Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0959/З |
Дугаар | 221/МА2019/0057 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2019/0057
2019 оны 01 сарын 30 өдөр |
Дугаар 221/МА2019/0057 |
Улаанбаатар хот |
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллгааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ж.А нарын давж заалдах гомдлоор, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал Д.Т 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“НХААГ-18/0074 дугаартай тендерт “П” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.7, 54 дүгээр зүйлийн 54.5, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55.2, 55.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “НХААГ-18/0074 дугаар тендерт “П” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т зааснаар нэхэмжлэгчээс “Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 6-1/6455 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32018/7876 дугаар захирамж хүчингүй болсныг дурдаж” шийдвэрлэжээ.
Гурав: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүх Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6709 дүгээр албан бичгээр гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55.2, 55.3-д заасан “захиалагчийн явуулсан тендерийн үнэлгээг дахин хийх шаардлагатай гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн тендерт оролцох эрхийг хязгаарлаагүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэсэн үндэслэл дурдсан.
Нэхэмжлэгч Сангийн яамыг дээрх шийдвэр эрхтэй эсэх талаар маргаагүй. Харин тус үндэслэлгүйгээр тийнхүү шийдвэр гаргалаа гэж маргасан.
Сангийн яамнаас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаас “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх болсон үндэслэлүүдтэй нэхэмжлэгч дараах байдлаар маргаж шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлосон.
№ | Сангийн яамны үндэслэл | Тус үндэслэлийг няцааж буй нэхэмжлэгчийн үндэслэл |
1 | Холбоо, дохиолол, мэдээллийн технологийн инженерт санал болгосон М.У нь 2018 оны 5 сард ажлаас чөлөөлөгдсөн, НД8 маягтын 6,7 сарын жагсаалтад байхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ын ТОӨЗ-ын 6.2(в) заалтыг хангахгүй.
| Холбоо, дохиолол, мэдээллийн технологийн инженерт Тендерийн баримт бичиг ТШӨХ-ын ТОӨЗ-ын 6.2(в) з-д “Ерөнхий инженер, барилгын инженер, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын инженер” зэрэг албан тушаалтанууд нь үндсэн ажилтан байх шаардлага тавьсан бөгөөд харин “холбоо, дохиолол мэдээллийн технологийн инженер” үндсэн ажилтан байх шаардлага тавиагүй.
|
2 | Ажлын талбайн зохион байгуулалтын зургийг баталгаажуулаагүй.
| ТШӨХ-ын ТОӨЗ-ын 13.1(ж)-д Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж баталгаажуулан ирүүлнэ” гэж заасан. Талбайн зохион байгуулалтын зургийг тус компанийн ерөнхий инженер А.Г гүйцэтгэж, тус компанийн захирал бөгөөд гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулан хүргүүлсэн тул захиалагчаас тавигдсан техникийн нөхцөлийг хангасан. Тендерийн баримт бичигт баталгаажуулах загвар маягт өгөгдөөгүй тул дээрх байдлаар баталгаажуулж хүргүүлсэнийг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй.
|
3 | Зураг төсөл боловсруулах гэрээг барилгын холболтын зураг төсөл боловсруулах гэж хийсэн ирүүлсэн.
| “П” ХХК-ийн тухайд зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий “Т” ХХК-тай Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 240 ортой Цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөл боловсруулах талаар, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээ нь Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан иж бүрэн зураг төслийн гэрээ болно. Тус гэрээний нэрэнд “холболтын” гэх үг орсон нь гэрээний харилцааг өөрчлөхгүй бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-д “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу тус гэрээг тодорхойлохдоо нэрэнд бус агуулгад нь үндэслэн тодорхойлох ёстой. Мөн ТОӨЗ-ын 13.1.ж-ын 6,7,8 “холболтын зураг, зураг төсөв, зураг төсөл” гэх нэршлүүдээр тус агуулгыг илэрхийлсэн бөгөөд үний дагуу “холболтын” гэх нэр хэрэглэсэн нь тендерт нийцнэ. /Тендерийн баримт бичиг хуудас -33-т/
|
Гэвч шүүхээс Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэсний үндсэн дээр гаргасан захиргааны актын дээр дурдсан үндэслэлүүдийг хянан шалгаж дүгнэлт өгсөнгүй.
Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “захиргааны акт” хууль бус эсэхийг шалган тогтоох улмаар тус хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгах ёстой.
Тухайн маргааны хувьд “П” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож улмаар дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхийг шалган тогтоож энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх ёстой.
Гэтэл шүүх дээрх үйл процесс, дүгнэлтүүдийг тус бүрчлэн хийгээгүйгээс гадна нэхэмжлэгчид “эрх олгосон” шийдвэрийг хүчингүй болгосон “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт”-ыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн дүгнэлт “нэхэмжлэгчид тендерт дахин оролцох боломж байгаа тул” “түүний гэрээ байгуулах эрх олсон” шийдвэрийг Сангийн яам хууль бусаар хүчингүй болгох эсэх нь чухал биш, дахин үнэлгээ явуулах шийдвэр нь хууль бусаар гарсан эсэх нь мөн чухал биш.
Үүгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” үндсэн зорилгоо хэрэгжүүлээгүй бөгөөд тус хуулийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн
а.Захиргааны актын тухайд
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зохицуулсан
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хуульд заасан эрхийн хүрээнд захиалагчийн явуулсан тендерийн үнэлгээг дахин хийх шаардлагатай гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн тендерт оролцох эрхийг хязгаарлаагүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэснээс үзвэл тендерт дахин оролцох боломжтой тул эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын дээрх шинжийг агуулаагүй гэсэн дүгнэлт ажээ.
Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр нь нэхэмжлэгчийн Нийсэлийн худалдан авах газрын 2018 оны 10 дугаар сарын 4-ний үнэлгээний хорооны шийдвэрээр олж авсан “гэрээ байгуулах эрх”-ийг хүчингүй болгосон Захиргааны ерөнхий хуулийн 37.5-д тодорхойлсон “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” мөн.
Тус шийдвэр нэхэмжлэгчийн “гэрээ байгуулах эрх”-ийг хүчингүй болгосон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс хойш 5 хоногын дараа гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхлэх“ хууль ёсны ашиг сонирхлыг аль алийг зөрчсөн.
б.Гомдол хянан шийдвэрлэх үйл процессын тухайд
Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэл болгон “Сангийн яам “А” ХХК-ийн гомдлыг хянан шалгах үйл ажиллагаагаа Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гомдол хянан шийдвэрлэх журмаар явагдаагүйн улмаас хууль бус шийдвэр гарсан байна гэж маргасан.
Шүүхээс Сангийн яаманд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Захиргааны ерөнхий хуульд заасан тус үндэслэл огт хэрэгжээгүй болох нь тогтоогдсон.
Гэтэл шүүх “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т гомдол шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байна” гэж үндэслэн бөгөөд үүний үр дагавар нь “захиалагчийн шийдвэрт гаргасан гомдол шийдвэрлэх ажиллагааны журмыг тус хуулиар тогтоогоогүй” байна гэсэн дүгнэлт мөн.
Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу тус гомдол шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан журам үйлчлэх ёстой.
3.Шүүхийн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэнгүй.
Шүүхийн шийдвэрт “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь нэхэмжлэгч “П” ХХК-ийн зүгээс Сангийн яамны “өмнөх үнэлгээний шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ явуулахыг даалгасан” шийдвэртэй холбогдуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан талаараа 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт албан бичгээр мэдэгдэж “сангийн яамны шийдвэрийг шүүх хянан шийдвэрлэх хүртэл дахин үнэлгээ явуулахгүй байхыг хүссэн” байхад 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-т “Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн “дахин үнэлгээ хийсэн үйл ажиллагаа, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр тус бүр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн тус шийдэл, агуулага, үндэслэсэн хуулийн заалтаас үзэхэд “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь өөрийнх нь өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл дахин үнэлгээ явуулах ёсгүй байсан” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэлийн үндэслэл ч ийм агуулгатай тул дээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Гэсэн атлаа “Сангийн яамны шийдвэрийг тус шүүх нь өөрөө эцэслэн шийдвэрлээгүй” нь шүүхийн шийдвэр өөрөө өөрийгөө үгүйсгэсэн логикийн зөрчилтэй болжээ.
Тус шийдвэрийн үр дүнд шүүхийн үгүйсгэсэн дахин үнэлгээ дахин явагдах үр дагавар үүсэж байгаа бөгөөд дахин үнэлгээ явуулах нь нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд үүний үр дүнд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн гэж үзэх боломгүй.
Шүүх нэгэнт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дахин үнэлгээг хүчингүй болгосон шийдвэрлэсэн тул Сангийн яамны шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэсэн тохиолдолд “П” ХХК-ийн гэрээ байгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан шийдвэрлэж 820 дугаар шийдвэрийн “НХААГ-18/0074 дугаартай тендерт “П” ХХК-ыг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож тус шаардлагыг хангасан байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Дөрөв: Гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б мөн дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Нэхэмжлэгчээс Сангийн яамны НХААГ-18/0074 дугаар “Пи Эм” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан талаар 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт албан бичгээр мэдэгдсэн гэжээ.
Гэтэл анхан шатны шүүх “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо тус албан бичгийг хүлээн авсан, танилцсан эсэхийг тодруулалгүйгээр шууд албан бичгийг хүлээн авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад мэдсээр байж маргаантай байгаа тендерийн баримт бичгийг үнэлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
2. Сангийн яамнаас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Гомдол хянасан тухай” 6-1/6709 дугаар албан бичигт “...“П” ХХК-ийн хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерийн баримт бичиг нь шаардлага хангасан эсэхийг заалт бүрээр үзэхэд тодорхой шаардлагуудыг хангаагүй байгаа учраас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “П” ХХК-ийн тендерийн баримт бичгийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож үнэлгээг зохих журмын дагуу хийж хуульд нийцсэн шийдвэрл” гэсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шийдвэрлэх ба энэ эцсийн шийдвэр болно” гэж заасан байдаг.
Сангийн яам “А” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал шаардлага хангаагүй байгаа талаар дүгнэсэн эцсийн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй байгаа учраас одоо дахин тендерийн үнэлгээ хий бусад тендерийн материалууд дунд шалгаруулалт явуул гэсэн агуулгатай шийдвэр гаргасан.
“П” ХХК-ийн тендерийн баримт материалтай холбоотой тодруулах дахин нягтлах тус компанийн тендерийн баримт бичгийг дахин үнэл гэсэн үг үсэг байхгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед ...шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан нь нэгдүгээрт шаардлагад нийцсэн тендерт хамааралтай, хоёрдугаар нэг үе шаттай тендерт нэг л үнэлгээ хийх тухай зохицуулалт юм.
Маргаан бүхий тендер нь нэг үе шаттай тендер тул нэг л тендерийн үнэлгээ хийнэ, тендер үнэлэх ажиллагаа хууль бус болсон гэж үзээд хийгдэж буй тендерийн үнэлгээ бол тусдаа ойлголт юм.
Хууль болон журамд дахин үнэлгээ хийх тохиолдолд тендерийн хороо хэрхэн ажиллах талаар зохицуулаагүй. Гэтэл анхан шатны шүүх “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу шаардлагад нийцсэн, нийцээгүй бүх тендерт дахин үнэлгээ хийх шаардлагатай байсан” гэж дүгнэлт хийсэн нь хууль ёсны бус болсон.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан тул дахин үнэлгээ хийж байгаа тохиолдолд нэгэнт үнэлэгдсэн тендерүүдээс хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгосон Үнэлгээний хорооны үйл ажиллагаа шийдвэр үндэслэлтэй байна.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрт дурдсан зөрчлийн үндэслэл тус бүрийг дахин хэлэлцэлгүйгээр, өөрөөр хэлбэл тендерт оролцогчдын тендерийн бичиг баримтад дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулалгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн. Сангийн яамны гомдол хэлэлцээд гаргасан шийдвэр “эцсийн шийдвэр байна” гэж заасан байхад Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрт заасан зөрчлийг дахин хэлэлцэх эрх хэмжээ байхгүй байхад шүүх дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав: гуравдагч этгээд “А” ХХК, “Н” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А мөн шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Үнэлгээний хорооны “П” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг Сангийн яам өөрийн бүрэн эрхийн хүрээнд дахин нягтлан шалгасны үндсэн дээр “тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 /в/, ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/-ийн 5, 8 дахь заалтыг хангахгүй байна” гэж үзсэн тул захиалагчийн гаргасан үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, энэ тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийж хуульд нийцсэн шийдвэр гаргахыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байдаг.
2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Үнэлгээний хороо дахин хуралдаж оролцогчдын тендерийн материалыг нэгбүрчлэн шалгасны үндсэн дээр “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаас тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах талаар хариу ирүүлсэн.
“П” ХХК, “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийн тендерийн материалд үнэлгээ хийх санал гарч, улмаар материалыг дахин шалгаж үнэлсний үндсэн дээр “гишүүдийн 75 хувийн саналаар “П” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзлээ” гэдэг дүгнэлтэнд хүрч, үүнийг гишүүдийн 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрсөн тухай хурлын тэмдэглэл гарсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасантай нийцсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл “П” ХХК болон “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийн тендерийн материалыг журмын дагуу дахин үнэлсэн.
Мөн анхан шатны шүүхээс “...“П” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайгаа захиалагчид мэдэгдсэн нь дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д зааснаар дахин үнэлгээ явуулж, гэрээ байгуулах эрх олгох боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба ийнхүү гомдол гарсан тул өнөөдрийг хүртэл гэрээ байгуулагдаагүй байгаа.
Үнэлгээний хороо тендерт оролцогчдын материалыг зохих ёсоор дахин үнэлсний үндсэн дээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 02/1547 дугаар албан бичгээр “П” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 /в/, ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/-д заасныг хангахгүй, шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсныг мэдэгдсэн байна.
Мөн “П” ХХК-иас “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хянаж өгөх тухай гомдлыг Сангийн яам хянан үзээд шаардлага хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу үргэлжлүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/7305 дугаар албан бичгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт, хувийг “П” ХХК-д хүргүүлсэн. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 02/1649 дүгээр албан бичгээр “...2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулна уу” гээд холбогдох материалуудыг хүргүүлсэн нь хүчин төгөлдөр байгаа.
“П” ХХК-ийн гомдлоор манай түншлэлийн тендерийн материалд мөн хяналт шалгалт хийж үзээд “түншлэлийн ирүүлсэн материал шаардлага хангасан” гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байгааг Сангийн яам болон захиалагчаас дахин нотолсон байхад “П” ХХК шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж тендерийн ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна.
Түншлэгчдээс тендерийн баталгаа болгон 25.000,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосны дараа гүйцэтгэлийн баталгаа болгон 108.596,039 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус төлсөн.
Иймд анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0820 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, харин гуравдагч этгээдүүдийн гомдлыг хэрэгсэхгүй болгов.
“П” ХХК-иас Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлдээ хариуцагчийн “А” ХХК-иас гаргасан гомдлыг хянах эрх хэмжээтэй эсэхэд бус харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих НХААГ-18/0074 дүгээр тендерт тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийлгэх шийдвэр гаргах болсон үндэслэлүүдийг эс зөвшөөрч маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гомдлыг хянан шийдвэрлэх эрх олгосон зохицуулалтын хүрээнд “Сангийн яамны шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ингэснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.
Сангийн яамны дээрх шийдвэрээр “П” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаад,
Холбоо, дохиолол, мэдээллийн технологийн инженерт санал болгосон М.У нь 2018 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн нь нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн, НД8 маягтын 6, 7 дугаар сарын жагсаалтад нэр нь байхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2(в) заалтыг хангахгүй;
-ажлын зохион байгуулалтын зургийг ирүүлсэн боловч баталгаажуулаагүй байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1(ж)-ийн 5-д заасныг хангахгүй;
-зураг төсөл боловсруулах гэрээг “барилгын холболтын зураг төсөл боловсруулах” гэж хийсэн нь ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1(ж)-ийн 8-д заасныг хангахгүй” гэж буруутгасныг тус бүрт нь дүгнэвэл:
1.Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 6.2(в)-д зааснаар ерөнхий инженер, барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтнууд байх шаардлага тавигдсан, Холбоо, дохиолол, мэдээллийн технологийн инженерийн хувьд үндсэн ажилтан байх бус харин мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх, энэ нь тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажсан байхыг шаардсан байна.
Гэтэл Сангийн яамнаас ТОӨЗ-д заагаагүй шаардлага тавьж, М.У, “П” ХХК”-ийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
2.ТОӨЗ-ны 13.1(ж)-ийн 5-д заасан “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж баталгаажуулан ирүүлнэ” гэсэн шаардлагын дагуу “П” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 151 дэх талд авагдсан СХД-ийн 30-р хороо, 125 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын талбайн зохион байгуулалт, бүдүүвч схем зурагт компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарагдсан байхад “баталгаажуулаагүй” гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл ажлын талбайн зохион байгуулалтын зургийг хэрхэн баталгаажуулах талаар ТОӨЗ-д тодорхой шаардлага тавигдаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан зурагт төлөвлөж буй барилга, ажилчдын түр байр, барилгын агуулах, өргүүрийн аюултай бүс, элс хайрганы цэг, орц гарц зэргээр тухайн барилгыг барихтай холбоотой ажлын талбайн зохион байгуулалтын бүдүүвч бүрэн хийгдсэн байна.
3.ТОӨЗ-ны 13.1(ж)-ийн 8-д “Зураг төсөл боловсруулах байгууллагатай зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан байна. Зураг төслийг холбогдох тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлнэ. Гэрээнд хийгдэх ажил, үнийн дүнг тодорхой тусгасан байна” гэсэн шаардлагад нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийн 88 дахь талд авагдсан “Т” ХХК-тай байгуулсан “240 ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөл боловсруулах гэрээ” нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь уг гэрээний 1.2-т зураг төсөл боловсруулах, ажлын чанар, үнэ, гүйцэтгэх хугацаа, үүрэг, хариуцлагыг, 1.3-т барилгын зураг төсөв боловсруулах хугацааг, 1.5-д зураг, төсөв зохиох ажлыг хэрэгжүүлэх техникийн нөхцөл, эскиз батлуулах, зургийн даалгавар боловсруулах харилцааг, 1.6-д гэрээний үнийг, мөн гэрээний хавсралтад зураг төсөл боловсруулах ажлын үнэ зохиолт зэргийг тус тус тусгасан байгаагаас үзэхэд зөвхөн гэрээний нэрийг “холболтын зураг төсөл боловсруулах” гэж тодорхойлсноороо ТОӨЗ-ны 13.1(ж)-ийн 8-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэх болохгүй.
Сангийн яамнаас дээрх 3 үндэслэлээр нэхэмжлэгч “П” ХХК-ийг тендерт шалгаруулсныг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгасан хэрнээ “Н” ХХК, “А” ХХК-ийн түншлэлийг /цаашид түншлэл гэх/ шалгаруулсан шийдвэрийн талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянасан тухай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7305 дугаар албан бичигтээ “…дээрх түншлэлийн ирүүлсэн материалыг тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзсэн нь Сангийн яамнаас нэг нөхцөл байдалд өөр өөр буюу өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн агуулгатай байр суурь илэрхийлсэн гэж дүгнэхээр байна.
Тухайлбал 2 дахь үнэлгээгээр шалгарсан түншлэлийн тухайд дээрх 3 шаардлага хэрхэн хангагдсан болохыг харьцуулж үзвэл:
1.Түншлэлийн тендерийн баримт бичгийн 175-176 дугаар талд авагдсан Холбоо, дохиолол, мэдээллийн технологийн инженерт санал болгосон Б.О 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулснаас үзэхэд тэрбээр түншлэгч компаниудын аль алиных нь үндсэн ажилтан биш төдийгүй ТОӨЗ-ны 6.2(в)-д заасан мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шаардлага хэрхэн хангагдсан нь тодорхойгүй, үүнийг нотлох ямар ч баримт авагдаагүй байна.
Гэтэл нэхэмжлэгч компанийн санал болгосон инженер М.У нь 2015 оноос 2018 оны 5 дугаар сарын 10 хүртэл “П” ХХК-д холбооны инженерээр ажиллаж байсан болох нь тус компанийн тендерийн баримтын 21-23 дахь талд буй Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 50 дахь талд буй М.У нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус тогтоогддог.
2.Түншлэлийн тендерийн баримт бичгийн 184 дүгээр талд авагдсан барилгын талбайн зохион байгуулалтын зураг нь “баталгаажуулалт”-ын хувьд нэхэмжлэгчийнхээс чухам юугаараа илүү болох нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан ажлын зурагт компанийн захирал Д.Т гарын үсэг зурж, тамга дарсан, харин түншлэгчийнхэд “А” ХХК-ийн захирал Ц.З мөн л гарын үзэг зурж тамга дарсан байна.
Зургийн толгой хэсэгт “Батлав” гэж бичээд тамга дарах, эсхүл “Батлав” гэсэн бичиглэлгүйгээр “Хянасан” хэсэгт захирал нь гарын үсгээ зурж, зургийн зүүн доод талд тамга дарах 2-ын хууль зүйн үр дагаврыг шүүхийн зүгээс Сангийн яамны нэгэн адил ялгамжтайгаар дүгнэх боломжгүй.
3.ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 13.1(ж)-ийн 8-д заасан “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г түншлэлийн зүгээс нэр бүхий компаниудтай “туслан гүйцэтгэх” гэсэн нэрээр байгуулсан болох нь тендерийн баримт бичгийн 32-52 дахь талд авагдсан, гэтэл Сангийн яамнаас нэхэмжлэгчийн байгуулсан гэрээг нэршлийн хувьд “холболтын зураг төслийн гэрээ” гэж хийсэн нь буруу гэж үзэж буй энэ тохиолдолд “туслан гүйцэтгэх” нэрээр хийгдсэн гуравдагч этгээдийн гэрээнүүд ч дээрх шаардлагад нийцмээргүй мэт.
Бодит байдалд түншлэгч “А” ХХК-иас цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төслийн ажил гүйцэтгэгчээр “А” ХХК, “И” ХХК, “М” ХХК болон “Ш” ХХК-тай байгуулсан болон нэхэмжлэгч “П” ХХК-ийн “Т” ХХК-тай байгуулсан гэрээний аль аль нь захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн хангаж ТОӨЗ-ны 13.1(ж)-ийн 8-д нийцсэн, өөрөөр хэлбэл дээр дурдсан гүйцэтгэгч компаниуд зураг төслийн мэргэжлийн тусгай зөвшөөрөл, ажлын туршлагатай болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тендерт хавсаргасан баримтаар хангалттай тогтоогдоно.
Үндсэндээ тендерийн Үнэлгээний хороо болон захиалагчийн зүгээс тухайн үед Сангийн яамны буруутгаад байгаа 3 үндэслэлийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алиных нь хувьд тендер шалгаруулалтад нөлөөлөхүйц хэмжээний зөрчил биш гэж үзсэн нь зөв, энэ талаар ч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд тендерийн Үнэлгээний хороо эхний шалгаруулалтаараа нэгэнт шаардлагад нийцсэн тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмблэх байдлаар .......... төгрөг санал болгосон түншлэлээс бага буюу ........... төгрөг санал болгосон нэхэмжлэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасантай нийцжээ.
Иймд дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн хууль болон ТШӨХ, ТОӨЗ-д нийцээгүй Сангийн яамны шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгосноор уг шийдвэрийн дагуу хийгдсэн Үнэлгээний хорооны дахин үнэлгээний шийдвэр мөн адил хууль бус байх үр дагавартай тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох боломжгүй.
Нэхэмжлэгч, гуравдагч нарын давж заалдах гомдолд дурдагдаагүй ч процессийн шинжтэй зарим зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг илт үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, эсхүл өөрчлөх боломжтой болохоос бус актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн 2018 оны 7876 дугаар захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох агуулгаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгов.
Учир нь уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчинтэй, иймд захирамжийг тусгайлан хүчингүй болгох шаардлагагүй болно.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор “хүчинтэй болох” болохоос бус “хуулийн хүчин төгөлдөр болж буй хэрэг огт биш, энэ нь уг хуулийн 110 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах тул хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож буй нь хууль зүйн хувьд аль ч утгаараа үндэслэлгүй.
Мөн хэргийн шийдэлд нөлөөлөхгүй ч шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нэрийг “Л.И” гэж ташаа бичсэнийг;
-шийдвэрийн Тогтоох хэсэгт бичиглэлийн хувьд “…хүчингүй болгуулах нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж,” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.7-д заасан “Тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байх” шаардлагад нийцээгүйг;
-“Н” ХХК, “А” ХХК-ийн түншлэлийг гуравдагч этгээдээр татахаас өмнө уг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэснээр хуулийн 70 дугаар зүйлийн 70.7-д заасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно” гэснийг зөрчсөн болохыг;
-шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7876 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангахдаа түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг бус харин нэхэмжлэгчид хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 02/1547 дугаар шалгараагүй тухай мэдэгдлийг түдгэлзүүлснээс шалтгаалж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандаж түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж, шаардлагыг тус тус хүргүүлэх, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шүүхэд хандаж тодруулга хүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байгааг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.7.3, 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасныг баримтлан “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6709, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар “А” ХХК, “Н” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “…хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулж…” гэснийг “хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж” гэж, “4” дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, З дахь заалтыг бүхэлд нь хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “П” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, гуравдагч этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН