч дээд шүүхээс ирсэн тогтоолын агуулга, бусад хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг дахин шинжлэн судлуулах үүднээс *******-ийн зүгээс 20 682 280 төгрөг нэхэмжилж байгаагийн яг 50 хувь болох 10 341 140 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.

Шалтгаан нь Улсын дээд шүүхийн гаргасан тогтоолыг нэхэмжлэгчийн зүгээс иш татаж 5, 6 удаа үргэлжлүүлэн үлдэгдэл дээрээ нэмж зээл авсан, энэ болгон дээр Э.Уянга хүсэлт гаргаад байсан байна. Энэ байдлыг анхаарч үз гэсэн ийм зүйл хэлдэг.

Гэхдээ энэ олон удаагийн зээл авахад үлдэгдэл гэж жишээ нь нэхэмжлэл дээр 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөгийн зээл авсан гэдэг. Гэтэл үлдэгдэл нь яг үндсэн зээлийн үлдэгдэл үү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн дүн ороод байна уу гэдэг нь тодорхойгүй.

Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх боломжгүй байна гэсэн дүгнэлт байгааг харж үзэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн яг одоо хийсэн тооцоолол болон нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа баримтуудаас үзэхэд нотлох боломжгүй байгаа учраас тооцооллынх нь үүднээс нэгэнт зээл авсан нь үнэн учраас ямар ч байсан 10 341 140 төгрөг буюу одоо тооцогдоод байгаа зээлийн үнийн дүнгийн 50 хувийг хариуцаж болох юм.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэг 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ас 10 341 140.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******- ийн илүү нэхэмжилсэн 10 341 140.23 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 180 408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******ас гаргуулах 10 341 140.23 төгрөгийг ******* нь мөнгөн хэлбэрээр сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Субару Форестор ******* улсын дугаартай автомашин, 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зааж хэргийг шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШШ2022/00399 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд эс зөвшөөрч, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуульд нийцүүлэн зөв дүгнэж, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсч, улмаар гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч ХААН Банк ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нараас шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зээлийн гэрээг нэг талаас ХААН Банк ХХК, нөгөө талаас *******, ******* нар байгуулсан тул тэднийг зээлийн үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгөх хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 5.1.7 дахь хэсэгт зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байхаар талууд тус тус тохиролцсон.

Иймд зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзэх бөгөөд гэрээний үүргийг зээлдэгчийн нэгэн адил хариуцах үүрэг бүхий этгээд гэж үзнэ.

Нэгэнт хариуцагч ******* нь хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан бөгөөд энэ нь үүргийг хэсэгчилж буюу хувааж хариуцах тухай биш, тэнцүү буюу адилхан хариуцах агуулгатай зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар тодорхой хувь хэмжээгээр хариуцах тохиролцоо байхгүй, энэ талаар гэрээнд тухайлан заагаагүй буюу зээлдэгч нарын үүргийг хэсэгчлэн заагаагүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн хүлээх мөнгөн төлбөрийн үүрэг тодорхой байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн адил үүрэг хүлээх ёстой. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг 242.11 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас 10,341,140.23 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хууль хэрэглээний нэгдмэл байдал буюу хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх явдал нь эрх зүйн харилцаанд оролцогчдын хувьд чухал асуудал бөгөөд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаанд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх буюу үүрэг гүйцэтгэгч нар үүргээ тэнцүү хувааж гүйцэтгэнэ гэдэг агуулгаар тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх жишиг тогтож байгаа тул үүнийг залруулан анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШШ2022/00399 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхэд зээлдэгч нараас шаардах хэрэгтэй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, зээлдэгч нарын хэн аль нь шаардах эрхтэй. Зээлдэгч болон хамтран зээлдэгчээр зээлийн үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад тэдний үүргийг тодорхойгүй гэж үзээд хувааж тэнцүү бодож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалтыг энэ маргаанд хэрэглэх боломжгүй. Талуудын үүргийг хэсэгчлэн хариуцах талаар гэрээ болон хуульд заагаагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалт нь үүргийг хэсэгчилж буюу хувааж хариуцах тухай ойлголт биш, тэнцүү хүлээх агуулгатай зохицуулалт гэж үзэж байна. Тиймээс гомдол гаргасан гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Энэ зээлийн гэрээ нь гэрээний үндсэн болоод туслах нөхцөлүүдийн стандарт шинжтэй. Стандарт нөхцөлийн хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн тайлбарлаж хэлсэнтэй адилхан. Энэ гэрээний үүргийг бүхэлд нь *******ас нэхэмжлэх үү, хувь тэнцүүлэн нэхэмжлэх үү гэдэг нь тодорхойгүй.

Анхан шатны шүүх хуралдаан дээр Улсын дээд шүүхийн тогтоолыг иш татаж байсан. Тухайн тогтоолд Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө дүгнэлт хийх боломжгүй байна гэж дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирснээс хойш ямар нэгэн нэмэлт материал, тооцооллыг тодорхойлж, дүгнэлт хийх боломжтой болгох хэмжээний нотлох баримт нэмж ирээгүй байдаг.

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тооцож дүгнэх боломжгүй, тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс хамтран амьдарч байхдаа энэ зээлийг авсан учраас 50 хувийн зээлийг төлж болох юм. Үлдэгдэл хэсгийг тооцоолох боломжгүй, ар гэр, эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байгаа учраас төлөх боломжгүй гэж хэлсэн тайлбарыг минь анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Зээлдэгч талийгаач Саранхүү нь нас барахдаа ар гэрийн таарамжгүй нөхцөл байдлын улмаас болоод амиа хорлож нас барсан учраас ар гэрийнхэнтэй нь маргаантай байдаг учраас өвлөж үлдсэн хөрөнгө гэх зүйл *******д байдаггүй учраас тэр хүний өмнөөс хариуцаж авах боломжгүй. Хаан банкны зүгээс тэр хүний үлдсэн бүх хөрөнгийг авч үлдсэн ар гэрийнхнээс нь нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай оролцож байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Уянгад холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,676,280.46 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 20,682,280.46 төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хуралдаан дээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаасаа татгалзсан.

 

3. Хариуцагч Д.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,341,140.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзсан.

 

4. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 10,341,140.23 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, ******* нь 10,341,140.23 сайн дураар мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Субару Форстер ******* улсын дугаартай автомашин, 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг барьцааны хөрөнгийн үнээс хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10,341,140.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч тал нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд гэрээ нь хэрэглээний зээл, малчны зээл гэсэн нэртэй, гэрээний 2.1.2-т Зээлийг Цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ MNT төрлийн бүтээгдэхүүн болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь энэ зээлийн бүтээгдэхүүн нь өөрөө цалингийн нэмэлт бүтэгдэхүүн байгаа...үндсэн зээлдэгч *******гийн цалингийн орлогыг барьцаалсан гэх агуулгаар тайлбарласан нь анхан шатны шүүх хуралдаанд тэмдэглэлд тусгагджээ. /1хх-09, 2хх-47 дугаар хуудас/

Хариуцагч талаас уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...хамтран амьдарч айл гэр болж явсан хүний тухайн үед хэрэглэж байсан гэх энэ зээлээс болоод энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хохирол үүсэж байгаа бол тэр хэмжээнд нь хамт амьдарч байсны хувьд тал хувийг нь хариуцаж болох юм. ...зээлийн тооцоолол хийсэн гээд баримтууд, дансны хуулгууд нь нотлох баримтын шаардлага хангах эсэх нь тодорхойгүй ... хэдийгээр гэрээнүүд байгаа боловч энэ гэрээнүүдийн хооронд хэрхэн хүү болон алданги, нэмэгдүүлсэн хүүгээ тооцсон... талаар өөр нотлох баримт байхгүй гэдэг дээр дээд шүүх дүгнэлт хийсэн гэх агуулгаар тайлбар гаргаж мэтгэлцсэн байна. /2хх-43, 48/ Түүний тайлбарын агуулгаас Д.Уянгыг эрх зүйн байдлын хувьд хамтран зээлдэгч биш гэж маргаагүй байна гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн Банк болон *******, ******* нарын хооронд мөнгө зээлэх зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн, тус гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй. /1хх-55-56 дугаар хуудас/

 

6. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/01490 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. /1хх-150-157 дугаар хуудас/

Уг тогтоолын дагуу хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 203/МА2022/00017 дугаар магадлалаар хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. /2хх-01-07 дугаар хуудас/

Уг магадлалын Хянавал хэсэг-ийн 5.а заалтанд ... төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл гэдэгт зээлийн гэрээний ямар үүрэг хамаарч байгаа, гэрээнд өмнөх зээлийн үлдэгдлийг тусгайлан заасны шалтгаан зэргийг тодруулж дүгнэлт хийгээгүй..., 5.б заалтанд ...Дээрх дахин гаргасан болон шинээр ирүүлсэн нотлох баримтуудад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/01490 дугаартай тогтоолд ...6 удаагийн зээлийн гэрээ байгуулахад үүнээс 5 удаагийн тохиолдолд зээлдэгч нар хүсэлт гаргасан байдалд дүгнэлт хийгээгүй, ...үлдэгдэл 17,558,363.75 төгрөг нь зөвхөн үндсэн зээлийн дүн эсвэл уг үнийн дүнд төлөөгүй зээлийн хүүг багтааж тооцсон эсэх талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй, ... үндсэн зээлийн хэмжээ тодорхой байсан нөхцөлд зээлийн үүргийн хэмжээ тогтоогдох ...бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй... үндэслэлүүд тодорхой болоогүй байна гэх үндэслэл заасан байна.

 

7. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гэж шаардлагаа тодорхойлдог тул үндэслэл тус бүрийг тухайлбал зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны хувьд хүү, хугацаа хэтэрсэний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, түүнийг тооцсон тооцоо зэрэг нь тодорхой байх шаардлагатай.

Талуудаас хэргийг анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн магадлалын дагуу хүлээж авснаас хойш хэрэгт шинэ нотлох баримтыг гаргаагүй байна.

8. Нэхэмжлэгч нь өмнө 5 удаа зээл авсан гэж тайлбарлаж, гэрээ тус бүрийг нэрлэн зааж хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн тул нэхэмжлэгчийг уг гэрээнүүдэд шаардлагаа үндэслэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...өмнөх зээлийн гэрээний үүргийг дараагийн зээлийн гэрээний үүрэг рүү шилжүүлэх буюу улмаар нэмж зээл олгох замаар 6 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан... гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. Оюунгэрэл нь 2014 оны зээлийн гэрээнд 2017 онд нэмэлт 3,500,000 төгрөгийн зээл авахад 1,229,000 төгрөгийн 4 хоногийн хүүгийн үлдэгдэл 2857.73 төгрөгийн үлдэгдэл байсан, энэ нь дараагийн төлбөр дээрээ 4 хоногийн хүү нэмэгдэж хүү дээрээ тооцогдсон, 3 дахь удаагийн нэмэлт зээл олгох үед 17 хоногийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 36,987 төгрөг байсан... гэж нэмэлт зээл олгох үед хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл байсан агуулгаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /2хх-43-44 дүгээр хуудас/

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот гэрээний 2.1.1.1-т зээлийн үлдэгдэл:17,558,363.75, 2.1.1.2-т олгох зээлийн хэмжээ: 2,000,000.0, 2.1.1.3-т нийт зээлийн хэмжээ: 19,558,363.75, зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 36,944.72 төгрөг гэж заасан байна. /1хх-09 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр өмнөх гэрээний зээлийн үлдэгдэл хэмжээнд хуримтлагдсан хүү гэх зээлийн үнэ дараагийн гэрээний үнэнд нэмэгдэж байсан байна.

Талуудын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хууль, түүнчлэн гэрээнд хуримтлагдсан хүү бодох, уг хүүг ямар хугацааны хүү болох заагаагүй байна.

Иймд хэргийг дахин шийдвэрлэх явцад дээд шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхой болж чадаагүй хэвээр байна.

 

9. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад/-ийг эдлэх талаар заасан. Уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэх эрх зүйн байдалтайгаар оролцсон ******* нь гэрээний 4.1.1-д заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээний заасан хэмжээний зээлийг авч ашиглах эрхийг зээлдэгч *******гийн нэгэн адил эдлэхгүй. /1хх-09-10 дугаар хуудас/

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг хариуцагч *******ас зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагынхаа үндэслэл тус бүрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлж нотлоогүй гэж үзэх үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн хэмжээг үүрэг тус бүрээр ялгамжтай тогтоосон боловч уг хэмжээгээ нотолж чадаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэж, улмаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг баримтлан үүргийг хариуцуулсан байна.

Нэхэмжлэгч нь шаардлага бүрийн хэмжээг нотолсон тохиолдолд түүний давж заалдах гомдолд дурдсан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлтэй байж болох ч энэ маргааны хувьд хэрэглэх боломжгүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан бөгөөд энэ нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д заасан хуульд заасан бусад эрхэд хамаарч байна.

Хариуцагч тал нь нотариатын зардал 6000 төгрөг гаргуулах шаардлагыг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй ба нэхэмжлэлийн үнийн дүнгээс 10,341,140 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан нь бөгөөд энэ тайлбарын талаар нэхэмжлэгч талаас эс зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх гаргах байтал мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар шийдвэрлэж шийдвэр гаргасан нь мөн хуулийн 6 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан талуудын зарчимд нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэмжээний талаар талуудаас гомдол гараагүй тул энэ хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй ба энэ талуудын зарчимд нийцнэ гэж үзсэн.

 

11. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн БГХ20184329293 дугаартай барьцааны гэрээний талуудыг тодорхойлсон хэсэгт Д.Уянгыг барьцаалуулагч гэж, уг гэрээний 1.1, 1.2-т уг барьцааны гэрээгээр банк болон зээлдэгч ******* нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээ нь барьцаалагчийн эрхийг олж үндэслэл болох агуулгыг тусгасан байх тул шүүх энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. /1хх-12 дугаар хуудас/

 

12. Нэхэмжлэгч нь Субару Форестор , улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зээлдэгч нь уг автомашинтайгаа осолд орсон, дүү нь машиныг авсан гэж ярьдаг гэх агуулгаар тайлбарласан байхад шүүх уг автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр төлсөн 180408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШШ2022/00399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,341,140 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас 10,341,280.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банканд олгосугай гэж,

2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т гэж тус тус өөрчлөн найруулж,

3 дугаар заалтаас Субари Форстер ӨМӨ2534 гэснийг хасаж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч  нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

Л.НЯМДОРЖ