Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 824

 

   Д.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.Алтантулга,

ялтан Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, О.Цэрэнпунцаг,   

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Алтантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Мөнхжаргалд холбогдох 201525013009 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Долгорын Мөнхжаргал, 1965 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 48 дугаар байрны 9 тоотод оршин суух,

1997 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 20000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ШГ 65060118/;

Д.Мөнхжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Д.Отгонжаргалыг “биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлүүдийг хаацайлдаг” гэж, хохирогч А.Эрдэнэбаярыг “Алтансүх гэгчид 100 сумтай гар буу бэлэглэсэн, тэр буугаар нь манай хүүг Алтансүхийн хүү буудаж амь насыг нь хохироосон” гэж, хохирогч Н.Амарзаяаг “эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой” гэж, хохирогч Э.Идэрцогийг “Шударга үнэн гэж байхгүй шүү дээ, Мөөнөө би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж хэлсэн хэмээн хохирогч нарын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан,

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Б.Алтантулгыг “Цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байсан” гэж хэлэн түүний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан,

мөн хохирогч Б.Алтантулгыг “гэр орон нь хоолгүй байхад нь 250.000 төгрөг, эхнэрт нь 300.000 төгрөгийн бараа авч өгсөн, рецедив гэмт хэрэгтэн, Д.Отгонжаргал, А.Эрдэнэбаяр нартай хамтран ажилладаг, цагдаагийн бууны нохой” гэж хэлэн түүний нэр төр, алдар хүндийг нь олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Мөнхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Мөнхжаргалыг бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдаж, Д.Мөнхжаргал цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Алтантулга нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Д.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Алтантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Учир нь шүүх миний гомдлыг барагдуулаагүйгээс гадна намайг доромжлон гүтгэсэн Мөөнөө хочтой Д.Мөнхжаргалын хэргийг хэрэгсэхгүй болгож, харин илтэд энэ хэрэгт гүтгэгдсэн гэх Цагдаагийн хурандаа нарын гомдлыг барагдуулж, нэр төрийг нь сэргээлээ. Миний бие нэр төргүй, алдар хүндгүй, цаашид Д.Мөнхжаргал гэдэг хүнээс дарамт, хор уршиг, юу ч тохиолдохыг зөвшөөрсөн мэт шийдвэр гаргалаа. Би өмнө нь ял эдэлж байсан нь үнэн боловч Д.Мөнхжаргалын өмгөөлөгч Г.Батбаяр нь “рецетив гэж хэлэх нь зөв, 20-иод жил шоронд ял эдэлсэн” гэх мэтээр иргэн хүн гэж үзээгүйг шүүхэд нөлөөлсөн байх гэж үзэж байна. Уг ярилцлага гүтгэлгээс хойш хамтран ажиллах гадаадын бизнесменүүд надаас хөндийрсөн. Д.Мөнхжаргал нь олон хүнд намайг цагдаагийн бууны нохой, Отгонжаргал, Эрдэнэбаяр нартай хамтран ажилладаг гэж ярьж яваа нь намайг алдар хүндгүй болгосон. Сүхбаатар дүүргийн шүүх намайг нэр төргүй болгон, миний нэхэмжилсэн 100.000.000 төгрөгийг үгүйсгэж, иргэний шүүхэд ханд гэсэн нь бүр ч үл тоосон шийдвэр гэж үзэн гомдолтой байна. Д.Мөнхжаргал нь уг нэвтрүүлгээ улс орон даяар цацуулан маш ноцтойгоор миний нэр төрд халдан алдар хүндийг минь гутаан гүтгэсэн. Надад төдийгүй миний гэр бүл, хамаатан садангуудад хүртэл маш их дарамт учруулсан. Д.Мөнхжаргал нь Б.Алтантулгыг яавал ч яаг энэ хоёр хүн хоёулаа хар хэрээ, иргэн бус мэт үзсэнтэй. Харин цагдаагийн хурандаа нар иргэн над шиг шаар шавхруу биш болохоор нэр төр нь алдар  хүндтэйгээ сэргээгдсэн нь миний хувьд маш их ялгавартай санагдаж байна. Д.Мөнхжаргал нь Алтансүх гэдэг хүнээс тэрбум төгрөг хувиараа надаар нэхэмжлүүлэх гэж янз бүрийн арга хэрэглээд эцэст нь дарамт шахалтад оруулсан. Ингэснээр намайг болон ар гэрийнхнийг маань айдаст оруулж байна. Надад муу юм тохиолдвол Д.Мөнхжаргалаас шалтгаална шүү гэдгийг шүүхэд хандан хэлсээр байхад үл тоож, хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Д.Мөнхжаргал намайг гуйлгачин гэж хэлж байсан. Би ял эдэлж байсан учир хэн ч биш юм шиг байна. Хүүгээ алуулсан хүний эцгээс 1 тэрбум төгрөг надаар дамжуулан нэхүүлэх гэж надад янз бүрийн дарамт үзүүлсэн. Чи хүүхдээрээ бизнес хийх гэлээ гэж би хэлээд Д.Мөнхжаргалтай муудалцсан. Намайг хүлээж авахгүй болохоор нь хүмүүс дагуулан ирж намайг дарамтлуулж байсан. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна. Энэ бол тэр чигээрээ гүтгэлэг, дарамт, шахалт бөгөөд төгс үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Үүнийг давж заалдах шатны шүүх хууль эрх зүйн дагуу дахин нягтлан авч хэлэлцэнэ гэдэгт найдаж байна...” гэв.

Ялтан Д.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хүүгийнхээ амь насыг алдсанаас хойш шүүх цагдаагаар явж байна. Би 40 жил бизнес эрхэлсэн. Хүнд хүнээс өөр үнэ цэнэтэй зүйл байдаггүй юм. Би Алтантулга гэдэг хүний талаар ярьсан нь үнэн. Өөр хүсэлтүүдийг хуулийн байгууллагад хандан гаргаж байсан боловч шалгах шаардлагагүй гэсэн хариу өгч байсан. Миний хүүг алсан хүмүүсийг ал гэж энэ хүн турхирч байсан. Надад тийм сэтгэл байхгүй. Б.Алтантулга бид хоёр 2001 онд ганц худагт танилцсан. Намайг хянагчаар дуудуулж гаргаж ирээд архи уусан. Ийм мундаг шазууртай эр хүн намайг хүндлээд ирж байна гэж бодсон. Гэтэл энэ хүний дээрмийн ажиллагаа хэрээс хэтэрсэн. Би ясандаа тултал гомдсон. Энхтайван гэж хүнийг буудаж ална гэж байгаад надад буу тулгаж байсан. Би ор үндэсгүй зүйл яриагүй...” гэв.

Ялтны өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд давж заалдах гомдол гаргах гэсэн боловч Д.Мөнхжаргал зөвшөөрөөгүй. Д.Мөнхжаргал хүүгээ алдсандаа сэтгэл санаа нь хямарч хэргийн нөхцөл байдлыг ухамсарлах боломжгүй байсан. Уг хэргийн 5 хохирогчийг шүүх ялгамжтай үнэлж дүгнэж чадаагүй. Отгонжаргал нь Улсын мөрдөн байцаах газрын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Д.Мөнхжаргал түүнд хандаж өөрийнх нь хүүгийн үхэл хар тамхитай холбоотой байж магадгүй гэхэд шалгаагүй. Эрдэнэбаяр өөрт нь буу өгсөн гэдгийг Алтансүх хэлсэн. Үүнийг шалгуулахаар хүсэлт гаргахад “Эрдэнэбаярт өөр төрлийн гар буунууд байна. Бууг олж тогтоож чадахгүй байна” гэж шийдвэрлэсэн. Амарзаяа нь “Би эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой ажиллаж байсан” гэж хэлсэн. Д.Мөнхжаргал түүнийг эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой ажилладаг талаас нь л хэлсэн. Идэрцогт “шударга үнэн гэж байдаггүй юм. Би байсан бол хүүг чинь алсан хүмүүсийг алах байсан юм” гэж хэлсэн гэдэг. Идэрцогт “би тэгж хэлээгүй” гэсэн мэдүүлэг өгөнгүүт энэ хүн тэгж мэдүүлээгүй юм байна гэж дүгнэсэн. Хохирогч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Б.Алтантулгад 250.000 төгрөг, гэрт нь 350.000 төгрөг өгсөн гэдэг. Тухайн үед Б.Алтантулга, Д.Мөнхжаргал нар хоорондоо утсаар ярьж байсан ярианы биллийг авч шалгах боломжтой байхад энэ талаарх ажиллагаа хийгээгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 41 дүгээр тогтоолд гүтгэх гэдгийг тайлбарласан. Д.Мөнхжаргал Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санаа нь цочрон давчидсан үедээ уг хэргийг үйлдсэн. Ажил хэргийн алдар хүнд гэдэг зүйл эрүүгийн хэрэгт огт яригдахгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд ийм ойлголт байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй болохыг заасан тул Д.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Б.Алтантулгыг доромжилсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Б.Алтантулга нь Д.Мөнхжаргалаас 100.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч тэрээр мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна. Дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Улсын мөрдөн байцаах газрын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн дарга гэх мэт өөрийнх нь дээд шатны дарга нараас хууль сануулж байцаалт авсныг ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаагч, прокурор нь цагаатгах, яллах талын нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтээр Д.Мөнхжаргал нь сэтгэцийн хүчтэй шаналлын дараах үеийн сэтгэл гутрал гэсэн оноштой. Мөн түүнийг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоогоогүй. Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа гэмт хэрэг үйлдэж байгаа үеийн бичлэгийг үзээгүй гэдгээ хэлсэн. Энэ нь процессын зөрчил юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Мөнхжаргал нь гүтгэх, доромжлох гэмт хэргүүдэд ял шийтгүүлсэн. Б.Алтантулгыг нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд хандан нэхэмжлэх нь зүйтэй гэсэн. Доромжлох гэмт хэрэг нь шууд санаатайгаар бусдын нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл байдаг. Д.Мөнхжаргал Б.Алтантулгын талаар хэлсэн үйлдлийг доромжилсон гэж үзсэн. Хохирогч Отгонжаргал, Эрдэнэбаяр, Алтантулга, Идэрцог нарыг гүтгэсэн бөгөөд уг үйлдэл нь хувийн сэдэлтээр үүссэн байна гэж үзсэн. Д.Мөнхжаргал нь Д.Отгонжаргалыг “биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлүүдийг хаацайлдаг” гэж хэлсэн. Уг Уянга гэгч нь Япон улсад амьдардаг бөгөөд Монголд байхгүй гэсэн. Д.Отгонжаргал “Уянга гэж хүнийг танихгүй” гэж хэлсэн. Хохирогч Н.Амарзаяаг “эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой” гэж хэлсэн. Н.Амарзаяа “Би 34 жил эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажиллаж байна. Намайг гүтгэсэн асуудалд гомдолтой байна. Д.Мөнхжаргалын гэм буруутай юу, үгүй юу гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна. Түүнээс мөнгө нэхэмжлэхгүй” гэсэн. Д.Мөнхжаргалыг сэтгэцийн хувьд ужиг өвчтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч энэ нь хэрэг хариуцах чадваргүй гэсэн үг биш юм. Түүнийг хэрэг хариуцах чадвартай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Д.Мөнхжаргал нь өөрийн уур уцаарыг тайлах зорилгоор телевизээр бусдыг гүтгэж, доромжилсон. Тэрээр “Ийгл” телевизийн ярилцлагад орохоор удаа дараа хүсэлт тавьсан байсан байна лээ. Хэрэгт дахин шалгах зүйлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

                                                       ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Мөнхжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Д.Отгонжаргалыг “биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлүүдийг хаацайлдаг”, хохирогч А.Эрдэнэбаярыг “Алтансүх гэгчид 100 сумтай гар буу бэлэглэсэн, тэр буугаар нь манай хүүг Алтансүхийн хүү буудаж амь насыг нь хохироосон”, хохирогч Н.Амарзаяаг “эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой”, хохирогч Э.Идэрцогийг “Шударга үнэн гэж байхгүй шүү дээ, Мөөнөө би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж хэлсэн гэж хохирогч нарын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан,

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Б.Алтантулгыг “Цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байсан” гэж түүний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан,

мөн хохирогч Б.Алтантулгыг “гэр орон нь хоолгүй байхад 250.000 төгрөг, эхнэрт нь 300.000 төгрөгийн бараа авч өгсөн, рецедив гэмт хэрэгтэн, Д.Отгонжаргал, А.Эрдэнэбаяр нартай хамтран ажилладаг, цагдаагийн бууны нохой” гэж түүний нэр төр, алдар хүндийг нь олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

хохирогч Д.Отгонжаргалын: “...Намайг биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлийн үйлдлийг хаацайлсан гэж ор үндэсгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан гүтгэсэнд гомдолтой байна... Мөнхжаргал 2001 онд намайг байцаагч байхад шалгагдаж байсан. Түүний дараа 2004 он байна уу 2005 онд Мөрдөн байцаах тасгийн дугаар хэлтэст шалгагдаж байсан хүчингийн хэрэгт Мөнхжаргалын хүү нь эрэн сурвалжлагдаж байхад нь 10 дугаар хорооллоос олж баривчилж, шалгаж байсан байцаагчид нь хүлээлгэж өгсөн. Налайхад алагдсан Мөнхжаргалын хүү Мэндбаярын эзэнгүй хэрэгт би Налайхад ажиллах ажлын хэсгийг ахалж очсон. Налайхын цагдаагийн газрын гадаа Мөнхжаргал намайг таниад уйлж, тэврээд “миний хүү алагдсан байна, олж өгнө биз дээ” гээд нус нулимсандаа холилдсон байдалтай байсан. Би Налайхад 1-2 хоногийн дотор эзэн холбогдогчийг нь олж баривчлаад хэргийг илрүүлж байсан. Хүүгийнх нь амь насанд хүрсэн буу нь хурандаа Эрдэнэбаярынх юм байна лээ гэж Мөнхжаргалд би хэлж байгаагүй. Эрдэнэбаяр хурандаад буу байдаг үгүйг би мэдэхгүй. Хэрэгт бууны талаар мэдээлэл тогтоогдсон эсэхийг мэдэхгүй. Би Уянга гэх эмэгтэйтэй холбоотой хэрэг шалгаж байгаагүй. Шалгуулахгүй байхаар бусад албан хаагч нартаа үүрэг чиглэл өгч байгаагүй. Намайг ямар учраас ор үндэслэлгүйгээр гүтгээд байгааг ойлгохгүй байна...” /хх 1-н 187-188/,

хохирогч А.Эрдэнэбаярын: “...Мэдээллийн хэрэгслээр Мөнхжаргал ярихдаа намайг Алтансүх гэгчид 100 сумтай гар буу бэлэглэсэн, тэр буугаар нь манай хүүг Алтансүхийн хүү буудаж амь насыг нь хохироосон гэж ярьсан. Энэ хэрэгт Эрдэнэбаяр нөлөөлөөд бууны асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаагүй гэж хэлсэн. Миний хувьд Алтансүхийг ажил хэргийн шугамаар сайн мэднэ. Гэхдээ түүнтэй найз нөхөд болон ойр дотны харилцаа байхгүй. Алтансүхэд буу зэвсэг бэлэглэж байсан зүйл байхгүй. Мөнхжаргал намайг түүнд буу бэлэглэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн. Би Мөнхжаргал гэдэг хүнийг танихгүй, огт уулзаж байгаагүй... Би Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласныхаа төлөө хүнд гүтгүүлж байна. Үүнийг хувь хүн болон албаны нэр төрд халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна...” /хх 1-н 189-190/,

хохирогч Н.Амарзаяагийн: “...Би Мөнхжаргал гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар уулзаж танилцаж байгаагүй. Хэдэн онд гэдгийг сайн санахгүй байна. Намайг Эрүүгийн Цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхад Мөнхжаргал нь төрсөн дүү Болдбаатарын хамт ОХУ-д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Тэгээд Мөнхжаргалыг Сэлэнгэ аймгаас ОХУ-руу хил нэвтрэх үед нь баривчилсан юм. Тухайн үед Мөнхжаргалыг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэхэд мөрдөн байцаагч Отгонжаргал хэргийг авч шалгаж байсан... Намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байхад Хүрэлбаатар гэгч нь 13 дугаар хороололд оршин суух Сири улсын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсныг би илрүүлж, Улсын Мөрдөн байцаах газарт шилжүүлж байсан. Миний хувьд Хүрэлбаатартай найз нөхөд байж Мөнхжаргалтай танилцаж, түүнээс мөнгө авсан зүйл байхгүй. Энэ хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан намайг гүтгэж, нэр төрд халдсанд гомдолтой байна...” /хх 1-н 192-193/,

хохирогч Э.Идэрцогийн: “... Би Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Би зүүн аймгуудаар албаны ажилтай явж байтал Налайх дүүрэгт Мөнхжаргалын хүүхэд шөнийн цагаар 6 удаа буудагдаж нас барсан эзэнгүй хэрэг гарсан. Би шууд тэндээсээ тэр хэрэг дээр ирж ажилласан. Тухайн үеийн цагдаагийн байгууллагын хэрэг илрүүлэх чиглэлийн бүхий л албад хамтран ажиллаж хэргийг үйлдсэн этгээдийг богино хугацаанд илрүүлэн баривчлан эд мөрийн баримтыг хурааж, мөрдөн байцаалтын ажиллагаа шуурхай явуулж нотлох баримтаар хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж, прокурорт шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааг манай хэлтсээс явуулж байхад Мөнхжаргал нь 3-4 удаа орж ирж уулзаж, санал хүсэлтээ тавьж шийдүүлж, гомдол бухимдлаа хэлж байсан. Өөр байдлаар надтай уулзаагүй. Би тухайн үед тавьсан хүсэлтийг нь хуулийн дагуу шийдвэрлэж байсан болохоос намайг гүтгэж байгаа шиг “Шударга үнэн гэж байхгүй шүү дээ, Мөөнөө би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж огт хэлж байгаагүй. Гэтэл хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр олон нийтэд ойлгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, гүтгэж байгаад гайхаж байна...” /хх 1-н 194-195/,

хохирогч Б.Алтантулгын: “... 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт Мөнхжаргал оролцоод намайг “Цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байсан, гэр орон нь хоолгүй байхад нь 250.000 төгрөг, эхнэрт нь 300.000 төгрөгийн бараа авч өгсөн, рецедив гэмт хэрэгтэн” гэх мэтээр намайг гүтгэн доромжилсон... Мөн Мөнхжаргал намайг “Отгонжаргал, Эрдэнэбаяр нартай хамтран ажилладаг, цагдаагийн бууны нохой” гэж ... хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон, сэтгэл санааны асар их дарамтад оруулсан. Гэр бүлийнхнийг маань болон намайг байнгын айдас дунд байлгаж байгаад нь маш их гомдолтой байна...” /хх 1-н 196-198/,

гэрч Д.Оюунаагийн: “... Би Мөнхжаргал Мөөнөө гэдэг хүнийг танихгүй, найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Мөнхжаргал манай гэрт ирж байгаагүй.... манай нөхөр хүн ална гэж явж байгаагүй, гэрт ямар нэгэн буу зэвсэг байхгүй... 2015 онд байх би ...нэвтрүүлэг үзэж байхад өмнө нь нэг нэвтрүүлгээр хүүхэд нь алагдсан гээд ярьж байсан халзан толгойтой хүн яриандаа Алтантулга гээд ярих шиг болохоор нь юу билээ гэж сонсчихоод өөр Алтантулга ч юм уу гээд л өнгөрсөн. Гэтэл нөхөр маань 2015 оны 11 дүгээр сарын үед намайг телевизээр яриад “ядарсан үед нь авгайд нь хоол унд, хувцас хунар, мөнгө төгрөг өгсөн” гэж байна гэнэ гэсэн. Тэгээд л дараа нь нөхөр маань айлын юнивишнээр нэвтрүүлгийг нь ухрааж үзлээ, Мөөнөө намайг гүтгээд худлаа ярьж байна гэж хэлсэн...” /хх 1-н 201-202/,

гэрч Ц.Оюунбатын: “...Манай өрөөнд Д.Мөнхжаргал, Б.Алтантулга нар хоорондоо юунаас болсныг мэдэхгүй маргалдаад байхаар нь хамт байсан хүмүүстэй бүгдийг нь хөөж гаргасан...” /хх 1-н 203-204/,

гэрч Б.Чинбатын “... Өмнө нь Д.Мөнхжаргал, Б.Алтантулга нар ямар асуудалтай байсныг мэдэхгүй. Гэнэт хоорондоо хэлэх хэлэхгүй үгээр хэрэлдэж, барьцалдаад авах гэхээр нь бид нар дундуур нь орж салгаж байхад Д.Мөнхжаргал нь Б.Алтантулгыг “чи Цагдаагийн бууны нохой биз дээ” гэж хэлж байсан...” /хх 1-н 206/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Д.Мөнхжаргал нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. Д.Мөнхжаргал нь сэтгэцийн хувьд “Сэтгэлийг хүчтэй шаналгасан сэтгэлийн дарамтын дараах бие хүний ужиг өөрчлөлт” эмгэгтэй байсан, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэсэн 388 дугаартай дүгнэлт /хх 1-н 213-215/, “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлгийн бичлэг зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Д.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Д.Мөнхжаргалыг бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.

  Хохирогч Б.Алтантулга нь “... Д.Мөнхжаргалын худал гүтгэлгийн улмаас гутаагдсан миний нэр төр, алдар хүндийг сэргээлгүй, хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ялтан Д.Мөнхжаргалыг хохирогч Б.Алтантулгыг гүтгэсэн, доромжилсон үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцож, гэмт хэрэг хэрхэн яаж тогтоогдсон талаар, хохирогч хэрхэн хохирсон талаар, цаашид гарах гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй зэрэг шаардлагатай зүйлийг тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэсэн бөгөөд хохирогч Б.Алтантулгын “миний нэр төрийн сэргээгүй, хэрэгсэхгүй болгосонд гомдолтой” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

  Эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолоор зохих этгээдийг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн учраас Б.Алтантулга нь цаашид өөрийн нэр төр алдар хүнд нь хэрхэн яаж хохирсон, түүнийгээ сэргээлгэх шаардлага гаргах эсэх, цаашлаад өөрт учирсан хохирлыг хуульд заасан нотлох баримтын бүрдлийг хангаж нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. 

Иймд хохирогч Б.Алтантулгын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.