| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0672/Э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 472
Ч.Л, Д.П нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.П-ийн өмгөөлөгч Г.Урангуа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 673 дугаар магадлалтай, Ч.Л, Д.П нарт холбогдох 2006014430699 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Бадрангуй тэмүүлэл” ХХК-ийн борлуулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч.Л,
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Мажик Клауд” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Д.П нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.П, Ч.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-г 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Л-г 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэ бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох, Д.П-ийн хувьд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж, ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд Ч.Л-ийг 500,000 төгрөгөөр торгож, Д.П-г 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх заалтыг буруу тайлбарласан. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж хуульчилжээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх хэрэгт гагцхүү ял оногдуулснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх мэт ойлгогдохоор тайлбарлаж, шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай зөрчилдөж байна. Учир нь Д.П, Ч.Л нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь илтэд ялгаатай болох нь хэрэгт авагдсан 465, 3735 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэргээс тодорхой харагдана. Түүнчлэн, уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотой ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зохицуулсан. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэх зохицуулалтыг зөрчиж шийдвэрлэсний улмаас Д.П-гийн эрх зүйн байдал дордсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй шалтгаан үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Прокуророос шүүгдэгчтэй ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тийм учраас хяналтын шатны шүүх хуралдаанаар дээрх асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч Г.Урангуа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зөвхөн хариуцлага хүлээлгэхгүй байна гэсэн хандлагатай байсан. Эрүүгийн хуулийн зорилго нь хүнийг нийгэмшүүлэхдээ ял болон албадлагын арга хэмжээг аль алийг нь хэрэглэж болохоор зохицуулсан. Улсын яллагч л бол ял оногдуулах ёстой гэж прокурорыг загнаж байсан. Шүүгдэгч Ч.Л-ийн эрүүл мэндэд учирсан хор уршиг бүрэн арилсан. Харин тухайн үед Д.П-гийн эхнэр төрсөн байсан учир гэм буруугаа хүлээсэн буюу бид үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Хэрэв прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд эргэлзсэн бол Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын шатны шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ч.Л, Д.П нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Прокуророос Ч.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох, Д.П-г Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналаа яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.П, Ч.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй, чанд мөрдөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан бөгөөд шүүх прокурорын саналыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг хуульд дурдсан нөхцөл байдлыг хангасан эсэхийг шалгаж, үзэж мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрлэхээр тодорхой заасныг үл хайхран шүүгдэгч Д.П-гийн эрх зүйн байдлыг илтэд дордуулан шийдвэрлэжээ.
Шүүх прокурорын ялын саналыг шударга ёсыг хангаагүй онцгой тохиолдолд харгалзан үзэхгүй байж болох боловч үндэслэл, шалтгаанаа батлан тодотгох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан 465, 3735 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон бусад нотлох баримтуудаас харахад Д.П, Ч.Л нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь эрс ялгаатай, харилцан адилгүй болох нь тодорхой байх тул прокурорын санал Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд бүрэн нийцсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 673 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахаас чөлөөлж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Ч.Л-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН