Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 48

 

Д.Мөнхжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 824 дүгээр магадлалтай 201525013009 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Тайж овогт Долгорын Мөнхжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан “Доромжлох”, тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан “Гүтгэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мөнхжаргалыг бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Алтантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчин, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заагдсан обьектив шинжийг буруу тайлбарлаж хэргийн зүйлчлэлийг нэг мөр зөв тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2, 321.1.3 дахь заалтыг зөрчсөн байгааг нотолж байна. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийг Улсын Дээд шүүх тайлбарлахдаа “Гүтгэх гэдэг нь бодит байдалд нийцээгүй, илт худал гүжирдлэгийг бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор тарааж байгаа үйлдэл юм. Тухайн мэдээ нь хүний нэр төр, алдар хүндийг гутаахаар байгаа юм шиг ойлгогдох боловч бодит байдлаар тухайн хүний зан төлөв үйл ажиллагаанд илэрсэн зүйл байгаа бол гүтгэлэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэсэн заавал дагаж мөрдөх шинжийг агуулсан норматив тайлбарыг шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэрэглээгүй. Шүүх “Цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүнд” гэх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт хамаарах обьектив эрхийг Эрүүгийн хуульд байхгүй обьектив эрхтэй хольж хутган тайлбарласан. Учир нь хохирогч нар “Ажил хэргийн нэр хүнд гэсэн обьектив эрхийг зөрчсөн” талаар мэдүүлэг өгч, хохирогчоор ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсийг тогтоосныг шүүх анхаарч үзээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн “хүний нэр төр алдар хүнд” хэмээх обьектив эрх, Иргэний хуулийн “ажил хэргийн нэр хүнд” гэх обьектив эрхүүдийн зааг ялгааг нарийн тогтоож, хууль зөв хэрэглээгүй байгааг харуулж байгаа. Мөн шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг зөрчсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч тус бүрд хохирол учруулсан гэх үг өгүүлбэрийн аль хэсэг нь гүтгэлэг, аль хэсэг нь нотлогдохгүй байгаа зэрэг шалтгаант холбоог нарийвчлан тогтоож үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсгийг зөрчсөн. Хохирогч А.Эрдэнэбаярыг гүтгэхэд хэлсэн гэх гар буу түүнд байсан эсэхийг эцэслэн шалгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.11 дэх заалтыг, Д.Мөнхжаргалын сэтгэцийн дүгнэлтэд дурдсан “сэтгэл хөөрлийн хам шинжтэй” гэсэн хэрэг хариуцах чадваргүй гэх утгатай шүүх эмнэлгийн дүгнэлтэд шүүх хууль зүйн үнэлэлт өгөлгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан, бусдыг олон нийтийн өмнө доромжилсон, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Улсын Дээд шүүхийн тайлбарыг илтэд буруугаар ойлгож, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Д.Отгонжаргал, А.Эрдэнэбаяр, Н.Амарзаяа, Э.Идэрцог нарын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараах гэмт хэрэг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Б.Алтантулгын нэр төр, алдар хүндийг доромжилж, илт худал гүтгэлгийг олон нийтэд тараах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан эсхүл муучилсан худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тарааснаар тухайн гэмт хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Д.Мөнхжаргал нь телевизийн нэвтрүүлэгт нэг бус удаа оролцохдоо хохирогч нарын талаар нэр зааж өгүүлсэн мэдээлэл сэлт нь тэдний ажиллаж байсан цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүнд бус харин тодорхой хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаахад чиглэгдсэн, бодит байдалд нийцээгүй худал мэдээлэл болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогджээ.   

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Д.Мөнхжаргалыг бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын “...Д.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 824 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                          ШҮҮГЧ                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН