Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00055

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/04027 дугаар шийдвэртэй Б.Б-ын нэхэмжлэлтэй Т-н Х-я Б-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох Б-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 39,392,815 төгрөгийг болон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х хариуцагч Б-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хариуцагч Х-яБ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б-н захирал  Б.Б-ын нь шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа Т-н 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор эгүүлэн томилогдсон. Гэвч Т-ын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлгүй 72 дугаар тогтоолыг гаргасан. Т-ын дээрх хууль бус 72 дугаар тогтоолыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2121 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1890 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээж авах боломжоор хангахгүй эрхийн зөрчил үргэлжилсээр байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авахыг ажил олгогч Т-ын даатгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3323 дугаар захирамжаар урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. 2014 оны 4139 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/00172 дугаартай тогтоол гарч 101/ШЗ/32020/03323 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хэвээр үлдээсэн тогтоол гарсан ба 2014 оны 4139 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах эрх нь нээлттэй гэж тогтоолдоо заасан.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид шат дараалан хандсан боловч уг ажилд эгүүлэн томилсон 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг биелсэн гэж үзэн миний хүсэлтийг хүлээн аваагүй. 2014 онд ажилд эгүүлэн томилсон 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр, шийдвэр гүйцэтгэх газарт хандах эрх нь нээлттэй гэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/00172 тогтоол хүчин төгөлдөр тул миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх миний нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс 2014 оны 4139 дугаартай намайг ажилд эгүүлэн томилохыг даатгасан шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол гарсан.

Цалин хөлсөө нэхэмжилж байгаа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 24 сар, 16 хоног ногдож байна. Үндсэн авбал зохих цалин хөлс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 1,589,016 төгрөг гэж тогтоогдсон ба 24 сарын цалин хөлс 38,136,384 төгрөг байна. 1,589,016 төгрөгийг 21,5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин 73,907, 210 төгрөг болж байгаа бөгөөд 17 өдрийн цалин 1,256,431 төгрөг, нийт 39,392,815 төгрөг болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5 сар, 14 хоног ажилгүй байсан хугацаа ногдож байгаа бөгөөд 5 сарын 7,945,080 төгрөг, 14 хоногийн 1,034,698 төгрөг, нийт 8,979,778 төгрөг болж байх тул нийт 48,378,593 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан Б-иас гаргуулж өгнө үү. Мөн дээрх нэхэмжлэлийн дагуу олгож байгаа цалин хөлснөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын миний болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Хариуцагч Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан ажлаас түр түдгэлзүүлсэн Т-н 72 дугаар тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзэж Б-ийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Т-ын нь Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дугаар тогтоолоор татан буугдаж чиг үүрэг нь Сангийн яаманд шилжсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор чиг үүрэг нь Худалдан авах ажиллагааны газартай нэгдэж Т-ын болон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Т-ын нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд тус газраас гарах тогтоол нь Засгийн газрын тогтоолоор баталсан дарга болон орон тооны 8 гишүүнээс бүрдсэн хурлаас хамтарсан хэлбэртэй шийдвэр гардаг. Харин Б-н нь Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар татан буугдаж, 4 дүгээр заалтаар чиг үүргийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шинээр үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гарсан. Улмаар Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, 2 дугаар заалтаар Бтөрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х-ын хэрэгжүүлэхээр тогтоосон. Мөн тус тогтоолын хавсралтаар баталсан Бтөрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 1.4-т хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна. Мөн 2.1-т компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна, 8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх байх, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус тусгасан. Иймд Б-ийн захирлыг томилох эрх нь компанийн төлөөлөн удирдах зөвлөл болох Х-ынны бүрэн эрхэд хамаарна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тусгай ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан ба Т-ын нь өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд биш тул Б-ийн захирлыг томилж, цалин хөлс олгох эрхгүй. Иймд Т-ын нь хариуцагч биш тул Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.б. Хариуцагч Х-ынны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Баж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, улсын төсөвт газар үйлдвэрийн газар болгон мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулсан. Мөн Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, тогтоолын 2 дахь заалтаар төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х-ын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний эрхийг тогтоох, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасан. төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрхгүй байна. Харин төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарна тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.в. Хариуцагч Б-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Х.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Баж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, Булсын төсөвт газар үйлдвэрийн газар болгон Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулсан. Мөн Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Бтөрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Бтөрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, тогтоолын 2 дахь заалтаар Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х-ын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг зааж өгсөн мөн Б-ийн дүрмийн 8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний эрхийг тогтоох, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасны дагуу тус байгууллагын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Т-ын өөрийн эрх хэмжээний хүрээнд Биокомбинат-ын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажилагсадаас ирүүлсэн гомдол, санал, шаардлагыг үндэслэн контрактын гэрээнд нэмэлт заалтууд оруулж нэхэмжлэгч Б.Б-ынтой гэрээ байгуулахаар удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр гэрээ байгуулахаас татгалзсан. Нэхэмжлэгч Б.Б-ыныг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор томилсон бөгөөд уг тогтоолын 2-т заасан контрактын гэрээг одоо хүртэл байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шийдвэр гэж үзэх боломжгүй тул ажилтны авах ёстой байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг байгууллага нөхөн өгөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б-ыг Б-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 48,372,593 төгрөгийг хариуцагч Б /Б-ийн төлөөлөн удирдах зөвлөл/-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ынод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Б /Б-ийн төлөөлөн удирдах зөвлөл/-ийн нягтлан бодогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт 425,115 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ынод олгож, хариуцагч Б /Б-ийн төлөөлөн удирдах зөвлөл/-аас 399,812 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Булсын төсөвт үйлдвэрийн газрыг Бтөрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, тус үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, төсвийг баталж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Т-ынт даалгасан. Т-ын нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нийт ажилтны цалин хөлсний хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчлөх тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10 ба түүнээс дээш хоногийн өмнө нийт ажилтанд мэдэгдэж ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулнэ гэснийг мөн Б-ынүйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсадаас ирүүлсэн гомдол, санал, шаардлагыг үндэслэн контрактын гэрээнд нэмэлт зардал оруулж нэхэмжлэгч Б.Б-ынтой гэрээг байгуулахаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээ байгуулахаас татгалзсан.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. 2006 оны Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоол, 2012 оны зөвлөмжид зааснаар ажилтныг ажлаас халаагүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс өгөхгүй байгаа нөхцөлд ажлаас халсанд тооцно гэснийг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан. Энэ хугацаанд миний бие шүүхэд хандахаас өмнө 30 гаруй удаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ажилд эгүүлэн хүлээж авах тухай хүсэлт гаргасан. Түдгэлзүүлсэн 72 дугаар тогтоол хэдийгээр хүчингүй болсон боловч өнөөдрийг хүртэл ажил олгогч миний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсантай адилтган үзэж шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Б.Б-ынТ-н Х, Б-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Т-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажил олгогч нь Б.Б-ыныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ уг хэрэгт хариуцагчаар оролцоогүй Б-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгч ньТ-н Х, Б-ийн төлөөлөн удирдах зөвлөл гэсэн гурван хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх эдгээр хариуцагч нарын хэн нь уг нэхэмжлэлийг хариуцах этгээд болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзэхэд эргэлзээтэй, улмаар хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Тухайлбал, Б-ийн дүрмийн 8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заасан хэдий ч Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байхаар заасан байх ба үүнээс үзэхэд төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн компаний удирдлагын нэгж болохоос бие даасан хуулийн этгээд биш юм.

Хариуцагч Т-ын болон Х энэ хэргийн хариуцагч биш гэж маргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал, холбогдох нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/04027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН