Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 101/2021/01450/И |
Дугаар | 210/МА2023/00120 |
Огноо | 2023-01-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2023/00120
.....-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04836 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ын хариуцагч ..........т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ......-, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
......- нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууцыг 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ....-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг орон сууц эрхийн зөрчилгүй байсан. Гэтэл .......... уг орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэсэн боловч шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ асуудал олон жил болсон учир .....- эдийн засгийн хувьд хохирсон. .....- алга болоогүй, Солонгос улсад ажиллаж, амьдарч ирж очдог байсан. ......- нь ....-тай хувийн харилцаа байгаагүй. Энэ хүн хүнд өвчтэй гээд туслалцаа хүссэн тул гэрлэлтээ батлуулж, Солонгос улсад очиж эрүүл мэндийн даатгалд нь хамрагдсан. Тэр үед ....- орон сууц зарна гэхээр нь итгээд худалдаж авсан. Орон сууцаа захиран зарцуулмаар байна. Тиймээс ..........ыг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
.....-, Цэрэнхорлоо нарын нэхэмжлэлтэй ..........т холбогдох орон сууцыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагатай энэ хэргийг өмнө анхан шатны шүүхээр шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр нь баталсан боловч Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 001/XT2022/00078 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Уг тогтоолд өөр хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй нь буруу гэж дүгнэсэн. .......... нь ........, ......... нарт холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандаж гаргасан, хариуцагч нарын хаяг тодорхойгүй байснаас нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргасны дагуу шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, дараа нь ....-ад холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрээр ........, ......... нарыг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн. Энэ хэргийг шийдвэрлэхэд .......... нь ........, ......... нарт холбогдуулан өмнө нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийг ..........аас ....-ад шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, ....-аас ......-д шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг гаргасан нь тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд хариуцагч ..........ын нэхэмжлэл нь ....- олдохгүй байгаагаас шийдвэрлэгдэх боломжгүй байгаа нь тогтоогдсон гэж Улсын дээд шүүх дүгнэсэн. Энэ үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэл байхгүй тохиолдолд нэгэнт тодорхой болсон, зохигчийн хооронд үүссэн маргааныг нэгтгэн нэг мөр хянан шийдвэрлэх нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой ба .......... сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой ба шүүхийн шийдвэрийн дагуу ....-ыг эрэн сурвалжилж байгаа нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
Нэхэмжлэгч ......- нь ....-тай гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх ба тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар орон сууцны өмчлөх ....-аас ......-д шилжсэн, орон сууцны маргаан үүссэн үед ......- орон сууцыг .....-т дамжуулан худалдсан. Орон сууцны өмчлөх эрх хэдийгээр ......-д, хожим .....-т тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч .......... болон ....-, ....... нарын хооронд тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх боломжгүй гэж Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан. Хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал буюу ....-ын олж тогтоогоогүй байна. .......... ....-тай бэлэглэлийн гэрээ байгуулж 2007 онд ....-ын нэр дээр байр шилжсэн тул ....-ын хаягийг олж тогтоосны дараа .......... 2015 оноос хойш шүүхэд гаргаж явж байсан шаардлагаа хангуулах боломж бүрдэнэ. Хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг дахин гаргасныг шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10380 дугаартай захирамж гарсан боловч захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00264 дугаар тогтоолд ... хариуцагчийн татгалзалд дурдагдаж байгаа маргаан бүхий орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагатай ямарваа нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд одоогоор байхгүй тул тухайн хэргийг шийдвэрлэтэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэх төдийгүй уг зохицуулалтад нийцэхгүй ... гэж дүгнэсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолд ... хариуцагч ..........ын нэхэмжлэл нь ....- олдохгүй байгаагаас шийдвэрлэгдэх боломжгүй байгаа нь тогтоогдсон .... гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна. Өөр хэрэг нь 2015 оноос эхлэлтэй, хариуцагч нарын хаяг тодорхойгүй шалтгаанаар эрэн сурвалжлуулж байгаа, бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжсэн боловч 15 жилийн эзэмшил нь ..........т хэвээрээ байгаа бодитоор шилжүүлээгүй, шаардаагүй. 2007 онд Дарамбазараас Эрдэнэбатад орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн боловч ..........ын хүсэл зориг өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлэх биш түр байсан, хүсэл зоригийн агуулгыг эндүүрснийг мэдэж байсан учраас ....- нь орон сууцыг шилжүүлж өгөхийг ..........аас шаардаж байгаагүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцох нөхцөл хангагдахгүй хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Энэ хүчин төгөлдөр бус гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж авсныг үндэслээд ....- нь ....-той хийсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох эсэх, ....- нь .....-той хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх, ....-, .....- нар нь хууль ёсны эзэмшигч ..........ыг орон сууцнаас нь албадан гаргах эрхтэй болох нь эргэлзээтэй байна. Дээрх нөхцөл байдал нь өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй энэ хэрэг маргааныг түдгэлзүүлэх нөхцөлийг хангаж байгаа юм.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлээр орон сууцыг шилжүүлж аваад 2010 онд худалдах, худалдан авах гэрээгээр ....- нь ......-д 8,000,000 төгрөгөөр худалдаж уг орон сууцны өмчлөх түүнд шилжсэн. Уг төлбөрийг төлсөн эсэх талаарх баримт улсын бүртгэлээс ирүүлсэн баримтад байхгүй. 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарласан. Дээрх гэрээгээр ....-аас ......-д үл хөдлөх хөрөнгө шилжсэн бол ......- хэрэг дээрээ 30,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч төлбөрийг төлсөн баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, төлбөр хийгдээгүй болон гэрээ байгуулах үед хэн аль нь Монгол улсад байсан, ......- нь гэрээний дагуу 2010 оны 03 сараас хойш 2021 он хүртэл орон сууцыг ....- болон .......... нараас шаардаагүй зэрэг нь тэдний хоорондын хэлцэл хуулийн дагуу бодитоор хийгдээгүй эрхийн доголдолтой байсан гэдгийг ........, ......... нар мэдэж байсан нь харагдаж байна. Түүнчлэн, уг орон сууц маргаантай болохыг мэдсээр байж 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ......- нь мөн адил худалдах, худалдан авах гэрээгээр .....-т худалдсан. Гэрээ хийх өдөр .....- Монгол улсад байсан боловч үл хөдлөх хөрөнгийг гэрээний дагуу хүлээлцээгүй, мөн 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 4 сарын хугацаанд ......- болон .......... нараас шаардаагүй нь эрхийн доголдолтой гэдгийг мэдэж байсныг нотолно. Харин .......... нь 2015 оноос ........, ......... нарыг хариуцагчаар татаж бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, эдгээр хариуцагч нарын хаяг тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Орон сууцны өмчлөх эрх хэдийгээр ......-д, хожим .....-т тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч .......... болон ....-. ....... нарын хооронд тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг ....-аас худалдаж аваад мөнгөний хэрэг гарсан тул .....-т худалдсан. Орон сууцны өмчлөгчөөр ....- бүртгэгдсэн байсан тул түүнээс худалдаж авсан. Орон сууцаа чөлөөлүүлмээр байна. 4-5 жил орон сууцандаа орж чадахгүй хохирч байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ..........ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009535 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр 263 тоот 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч .....-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болох нь тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоохгүй байна гэж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч .......... нь 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талуудын зүйл болсон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байр, 263 тоотод байршилтай 30 м.кв хоёр өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр ....-ад шилжүүлсэн бөгөөд энэ үеэс түүний эзэмшил хууль бус болсон. Дээрх орон сууцыг .....- ......-гоос 2019 оны 10 дугаар сарын 03 өдөр худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч ......-гийн өмчлөх эрх дуусгавар болсон ба .....- тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
......- .....- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд ......-гийн хувьд орон сууцыг .....-т шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж ирсэн ..........ын үйлдэлтэй холбоотой. Нэхэмжлэгч .....- нь ......-той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан байх тул бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх хуулийн заалтыг илт буруу хэрэглэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой хохироож байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Тухайн орон сууц нь .....-т шилжихээс өмнө ....-ад бэлэглэлийн гэрээгээр .......... шилжүүлсэн. Гэтэл ....- нь ......-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн асуудалд 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэх явцад ....- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. ......- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад шүүхэд бүртгүүлсэн буюу тодорхойлсон хаягт байхгүй тул оролцох боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр 2018 онд гарч, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эрэн сурвалжлаад олдохгүй байсан атлаа .....-той хамт нэхэмжлэл гаргасан. ....- нь Солонгос болон Монгол улсын хооронд наймаа хийдэг тул мөнгөний хэрэгцээ байна гэж 2007 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авахаас өмнө гэрчилгээг нь 2 удаа ..........аас авч, буцаан өгч байсан. 2007 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгснөөс хойш 1,2 жилийн хугацаанд холбоотой байсан боловч сураггүй алга болсон. Тухайн үед .......... нь орон сууцандаа амьдарч байсан тул ямар нэгэн асуудал үүсээгүй учраас буцаан шилжүүлнэ гэх итгэл найдвартай байсан. Гэтэл 2015 онд орон сууцандаа санаа зовж сураглахад ....-аас ......-д 2010 онд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. ....-аас ......-д худалдахдаа 30 м.кв орон сууцыг 8,000,000 төгрөгөөр худалдсан гэх боловч төлбөрийн баримтгүй. 2019 онд .....-т ......- нь худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болохыг 2021 онд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. Тухайн баримтуудаас орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдсан гэрээ боловч мөн төлбөр төлсөн баримтгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад 30,000,000 төгрөгийг хэрхэн төлсөн талаар тодруулахад 30,000,000 төгрөгийг төлсөн гэх татварын баримтыг гаргаж өгсөн. Хариуцагч ....- болон ......- нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Гуравдагч этгээдийг шүүхэд тодорхойлохдоо эрэн сурвалжлах ажиллагаа явагдсанаас хойш өөр шинэ хаягийг шүүх хуралдааны явцад хэлсэн. Нэхэмжлэл гаргахдаа хуучин хаягаа хэлсэн боловч шүүх хуралдааны явцад өөр хаяг хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүсийг олсон талаар баримт байхгүй. ....-ыг Цагдаагийн байгууллагаас асуусан боловч Америк улс руу гарч явсан байна гэх хариуг өгсөн. Тухайн нөхцөл байдалд үндэслэж хариуцагч нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ..........ын бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан үүсгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй тул түдгэлзүүлэх байр суурийг илэрхийлсэн. Улсын Дээд шүүхээс тухайн асуудлыг шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээ гэх баримтуудаар ..........ын эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, .......... нь 2002 онд тухайн орон сууцыг эцэг, эхээсээ шилжүүлэн авснаас хойш амьдарч байна. 2010 онд ........, .........д шилжүүлсэн, 2019 онд ......-, .....-т шилжүүлсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хөрөнгийг биет байдлаар хүлээлцсэн акт үйлдээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Хариуцагч талаас тухайн хэргийг түдгэлзүүлж, хойшлуулж цаг авсан ажиллагаа хийж байна. Миний бие Ковид-19 цар тахлын үед Монгол улсад байсан. 30 жилийн турш Монгол Улсдаа амьдраагүй боловч жилд 2 удаа хүүхдийн амралтаар ирдэг байсан. ....-ад нэг удаа тусалсан. Хүн өвдөөд үхэх гэж байна гэхээр амьдруулах зорилгоор орон сууцыг нь худалдаж авсан. Монгол Улсын эмчилгээ хэцүү. Орон сууцны төлбөрийг төлөөд 10 жил хөөцөлдөж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч .....- нь хариуцагч ..........т холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ......-той 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, дээрх орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч хариуцагч .......... нь чөлөөлж өгөөгүйгээс уг орон сууцыг захиран зарцуулах боломжгүй байна гэж тайлбарласан.
1.1. Талуудын маргааны зүйл болсон дээрх хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрх орон сууц хувьчлалын дагуу 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Мягмаржав, О.Цэрэнчимэд нарт, 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн дагуу ..........т, 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр ....-ад, 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр ......-д, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр .....-т тус тус шилжсэн үйл баримт тогтоогдож байна. (1хх-ийн 11, 60)
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Иймд хариуцагч ..........ын дээрх орон сууцыг өмчлөх эрх 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр ....-ад шилжсэн үеэс дуусгавар болсон тул түүний эзэмшил хууль бус болно.
1.2. Нэхэмжлэгч .....- болон бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд ......- нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн ба уг хэлцлийг эрх бүхий байгууллага болох үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн, тус бүртгэлийг бүртгэлийн байгууллагаас болон шүүхээс хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч .....-ыг дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзнэ.
1.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч .....- нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч ..........ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаагүй байхад анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь худалдан авсан хөрөнгөө бодитоор шилжүүлэн аваагүй, энэ талаар шаардах эрхээ гуравдагч этгээдэд холбогдуулан хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч ..........ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн нь үндэслэлгүй ... гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
2. .......... нь ....-, Ч.Цэрэнхоролоо нарт холбогдуулан орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх, ......-гийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-263 тоот 2 өрөө байрны гэрчилгээг хүчингүйд тооцуулж, ..........ын нэр дээр бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6323 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч .......... нь хариуцагч ....-ад холбогдох нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ......-д холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэж, түүний нэр дээрх орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, ..........ын нэр дээр бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (1хх-ийн 15-28)
Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 324 дүгээр магадлалаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12159 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3086 дугаар шийдвэрээр ........, ......... нарыг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009535 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 263 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч ..........ын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй гэж,
2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ..........аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....-т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.БАТЗОРИГ