Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, хохирогч Д.Отгонжаргал, А.Эрдэнэбаяр, Н.Амарзаяа, Э.Идэрцог, Б.Алтантулга, шинжээч С.Байгальмаа, шүүгдэгч Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Батбаяр /ҮД:0056/, О.Цэрэнпунцаг /ҮД:1280/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас:          

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 48 дугаар байр 09 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 20000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан /РД:ШГ65060118/ Тайж овогт Долгорын Мөнхжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525013009 дугаар 185/2016/0112/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Д.Отгонжаргалыг “биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлүүдийг хаацайлдаг” хэмээн, хохирогч А.Эрдэнэбаярыг “Алтансүх гэгчид 100 сумтай гар буу бэлэглэсэн, тэр буугаар нь манай хүүг Алтансүхийн хүү буудаж амь насыг нь хохироосон” хэмээн, хохирогч Н.Амарзаяаг “эрүүгийн гэмт хэрэгтэнгүүдтэй холбоотой” хэмээн, хохирогч Э.Идэрцогийг “Шударга үнэн гэж байхгүй шүү дээ, Мөөнөө би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж хэлсэн хэмээн хохирогч нарын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт,

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Б.Алтантулгыг “Цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байсан, гэр орон нь хоолгүй байхад нь 250.000 төгрөг, эхнэрт нь 300.000 төгрөгний бараа авч өгсөн, рецедив гэмт хэрэгтэн, Отгонжаргал, Эрдэнэбаяр нартай хамтран ажилладаг, цагдаагийн бууны нохой” гэж хэлэн түүний нэр төр, алдар хүндийг доромжилж, илт худал гүтгэлгийг

олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхжаргалын: Өнөөдөр цагдаагийн байгууллагын хүнд сурталтай этгээдүүдийн сандал ширээ андуурагдсан байна гэж үзэж байна. Би энэ хэргийн хохирогч болох байсан. 2013 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих өдөр бол миний хүүгийн амь нас хохирсон өдөр байсан. Би сэтгэл санааны маш их хямралтай байгаа. Хохирогч Д.Отгонжаргал намайг нус нулимстайгаа хутгалдаад явсан талаар Амарзаяад хэлсэн байдаг. Дээрх хохирогч гэх хүмүүс намайг маш их доромжилж байгаа. 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний хэвлэл мэдээллээр ярьсан бүх зүйл үнэн. Хохирогч Д.Отгонжаргал биеэ үнэлэгч Уянгатай холбоотой, би энэ асуудлыг эрэн сурвалжилж олж тогтоосон зүйл байхгүй. Хэсэг бүлэг этгээдүүд хүн хэлмэгдүүлж хууль зөрчин явж байна. Эрдэнэбаярыг онц хүнд гэмт хэргийн дарга хийж байхдаа шовгор Өлзийд Мөөнөөг нус нулимстай нь холилдуулж баасыг нь шахаж байгаа талаар хэлсэн байдаг. Би хүүгээ алуулсны 10 хоногийн дараа ганц худагт Алтантулгатай уулзаж нэг шил архи задалж миний хүүгийн талаар ярилцсан. Алтантулга хавтаст хэрэгт миний хүүгийн талаар дандаа эсрэг мэдүүлэг өгсөн байгаа. Энэ хэрэг дээр Отгонжаргал шуурхай ажиллагаа хийсэн. Миний хүүгийн алсан хэргийг бодит үнэнийг гуйвуулсан хүн нь Отгонжаргал. Хохирогч Эрдэнэбаярын 100 сумтай гар бууны асуудлын хувьд би 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Отгонжаргал дээр ороход “Чи манай гадуур олон зүйл хуцаад манай даргын буу байсан талаар олон зүйл хуцаад явж байна гэнээ” гэж маш их уурласан. Эрдэнэбаяр хэлэхдээ Алтансүхтэй ажил хэргийн холбоотой байсан талаар хэлдэг. Эрдэнэбаярыг О.Алтансүхтэй нэг үзэл бодолтой хүн гэдгийг ЦЕГ-ын хурандаа Батсүх надад хэлж байсан. Мөн Алтансүхийг даргын найз гээд жийрхдэг талаар надад Отгонжаргал хэлж байсан. Мөн надад Эрүүгийн цагдаа дээр бууг Эрдэнэбаярын буу байсан энэ асуудлыг ил гаргаж болохгүй талаар хэлдэг. Надад Эрдэнэбаярыг гүтгэсэн зүйл огт байхгүй, удаа дараа зохих байгууллагад гомдол гаргаж байсан боловч миний гомдлыг авч үздэггүй учраас энэ асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ бууны асуудлыг анх надад Отгонжаргал хэлсэн. Эрдэнэбаярын буугаар Алтансүхийн хүү миний хүүг буудаж алсан гэж үзэж байна. Хохирогч Амарзаяагийн хувьд эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой. Намайг 2001 онд намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дамжиж хил гарах гэж байхад намайг барьж цагдан хорьсон. Би тухайн үед хил гарч наймаа хийдэг байсан. Тэр үед намайг Болдбаатартай цуг барьсан. Учир нь Болдбаатарыг гадаадын иргэнийг дээрэмдсэн хэрэгт надтай цуг үйлдсэн талаар сэжиглэж баривчилсан байдаг. Мөн намайг хоригдож байхад Амарзаяа намайг алуулах талаар захиалга өгсөн байдаг. Энэ талаар би шар Энхээгээс сонссон. Амарзаяа, Эрдэнэбаяр нар бол нэр бүхий эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбоотой. Хохирогч Идэрцогийн хувьд миний хүү хүнд алагдсан үеэс мэдэх болсон. Би Идэрцогоос хэргийн нотлох баримтын талаар асууж тодруулдаг байсан. Идэрцог надад би чамд амьдралд чинь хийсэн гай байхгүй, би бол шартай хулгайч миний хүүг ингэж алсан бол би өөрийн гараар тэр хүнийг алах байсан талаар надад хэлсэн. Мөн Мөөнөө чи энэ хэргийн үнэнийг олохгүй гэж хэлсэн. Би хүүгээ алсан хүнийг заавал олно. Миний хүүг алах тушаал өгсөн хүнийг олох болно. Би Алтантулгатай 2013 онд танилцсан. 2001 оны 07 дугаар сарын эхээр ганц худагт хоригдож байхад Алтантулгатай танилцсан. Тухайн үед Алтантулга надад өөрөө ууж үзүүлсэн. Би тэгээд Алтантулгатай олон зүйлийн талаар ярьсан. Алтантулга хорихоос гараад Хишигжаргалыг алах талаар надад хэлж байсан. 2013 оны 08 дугаар сард над руу Алтантулга утсаар яриад уулзъя гэж хэлсэн. Тэгээд эхнэрээсээ салсан талаар хэлсэн. Мөн никелэн гар буу гаргаж ирээд Хишигжаргалыг ална намайг Сүхбаатарын талбай хүргээд өг гэж хэлсэн. Би нэг шил архи авч өгч Алтантулгын гэрт ороход эхнэр нь байсан тэгээд эхнэртэй нь танилцахад Алтантулга эхнэртэйгээ маргалдаж зодолдоод байсан. Мөн буугаа гаргаж ирэхээр нь булааж авч бууг нь далд хий гэж эхнэрт нь хэлсэн. Тухайн үед дэлгүүрээс 0.75 л архи авч хувааж уусан. Тэгтэл гаднаас Баачик орж ирээд хувцас үзүүлсэн. Би Алтантулгын эхнэрт 300.000 төгрөг бэлнээр, 250.000 төгрөгийн хувцас авч өгсөн. Би өөрөө тэндээс гарч буудалд хоносон гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонжаргалын: Би Мөнхжаргалтай төрөл садан, өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би 1998 оноос 2012 он хүртэл мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч болон удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан. Би Мөнхжаргалтай холбоотой хэргийг 2001 онд эрүүгийн төлөөлөгч Амарзаяа хэргийн холбогдогчийн хамт материалыг ирүүлснээр даргын цохолтоор энэ хэрэг дээр ажиллаж байсан. Даргын өгсөн үүрэг даалгавраар иргэдийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт Мөнхжаргал, Болдбаатар нарыг сэжигтнээр цагдан хорьж байсан. Мөнхжаргалыг 14 хоног цагдан хорьж байсан. Шалгалтын явцад өөр ажлын хэсэг дээр шалгах шаардлага гараад энэ хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу тогтоол үйлдэж Эрдэнэбилэгт байцаагчид шилжүүлж өгч байсан. Мөн Дагвасүрэн гэдэг мөрдөн байцаагчтай хамт ажиллаж байсан. Нэгэн арга хэмжээгээр Дагвасүрэн мөрдөн байцаагчтай хамт 10 дугаар хороололд байрны гадаа очиход Дагвасүрэн нэг хүүхдийг байрнаас авч гарч ирсэн. Дагвасүрэн хэлэхдээ хүчингийн хэрэг дээр эрэн сурвалжлагдаж байсан хүүхэд байгаа юм гэж надад хэлсэн. Би тухайн үед хэний хүүхэд гэдгийг мэдээгүй. Тэр хүүхэд аавтайгаа уулзана гээд байхаар нь уулзуултал Мөнхжаргал гарч ирсэн. Би Мөнхжаргалыг хараад шууд таньсан, Мөнхжаргал ч намайг хараад шууд таньсан. Мөнхжаргал надад чи яагаад миний хүүхдийг хэрэг төвөгт оролцуулаад байгаа юм бэ гээд хүүхдийнхээ ямар хэрэг үйлдсэн талаар надаас асуусан. Шаазан ваарны үйлдвэрийн хавьд байрлах караокед насанд хүрээгүй эрэгтэй, эмэгтэй хүүхэд байж байгаад буудалд оруулаад эрэгтэй нь тухайн охиныг хүчиндсэн талаарх хэргийг Дагвасүрэн шалгаж байсан. Ингэж Мөнхжаргалтай 2 дах удаагаа таарсан. Сүүлд 2013 онд байх, сайн санахгүй байна Налайх дүүрэгт тээврийн хэрэгслээр явж байсан хоёр хүн нэгнийгээ галт зэвсгээр 5-6 удаа буудсан хэрэг гарсан. Энэ хэрэг дээр ажлын хэсгийг ахалж очиж байсан. Тухайн үед мөрдөн байцаах газрын дэд даргын албан тушаалтай байсан. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн үүдэнд очиход Мөнхжаргал машинтайгаа олон хүмүүстэй байсан. Мөнхжаргал намайг таниад ирж уулзсан. Надад “миний хүүхдийг алсан байна, та нар эзэн холбогдогчийг нь олж өгнө биз дээ” гэж хэлсэн. Би хэргийн газарт 2 хоног эрүүгийн цагдаагийн албан хаагч болон мөрдөн байцаагч нарыг удирдаж ажилласан. Гурав хоногийн дараа хэргийн холбогдогчийг Улаанбаатар хотын Гандангийн урд хавьд байрлах баарнаас барьж авсан. Тухайн хэрэг гарахаас өмнө талийгаачийн машины ард сууж явсан талаар хэргийн материалаас харагддаг. Энэ хэргээс харахад хэргийн холбогдогч талийгаач хоёр бие биеэнээ таньдаг байсан талаар харагддаг. Энэ хэрэг дээр би дэд даргын үүргээр ажилласан. Хэргийг харьяаллын дагуу онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлсэн. Энэ хэргийг шалгаж байх явцад Мөнхжаргал ажлын өрөөнд 2-3 удаа уулзаж байсан. Хэргийн бүрдэл болон таамгийн талаар надад хэлж байсан. Ийм байдлууд болж өнгөрсөн. Мөнхжаргалын ярьдгаар би 2001 оноос хойш Мөнхжаргалын мууг үзэж хүмүүстэй нийлж хувь заяагаар нь оролдоод байсан зүйл байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Уянга гэх эмэгтэйтэй холбоотой, хар тамхины бүлэглэлийг хаацайлдаг гэдэг асуудлыг хэлж байсан.  Манай хэлтэс хар тамхи болон биеэ үнэлдэг маш олон хэргийг шалгаж байсан. Би дээрх эмэгтэйтэй холбоотой хэргийг огт шалгаагүй. Би мөрдөн байцаагч байсан, ил далд аргаар гүйцэтгэх ажиллагаа хийж байгаагүй. Ингэж албан үүргээ гүйцэтгэж байсны минь төлөө олон нийтэд зориуд гүжирдэж байгаа нь Мөнхжаргалын сэтгэл зүйтэй холбоотой юм уу гэж ойлгож байна. Хүүхдээ алдсан эцэг хүний хувьд сэтгэл санаа нь тогтворгүй байсан байх гэж ойлгож байна. Би олон нийтийг ийм төөрөгдөлд оруулж байгаад би гомдолтой байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Эрдэнэбаярын: Би Мөнхжаргалыг танина, садан төрлийн холбоо байхгүй. Би тухайн үед онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр үеэс Мөнхжаргал намайг мэдэх болсон. Мөнхжаргалыг би хэрэгт шалгаж байсан удаа байхгүй, бид хоёрын хооронд ажил төрлийн харьцаа байхгүй. Мөнхжаргал “Ийгл” телевиз болон “цензургүй яриа” нэвтрүүлгээр миний хүүг алсан буу Эрдэнэбаярын буу байсан. Мөн Эрдэнэбаяр нь Алтансүхтэй найз нөхдийн холбоотой, Алтансүхэд тэр буугаа бэлэглэж, Алтансүхийн хүү нь тэр буугаар миний хүүгийн амь насыг хохироосон гэж  нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг. Би Алтансүхтэй дотно найз нөхдийн холбоо байхгүй. Мөрдөн байцаагчид бууны асуудлын талаар сайн шалгаарай гэж хэлсэн. Тэр буу бол минийх биш гэдгийг хэлмээр байна. Мөнхжаргалд би чиний зовлонгоор тоглож байгаа хүмүүс тийм асуудал гаргасан байх гэж хэлж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Амарзаяагийн: Би Мөнхжаргалтай садан төрөл, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. 1998 оны сүүлээр байх 13 дугаар хороололд Сири улсын иргэн гэртээ байж байгаад гаднаас халдлагад өртсөн байдаг. Тухайн иргэн 5000 доллар, монгол мөнгөн дэвсгэртээ дээрэмдүүлсэн. Гэрт нь гаднаас 4-5 хүн орж ирээд дээрэмдсэн үйлдэл байсан. Энэ хэрэг дээр ажиллахад Сири улсын иргэний орчуулагч эмэгтэйг шалгаж үзэхэд М.Хүрэлбаатарын дүү байдаг. Энэ хэрэг гарахаас өмнө дээрэмдүүлсэн иргэний гэрээс 2 цагийн өмнө нь орчуулагч нь гарч явсан байдаг. Хэрэг дээр фото зургийн таниулах ажиллагаа хийхэд хохирогч Хүрэлбаатарыг шууд заасан. Энэ хэргийг Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгсөн.  Үүний дараа 2001 онд Эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнаар ажиллаж байсан. ОХУ-н Ярославын вокзал дээр монгол эмэгтэй бэлэн мөнгө, эд зүйлээ дээрэмдүүлсэн материал орж ирсэн. Хохирогч эмэгтэй яармагийн 3 бүдүүн Хүрэлбаатар, Болдбаатар, Отгонбаатар нарын хүмүүсийн нэгэнд дээрэмдүүлсэн талаар хэлдэг. Энэ ажиллагааны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил дээрээс Болдбаатарыг Мөнхжаргалтай цуг баривчилж авчирсан. Энэ хэрэг УМБГ-т шилжсэн. Болдбаатар 9 жилийн хорих ял аваад явсан. Би эрүүгийн элементүүдтэй холбоотой асуудлын хувьд би улсад 34 жил ажиллаж байна. Сүүлийн 13 жил захиргааны албан хаагчаар ажилласан. Үлдсэн жилд нь эрүүгийн албанд эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дунд ажиллаж байсан. Би Мөнхжаргалыг танина. Надтай цуг ажилладаг байсан Оюунбат гэдэг залуу намайг Хүрэлбаатартай танилцуулж байсан. Би ямар нэгэн хууль гажуудуулсан зүйл байхгүй. Болдбаатар, Хүрэлбаатарыг шалгаж эхлэхтэй холбоотойгоор Мөнхжаргал надтай ирж уулзаж байсан. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Идэрцогийн: Би Мөнхжаргалтай төрөл садан, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Налайхад үйлдэгдсэн хүн амины хэрэг гарахад шалгасан. Тэр цаг үеэс Мөнхжаргалыг таних болсон. Мөнхжаргал надтай нилээн хэдэн удаа уулзаж, хүсэлт тавьдаг байсан. Энэ хүн хүүгээ алдсан асуудлаас болж нилээн их бухимдаж байсан. Би Мөнхжаргалд “үнэн гэж байхгүй, би хүүгээ алдсан бол өшөө авах байсан” гэж түүнд огт хэлээгүй. Би Мөнхжаргалыг хүүгээ харамсалтайгаар алдсанд хүний хувьд маш их харамсаж байгаа. Телевизийн нэвтрүүлгээр ингэж ярихад нь их гайхаж байсан. Одоо гаргах гомдол нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтантулгын: Би Мөнхжаргалтай хамт анд явж бизнес ярьж байсан үе бий.Мөнхжаргалын хүүг нас барахад хамт хэрэг учралын газарт очиж,ажил явдалд нь оролцсон. Тэр цагаас хойш Мөнхжаргал намайг чи урьд нь шоронд байсан юм чинь хууль мэднэ. Хүнийг яаж буудуулах уу гэж янз бүрийн зүйл надад ярьдаг байсан. Би асуудлыг аль болох зөөлрүүлж ярьдаг байсан ба хууль шүүхийн байгууллага наад асуудлыг чинь шийдэх байх гэдэг байсан. Мөнхжаргал нэг удаа намайг караокед дуудаад чи Алтансүхээс тэрбум төгрөг нэхэмжлээд өгчих гэж байсан. Би Мөнхжаргалтай үхсэн хүүхдээрээ бизнес хийх гэлээ гэж хэлээд муудалцаад салсан. Тэрнээс хойш жилийн дараа 2-3 удаа эрүүгийн гэмт хэрэгтэн дагуулж ирж намайг дарамталж, цагдаагийн бууны нохой гэж дарамталдаг байсан. 2015 оны 11 сарын 4-ний өдөр Ийгл телевизээр намайг цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байхад би таараад бууг нь булааж аваад гэрт нь хүргэж өгсөн гэж гүтгэж, эхнэрт нь 300000 төгрөг, гэрт нь 250000 төгрөг өгсөн, рецедив гэмт хэрэгтэн гэж доромжилж, Отгонжаргал, Эрдэнэбаяр нарын хурандаа нартай холбоотой, тэдний бууны нохой гэж доромжилсон. Би дээрх хохирогч гэх хүмүүсийг танихгүй.Мөнхжаргалыг олон нийтийн сүлжээгээр мэдээлэл өгснөөс хойш хамтарч бизнес хийх гэж байсан хүмүүс маань надаас зайгаа барьснаас бизнесээ хийж чадаагүй хохирсон тул 100.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөнхжаргал өөрийнхөө эрхшээлд хүнийг оруулах гэдэг учраас би маш их гомдолтой байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Байгальмаагийн: Шүүгдэгчийн биед үзлэг хийхэд үе үе уурлаж байсан. Сэтгэлийн хүнд цохилтын улмаас сэтгэл санаа нь маш их хямарч, сэтгэлээр унаж, төрх үйлийн өөрчлөлтүүд илрэх болсон ба сэтгэлийг хүчтэй шаналгасан сэтгэлийн дарамтын дараахь бие хүний ужиг өөрчлөлт эмгэгтэй байсан боловч гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан гэж үзсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Отгонжаргалын: ...Намайг биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлийн үйлдлийг хаацайлсан гэж ор үндэсгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан гүтгэсэнд гомдолтой. ... Мөнхжаргал 2001 онд намайг байцаагч байхад шалгагдаж байсан. Түүний дараа 2004 он байна уу 2005 онд Мөрдөн байцаах тасгийн дугаар хэлтэст шалгагдаж байсан хүчингийн хэрэгт Мөнхжаргалын хүү нь эрэн сурвалжлагдаж байхад нь 10 дугаар хорооллоос олж баривчилж, шалгаж байсан байцаагчид нь хүлээлгэж өгсөн. Налайхад алагдсан Мөнхжаргалын хүү Мэндбаярын эзэнгүй хэрэгт би Налайхад ажиллах ажлын хэсгийг ахалж очиход Налайхын цагдаагийн гадна Мөнхжаргал намайг таниад машинаас бууж ирээд уйлаад намайг тэврээд миний хүү алагдсан байна, олж өгнө биз дээ гээд нус нулимсандаа холилдсон байдалтай байсан. Би тэр үед Мөнхжаргалын хүү алагдсаныг мэдсэн. Би Налайхад 1-2 хоногийн дотор эзэн холбогдогчийг нь олж баривчлаад хэргийг илрүүлж байлаа. Түүнээс Мөнхжаргалын хүү юм байна гээд цалгар, задгай байдлаар хандаж байгаагүй. Хүүгийнх нь амь насанд хүрсэн буу нь хурандаа Эрдэнэбаярынх юм байна лээ гэж өөрт нь би хэлээгүй. Тиим ч үндэслэл байхгүй. Эрдэнэбаяр хурандаад буу байдгийг ч мэдэхгүй. Хэрэгт бууны талаар мэдээлэл тогтоогдсон эсэхийг мэдэхгүй. Уянга гэх эмэгтэйтэй холбоотой хэргийг шалгаж байгаагүй. Шалгуулахгүй байхаар бусад албан хаагч нартаа үүрэг чиглэл өгч байгаагүй. Намайг ямар учраас ор үндэслэлгүйгээр гүтгээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд харьцаж байгаа нь цаана нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан бусад этгээдүүд Мөнхжаргалыг ашиглаад байгаа юм биш байгаа гэж хардаж байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-186-188/,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Эрдэнэбаярын: ...Мэдээллийн хэрэгслээр ярихдаа намайг Алтансүх гэгчид 100 сумтай гар буу бэлэглэсэн, тэр буугаар нь манай хүүг Алтансүхийн хүү буудаж амь насыг нь хохироосон гэж ярьсан. Энэ хэрэгт Эрдэнэбаяр нөлөөлөөд бууны асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаагүй гэж ярьсан. Миний хувьд Алтансүхийг ажил хэргийн шугамаар сайн мэднэ. Түүнтэй найз нөхөд болон ойр дотны харилцаа байхгүй. Алтансүхэд буу зэвсэг бэлэглэж байсан зүйл байхгүй. Мөнхжаргал намайг түүнд буу бэлэглсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн. ...Цагдаагийн байгууллагад 30 гаран жил... Үүнээс ...25 жилийг нь хүн амины гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр ажилласан. Тэгээд ажил хийснийхээ төлөө хүний гүтгэлэгт орж байгаа нь хувь хүн болон албаны нэр төрд халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-189-190/,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Амарзаяагийн: ...Мөнхжаргал гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар уулзаж танилцсан зүйл байхгүй. Би одоо хэдэн он гэдгийг сайн санахгүй байна. Намайг Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхад Мөнхжаргалын төрсөн дүү Болдбаатар нь ОХУ-д Монгол улсын иргэн эмэгтэйг дээрэмдэж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул М.Болдбаатарыг 15 дугаар хорооллоос барьж, Мөнхжаргалыг гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг тогтоож Мөнхжаргалд хилийн хориг тавьж Сэлэнгэ аймгаас ОХУ руу хил нэвтрэх үед нь баривчилсан юм. Тухайн үед Мөнхжаргалыг Улсын Мөрдөн Байцаах Газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэхэд мөрдөн байцаагч Отгонжаргал авч шалгаж байсан. ... Намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байхад Хүрэлбаатар гэгч нь 13 дугаар хороололд оршин суух Сири улсын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарч түүнийг би илрүүлж Улсын Мөрдөн Байцаах газарт шилжүүлж байсан. Миний хувьд Хүрэлбаатартай найз нөхөд байж Мөнхжаргалтай танилцаж түүнээс мөнгө авсан зүйл байхгүй. Энэ нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан намайг гүтгэж, нэр төрд халдсанд гомдолтой... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-192-193/,

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Идэрцогийн: ...Би Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Би зүүн аймгуудаар албаны ажилтай явж байтал Налайх дүүрэгт Мөнхжаргалын хүүхэд шөнийн цагаар 6 удаа буудагдаж нас барсан эзэнгүй хэрэг гарсан. Би шууд тэндээсээ тэр хэрэг дээр ирж ажилласан. Тухайн үеийн цагдаагийн байгууллагын хэрэг илрүүлэх чиглэлийн бүхий л албад хамтран ажиллаж хэргийг үйлдсэн этгээдийг богино хугацаанд илрүүлэн баривчлан эд мөрийн баримтыг хурааж, мөрдөн байцаалтын ажиллагаа шуурхай явуулж нотлох баримтаар хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж, прокурорт шилжүүлэн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн юм. Мөрдөн байцаалтын ажиллагааг манай хэлтсээс явуулж байхад хохирогчийн аав Мөнхжаргал болон өөр бусад хэргийн хохирогч нар олон удаа орж ирж уулзаж байсан. Мөнхжаргал бол 3-4 удаа орж ирж уулзаж, санал хүсэлтээ тавьж шийдүүлж, гомдол бухимдлаа хэлж байсан. Өөр байдлаар надтай уулзаагүй. Би тухайн үед уулзаж байхдаа тавьсан хүсэлтийг нь хуулийн дагуу шийдэж өгч байсан болохоос одоо энэ намайг гүтгэж байгаа шиг “Шударга үнэн гэж байхгүй шүү дээ, Мөөнөө би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж огт хэлээгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-194-195/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алтантулгын: ...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ийгл телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт Мөнхжаргал оролцоод намайг “Цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байсан, гэр орон нь хоолгүй байхад нь 250,000 төгрөг, эхнэрт нь 300,000 төгрөгний бараа авч өгсөн, рецедив гэмт хэрэгтэн гэх мэтээр намайг гүтгэн доромжилж, гэр бүлийн байдал болон сэтгэл санааны тогтворгүй байдалд маш их нөлөөлсөн. ... Мөн Мөнхжаргал намайг Отгонжаргал, Эрдэнэбаяр нартай хамтран ажилладаг, цагдаагийн бууны нохой” гэж ...намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон, сэтгэл санааны асар их дарамтанд оруулсан. Гэр бүлийнхнийг маань болон намайг байнгын айдас дунд байлгаж байгаад нь маш их гомдолтой... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-196-198/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунаагийн: ...Би Мөнхжаргал Мөөнөө гэдэг хүнийг танихгүй, найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Мөнхжаргал манай гэрт ирж байгаагүй.... манай нөхөр хүн ална гэж явж байгаагүй, тэгээд ч манай гэрт ямар нэгэн буу зэвсэг байхгүй... 2015 онд байх би ...нэвтрүүлэг үзэж байхад өмнө нь нэг нэвтрүүлгээр хүүхэд нь алагдсан гээд ярьж байсан халзан толгойтой хүн яриандаа Алтантулга гээд ярих шиг болохоор нь юу билээ гэж сонсчихоод өөр Алтантулга ч юм уу гээд л өнгөрсөн. Гэтэл нөхөр маань 2015 оны 11 дүгээр сарын үед намайг телевизээр яриад “ядарсан үед нь авгайд нь хоол унд, хувцас хунар, мөнгө төгрөг өгсөн” гэж байна гэнэ гэсэн. тэгээд л дараа нь нөхөр маань айлын юнивейшнээр нэвтрүүлгийг нь ухрааж үзлээ Мөөнөө намайг гүтгээд худлаа ярьж байна гэсэн... ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-201-202/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Оюунбатын: ...Д.Мөнхжаргал нь 2013 онд байх хүү нь бусдын гарт нас барсан гээд надтай ирж уулзаад эрх зүйн зөвлөгөө авч байсан. Тэрнээс нэг нэгнийгээ мэддэг болж хэд хэдэн удаа манай өрөөгөөр ирж байсан. Б.Алтантулгатай 1984 онд Зүүнхараагийн шоронд танилцаж байсан. ...Б.Алтантулгыг манай өрөөнд ирчихсэн сууж байхад Д.Мөнхжаргал 2-3 хүнтэй ирсэн. ...Д.Мөнхжаргал нь Б.Алтантулгатай биш надтай уулзах гэж ирээд хоорондоо тааралдаж маргалдсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-203-204/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Чинбатын:  ...Мөнхжаргал, Алтантулга хоёр ямар асуудалтай байсныг би мэдэхгүй, хоорондоо гэнэт л хэлэх хэлэхгүй үгээр хэрэлдэж юу юугүй хоорондоо барьцалдаад авах гэхээр нь бид нар салгасан. Мөнхжаргал нь Алтантулгыг “чи цагдаагийн бууны нохой биз дээ” гэж хэлэхээр нь би Алтантулгад хандаж чи цагдаа болчихсон юм уу гэж хэлсэн. ...Мөнхжаргал, Алтантулга нар юунаас болоод хоорондоо маргалдаад байдгийг ёстой мэдэхгүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-205-207/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Готовдоржийн: ...Б.Алтантулга нь надтай 2007 оноос хойш шоронд ял эдэлж байсан. Д.Мөнхжаргал гэдэг хүнийг танихгүй. 2015 оны 10 сарын сүүлээр байх ...Алтантулга нь Мөнхжаргалтай хэрүүл хийгээд байсан, би ямар учиртай юу болоод ч байгааг нь ойлгоогүй. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-208-209/

2015.10.28-ны өдөр хохирогч нарын цагдаад гаргасан өргөдөл /1хх-29/, Д.Мөнхжаргалын тайлбар /1хх-41-43/, А.Эрдэнэбаярын нэр дээр бүртгэлтэй галт зэвсгийн талаарх албан бичиг /1хх-63/, 201401080228 тоот эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /1хх-121/, 2013.10.24-ний өдрийн 3377 тоот шинжээчийн дүгнэлтийн хуулбар /1хх-122-123/, 2014.08.04-ний өдрийн 1253 тоот мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоолын хуулбар /1хх-138/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-173, 182/, телевизийн нэвтрүүлгийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-174-175/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-176-181/, Си Ди-ний бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-183-185/, Эрүүгийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай 2016 оны 02 сарын

08-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол /2хх-9-10/,

 

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Шүүх сэтгэц эмгэг судлалын №388 тоот:    

  1. Д.Мөнхжаргал нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна.
  2. Д.Мөнхжаргал нь сэтгэцийн хувьд “Сэтгэлийг хүчтэй шаналгасан сэтгэлийн дарамтын дараах бие хүний ужиг өөрчлөлт” эмгэгтэй байсан байна.
  3. Д.Мөнхжаргал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  4. Д.Мөнхжаргалд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Комиссын дарга Н.Туяа, гишүүд Д.Лянхуа, илтгэгч С.Байгальмаа гэсэн дүгнэлт /1хх-213-215/,

иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-227/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-228/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 5 сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-247-248/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.   

 

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч:

-Эрүүгийн хуулийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтэний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 83/Зэвсэгт үймээн дэгдээх/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/, 86/Үндэсний эв нэгдлийг бусниулах/, 87/Төрийн нууц задруулах/, 88/Төрийн нууц мэдээ, баримт бичиг, биет зүйлийг үрэгдүүлэх/, 89/Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх/,133/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/, 177/Зандалчлах/, 178/ Зандалчлах тухай санаатай худал мэдээлэх/, 1781 /Терроризм/, 1782 /Терроризмыг санхүүжүүлэх/, 1783 /Терроризмыг сурталчлах/, 224.2/Олон улсын нислэгийн журам зөрчих/, 297/Зэвсэгт мөргөлдөөн гаргах/, 300/Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах, 301/Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох/; 302/Төрлөөр устгах/, 303/Хөлсний цэрэг ашиглах / дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. 

 -Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 113 /Хүн худалдаалах/, 1661 /Мөнгө угаах/, 175/Эд зүйлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. …27.4.Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нь энэ хуулийн 27.1, 27.3-т зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн: ...Хэргийн харьяаллын хувьд хавтаст хэрэгт авагдсан хохирогч нар нь цагдаагийн байгууллагын нэр бүхий удирдах албан тушаалтнууд, миний үйлчлүүлэгчийн хэвлэл мэдээллээр ярьсан асуудлын хувьд цагдаагийн байгууллагын нууцад хамаарах, хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой, нууцын зэрэглэлтэй асуудалд үзлэг шинжилгээ хийх асуудал тулгарч байгаа тул шүүгдэгч Д.Мөнхжаргалд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсээр шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Мөнхжаргал 2015 оны 10 сарын 27-ны өдөр “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо:

хохирогч Д.Отгонжаргалыг “биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлүүдийг хаацайлдаг” гэж,

хохирогч А.Эрдэнэбаярыг “Алтансүх гэгчид 100 сумтай гар буу бэлэглэсэн, тэр буугаар нь манай хүүг Алтансүхийн хүү буудаж амь насыг нь хохироосон” гэж,

хохирогч Н.Амарзаяаг “эрүүгийн гэмт хэрэгтэнгүүдтэй холбоотой” гэж,

хохирогч Э.Идэрцогийг “шударга үнэн гэж байхгүй шүү дээ, Мөөнөө би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж хэлсэн хэмээн,

мөн 2015 оны 11 сарын 4-ний өдөр “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хохирогч Б.Алтантулгыг “Цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байсан” гэж ярьсан нь шүүгдэгч Д.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан телевизийн нэвтрүүлгийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Си Ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-183-185/-ээр тогтоогдов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр оролцсон: хохирогч Д.Отгонжаргалын: ...Би 1998 оноос 2012 он хүртэл мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч болон удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан. ...Мөнхжаргалын ярьдгаар би 2001 оноос хойш Мөнхжаргалын мууг үзэж хүмүүстэй нийлж хувь заяагаар нь оролдоод байсан зүйл байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Уянга гэх эмэгтэйтэй холбоотой, хар тамхины бүлэглэлийг хаацайлдаг гэдэг асуудлыг хэлж байсан.  Манай хэлтэс хар тамхи болон биеэ үнэлдэг маш олон хэргийг шалгаж байсан. Би дээрх эмэгтэйтэй холбоотой хэргийг огт шалгаагүй.  …гэж,

хохирогч А.Эрдэнэбаярын: ...Мөнхжаргал “Ийгл” телевиз болон “цензургүй яриа” нэвтрүүлгээр миний хүүг алсан буу Эрдэнэбаярын буу байсан. Мөн Эрдэнэбаяр нь Алтансүхтэй найз нөхдийн холбоотой, Алтансүхэд тэр буугаа бэлэглэж, Алтансүхийн хүү нь тэр буугаар миний хүүгийн амь насыг хохироосон гэж ...ярилцлага өгсөн байдаг. Би Алтансүхтэй дотно найз нөхдийн холбоо байхгүй.  …Тэр буу бол минийх биш гэдгийг хэлмээр байна.  ...гэж,

хохирогч Н.Амарзаяагийн: ...Би эрүүгийн элементүүдтэй холбоотой асуудлын хувьд би улсад 34 жил... …Сүүлийн 13 жил захиргааны албан хаагчаар...  ...Үлдсэн жилд нь эрүүгийн албанд эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дунд ажиллаж байсан. Би Мөнхжаргалыг танина. Надтай цуг ажилладаг байсан Оюунбат гэдэг залуу намайг Хүрэлбаатартай танилцуулж байсан. Би ямар нэгэн хууль гажуудуулсан зүйл байхгүй. Болдбаатар, Хүрэлбаатарыг шалгаж эхлэхтэй холбоотойгоор Мөнхжаргал надтай ирж уулзаж байсан. …гэж,

хохирогч Э.Идэрцогийн: ...Би Налайхад үйлдэгдсэн хүн амины хэргийг шалгасан үеэс Мөнхжаргалыг таних болсон. ...Би Мөнхжаргалд “үнэн гэж байхгүй, би хүүгээ алдсан бол өшөө авах байсан” гэж түүнд огт хэлээгүй. ...гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг,

хавтаст хэргээс шинжилсэн …“Улаанбаатар хотын хэмжээний иргэн хуулийн этгээдийн галт зэвсгийн бүртгэлтэй компьютерийн нэгдсэн сан”-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Оргил хотхон 5-2 тоотод оршин суух Аюурзана овогтой Эрдэнэбаяр /РД:МЛ67042618/-н нэр дээр Герман улсад үйлдвэрлэсэн Вальтер маркийн гол төмрийн G049805, Орос улсад үйлдвэрлэсэн Тоз-99 маркийн гол төмрийн 0403519, замагны 519 дугаартай 2 ширхэг галт зэвсэг бүртгэгдсэн байна гэсэн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2015.10.30-ны өдрийн 8/2877 тоот албан бичиг,

Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай, цагдаагийн ахмад Л.Эрхзаяагийн 2015 оны 11 сарын 24-ний үйлдсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал /1хх-152-153/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын: ...Иргэн Д.Мөнхжаргал 2015 оны 10 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ийгл” телевизээр цагдаагийн алба хаагч болох дэд комиссар Н.Амарзаяа, хурандаа А.Эрдэнэбаяр, Д.Отгонжаргал, Э.Идэрцог нарыг холбогдуулан илт худал гүтгэлгийг тараасан мэдэгдэл хийсэн тухай гомдол мэдээллийг шалгахад эрүүгийн 201301000404, 201401080228 тоот хэргүүдэд хийсэн үзлэг, тайлбар тодорхойлолт, бусад бичгийн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаярыг О.Алтансүх гэгчид гар буу бэлэглэсэн нь тогтоогдоогүй байх ба О.Алтансүхийн хүү А.Мэндбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсгийг хаанаас, хэнээс авсан эх сурвалжийг тогтоохоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 201401080228 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ба уг хэргийг “яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй” үндэслэлээр 2014 оны 08 сарын 04-ний өдөр түдгэлзүүлсэн байна. Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалыг О.Алтансүхийн хүү А.Мэндбаярын найз эмэгтэй Г.Уянгын биеэ үнэлдэг, хар тамхи борлуулдаг гэх хэргийг нуун дарагдуулж, Г.Уянгатай харилцаа холбоотой гэх мэдээлэл тогтоогдоогүй, Г.Уянга нь 201301000404 тоот хэрэгт гэрчээр мэдүүлэхдээ яллагдагч А.Мэндбаяртай дотно харьцаатай байсан, одоо нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдардаг, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 5.520.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, 2012 онд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж хянан харгалзсан нь тогтоогдож байна.

            Цагдаагийн хурандаа Э.Идэрцогийн “шударга үнэн гэж байхгүй шүү дээ Мөөнөө, би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж хэлсэн нь тогтоогдоогүй байна.

Дэд комиссар Н.Амарзаяа нь иргэн Д.Мөнхжаргалыг хүн амины хэрэгт холбогдуулан үндэслэлгүйгээр 9 сар хорьж залхаан цээрлүүлсэн, Ганц худагт амь насыг нь хороолгохоор бусдад захиалга өгсөн гэх асуудал тогтоогдоогүй байна.

Иргэн Д.Мөнхжаргалын телевиз олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн дээрх мэдэгдлүүд нь түүний хохирогчоор оролцсон эрүүгийн 201301000404 тоот хэрэгт, яллагдагч А.Мэндбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.13, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс ял шийтгэгдсэн байна.

Материалд авагдсанаар, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримтгүй байх тул ... 1. Цагдаагийн алба хаагч Н.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, Д.Отгонжаргал, Э.Идэрцог нартай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан нийтлэл, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай... ... гэсэн  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2015 оны 12 сарын 09-ний 1786 дугаар тогтоол /1хх-238-239/-оор хохирогч Д.Отгонжаргал “биеэ үнэлэгч Уянга гэгчтэй холбоотой, хар тамхины гэмт бүлэглэлүүдийг хаацайлдаг” болох нь, хохирогч А.Эрдэнэбаяр “Алтансүх гэгчид 100 сумтай гар буу бэлэглэсэн” болох нь, хохирогч Н.Амарзаяа “эрүүгийн гэмт хэрэгтэнгүүдтэй холбоотой” болох нь, хохирогч Э.Идэрцог “Шударга үнэн гэж байхгүй шүү дээ, Мөөнөө би чам шиг хүүхдээ алдсан бол буцаагаад тэр хүүхдийг нь ална” гэж хэлсэн болох нь,

мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунаагийн: …манай нөхөр хүн ална гэж явж байгаагүй, тэгээд ч манай гэрт ямар ч буу зэвсэг байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтантулгын: …2015 оны 11 сарын 4-ний өдөр “Ийгл” телевизээр намайг цагаан шонхорын Энхтайваныг алах гээд буутай явж байхад би таараад бууг нь булааж аваад гэрт нь хүргэж өгсөн гэж гүтгэж, …Мөнхжаргал өөрийнхөө эрхшээлд хүнийг оруулах гэдэг учраас би маш их гомдолтой байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хохирогч Б.Алтантулга “цагаан шонхорын Энхтайван гэгчийг алах гээд буутай явж байсан” нь тогтоогдож нотлогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Мөнхжаргал 2015 оны 11 сарын 04-ний өдөр “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо хохирогч Б.Алтантулгын  гэр орон нь хоолгүй байхад нь 250.000 төгрөг, эхнэрт нь 300.000 төгрөгний бараа авч өгсөн, рецедив гэмт хэрэгтэн, Отгонжаргал, Эрдэнэбаяр нартай хамтран ажилладаг, цагдаагийн бууны нохой” хэмээн ярьсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, телевизийн нэвтрүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтантулгын: …Би ял шийтгэгдэж байсан нь үнэн, хохирогч гэх хүмүүсийг танихгүй. Мөнхжаргалыг олон нийтийн сүлжээгээр мэдээлэл өгснөөс хойш хамтарч бизнес хийе гэж байсан хүмүүс маань надаас зайгаа барьсан. Мөнхжаргалаас мөнгө төгрөг, эд зүйл авсан зүйл байхгүй. …гэж, хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунаагийн: ...Би Мөнхжаргал Мөөнөө гэдэг хүнийг танихгүй, найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Мөнхжаргал манай гэрт ирж байгаагүй.  ...нөхөр маань 2015 оны 11 дүгээр сарын үед намайг... “ядарсан үед нь авгайд нь хоол унд, хувцас хунар, мөнгө төгрөг өгсөн” гэж ...Мөөнөө намайг гүтгээд худлаа ярьж байна гэсэн... гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгээр болон хохирогч Б.Алтантулга урьд ял шийтгэгдэж байсан ба Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 сарын 11-ний өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2012 оны 6 сарын 29-нд хугацаа дуусч суллагдсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа боловч түүнийг Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасан онц аюултай гэмт хэрэгтнээр /рецедив гэмт хэрэгтэн/ тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй зэргээр шүүгдэгч Д.Мөнхжаргал хохирогч Б.Алтантулгын нэр төр, алдар хүндийг нь олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар: …үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, …эрх чөлөөтэй боловч Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд: …хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхийг заажээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан гүтгэх гэмт хэргийн шууд объект нь хүний нэр төр, алдар хүнд, объектив тал нь хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаасан, муучилсан, худал мэдээлэл тараасан үйлдэл ба уг үйлдэл нь амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл …зэрэг хэлбэрээр илэрч болно. Энэ гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай Монгол Улсын иргэн ... байх ба субъектив тал нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй.

 

Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолд: …“...нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж, “...алдар хүнд...” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж,... “...доромжлох...” гэдэгт ...тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг, …хөрөнгө чинээ, ...гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, ...-ээр гутаасан зэргээр илэрнэ. …“...олон нийт...” гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох нөхцлийн хувьд ...бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно. … “…гутаах зорилго…” гэж …үзэн ядах, уур хорслоо тайлах, …хувийн сэдэлтийг хэлнэ. … “хэвлэл, мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ...“мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын: Иргэний хуулийн 21.3 дахь хэсэгт ажил хэргийн нэр хүнд гэж юуг хэлэх, 21.2-т иргэн хүний алдар хүнд гэж юуг хэлэхийг маш тодорхой заасан байгаа. Нэр төр бол дотоод үнэлэмж, алдар хүнд бол гадаад үнэлэмж зэргийг ялгахгүйгээр тайлбарлаж болохгүй. Алдар хүндийг байгууллага төлөөлнө. Хохирогч нарын мэдүүлгээр эхлээд ЦЕГ дотоод аюулгүй байдлын хэлтсээс цагдаагийн нэр хүндтэй холбоотой асуудлыг шалгасан гэж хэлдэг. Хохирогч нар хэрхэн яаж хэдэн төгрөгөөр хохирсон нь тодорхойгүй байна. Шүүгдэгчийг яллаж байгаа зүйл анги дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж гүтгэсэн зүйл огт байхгүй. Үндсэн хуулийн 16.2 дахь хэсэг дээр иргэн эрх бүхий байгууллагууд гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Үүнийг төрийн байгууллага заавал шийдвэрлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөнөөс миний үйлчлүүлэгч бухимдаж, бухимдлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр үг хэлэх байдлаар хов жив цуу яриагаар өөрийн мэдэх зүйлээ тараасан байдаг. Улсын яллагч цагаатгах болон буруутгах талын нотлох баримтуудыг ижил тэгш хэмжээнд цуглуулах энэ үүргээ биелүүлээгүй байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчид ял оноож байгаа үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Мөнхжаргал сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай нь …“гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. …Сэтгэлийг хүчтэй шаналгасан сэтгэлийн дарамтын дараах бие хүний ужиг өөрчлөлт” эмгэгтэй байсан байна. …сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹388 тоот дүгнэлт /1хх-213-215/, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр оролцсон шинжээч Байгальмаагийн: ...шүүгдэгчийн биед үзлэг хийхэд үе үе уурлаж байсан. Сэтгэлийн хүнд цохилтын улмаас сэтгэл санаа нь маш их хямарч, сэтгэлээр унаж, төрх үйлийн өөрчлөлтүүд илрэх болсон ба сэтгэлийг хүчтэй шаналгасан сэтгэлийн дарамтын дараахь бие хүний ужиг өөрчлөлт эмгэгтэй байсан боловч гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай гэж үзсэн... гэсэн мэдүүлгээр нотлогдов.

Шүүгдэгч Д.Мөнхжаргалыг өөрт нь болон гэр бүлийн гишүүнд нь …тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай боловч “сэтгэлийг хүчтэй шаналгасан сэтгэлийн дарамтын дараах бие хүний ужиг өөрчлөлт” эмгэгтэй байсан үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч нарын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан, олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Мөнхжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгч Д.Мөнхжаргал Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 5 сарын 20-ны өдрийн 266 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэгт 20000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж байсан нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбараар /1хх-247-248/ тогтоогдож байгаа боловч ялтайд тооцох хугацаа дууссан байна.

Хохирогч Б.Алтантулга шүүгдэгч Д.Мөнхжаргалын буруугаас өөрийн ажил хэргийн түнш, эрхлэх байсан бизнесээ алдсан гэж 100.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг нэхэмжлэлийг хангах нотлох баримтыг хавтаст хэрэгт болон шүүхэд гаргаагүй тул энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч Б.Алтантулга нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Мөнхжаргалаас нэхэмжлэх эрхтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг хуурцгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Долгорын Мөнхжаргалыг бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Долгорын Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Долгорын Мөнхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар Долгорын Мөнхжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар Д.Мөнхжаргал торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  5. Д.Мөнхжаргал цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Алтантулга нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.  
  6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг /Си Ди/ хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                      
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                                                                     
  9.  Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ү.ТҮМЭНЖАРГАЛ