Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 535

 

С.М, С.Ц, С.Л

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Б.Буян-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 700 дугаар магадлалтай, С.М, С.Ц, С.Л нарт холбогдох 201625020877 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1960 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, “Дээд өнгө” ХХК-ийн захирал ажилтай, ял шийтгэлгүй, Б овогт С-ийн Ц.

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “МТШ” ХХК-ийн захирал ажилтай, ял шийтгэлгүй, Б овгийн С-ийн Л.

3. Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Дээд өнгө” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Б овгийн С-ийн М.

Шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7.8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг нь өсгөөд өгье” гэх мэтээр төслөө хэрэгжүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Т.Б-ыг “2 дүүгийн хамт зээл авах гэж байгаа, зээл гаргахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы гудамжны 1558А тоотод байрлах 416 мкв амины орон сууцыг газрын хамт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэлт миллион” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан 35.000.000 төгрөгийн,

2013 онд Монгол улсын Засгийн газраас зарласан “Экспортыг дэмжих импортыг орлох 888” төслийн шалгаруулалтад спорт хувцасны төсөл боловсруулж оролцон шалгарч 2.25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах байсан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд урьд нь авсан байсан 1.3 тэрбум төгрөгийн зээлээ төлөхийн тулд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр уг банкны зээлийн барьцаанд хохирогч Р.Бямбацогтын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 12 дугаар байрны 27, 63, 64 тоот нийт 4 өрөө бүхий 3 байрыг, мөн түүний баз хүргэн болох хохирогч Ч.Ц-ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамжны 12 дугаар байрны 12 тоот 4 өрөө байрыг 2 тэрбум төгрөгийн барьцаанд тавиулж,

2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Б-гээс 2011 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгслийг 108.000 ам.доллароор худалдаж авахдаа 1 сарын дотор мөнгийг нь бүрэн төлж барагдуулна хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт худалдах, худалдан авах гэрээ байгуулан С.М нь 165 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөн өдөр хохирогч Б.Б-О-оос 05-70УНЧ улсын дугаартай 125 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 78.000 ам.доллароор худалдан авахаар тохиролцож, мөнгийг 1 сарын дотор бүрэн төлж барагдуулна хэмээн машиныг нь авч,

Шүүгдэгч Ч.Мягмаржав, С.Ц нар нь бүлэглэн дээрх аргаар   2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хохирогч Б.О-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хорооллын ХД-42 дугаар байрны 11 тоот 2 өрөө 58.9179 м.кв талбайтай байрыг 158.000.000 төгрөгөөр худалдан авна хэмээн хуурч “Ориент Инвест” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, 2014 оны 01 дүгээр сард бараа материал авах мөнгө хэрэгтэй байна хэмээн хуурч 23.600.000 төгрөгийг,

2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Д.О-ээс манай компани тендерт оролцоод Аж үйлдвэрийн яамнаас дэмжигдээд 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, барьцаа хөрөнгө шаардлагатай болоод байна, чи эд хөрөнгөө барьцаалах юм бол 1 тэрбум төгрөгийг нь аваарай, би чиний барьцаалсан хөрөнгийг 1 сарын дотор чөлөөлөөд өгчихнө гэж хэлж Аж үйлдвэрийн яамны бичиг мөн оёдлын үйлдвэрийн гэрчилгээг үзүүлэн Баянзүрх дүүргийн нутагт байх “Шилэн зах” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхруудыг банк бус санхүүгийн байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан зээл авч 50.000 долларыг авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “... шүүгдэгч С.Ц, С.М, С.Л нарт холбогдох хохирогч Ч.Ц, Р.Б нарыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б овгийн С-ийн Ц, Б овогт С-ийн М, Б овогт С-ийн Л нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 04 жил, С.Лхагвасүрэнг 03 жил, С.М-ыг 06 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цад оногдуулсан 04 жил, С.Л-д оногдуулсан  03 жил, С.Мт оногдуулсан 06 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэн, С.М нарын урьдчилан цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, С.Лхагвасүрэн, С.М нараас 413.913.307 төгрөгийг гаргуулж,

-Хохирогч Б.Оюунчимэгт “... 138.613.307 төгрөгийг ...”,

-Хохирогч Т.Баярсайханд “... 104.000.000 төгрөгийг ...”

-Хохирогч Д.Оюунчимэгт “... 171.300.000 төгрөгийг ...” тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Ч гаргасан гомдолдоо “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 700 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Магадлалд “...шүүгдэгчид ял сонсгоогүй Эрүүгийн хуулийн зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарна...” гэж дүгнэсэн.

1. Хавтаст хэргийн 15хх 195 дугаар талд буй 2017.07.18-ны өдрийн №29 дугаар бүхий прокурор З.Энхжаргалын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор С.Лхагвасүрэнг ЭХТА-н 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан. Мөн 21хх 206-207 дугаар талд 2019.10.29-ний өдрийн №105 дугаар бүхий прокурор Т.Цэнд-Аюушийн “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор 2017.07.18-ны өдрийн тогтоолд өөрчлөлт оруулсан.

Харин магадлалд дурдагдаж буй 2018.11.27-ны өдрийн №283 дугаар бүхий прокурор Ж.Б-Э-ийн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /21хх 20-21/ тогтоол нь эрүүгийн 2015 2501 3176, 2015 2501 0846, 2015 2503 0092, 1811 00239 дугаар бүхий хэргүүдийг нэгтгэн шалгаад зөвхөн хохирогч Т.Баярсайханы 35.000.000 төгрөгийн хохирол бүхий хэргийг ЭХТА-н 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэж харагдахаар байна. Түүнээс биш С.Л нь хохирогч Т.Баярсайханаас гадна Ч.Цогтбаяр, Б.Бямбацогт, С.Баасансүрэн нарыг залилах хэрэгт хамтран оролцсон оролцоо байсан учраас анхан шатны шүүх түүнийг ЭХТА-н 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсон юм.

2. Мөн магадлалаар “...гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх, учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино...” хэмээн хэргийг прокурорт буцаасан.

Гэвч энэхүү 22 хавтас бүхий хэргээс харвал дээрх байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэхээр байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, санаа зорилгыг нотлон тогтоож чадсан байна.

Шүүгдэгч нарын үйлдлийн хувьд ЭХТА-н 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гол шинж нь “...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ...эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх диспозици юм.

Өөрийн үйлчлүүлэгч Б.Оюунчимэгтэй холбоотой үйлдэл дээр жишээ авахад 2013.11.22-ны өдрийн байдлаар гэхэд С.М, С.Ц нарын Б.Оюунчимэгт ярьж, итгүүлж байсан зүйл нь бодит бус бөгөөд 10хх 69-73 талд авагдсан баримтаас харвал 23.2 сая, нэмэлтээр 23.2 сая нийт 46.4 сая төгрөгийн зээл л батлагдаж байсан болох нотлогдож байна. Гэтэл хохирогч Б.Оюунчимэгт “10 тэрбум төгрөгийн зээл авах гэж байна, чамд тэр мөнгөнөөс 200 сая төгрөгийг нь зээлүүлнэ, мөн байрыг чинь 158 сая, Шаргаморьтын байшинг 100 сая төгрөгөөр тус тус авна” хэмээн хуурч хохирол учруулсан билээ.

Нэмж хэлэхэд 2016 оны үед буюу хохирогч нараас эд хөрөнгө, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсны дараагаар С.Ц, С.М, С.Л нарын ярьж байсан нөхцөл байдал бүрдэж эхэлсэн гэдгийг дурдмаар байна.

Харин ч шүүгдэгч С.Ц, С.М нарын үйлдэл нь ЭХТА-н 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх нөхцөл байдал харагдаж байсан боловч 2011 оноос өнөөг хүртэл хохирсоор байгаа хохирогч нарт асуудлыг хурдан шийдүүлье гэсэн хүсэл зориг байсан юм.

Эцэст нь хэлэхэд С.Ц, С.М, С.Л нарт холбогдох хэрэг нь өнөөдрийг хүртэл сунжирч, олон мөрдөгч, прокурорын гар дамжсанаас үүдэлтэйгээр зөв, буруу олон шийдвэр гарч байсан.

Гэвч Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад тодорхойлсон зорилго, зорилтыг хангах үүднээс Монгол Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн дээрх хэргийг нэр мөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрийг гаргана гэдэгт өмгөөлөгчийн хувьд итгэж байна” гэжээ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.М шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүхийн гол үндэслэл нь хэргийн шинж чанар, нөхцөл байдлаас хамаараад иргэний хэлцэл үү, эрүүгийн хэрэг үү гэдэг нөхцөл байдлыг тодруулж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэгт аливаа шууд учирсан хохирлыг хүү, алданги торгуульгүйгээр тооцох ёстой байсан. Хохирол төлөгдсөн мөнгийг хүү, алдангид авах нэрээр үндсэн хохирлын хэмжээ өөрчлөгдөөгүй орж ирсэн зөрчил байна гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Хэргийн нөхцөл байдлаас үзэхээр зарим хохирогч нарын авагдсан гээд байгаа төлбөрийн хэмжээ нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын хэмжээтэй зөрүүтэй. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын тус тусдаа байгаа үйлдлүүд дээр нь хохирлыг тооцохдоо хэдэн төгрөгийг хэн хариуцаж төлөх вэ гэдгийг шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна гэсэн үндэслэлийг дурдсан. Уг хэрэг дээр иргэний хариуцагч байхгүй байгаа. Дийлэнх хэлцэл дээр “Дээд өнгө” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд зээлийн хэлцэл, авлага, өглөгийн асуудлыг шийдэж явсан байдаг. Гэтэл “Дээд өнгө” ХХК ямар үүрэг, оролцоотой байсан эсэх, хуулийн этгээдийн хувьд төлбөр хариуцах эсэх нь тодорхойгүй байна гэсэн хэд хэдэн үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Төрийн байгууллага, яам, агентлагаас “Дээд өнгө” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, гадаадын хөнгөлөлттэй зээлийн төсөлд хамруулахад дэмжих, бусад байдлаар банкнуудаас хөнгөлөлттэй зээл авахад дэмжих талаар удаа дараа албан бичиг, тушаал гарсан байдаг бөгөөд уг нотлох баримтыг анхан шатны шүүх огт үнэлээгүй. Хэрэв бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол “Дээд өнгө” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж гаргаж ирсэн төрийн байгууллагуудын бичиг баримтуудыг бүгд хуурамчаар үйлдсэн гэдэг юм уу тодорхой хэмжээнд дүгнэлт хийж байж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг ямар нэг байдлаар шийдвэрлэх боломжгүй байна гэдэг талаар магадлалд дурдсан. Мөн шүүгдэгч С.Ц нь 61 настай бөгөөд шийтгэх тогтоол гарснаас хойш 6 сар цагдан хоригдсон, бие муутай хүн байгаа учир хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлсэн экспортын оёмол бүтээгдэхүүн монголд үйлдвэрлэх төсөлд “Дээд өнгө” ХХК оролцогчоор шалгарч байсан. Гэвч уг төслийг хэрэгжүүлэх, зээлийг Монгол улсын Хөгжлийн банкнаас судалж үзээд татгалзсан байдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг шүүгдэгч нар мэдэж байсан ба хохирогч нарын эд хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж залилсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл уг төсөл нь хэрэгжих боломжтой эсэх, цаашид хэрэгжих үү гэдэг асуудал тухайн үед тодорхойгүй байсан бөгөөд цаг хугацааны хувьд 2011 онд анхны хохирогч болох н.Баярсайханы амины орон сууц, газрыг барьцаалж тавьсан. “МТШ” компани нь энэ зээлийг төлөх зорилгоор авсан боловч 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан ба зориулалтын бусаар ашиглаагүй. 2 сарын дараа 2016 оны 02 дугаар сард 2 тэрбум төгрөгийн зээл авсан боловч ашиглахгүйгээр өмнөх 1.2 тэрбум төгрөгийн зээлийг хаах байдлаар төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолд шүүгдэгч С.Лхагвасүрэнд ялыг өөрчилж сонсгосон. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.1 гэдэг байхгүй зүйл анги сонсгосон гэж байгаа нь техникийн алдаа зөрчил гэж харж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн С.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.М нарт холбогдох 201625020877 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус хэргийг прокурорт буцаах тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 700 дугаар магадлалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах, хянах ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг хангах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн байна.   

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар үзвэл шүүгдэгч С.Л-г 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 283 дугаартай прокурорын тогтоолоор “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар” гэж тухайн хуульд байхгүй зүйл ангиар ял сонсгон яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд хэрэгт энэхүү тогтоолыг өөрчилсөн болон хүчингүй болгосон тогтоол байхгүй атал прокурорын яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй болжээ.

Энэ нь 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-т “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй: (а) оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй, нарийвчлан мэдэгдэх...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг тус тус зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон ба шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “... мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн ...” гэсэн үндэслэлд хамаарна гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч С.М нарыг залилах гэмт хэрэгт гэм буруутай болон зарим залилах гэмт үйлдэлд гэм буруугүй гэж тооцохдоо хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн “ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдсон, хэрхэн няцаагдаж, үгүйсгэгдэж байгаа”  талаарх хууль зүйн дүгнэлтийг зөв, бүрэн хийгээгүй байгааг зөвтгөх үндэслэлгүй болно.    

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн “... 2018.11.27-ны өдрийн 283 дугаартай тогтоол эрүүгийн ... дугаартай хэргийг нэгтгээд зөвхөн хохирогч Т.Баярсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, ... 22 хавтаст хэрэг шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, санаа зорилгыг тогтоож чадсан...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 700 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5  дугаар сарын 28-ны өдрийн 700 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Ч-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН