| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 124/2016/0041/з |
| Дугаар | 07 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 07
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх авсан төлөөлөгч Ө.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон анхдугаар хуралдаан даргалагч Б.О нарт холбогдох, “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Д , хариуцагч Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.С , анхдугаар хуралдаан даргалагч Б.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх авсан төлөөлөгч Ө.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2012 оноос 2016 онд ажилласан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдах Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг тогтоож хэлэлцэх асуудлыг баталсан байна. Дээрх шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу анхдугаар хуралдааны товыг тогтоох талаар Ардчилсан намд мэдэгдэж бидний саналыг сонсох ёстой байсан. Гэтэл ийм үйл ажиллагаа явуулалгүйгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин уг тогтоолыг гаргасан. Мөн уг тогтоолоор хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Г.П д үүрэг болгожээ. Уг тогтоолын хувийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19:00 цагт Сагил сумын Ардчилсан намын дарга С.Б өгсөн байна. Үүний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагт Ардчилсан намын дарга С.Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцохоор очиход Ардчилсан намаас ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдсон бусад 9 төлөөлөгчид хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг зарлан мэдэгдээгүйн улмаас тэд хуралдаанд хүрэлцэн ирээгүй байлаа.
Иймд сонгогчдын итгэл хүлээсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, сумын Ардчилсан намын даргын хувьд хурлын товыг дахин товлон нийт төлөөлөгчдөд зарлан мэдэгдсэний дараа анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай Ардчилсан намын албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 тоот албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргэсэн. Гэтэл уг албан бичгийн хариуд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Д нь Сонгуулийн тухай хуульд заасан сумын Сонгуулийн хорооны эрх хэмжээг ашиглан сумын Ардчилсан намтай харьцан анхдугаар хуралдааны товыг мэдэгдсэн агуулгатай 08 дугаартай албан бичиг ирүүлсэн. Энэхүү 08 дугаартай албан бичиг нь эрх зүйн чадамжгүй байсан тул тодорхой заалт бүхий Ардчилсан намын 08 дугаартай албан бичгийг дахин хүргүүлсэн боловч Монгол Ардын намаас нэр дэвшин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон түр үнэмлэхтэй 11 төлөөлөгч олонхийн суудлаараа түрий барин анхдугаар хуралдааныг хуралдуулж, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг авсан болно.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтад ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор зарлан хуралдуулахаар заасан байдаг. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т адил тооны санал авсны улмаас сонгуулийн дүн гарах боломжгүй бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулахаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнд адил санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орон даяар нэгэн зэрэг явуулахаар тогтоосон. Ийнхүү Сагил сумын сонгуулийн 1172 дугаар хэсэгт адил санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явагдах болсон. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрхишиг үл тоомсорлон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг 2016 оны 10 дугаар сарын 28-нд хуралдуулж, анхдугаар хуралдааны товыг тогтоожээ. Сумын Сонгуулийн хорооны дарга Г.П нь Сонгуулийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актуудыг зөрчигдөхгүй байх нөхцлийг ханган ажиллах үүрэгтэйн хувьд дээрх шийдвэр хууль бус болохыг сануулах ёстой байсан. Гэтэл Г.П нь энэхүү үүргээ умартан хууль зөрчин баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 23 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрч, анхдугаар хуралдааныг хуралдуулах бэлтгэл ажлыг ханган ажилласан. Уг төлөвлөгөөг биелүүлэн ажиллахдаа анхдугаар хуралдааны товыг Монгод Ардын намаас сонгогдсон төлөөлөгчдөд мэдэгдсэн мөртлөө Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдөд мэдэгдээгүй болно. Ардчилсан нам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 10 суудал авсан ба сонгуулийн явцад гарсан зөрчлүүдийг шийдвэрлүүлэхээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гурван нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүсгэн шалгагдаж байна.
Гэтэл Монгол Ардын нам энэ бүхний хариуг хүлээхгүйгээр дан ганц өөрийн эрх ашгийг хамгаалсан уйваагүй үйлдлүүд хийж байгаа нь Ардчилсан нам, түүний нэр дэвшигчид болон тэдэнд итгэл үзүүлсэн иргэд, сонгогчдын хүсэл зориг, эрх ашгийг хөндөж байна. Ийнхүү Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчид болон тэдэнд итгэл хүлээлгэн сонгосон сонгогч олны хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад анхдугаар хуралдаанд биднийг оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн тул анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд илт хууль бус болсон. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д, 48.2.2 дахь хэсгийг үндэслэн анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх авсан төлөөлөгч Ө.Даваа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би эхлээд Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 ны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ярина. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар ээлжит сонгуулийн санал хураалт дуусаагүй байхад хуучин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааны тов тогтоосон тогтоол гаргасныг хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ээлжит сонгуулийн санал хураалт дуусаагүй байсан. Сагил сумын сонгуулийн 1172 дугаар хэсэгт хоёр нэр дэвшигчийн авсан санал тэнцсэн учраас дахин сонгууль явагдахаар болсон байсан. Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол гарсны дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гарч, ажлын гүйцэтгэлийн биелэлтийг нь гаргасан байсан. Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад уг ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон байсан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарт мэдэгдээгүй. Хуралдааны товыг зөвхөн Ардчилсан намын дарга С.Б мэдэгдсэн гэж хэлсэн. Намын дарга сонгууль явж дуусах хүртэл намын үйл ажиллагаа зохицуулдаг. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг мэдэгддэг субьект биш юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь хуулиар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн, төрөөс цалин хөлс авч ажилладаг, мөн анхдугаар хуралдааныг зохион байгуулж явуулна гэсэн ажил үүргийн хуваарьтай төрийн албан хаагч байхад анхдугаар хуралдааны товыг Ардчилсан намын даргад мэдэгдсэн гээд төлөөлөгч нарт хуралдааны товыг мэдэгдээгүй. Би Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн удаа сонгогдсон төлөөлөгч. Урьд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болоход хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг урилгын хамт ирүүлдэг байсан. Гэтэл 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тов мэдэгдээгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт Ардчилсан намаас ганц хоёр төлөөлөгч ирсэн байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 02-нд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан ба тухайн өдөр миний төрсөн өдөр байсан ба сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмаар төрсөн өдөр нь тохиож буй ажилтанд нэг өдрийн чөлөө олгодог. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тов мэдэгдсэн урилга ирээгүй учраас би төрсөн өдрөө тэмдэглэхээр чөлөө аваад явсан байсан. Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох саналтай байсан учраас анхдугаар хуралдааны товыг өөрчлүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргасан боловч хүлээн авч хэлэлцээгүй. Тэгээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тодорохой заалтыг баримтлаад олонхи байна гээд хуралдсан. Сумын ард иргэдээс сонгогдсон 10 төлөөлөгч нар Ардчилсан намаас нэр дэвшүүлэх, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг ажиллагаанд оролцож чадаагүй нь сонгох сонгогдох эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд Анхдугаар хуралдаанаас гаргасан дээрх тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг баримтлан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор товлон зарласан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байна. Хариуцагчийн зүгээс тайлбартаа Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч нарт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцох боломжийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 тоот тогтоолыг албан ёсоор Ардчилсан намын дарга С.Б 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгснөөр Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцох боломжоор хангаж чадсан гэж үзжээ. Ардчилсан намын дарга С.Б уг тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19:00 цагт хүлээж авсан. Өөрөөр хэлбэл ажлын цаг дууссаны дараа хүлээж авсан гэсэн үг. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон. Үндсэндээ Ардчилсан намаас сонгогдсон 9 төлөөлөгчид анхдугаар хуралдааны тов хүргэх нэг өдрийн хугацаа үлдсэн. Тухайн үед амжиж ирэх нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүй юм. Анхдугаар хуралдааны тов тогтоосон тогтоолын 2 дахь заалтаар анхдугаар хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Г.П д үүрэг болгосон. Тэгэхээр анхдугаар хуралдаанд төлөөлөгчдөө бүрэн оролцуулахыг аль нэг намд үүрэг болгоогүй. Анхдугаар хуралдааны товыг Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй биш, нийтэд ил тод байх мэдээлэл гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож түр үнэмлэх авсан төлөөлөгч нарт мэдэгдэх ёстой. Гэтэл зөвхөн намуудад тов мэдэгдсэн гэж тайлбарлаад байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт заасныг баримталсан байна. Ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдож төлөөлөгчийн түр үнэмлэх авах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөх нь хоёр өөр ойлголт юм. Гэтэл сонгогдож түр үнэмлэх авсан төлөөлөгч нарт хандалгүй тухайн Ардчилсан намд анхдугаар хуралдааны тов хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч талаас тайлбар гаргахдаа Ардчилсан намын төлөөлөгч нар анхдугаар хуралдаан болж байхад ирээгүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийг зөрчсөн гэж бичсэн. Анхдугаар хуралдаанаар бүрэн эрх нь баталгаажаагүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэдэг асуудал яригдахгүй. Анхдугаар хуралдаанаар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа учраас сумын Хурлын төлөөлөгч биш, харин түр үнэмлэх авсан төлөөлөгч байгаа. Иймд Ардчилсан намаас сонгогдож түр үнэмлэх авсан төлөөлөгчдийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд нийт төлөөлөгчдийн олонхи нь хуралдаанд ирсэн бол хуралдааны ирц бүрдсэн гэх үндэслэлтэй. Тийм учраас Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.
Хариуцагч Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааны товыг тогтоож, хурлаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн баталсан. Ингээд анхдугаар хуралдааны тов тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолыг албан ёсоор Ардчилсан намын дарга С.Б 2016 оны 10 дугаар сарын 31-нд хүргүүлсэн. Монгол Ардын нам болон Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарт адилхан тус тусынх нь намын дарга нарт нь анхдугаар хуралдаан товыг тогтоосон 23 дугаар тогтоолыг хүргүүлж албан ёсоор мэдэгдсэн болно. Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нарт нэг бүрчлэн мэдэгдсэн зүйл байхгүй болно. Мөн хуулийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу ирц бүрдсэн тул хуралдааныг хуулийн дагуу явуулсан. Хэн нэгний эрх ашгийг хөндсөн зүйл огт байхгүй.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр сонгуулийн зөрчилтэй холбоотой гурван нэхэмжлэл Ардчилсан намын зүгээс гаргасан байгаа хэдий ч тухайн асуудлууд нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байх тул энэ бүхнээр хэн нэгний эрх ашгийг хөндсөн, дан ганц Монгол Ардын намын эрх ашгийг хамгаалсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ө.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд төлөөлөгчдөө оролцуулахад цаг хугацаа бага байсан талаар хэлж байна. Анхдугаар хуралдаан болоход 2 хоног дутуу байхад Ардчилсан намын дарга С.Б анхдугаар хуралдааны товыг тогтоосон тогтоолыг хүлээн авсан байдаг. Манай сумын хувьд хамгийн хол нь 4 дүгээр баг байдаг. Тэнд утасны сүлжээ барьдаг тул хуралдааны товыг утсаар мэдэгдэх боломжтой. Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар хуралдаан болох өдөр сумын Засаг даргын Тамгын газрын байрны гадаа ирчихсэн байсныг би харсан. Би тухайн үед Төрийн банкинд ажиллаж байсан ба ажлаасаа гараад явж байтал Төрийн банкны үүдэнд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар машин дотор сууж байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов мэдэгдсэн урилгыг бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгч нарт хүргүүлэх ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч ирсэн учраас хуралдааны ирц бүрдсэн гэж үзээд анхдугаар хуралдааныг эхлүүлсэн. Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагт эхлэхээр товлосон боловч Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарыг хуралдаанд оролцуулахаар 3 цаг орчим хүлээсэн. Тэгээд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар хуралдааны танхимд орж ирээгүй тул анхдугаар хуралдаан даргалагч Б.О хуралдааныг эхлүүлсэн. Олонхийн суудал авсан Монгол Ардын намын бүлгээс миний нэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь дэмжиж сонгосон. Би хуралдааныг даргалан дараагийн зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцүүлж тогтоолуудаа баталсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.
Хариуцагч анхдугаар хуралдаан даргалагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Тэргүүлэгчид нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааны товыг тогтоож, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн баталсан. Ингээд анхдугаар хуралдааны тов тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолыг албан ёсоор сумын Ардчилсан намын дарга С.Б 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн.
Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдахад хуралдаанд ирэх ёстой 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч ирснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 зүйлийн 23.7-д “..сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны ирц бүрдсэн тул хуралдаж зохих шийдвэрүүдээ хуульд заасны дагуу гаргасан.
Нэхэмжлэлд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаанд оролцох боломж алдагдсан, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, сонгогч олны хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.2.2 дахь хэсгийг зөрчсөн гэж дурьдсан байдаг. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.
1. Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдөд анхдугаар хуралдаанд оролцох боломжийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолыг албан ёсоор Арпчилсан намын дарга С.Б 2016 оны 10 дугаар сарын 31-нд хүлээлгэн өгснөөр хуралд оролцох нөхцөл боломжийг хангаж чадсан гэж үзэж байгаа.
2. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй биш юм. Хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан. Харин Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Х.Ш, Х.С , Т.Ж , Б.Г , Ж.С , Ц.О , Д.Л , Ө.Д зэрэг нэр бүхий 9 төлөөлөгч нь анхдугаар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг өөрсдөө зөрчсөн гэж үзэж байна.
3. Сагил сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцсэн асуудлууд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 48.1, 48.2.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан, мөн иргэн болон бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны актыг хуралдаанаас гараагүй болно.
Дээрх хариу тайлбар болон үндэслэлийг нэгтгэн дүгнэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль зөрчсөн шийдвэр гараагүй болно.
Иймд Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож төлөөлөгчийн түр үнэмлэх авсан төлөөлөгч Ө.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч анхдугаар хуралдаан даргалагч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дахин сонгууль 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон. Ямар ч сонгуульд нэг нам ялж, нэг нам нь ялагддаг байгаа. 2016 оны 10 дугаар сарын 31-нд намын дарга бид нар уруу утсаар ярьж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагаас хуралтай шүү гэж зарласан. Нэхэмжлэгч тал ярихдаа бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байхад урилга авч хуралдаанд ирнэ гэж тайлбарлаж байгааг гайхаад ойлгохгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүгд хуралдаанд сууж үнэмлэхээ авч бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа урилга авч оролцдог. Дээрх өдөр хуралдаанд 10 төлөөлөгч бүгд ирээгүй. Гэхдээ Ө.Д , Д.Л, С.Баярбилэг нар хуралд ирсэн. Тэрнээс өмнөх өдөр С.Б надтай уулзаж хурал 9.30 гээд эхлэх байх, яриа хөөрөө хийвэл ямар вэ гэсэн утгатай юм гэж хэлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 31-ний 5:00 цаг болж байхад хурлын нарийн бичгийн дарга хуралдааны зар хүргэсэн байх, зар сонссон талаараа надтай хүртэл ярьсан шүү дээ. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө С.Б “нэг төлөөлөгч маань Ховд сум руу явсан та хурал нэг өдрөөр хойшлуулж өгнө үү“ гэж надад хэлж байсан. Гэтэл Ардчилсан намын 3 төлөөлөгч аймагт семинарт ирээд Чингис зочид буудалд ирж надтай уулзсан. Би та нар яагаад хуралдаа ирж орохгүй байна гэж асуухад “бид нарт суугаад хэрэггүй гэж намын дарга гэж хэлсэн” тэгэхэд нь би “Г аас чамайг Ховд сум уруу явсан гэж намын дарга чинь хэлсэн” гэхэд Г “тэр шиг худлаа юм байхгүй би яваагүй гэсэн”. Би та нар худал хэлж байна гэж хэлсэн. Ө.Д тухайн хуралд ирээгүй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 15-нд сумын хуралд Б суухдаа манай намын дарга төлөөлөгч бид нарыг хуралд суулгахгүй байна шүү дээ, Боршоо багийн ард түмэн Ө.Д бид хоёрыг “бидний дуу хоолой болж гарч ирчихээд хурал семинарт яагаад суухгүй байна” гэж шүүмжилсэн гэж байсан. Тэгэхээр өөрсдөө мэдсэн байж хэлээгүй гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Тухайн хурал болох өдөр Ардчилсан намын төлөөлөгч нараас 5, 6 хүн гадаа байсан. Харин намын өөр 3 хүн байгаагүй. Ер нь бол урилга авахын тулд бүрэн эрх нь хуралдаанаар хүлээн зөвшөөрөгдсөний дараа урилга авч оролцдог зарчим бий. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгчид анхдугаар хуралдааны тов мэдэгдээгүй, нөгөө талаар санал хураалт дуусаагүй байхад анхдугаар хуралдааныг товлосон гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Анхдугаар хуралдааны товыг тогтоосон тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуулийн дагуу явагдсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дахь хэсэгт заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн хугацаанд нь анхдугаар хуралдааныг товлон зарласан байна. Уг тогтоолоор хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар хамгийн ахмад настай хүн буюу Б.О анхдугаар хуралдааныг удирдаж явуулсан. Анхдугаар хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж тогтоол гаргахдаа тус бүрийг нь хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн олонхийн саналаар шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт анхдугаар хуралдааны тогтоол, анхдугаар хуралдааны тэмдэглэл авагдсан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заааснаар 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч анхдугаар хуралдаанд оролцсон учраас ирц хүрэлцсэн байна. Анхдугаар хуралдааны ирц 52.7 хувьтай байсан учраас хуралдааны ирц хүрээгүй хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хурал хүчинтэйд тооцогдоно. Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны тов тогтоосон 23 дугаар тогтоолоос харвал анхдугаар хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг хурлын нарийн бичгийн дарга Г.П үүрэг болгосон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Г.П нь анхдугаар хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөнд товыг хоёр намын удирдлагаар дамжуулан мэдэгдэж ажиллахаар ажлын төлөвлөгөөнд тусгасан. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудаар нь дамжуулаад анхдугаар хуралдааны тов мэдэгдэхээр төлөвлөсөн болох нь хэрэгт авагдсан шүүхээс үзлэг хийгээд баталгаажуулж авсан ажлын төлөвлөгөөгөөр нотлогдож байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн ажлын төлөвлөгөө нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт, албан ёсоор мөрдөж ажиллаагүй төлөвлөгөө гэж тайлбарлаж байгаа. Монгол Ардын намаас сонгогдсон 11 төлөөлөгчид адилхан намын даргаар нь дамжуулаад анхдугаар хуралдааны товыг мэдэгдсэн нь гэрч Г.П , У.Ц нарын мэдүүлгээр нотлогддог. Гэрч У.Ц сумын Монгол Ардын намын даргын хувьд тус намаас сонгогдсон төлөөлөгчдөд утсаар анхдугаар хуралдааны тов мэдэгдсэн. Сагил сумын Ардчилсан намын дарга С.Б 23 дугаар тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 31-ний гардуулж өгсөн болох нь нотлогдож байдаг ба өөрөө ч гэсэн хэлдэг. Эндээс үзэхэд С.Б нь бусад төлөөлөгч нартаа анхдугаар хуралдааны товыг мэдэгдээд хуралдаанд оролцуулах бүрэн боломжтой байсан. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх боломжоор хангаагүй, тэдний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Яагаад гэвэл Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч С.Б, Ө.Д, Д.Л нар нь анхдугаар хуралдааны тов тогтоосон өдөр хуралдааны танхимын гадаа ирчихээд хурал болж байгааг мэдсэн хэрнээ хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сайн дураараа оролцоогүй, өөрсдөө анхдугаар хуралдааныг тасалсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Сагил сумын Ардчилсан намын дарга С.Б анхдугаар хуралдааны тов эхэлж мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аль ч намаас сонгогдсон төлөөлөгч нарт итгэл үзүүлэн сонгосон сонгогчдынхоо дуу хоолойг төрд хүргэх үүрэг хүлээсэн хүмүүс гэж би ойлгож байгаа. Эндээс үзвэл төлөөлөгч нар нь хуралдаандаа ирээд суух нь тэдний эрх биш үүрэг юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай бол биелүүлэхгүй байх боломжтой. Анхдугаар хуралдааны тов мэдээгүй, хуралдаанд суугаагүй нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш. Анхдугаар хуралдаанаас төлөөлөгч нарын эрх ашгийг хязгаарласан шийдвэр гараагүй. Бусад төлөөлөгч хуралдаанд ирж суугаагүй ч гэсэн 10 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа нь нотлогдож байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлгээ сонгогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаж өгөх хуулийн заалтын дагуу төлөөлөгч нар бүгдээрээ мэдүүлгээ гаргаж өгсөн. Хурлын төлөөлөгчийн сургалт семинарт оролцсон Ардчилсан намын гурван төлөөлөгч ирэх, очих 40 литр бензины зардал авсан байгаа. Энэ бүхнийг дүгнэвэл, 23 дугаар тогтоол болон анхдугаар хуралдаан хэн нэгний хуулиар олгосон ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1172 дугаар хэсэгт Монгол Ардын намаас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч санал тэнцсэн, дахин сонгууль явуулах ёстой байсан гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурлын тов тогтоож байгаа ч 11 дүгээр сарын 02-ны өдөр сонгогдсон төлөөлөгч нь анхдугаар хуралдаанд оролцож, эрх ашиг нь хөндөгдөөгүй. Иймд Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол болон уг тогтоолын дагуу хуралдсан Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдуулж, уг хуралдаанаас 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах тухай, анхдугаар хуралдааны дэг батлах тухай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай, сумын Засаг даргыг сонгож томилуулах тухай, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгож батлах тухай, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулах тухай тогтоолуудыг баталсан ба энэхүү Анхдугаар хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” гэх нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа ихэсгэн “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн. Түүнчлэн дээрх шаардлагуудаа өөрчлөн “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” гэж гаргасан ба шүүхээс энэхүү өөрчилсөн шаардлагатай нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Нэг. Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын хувьд.
2016 оны 10 сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж явагдсан орон нутгийн Хурлын сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар ээлжит сонгууль байсан бөгөөд уг сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг тухайн орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчөөр бүрдүүлэх үндсэн арга болдог байна. Тэгэхээр нэхэмжлэлийн дээрх шаардлагаар маргаан бүхий гэж тодорхойлон хүчингүй болгуулахыг шаардсан захиргааны акт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид ИТХ гэх/ анхдугаар хуралдааныг хэдийд хуралдуулахыг тогтоож гарсан бөгөөд нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Сагил сумын ИТХ-ын сонгуулийн нэг хэсэг дээр дахин санал хураалт явагдах байсан, энэ нь 2016 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан, тиймээс санал хураалт дуусаагүй байхад товлон зарласан нь буруу байна гэжээ.
Хариуцагч нь Сагил сумын 1172 дугаар хэсэг дээр явагдсан дахин санал хураалт нь Монгол ардын намын хоёр нэр дэвшигчийн хооронд явагдсан, эдгээрийн хэн аль нь ялсан ч Монгол ардын намын нэр дэвшигч сумын Хуралд төлөөлөх байсан, сумын ИТХ-д аль нам хэдэн төлөөлөгчтэй оролцох нь тодорхой болсон байсан гэжээ.
Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулагдсаны дараа буюу ээлжит сонгууль болсны дараа бүрэн эрх нь дуусгавар болж байгаа ИТХ-аас анхдугаар хуралдааны товыг тогтоох бүрэн эрхийг тухайн Хурлын Тэргүүлэгчдэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар олгосон байх бөгөөд маргаж буй тогтоол нь мөн хуулийн хүрээнд байх бөгөөд уг актыг гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөөгүй байна гэж шүүх үзлээ. Тодруулбал, 2016 оны 10 сарын 29-ний өдөр санал тэнцсэн хэсгүүд дээр явагдсан дахин санал хураалт нь ээлжит сонгууль биш учраас Сагил сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны тов тогтоосон тус Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй байна.
Маргаан бүхий захиргааны акт нь гадагшаа чиглэсэн бус өөрөөр хэлбэл, иргэд байгууллагад холбогдолтой байж, тэдний эрх ашиг сонирхлыг хөндсөн, тэдгээрт эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн акт гэж үзэх боломжгүй үүгээрээ захиргааны хэргийн шүүхийн харъяаллаар хянах акт биш боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн дараагийн шаардлагатай шууд уялдаатай гарсан акт хэмээн үзэж, бие даасан нэг шаардлага болгон гаргасан тул шүүхээс нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хүлээн авахаас шууд татгалзахгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт өгч шийдвэрлэв.
Хоёр. 2016 оны 11 сарын 02-ны өдөр хуралдсан Сагил сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлагын хувьд.
Нэхэмжлэгч нь Сагил сумын ИТХ-д тус сумын Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж улмаар Сагил сумын сонгуулийн хорооноос сумын ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх авсан этгээд бөгөөд үнэмлэхний хүчинтэй хугацаа нь төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөнөөр дуусгавар болох байжээ.
Бүрэн эрх нь дуусгавар болж буй сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу орон нутгийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бий болсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан Сагил сумын төвд 2016 оны 11 сарын 02-ны өдөр болж, үүнд шинээр сонгогдсон ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч ирж, харин Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарын зарим нь хуралдааны танхимын гадна ирсэн хэдий ч хуралдааны зарыг шинээр сонгогдсон төлөөлөгч нарт нэг бүрчлэн мэдэгдээгүй гэсэн шалтгааныг хэлж, хуралдаанд орохоос татгалзсанаар хүрэлцэн ирсэн бусад төлөөлөгчид нь товлон зарлагдсан анхдугаар хуралдааныг 3 цаг орчим хүлээсний эцэст үргэлжлүүлж, холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан үйл явдал болжээ.
Нэхэмжлэгч нь сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны зарыг мэдээгүй, сумын Ардчилсан намын дарга зар түгээдэг субьект биш, түүнд тийм үүрэг байхгүй, анхдугаар хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргахдаа төлөөлөгч нэг бүрт урилга хүргэнэ гэж төлөвлөсөн атлаа сумын ИТХ-ын ажлын алба үүргээ биелүүлээгүй энэ бүх байдлаас болж өөрийнх нь сумын ИТХ-ын даргад өрсөлдөх, Тэргүүлэгчээр сонгогдох, хороодод орж ажиллах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг ажиллагаанд оролцож, сонгох сонгогдох эрх зөрчигдлөө гэж маргаж, хуралдаан хууль бус явагдсан гэж үзэж байна.
Хариуцагч нар нь Монгол Ардын нам болон Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нарт адилхан тус тусынх нь намын дарга нарт анхдугаар хуралдааны тов тогтоосон 23 дугаар тогтоолыг хүргүүлж, албан ёсоор мэдэгдсэн. Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нарт нэг бүрчлэн мэдэгдсэн зүйл байхгүй, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар хуралдааны танхимын гадна байсан ч дотогшоо хуралдаандаа ороогүй, хуралдаан даргалагчийн хувиар хуралдаандаа оролцохыг удаа дараа хүссэн ч хүлээж аваагүй, тиймээс бид олонхи нь ирсэн гэж үзэж, анхдугаар хуралдааныг явуулсан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.8-д зааснаар хуралдааныг хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна.
Тэгвэл сумын ИТХ-ын ажлын албанаас 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулан шинээр сонгогдсон төлөөлөгч нараа оролцуулахыг албан ёсоор мэдэгдэж, намуудын дарга нарт хуралдааны тов тогтоосон тогтоолыг гардуулж өгсөн гэх сумын ИТХ-ын ажлын албаны дарга Г.П мэдүүлэг[1], Монгол ардын намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч нараа анхдугаар хуралдаанд оролцуулах тухай анхдугаар хуралдааны тов тогтоосон шийдвэрийг хүлээн авч бүгдэд нь өөрийн биеэр мэдэгдэж оролцуулсан, ямар нэгэн бэрхшээл гараагүй гэх гэрч У.Ц мэдүүлэг[2], тодорхой шалтгааны улмаас анхдугаар хуралдааны товыг өөрчлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан гэх Сагил сумын Ардчилсан намын дарга С.Б мэдүүлэг[3], шинээр сонгогдсон төлөөлөгч нарт зар хүргэх үүрэг сумын Ардчилсан намын даргад байхгүй, надад анхдугаар хуралдааны зар ирээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, хуралдааны өмнөх өдөр Ардчилсан намын дарга С.Б над уруу утсаар ярьж хуралдаан болох юм байна, яриа хөөрөө хийвэл ямар вэ гэж асууж байсан гэх хариуцагч сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан даргалагч Б.О н тайлбар зэрэгт дүгнэлт хийж үзвэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд анхдугаар хуралдааны товыг хэрхэн яаж хүргэх, мэдээлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс гадна, анхдугаар хуралдааны тов тогтоосон 23 дугаар тогтоолоор хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг сумын ИТХ-ын ажлын албанд үүрэг болгосноор төлөвлөгөө гарган уг тогтоолыг мэдэгдсэн, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын ИТХ-д чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгч нар нь адилхан нөхцөлд өөр өөрөөр хандаж, зөвхөн улс төрийн хувьд өөрт ашигтай байдлыг үүсгэж хуралдаанд зориудаар оролцоогүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д: “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж хуульчилсан байна. Сагил сумын ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх авсан нэхэмжлэгч Ө.Д ьнь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байснаа илэрхийлж, зөвхөн анхдугаар хуралдааны урилгыг албан ёсоор өгөөгүй тул хүрэлцэн ирээгүй гэж тайлбарлаж маргаж байгаа бөгөөд өөр үндэслэлээр маргахгүй байна. Тэгэхээр дээрх хуулийн заалтаас үзэхэд хориглосон хэсэгт үл хамаарах нь хүндэтгэн үзэх шалтгаан байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 03 сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолын 10 дугаар зүйлд: “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно” гэж тайлбарласныг эх сурвалж болгон үзвэл нэхэмжлэгч нь хуулийн тайлбарт дурдсанчлан нөхцөл байдалд байгаагүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д зааснаар нэхэмжлэгч Ө.Д төлөөлөгчийн хувьд хуралдаанд зориудаар оролцоогүй гэж үзэж, хуралдааныг цааш нь үргэлжлүүлсэн Сагил сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан даргалагч, мөн Хурлын даргын үйлдлийг дээрх хуулийн заалтуудын хүрээнд уг заалтуудыг зөв хэрэглэсэн, хуулийн дагуу байна гэж шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь би төлөөлөгч болоогүй байсан, тиймээс дээрх хуулийн заалтанд хамаарахгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь сумын Сонгуулийн хорооноос хэсэгт явагдсан санал хураалтын үр дүнд олонхийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсоныг нотолж, түүнд сумын ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулсан байна.
Сагил сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга болон тэргүүлэгчийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх, хуралдааны дэг батлах, хороо байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөн хэлэлцсэн явдал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.5, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн заалтуудад нийцсэн гэж үзнэ. Нөгөө талаар дээрх асуудлуудыг анхдугаар хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол уг хуралдаанаараа заавал хэлэлцэж дуусгах байсан байна. Яагаад гэвэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “... Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... Хурлын тэргүүлэгчдийг сонгох”, 23 дугаар зүйлийн 23.13-т “... анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг... шийдвэрлэх” зэргээр тус тус заасан байгаа нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх байсан байна. Ийнхүү Сагил сумын ИТХ-ын 2016 оны 11 сарын 02-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална”, 25.2-т заасан “Хурлын тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэсэнтэй нийцэж, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүхээс үзлээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан бүрэн эрхээ нэхэмжлэгч Ө.Д өөрөө хуралдаанд оролцож хэрэгжүүлээгүй нь хуралдаан даргалагчийн буруугаас болсон гэх үндэслэл байхгүй байна.
Зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаантай асуудалд хандсан, Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар нь ИТХ-ын анхдугаар хуралдаанд хүрэлцэн ирж суугаагүй авч уг хуралдаанаас тэдний эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гараагүй, төлөөлөгчийн хувьд холбогдох хуульд заасны дагуу ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд нь гаргаж өгсөн, түүнчлэн нэхэмжлэгчийн нэгэн адил Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдож анхдугаар хуралдаанд оролцоогүй төлөөлөгч болох Х.С , Т.Ж , Б.Г, Х.Б нар нь сургалтанд суух, дараагийн хуралдаанд суух зэргээр төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байгааг тус тус тэмдэглэж байна.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9, 25.1, 25.2-д заасныг баримтлан Ө.Даваагийн “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 89-91-р хуудас
[2] Хавтаст хэргийн 83-85-р хуудас
[3] Хавтаст хэргийн 77-79-р хуудас