Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0260/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Б.Тэмүүжин,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Т.Гантигцэцэг,

Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Г.Энхцэцэг,

Шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч С.С, Т.Б, М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт С.С, Б овогт Т.Б, А овогт М.Н нарт холбогдох эрүүгийн 201709000303 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б овогт С.С /РД: /, Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух тодорхой хаяггүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

2. Монгол улсын иргэн, Б овогт Т.Б /РД: /, Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух тодорхой хаяггүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

3. Монгол улсын иргэн, А овогт М.Н /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэж, шүүгдэгч Т.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж, шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч С.С, Т.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны аркт иргэн Д.Ө-гийн гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримт, архи зэргийг хүч хэрэглэн авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Б-ийн өгсөн: Хохирогч Д.Ө-г дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Ө-гийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед би гэр рүүгээ харих гээд байрныхаа аркаар явж байтал араас нэг эмэгтэй хүн намайг тэврээд чирээд газарт унагаасан. Тэр эмэгтэйг харахад хээтэй хороололд байдаг С гэх хүүхэн байсан. Тэгтэл С хамт явж байсан хар залууд “халааснаас нь юмыг нь ав” гэж хэлэхэд тэр залуу миний баруун гарыг хойшоо мушгиад өмдний баруун халааснаас түрийвч, зүүн халааснаас гар утас, энгэрээс Хараа нэртэй 0.75 литрийн шилтэй архи зэргийг авсан. Түрийвчид миний тэтгэврийн мөнгө болох 200.000 төгрөг, иргэний үнэмлэх, автобусны тасалбар байсан. Миний гар утас нокиа 1680 маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32/,

Гэрч Д.Н-ийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед би рестораныхаа хашаан дотор явж байсан чинь Аръяа гэж дууддаг 1 жилийн өмнөөс мэддэг болсон Б нокиа маркийн гар утас гаргаж ирээд та авчих гэж хэлсэн. Надад мөнгө байхгүй, би авахгүй гэсэн чинь би шартаж үхлээ гээд байсан. Тэгээд ресторанаас үлдсэн архийг гуйгаад байхаар нь өгсөн чинь надад тэр утсаа өгчхөөд яваад өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/,

Шүүгдэгч Т.Б-ийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр С.С-ын хамт хээтэй хорооллоор шил, лааз түүгээд явж байхдаа 1б байрны орчимд мөнгө тоолоод явж байсан согтуу өвгөнтэй таарсан. Тэгээд тэр хүнийг араас нь тэврээд халааснаас түрийвч, гар утас 2-ыг нь авсан. Тэгээд С.С бид 2 зугтаасан. Түрийвч дотор 6 ширхэг 20.000 төгрөг байсныг аваад түрийвчийг нь хаясан. Нокиа маркийн гар утсыг нь “Роял” зочид буудлын манаачид хадгалуулсан /хх-ийн 15-17, 69/

Гэрч Д.Н-оос 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хар өнгийн нокиа-1680 маркийн гар утас хураан авсан, хохирогч Д.Ө-д 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хар өнгийн Нокиа-1680 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Иргэн Д.Ө-гийн эзэмшлийн Нокиа-1680 маркийн гар утас 20.000 төгрөгийн үнэлгээтэй”, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “эрэгтэй хүний бор өнгийн ширэн түрийвч 30.000 төгрөг, Хараа архи /0,75л/ 11.000 төгрөг, автобусны тасалбар 3500 төгрөг, иргэний үнэмлэх 23.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 39-40, 46-47/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаартай “Д.Ө-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.2 Шүүгдэгч С.С нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.С-ын өгсөн: Х.С агсам тавихаар нь би гэмтэл учруулсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Х.С-ийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны орой С.С болон Б.У нартай Хээтэй хорооллын 5.4 дүгээр байрны урд таарсан. Бид 3 манай гэрт очиж “Түмний хишиг” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Тэгээд С.С согтоод “чи намайг шоронд явуулсан” гэж агсам тавьсан. Тэгээд би С.С-д “чи намайг хутгалсан биздээ. Чамайг шорон луу шүүх л явуулсан” гэж хэлэхэд С.С “тэгвэл одоо нэг мөр гүйцээчихье” гээд хутга аваад миний цээж хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би цээжээ бариад тонгойход нуруу дээрээс бас хатгаад байх шиг байсан. С.С, Б.У нар миний урд гараад, би араас нь гараад машинд суугаад эмнэлэгт очсон. Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал болох 300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/,

Гэрч Б.У-ын өгсөн: ...С.С, Х.С бид нар архи ууж байхад тэр хоёр урьдын асуудлаас болоод маргалдаад байсан. Урьд нь С.С нь Х.С-ийн гарт нь хутгалж ял авч байсан юм. Тэрийг яриад байх шиг байсан. Би тухайн үед архи их уусан байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Х.С хутгалуулсан талаар мэдэхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 125/,

Гэрч Э.Э-ын өгсөн: “Би яаралтай тусламжийн хүлээн авах тасагт 16:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Манай тасагт 40 орчим насны эрэгтэй хүний бие нь муу, “хутгалуулчихсан юм, туслаач” гээд орж ирсэн. Өөрийгөө С гээд би одоогоос 2-3 цагийн өмнө байх эмэгтэй хүнтэй хамт архи ууж байгаад хутгалуулсан, тэр хутгалсан эмэгтэйгээ танина гээд нэрийг асуухад огт хэлэхгүй байсан. Хутгалуулчхаад гайгүй байх гээд гэртээ 2-3 цаг харж байгаад бие муудаад байхаар нь ирлээ гээд согтуу ирсэн. Юм асуух тусам ухаан санаа нь балартаад, хэл яриа нь бүдгэрээд байхаар нь олон зүйл асуулгүй нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлсэн. Шингэн залгасан, биед нь байгаа шархны байдлыг үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт зүрхэн тус газарт 1 удаа хутгалуулсан бололтой шарх байсан. Шарханд 3 ширхэг оёдол тавьсан.  Цус гарч байсан шинэ шарх байсан. Ингээд шинжилгээнүүд өгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хагалгаанд оруулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127/,

Шүүгдэгч С.С-ын өгсөн: ...Надад С-ийг хутгалъя гэсэн бодол байгаагүй. Харин С өөрөө шар иштэй хутга бариад над руу “чи шаа, гүйцээгээч” гэж дайраад намайг өшиглөсөн. Тэгэхээр нь би тэсэлгүй зүүн гараараа хутгыг нь булааж аваад Х.С-ийн цээжин тус газарт нь хатгасан. Би хүний биед хүнд гэмтэл учруулснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202, 207-208/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаа, цагдаагийн ахлах дэслэгч Н.Марал-Эрдэнэ нарын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 89-99/,

Гэрч Б.У-ын биед болон өмсөж байгаа хувцаст 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 104-106/,

“С гэх хүн Дархан сервис авто засварын газрын ойролцоо хөхнийхөө дээд талд шархдаад цус гарчихсан, гартаа түлхүүр барьчихсан согтуу явж байна...” хэмээн Цагдаагийн газрын 7037102 дугаарт дуудлага өгсөн талаар утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 111/,

Шар эрээн өнгийн бариултай хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн байцаагчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 114-115/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай “Х.С-ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх, хагалгааны дараах байдал, зүүн даланд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 134/,

Шинжилгээнд ирүүлсэн У-ын өмсөж явсан гэх футболк дээр цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 152/,

Шинжилгээнд ирүүлсэн Х.С-ийн гэрээс хураан авсан 00-ийн цаас, бэлтгэлийн цамцанд цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 158/,

Шинжилгээнд ирүүлсэн У-ын гэрээс хураан авсан цэнхэр өнгийн эмэгтэй цамц, ногоон цайвар өнгийн нүүр гарын алчуурт цус илэрсэн, Эмэгтэй цамц дээрх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 164/,

Шинжилгээнд авсан Х.С-ийн цусны бүлэг нь В/III/ байна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 178/

Хохирогч Х.С нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай түүний 3124 дугаартай өвчний түүх /2-р хх-ийн 2-27/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар,

1.3 Шүүгдэгч Т.Б нь хамтран амьдрагч С.С-ыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Б-ийн өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.С-ын өгсөн: Т.Бтэй 2010 оны 6 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5.4 дүгээр байрны 21 дүгээр орцны аркны орчимд Т.Б бид 2 маргалдсан. Т.Б миний үснээс зулгааж унагаад газраас чулуу авч миний толгой руу цохиж хагалсан. Мөн газарт байсан ундааны саванд шээж дотор нь шороо хийгээд над руу цацаж доромжилсон. Би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Ёогий гэж дууддаг цагдаа ирээд эмнэлэг рүү хамт яваад толгойдоо 2 оёдол хийлгэсэн. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Комфорт” зочид буудлын орчимд Т.Б согтуу байхдаа надтай маргалдаж, миний үснээс зулгааж, биеийн энд тэндгүй өшиглөөд, газраас шил аваад баруун чих рүү цохиж дэлбэнг сэтэлсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 139-144/,

Гэрч А.Т-ын өгсөн: 2017 оны 6 дугаар сард С.С нь миний хоригдож байгаа 7 дугаар өрөөнд орж ирэхэд баруун чих нь голдоо дэлбэнг нь сэтэрч цус гарсан, баруун өвдөг нь шалбарч хөхөрсөн, ам нь тойроод хөхөрсөн, толгойн орой дээр оёдол хийлгэсэн хуучин шархтай, шархнаас нь шүүс гарсан байдалтай байсан. С.С нь надад хэлэхдээ нөхөр Аръяадаа /Т.Б/ зодуулж гэмтсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 160-161/,

Гэрч Б.А-ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр С.С нь нөхөртөө зодуулсан хэмээн өөрийн биеэр цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Тухайн үед С.С нь уруул орчим нь хавдсан, толгойн оройн хэсэгт язарсан шархтай байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 170-171,

Гэрч С.У-ын өгсөн: ...Тухайн өдөр С.С нь “манай нөхөр Т.Б хээтэй хорооллын 5.4 дүгээр байрны ард намайг зодчихоод зугтаачихлаа” гэж хэлсэн. С.С-ын өмсөж явсан хувцас нь цус болчихсон, толгойн орой хэсэгт нь оёдол хийлгэсэн шархтай, шарх дээр нь цус тогтсон байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 173-174/,

Гэрч С.Э-ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сард С.С нь аль нэг чих нь сэтэрсэн байдалтай манай түүхий эд худалдаж авдаг цэг дээр ирсэн. Тэгээд Аръяа буюу нөхөр Т.Б-дөө зодуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 181-183/,

Гэрч О.Э-ийн өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд С.С-ын биед үзлэг хийхэд түүний баруун чихний дэлбэн сэтэрсэн, шархнаас нь цус гарч хатсан байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 184-186/,

Гэрч Д.Г-ийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж байхдаа С.С-ын биед үзлэг хийсэн. Үзлэгээр С.С-ын биед толгойн оройн хэсэгт язарсан шархтай, шарханд оёдол хийлгэсэн, баруун гарын сарвууны хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн гарын булчингийн гадна хэсэгт, баруун гарын эгэмний хэсэгт бага зэрэг хөхөрсөн, уруулын дээд хэсэг хавдаж хөхөрсөн, 2 өвдөг шалбарсан, зүүн гарын тохой хэсэгт шалбарсан шархтай байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 187-189/,

С.С-ын толгой орой хэсэгт хуйх 2.5 см язарсан, нүүр хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2017300 дугаартай хуудас /3-р хх-ийн 96/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаартай “С.С-ын биед толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. С.С-д учирсан толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус тус үүссэн байх боломжтой. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 192/,

Хохирогч С.С-ыг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хүлээн авч биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 234-239/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.4 Шүүгдэгч С.С, М.Н нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн 11 дүгээр багт байрлах “Роял” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 454.500 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.С-ын өгсөн: Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Л.О-ы өгсөн: ...миний гар утас дуугарахаар нь хартал манай нөхөр байсан. Тэгээд би утсаар ярих гээд гадаа харанхуй гудамжинд сандал дээр суугаад утсаар ярьж байтал 2 эмэгтэй хүн ирээд “чи хэнтэй утсаар ярьж байгаа юм бэ?” гэж хэлээд гар утсыг гараас шүүрээд авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь миний цүнхийг булаагаад аваад явсан. Миний санаж байгаагаар миний эд зүйлийг авсан 2 хүний нэг нь хээтэй хорооллын орц, зоорийн давхраар явдаг том улаан хацартай, шар царайтай, биерхүү, эмэгтэй байх шиг байсан. Нөгөө эмэгтэйг ёстой мэдэхгүй хүн байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 89-92/,

Гэрч И.Г-ын өгсөн: ...”Ноёд” баарны ард нэг согтуу эмэгтэй хүн хүрэм, цүнх, гар утсаа гартаа барьчихсан гуйваад зөрсөн. Д бид 2 тэр эмэгтэйг тоолгүй урагшаа явсан. Н, С 2 тэр согтуу эмэгтэйн араас очоод сандал дээр сууж байхад нь С гараас нь гар утсыг нь шүүрэх шиг болсон. Н хажуу талаас цүнхийг нь шүүрч аваад ирсэн. Тэгээд С гар утсыг нь Д-д өгсөн. Н цүнхийг нь ухаад 20.000 төгрөг гаргаж ирээд цүнхийг нь хаясан. Би түрийвчин дотор нь байсан 3 ширхэг виза картыг төв шуудангийн хойд талын бургас руу шидсэн. Бид 4 20.000 төгрөгөөр архи худалдаж аваад хувааж уусан. Маргааш нь Д гар утсыг 20.000 төгрөгөөр зарчихлаа гээд архи, тамхи худалдаж аваад ирсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 96/,

Гэрч Б.Д-гийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г, С, Н бид 4 “Эзэнт гүрэн” рестораны ойр орчимд явж байтал нэг согтуу эмэгтэй гар утас, цүнхээ бариад нэлээн гуйваад байрны булангаас гараад ирсэн. Н, С 2 тэр эмэгтэйн араас яваад 9 дүгээр байрны урд явган хүний зам дагуух сандал дээр суух үед нь С, Н 2 очоод гар утас, цүнх 2-ыг булааж аваад зугтаасан. С Г бид 2 дээр буцаж ирээд I phone-6 загварын гар утсыг “чи чулуу болгоорой гээд” надад өгсөн. Нараа хар өнгийн цүнхийг нь үзээд дотроос нь түрийвчийг нь аваад цүнхийг хаясан ба бэлэн 20.000 төгрөг гарч ирэхээр нь бид 4 архи худалдаж авч уусан. Маргааш нь би найз М руу залгаад “I phone-6 загварын гар утас авах уу” гэхэд “Үзье. Чи аваад Дархан зочид буудалд хүрээд ир” гэсэн. Тэгээд М-д 20.000 төгрөгөөр гар утсыг худалдаад архи аваад С, Н, Г 3 дээр очсон гэх мэдүүлэг /4-р хх-ийн 97-98/,

Гэрч А.Э-ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зүс таних Д-өөс I phone-6 загварын гар утсыг 20.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 95/,

Шүүгдэгч М.Н-ийн өгсөн: ...Г, С, Д бид 4 “Эзэнт гүрэн” рестораны хогийн цэг рүү явж байхад “Роял” зочид буудлын орчимд нэг согтуу эмэгтэй уйлаад гар утсаар яриад гудамжинд сандал дээр сууж байсан. С “тэр эмэгтэй дээр очих уу” гэхээр нь би “тэгье” гээд хамт очоод гар утас, цүнхийг нь авсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 121-122/,

Шүүгдэгч С.С-ын өгсөн: ...Г, Д, Н бид 4 шинэ хорооллын 18 дугаар байрны орчимд зогсож байтал нэг согтуу эмэгтэй явж өнгөрсөн. Тэгээд тэр эмэгтэй явган хүний замын хажуугийн сандал дээр суугаад уйлаад утсаар яриад байхаар нь очоод Н эхлээд цүнхийг нь аваад дараа нь би гар утсыг нь авсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 125-127/,

Шүүгдэгч М.Н-ээс бор шаргал өнгийн түрийвч, ягаан өнгийн жижиг уруул өнгөлөгч зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 83/, бор шаргал өнгийн түрийвчид 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 72/,

Гэрч А.Э-аас I phone-6 загварын гар утас хураан авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 84/, гар утаст 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 80/,

А.Э, М.Н нараас хураан авсан I phone-6 загварын гар утас, бор шаргал өнгийн түрийвч, түрийвчээс гарч ирсэн 2 ширхэг барьцаалан зээлдүүлэх газрын бичиг, ягаан өнгийн уруул өнгөлөгч зэрэг эд зүйлийг хохирогч Л.О-д 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 73-74/,

Хохирогч Л.О нь таньж олуулах ажиллагаанд оролцсон дугаар барьсан 5 эмэгтэйгээс 1 дугаарыг барьсан эмэгтэйг заасан гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 75-76/,

Гэрч И.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 77-79/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “иргэн Л.О-ы эзэмшлийн I phone-6 загварын хуучин гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх 1 ширхэг, эмэгтэй түрийвч 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 450.000 төгрөг”, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Л.О-ы эзэмшлийн Орифлэйм брендийн ягаан савтай хэрэглэж байсан уруулын тос 1 ширхэг, хар өнгийн савтай хэрэглээд дуусаж байсан уруулын будаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийн үнэ 4500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /4-р хх-ийн 106-107, 113-114/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч С.С, Т.Б нар нь иргэн Д.Ө-гийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг С.С үйлдээгүй, Т.Б ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь С.С-ын холбогдсон дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч энэ байдал хохирогч Д.Ө-гийн мөрдөн байцаалтад өгсөн ...намайг эрэгтэй, эмэгтэй 2 хүн дээрэмдсэн. Араас эмэгтэй нь тэврээд унагасан. Эрэгтэй нь халааснаас эд зүйл авсан. Харвал шууд танина, манай тэр хавиар байнга явж хог түүдэг хүмүүс байсан. Намайг дээрэмдсэн 2 хүн бол С, Б нар мөн” гэж шууд заасан мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.С-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын доод хэмжээ багасаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б, хохирогч С.С нар нь хамтран амьдрагч бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С, Т.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны аркт иргэн Д.Ө-гийн гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримт, архи зэргийг хүч хэрэглэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргийн, шүүгдэгч Т.Б-ийн хамтран амьдрагч С.С-ыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн, шүүгдэгч С.С-ийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн, шүүгдэгч С.С, М.Н нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн 11 дүгээр багт байрлах “Роял” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 454.500 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Иймд шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж, 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж, 3-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн ба Т.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолох ба уг өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.С, Т.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ө-д нийт 277.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий нокиа-1680 маркийн гар утсыг буцаан өгсөн, шүүгдэгч нар нь хохирогч Д.Ө-д 267.500 төгрөгийн хохирол төлбөр нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Н-оос эд зүйл хураан авч хохирогч Д.Ө-д  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 267.500 төгрөгийн хохирол төлбөр хүлээлцсэн баримт, хохирогч Д.Ө-гийн бичсэн “...хохирлын мөнгө 267.500 төгрөг хүлээн авсан тул цаашид гомдол саналгүй...” гэх хүсэлт зэргээр, шүүгдэгч Т.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ын биед толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би одоо Аръяад /Т.Б/ гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр, шүүгдэгч С.С, М.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.О-д 454.500 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид гар утас, түрийвч, уруул өнгөлөгч зэргийг буцааж өгсөн, шүүгдэгч нар нь хохирол төлбөрт 52.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан А.Э, М.Н нараас хураан авсан I phone-6 загварын гар утас, бор шаргал өнгийн түрийвч, түрийвчээс гарч ирсэн 2 ширхэг барьцаалан зээлдүүлэх газрын бичиг, ягаан өнгийн уруул өнгөлөгч зэрэг эд зүйлийг хохирогч Л.О-д 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 73-74/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагаас гаргаж өгсөн хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт зэргээр тус тус нотлогдож байна.

Харин шүүгдэгч С.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.С-ийн биед хүнд гэмтэл учирсан ба хохирогч эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 250/-аар нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч С.С-аас 300.000 төгрөг гаргуулж хохирогч Х.С-т олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч С.С нь хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч уг хугацаанд хохирол нөхөн төлөөгүй болно.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.С, Т.Б, М.Н нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Б нь Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзан ба тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.С нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч С.С нь 1995 оны 9 дүгээр сарын 28-нд хүү У.Н-ийг, 2003 оны 12 дугаар сарын 31-нд С.Т-ийг, 2007 оны 02 дугаар сарын 26-нд хүү С.З-ыг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд хүү С.Х-г тус тус төрүүлсэн болох нь сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/99 дугаартай тодорхойлолт, төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байгаа ба хүү У.Н нь 18 насанд хүрсэн тул асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй, хүү С.Т нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдан тус төвд амьдарч байгаа, С.З нь Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн хотхоны Улаалзгана өрх бүлд амьдарч байгаа болох нь сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай захирамж, Дархан-Уул аймаг дахь “СОС” хүүхдийн хотхоны 2018 оны 02 дугаар сарын 06-ны 05 дугаартай тодорхойлолт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80, 81 дугаартай тодорхойлолтууд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/362 дугаартай захирамжаар, хүү С.Х нь зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг-Фаллогийн дөрвөл оноштойгоор мэс засал хийлгэж, мэс заслын дараах хүндрэлээс шалтгаалан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан болох нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /5-р хх-ийн 133/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Т, С.З нарын асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй байна.

Шүүгдэгч С.С, Т.Б нар, шүүгдэгч М.Н, С.С нар нь дээрэмдэх гэмт хэргийг тус тус бүлэглэн үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь хохирогч Д.Ө, Л.О нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 5 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч С.С, Т.Б, М.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 8 сартай жирэмсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байрны хоригдогчийн эрүүл мэндийн хяналтын карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэр зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.С-ын цагдан хоригдсон 303 хоног, шүүгдэгч Т.Б-ийн цагдан хоригдсон 445 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Н нь 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмд, дотоож, цамц, куртик, арчуур, эмэгтэй цамц, эмэгтэй футболка, хутга зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.С, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэг Б овогт Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  А овогт М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С.С-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Т.Б-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, М.Н-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Н-т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.С-ын урьдчилан цагдан хоригдсон 303 /гурван зуун гурав/ хоног, Т.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 445 /дөрвөн зуун дөчин тав/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Н нь 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч М.Н-т хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан хүүхэд асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.С-аас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б  овогт Х.С /РД: ТИ75022776, утас:99659060/-т олгож, шүүгдэгч Т.Б, М.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ө, Л.О нар нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, срочкин цамц 1 ширхэг, малгайтай цамц 1 ширхэг, дотоож 1 ширхэг, гар нүүрийн арчуур 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, эмэгтэй хүний цамц 1 ширхэг, эмэгтэй хүний футболк 1 ширхэг зэргийг устгасугай.

13. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

16. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ

 

        ШҮҮГЧ                              Б.ХЭРЛЭН