Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2023/00009

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01686 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 21,473,188 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие *******тэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

******* нь 2018 оны 11 дүгээр сараас 2027 оны 11 дүгээр сар хүртэл жил бүр 2,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх ёстой байсан боловч зээлийн үндсэн төлбөрт 2018 оны 11 сар, 2019 оны 11, 2020 оны 11 дүгээр сард тус тус 2,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөгийг төлсөн.

Гэрээний 6 дугаар зүйлд “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон /ажилгүй болсон гэх мэт/ бол Зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй. Зээлдэгч зээлийг хүүгийн хамт үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд *******ийн ******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болж ажлаас гарсан тул бид 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж зээлийн үлдэгдэл 13,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,973,187 төгрөг, нийт 21,473,188 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч ******* нь зээлийн гэрээ болон гэрээ дүгнэсэн актаар тохиролцсон 21,473,188 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөхгүй байна.

Иймд *******ээс 21,473,188 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2014 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэл ******* ХХК-д хойд бүс хариуцсан Дархан салбарт Хөдөлмөрийн аюултай байдал эрүүл ахуй /цаашид ХАБЭА гэх/ инженерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оноос хойш хийж бүтээснээ үнэлүүлэн нэхэмжлэлд дурдсан 19,500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард ******* ХХК-д 10 жил тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр авч байсан ба тухай үед компаниас уг мөнгийг дэд захирал *******тэй хувь хүнээс мөнгө зээлсэн зээлийн гэрээгээр өгөхөөс өөр боломж байхгүй ээ, өөрөөр олгох боломж байхгүй гэж шаардсаны дагуу миний бие байр авахаар урьдчилгаа яаралтай хэрэгтэй байсан тул уг гэрээнд гарын үсэг зурж авч байсан.

Ингээд гэрээний дагуу үндсэн албан тушаал болох ХАБЭА-н инженерээр ажиллахын хажуугаар албан тушаал хавсран хэрэглэгч хариуцсан инженер, хэмжилт тохируулгын инженер, зургийн инженер, угсралтын инженер, тоног төхөөрөмжийн агуулахын нярав, дуудлагын засварчин болон бусад аж ахуйн ажлуудыг цалин хөлс болон бусад ямар нэгэн хавсран хийсэн нэмэгдэлгүйгээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажилладаг байсан. Шаардлагатай үед бүсийн хэмжээнд бүх л албан тушаалын ажлыг хариуцлагатайгаар орлон хийсээр ирсэн.

2018 оноос хойш хойд бүс хариуцсан захирлын хууль дүрэм зөрчсөн элдэв дарамт шахалтад байнгын орж 2020 оны сүүлээр ямар ч сахилгын шийтгэлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй, хэлж тохирсон зүйлгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт л энэ өөр албан тушаалын гэрээн дээр гарын үсэг шууд зур гээд албан тушаал хүртэл дур мэдэн бууруулж цаашид өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгөхөөс өөр аргагүй байдалд хүртэл төрөл бүрийн ажлын байрны дарамт шахалт үзүүлж арга буюу ажлаас гарах хүсэлтээ өгч ажлаас гарсан.

Иймд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр олгохоор тохирсон 19,500,000 төгрөгийг хувь хүнээс мөнгө зээлсэн зээлийн гэрээ болгож өөрчлөн хийлгэсэн тул уг 17/192 тоот зээлийн гэрээг Иргэний тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.4 Үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул уг зээлийн гэрээг хүчингүй болгохыг хүсэж байна. Иймд хүүгийн төлбөр 7,973,187 төгрөгийг үндэслэлгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 20,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,053,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,320 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс тэмдэгтийн хураамж 260,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

          Шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т ‘‘нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй харин тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр 2017 онд ******* ХХК-с буцалтгүй тусламжаар 19,500,000 төгрөг өгсөн гэдгийн нотлох баримтуудын хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн.

Тухайлбал: а. ******* ХХК-ийн авлага өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн актыг гаргаж өгсөн. Уг өглөг авлагын акт нь тус хэрэгт маш чухал бичиг баримтуудын нэг байсан ба шүүгч үүнийг нягталж судлаагүй. Энэ акт нь зөвхөн ******* ХХК-тай холбоотой мөнгө төгрөг болон бараа материалыг сар бүр бүртгэж баталгаажуулж санхүүгийн албанд архивладаг баримт бичиг юм.

            б. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч *******тэй байгуулсан зээлийн гэх  гэрээг дуусгаж 17/193 тоот актыг үйлдэхдээ 6,000,000 төгрөгийг зээлдүүлэгч талд төлсөн хэмээн акт үйлдсэн. Миний бие *******д дансаар болон бэлнээр зээлийн төлбөр гэсэн утгатай нэг ч төгрөг төлөөгүй байхад 6,000,000 төгрөг зээлдүүлэгчид төлсөн гэж нэхэмжлэгч шүүхэд мэдүүлсэн. Үүнийгээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Энэхүү 6,000,000 төгрөгийг буцалтгүй өгсөн гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан амаар болон актаар хүлээн зөвшөөрсөөр байтал шүүгч энэхүү баримтад дүгнэлт хийгээгүй.

             в. Миний бие ******* ХХК-д буцалтгүй тусламж олгох талаар бичгээр  хүсэлт гаргасан энэхүү хүсэлт нь тухайн компанид байсан талаар нэхэмжлэгч талын гэрчээр мэдүүлэг өгсөн ******* ХХК-ийн хойд бүсийн захирал *******ын "...*******ийн бичсэн өргөдөл дээр шат шатандаа цохолт хийж төв компанид өгсөн тухай..." мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ХХК-ний хуулийн зөвлөх ******* 2022.11.25-ны хуралдаанд мэдүүлсэн, энэ мэдүүлгүүдийг шүүх хэрхэн үнэлж байгаагаа шүүхийн шийдвэрт заагаагүй, 2022.07.06-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд нэхэмжлэгч талаас нэмэлт нотлох баримтаар *******ийн өөрийнхөө өмнөөс хариуцагч *******ийн дансанд 19.500.000 төгрөг хийлгэхийг хүссэн ******* ХХК-ийн мөнгө хүсэх өргөдлийг хүргүүлсэн байсан. Энэ баримт 2017 онд байгаагүй сүүлд шинээр нөхөж хийсэн гэсэн үндэслэлээр тухайн баримтын хэдийн үйлдсэн талаар шинжээч томилуулах, нотлох баримтыг “*******” ХХК-аас гаргуулах талаар хариуцагчаас удаа дараа хүсэлт гаргасан байхад тухайн хүсэлтийг шүүгч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, миний гаргасан хүсэлтийн талаар хурлын тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт огт дурдаагүй байна. Хариуцагч миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг огт хийгээгүй.

Зээлийн гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан, зээлийн гэрээний дүгнэсэн актад 3 удаа зээл төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч миний бие иргэн *******д дансаар болон өөр байдлаар нэг ч удаа зээлийн төлбөр мөнгө гэж төлж байгаагүй. Харин “*******” ХХК-аас ажлаас чөлөөлөгдөх үед тогтвортой ажиллах гэрээ дуусгавар болоогүй гэдэг үүднээс 3 жил ажилласан хугацааг чинь жилийн 2.000.000 төгрөг гэж тооцон буцалтгүй тусламжаас 6.000.000 төгрөгийг хассан тухай баримт үйлдсэн. Гэтэл үүнийг ******* нь өөртэй нь байгуулсан гэрээг дүгнэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх маргааныг зөвхөн нэг өгүүлбэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 заасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд дээрх үйл баримтаар миний татгалзал давхар батлагдсан гэж үздэг тул иргэн *******тэй байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж ойлгож байгаа тул *******ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

            Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 13,500,000 төгрөг, түүний хүү 7,973,187 төгрөг нийт 21,473,188 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар төлөөгүй тул тус мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэргийг хавсарган ирүүлж, зээлийн гэрээний 6 дугаар зүйлд “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон /ажилгүй болсон гэх мэт/ бол зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй, зээлдэгч зээлийг хүүгийн хамт үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие 2014 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэл ******* ХХК-д хойд бүс хариуцсан Дархан салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн /цаашид ХАБЭА гэх/ инженерээр ажилласан бөгөөд 19,500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард ******* ХХК-д 10 жил тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр авсан ба тухай үед компаниас уг мөнгийг дэд захирал *******тэй хувь хүнээс мөнгө зээлсэн зээлийн гэрээгээр өгөхөөс өөр боломж байхгүй гэж шаардсаны дагуу миний бие байр авахаар урьдчилгаа төлбөр яаралтай хэрэгтэй болсон тул уг зээлийн гэрээнд гарын үсэг зурж тухайн мөнгийг авсан. Тус гэрээ нь өөр хэлцлийг буюу компаниас авсан зээлийг халхавчлах зорилгоор хийсэн тул гэрээг хүчингүй болгож, хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Болсон үйл баримт, хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудаар энэхүү зээл нь иргэд хоорондын зээлийн гэрээ биш ажил олгогч буюу ******* ХХК, ажилтан ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ байна гэж үзлээ.

Тухайлбал:

а. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ий дэд захирлаар ажилладаг ба хариуцагч *******ийн ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон тул, өөрөөр хэлбэл зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл хариуцагч ******* нь өөр компанид ажилладаг бөгөөд төлбөрийн чадвартай болохоо өөрөө тодорхойлсныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

б. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа  үндсэн зээлийн үлдэгдэл 13,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү 7,973,187 төгрөгөөс татгалздаг ба тус зээл нь иргэд хоорондын зээлийн гэрээ биш компаниас ажилтандаа олгосон зээл гэж маргасныг нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу няцааж, баримтаар үгүйсгэж чадаагүй.

в. Хэргийн 5 дугаар талд авагдсан “Гэрээ дүгнэсэн акт”-аар зээлийг 2017 оны 10 дугаар сараас  2027 оны 10 дугаар сар хүртэлх хугацаагаар олгосон байх ба хариуцагч *******ийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ компанийн захиргаанд өгсөн тул гэрээг дүгнэж байна гэжээ.

г. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018-2020 оны 11 дүгээр саруудад тус тус 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь авсан зээлээс  нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд энэхүү 6,000,000 төгрөг нь тус компанид ажиллаж байхад ажлын үр дүнгээс тооцож авсан мөнгө гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.

д. Хэргийн 29 дүгээр талд авагдсан ******* ХХК-ий Дархан салбарын  Төрийн банканд явуулсан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, 30 дугаар талд авагдсан ******* ХХК-ий  *******т 1 удаагийн буцалтгүй тусламж 19,500,000 төгрөг гэсэн бичвэртэй “Кассын зарлагын ордер”, 31,32 дугаар талд авагдсан  хариуцагч *******ийн Голомт банканд эзэмшдэг данс руу ******* ХХК-аас 19,500,000 төгрөг орсон “Орлогын мэдүүлэг”- үүд, 41 дүгээр талд авагдсан ******* ХХК-ий “Хариу хүргүүлэх тухай” тодорхойлолт, 42 дугаар талд авагдсан *******ийн “Бэлэн мөнгө хүссэн тухай өргөдөл”, 56, 57 дугаар талд авагдсан ******* ХХК-ий “Авлага өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл”, Голомт банкны дипозит дансны хуулга зэрэг баримтууд нь хариуцагч *******ийн шүүхэд гаргасан тайлбар, болсон үйл баримтыг нотолж байна.

5. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж зааснаар нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар эрх нь хэзээ, хэрхэн зөрчигдсөнөө өөрсдөө үнэн зөв тодорхойлж чадаагүй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “ Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж зааснаар энэ хэргийн нэхэмжлэгч нь ******* биш, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх бөгөөд хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх эрх *******д олгогдоогүй байна.

Энэхүү шийдвэр нь *******т холбогдуулж дахин  нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

7. Иймд хариуцагч *******ийн мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.849 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА                                      

                                                   ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ                                                   

                                                                                                          Л.АМАРСАНАА