Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00199

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03387 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Н, Д.У нарт холбогдох

Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А хариуцагч Д.У хариуцагч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Ц Д.У нарын хооронд төлбөр барагдуулах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч Д.У-ын гуйлтаар уг гэрээг байгуулсан байхад Хан-Уул дүүргийн 000 тойргийн нотариатч С.Н нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.2.2-т заасныг зөрчиж, мэдэгдэх хуудсыг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

Д.У бидний дунд 16,000 ам долларын өр төлбөрийн асуудал байхгүй бөгөөд миний бие Д.Утай гэрээний 1.1-д заасанчлан талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулж байгаагүй. Д.У-ын төрсөн эгч Д.М-аасаас 12,200 ам долларыг зээлж авсан бөгөөд 17,008 ам доллар, 10,000,000 гаруй төгрөг зээлийн үүрэгт төлсөн. 2015.оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Д.М-аастай байгуулсан талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээний үүргийг гүйцэтгэж дууссан. Д.У нь Чамаас мөнгөний авлагатай гэж гэрийнхэндээ үзүүлэх зүйл хэрэгтэй байна, гэрээ байгуулаад гарын үсэг зураад өг гэж гуйсан тул 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Хариуцагч Д.У-тай 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд миний бие Д.У-д төлөх төлбөрийн үүрэг байхгүй юм. Энэхүү дүр үзүүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн нотариатын мэдэгдэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, надаас үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нотариатын үйлдэл хүчингүй болгож, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Уын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие өөрийн төрсөн эгч Д.М-аас-Япон улсад ажиллаж олсон мөнгийг зээлдүүлсэн. Б.Ц зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул эгч маань үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж авахыг надаас шаардсан тул 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээг зээлдүүлэгч Д.М-аас , зээлдэгч Б.Ц М.Э нар байгуулсан бөгөөд уг гэрээний 2.5-д Зээлдэгч нь энэ гэрээний 2.4-д заасан зээл, түүний хүүг 20,000 ам доллар болгон нийт 6 сарын дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор зээлдүүлэгч болон түүний төрсөн дүү Д.У-ын дундын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь долларын дансанд бэлнээр төлөхөөр талууд тохиролцов, 2.9-д Энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Д.У-д үүгээр олгож байгаа бөгөөд гэрээний талууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэж тус тус тохиролцсон. Ингэж уг гэрээний гүйцэтгэл, зээлдүүлэгчийн шаардах эрх Д.У надад шилжсэн бөгөөд тэр цагаас хойш уг гэрээний биелэлтийг би Б.Ц-ээс шаардаж байсан бөгөөд Б.Ц гэрээний дагуу 4,008 ам долларыг Худалдаа хөгжлийн банкны 415009761 тоот дансанд шилжүүлсэн. Уг гэрээний 2.6, 2.7-д заасан шаардлагыг биелүүлэхийг зээлдэгч Б.Цгээс шаардаагүй байгаа бөгөд үндсэн зээл, хүү болох 20,000 ам доллараас 4,008 ам доллар төлсний үлдэгдэл 16,000 ам доллар юм. Б.Ц-ийн гэрээний үүргийг гүйцэтгэж дууссан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.Н-ийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэгч Б.Ц болон хариуцагч Д.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ гэрээний зүйл заалтыг талуудаас тодруулж байж залруулсан нь тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тус тус нягталсан. Төлбөр барагдуулах гэрээний 5.2-т төлбөр төлөгч гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд энэхүү гэрээг төлбөр авагчийн санаачлагаар цуцлагдсанд тооцогдож, Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183, 184 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэн зохих шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг барагдуулах болно гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Цгээс 16,000 ам долларыг хугацаа хэтрүүлсэн алданги 640 ам долларын хамт нийт 16,640 ам долларыг гаргуулж төлбөр авагч Д.Уад олгуулах мэдэгдэх хуудас үйлдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдсэн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй тул төлбөр барагдуулах гэрээ, мэдэгдэх хуудсыг тус тус гэрчилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ийн хариуцагч С.Нт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, хариуцагч Д.У-д холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Б.Ц Д.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн гэрээний үүрэг үүсээгүй бөгөөд Төлбөр барагдуулах гэрээнд заасан 16,000 америк долларыг Б.Ц төлөх үүрэггүй. Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөрийг баталгаажуулах болсон үндсэн үүрэг Б.Ц Д.У нарын хооронд үүсээгүй. Мөн энэхүү гэрээгээр талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 16.000 америк долларын өр төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөр авагч Д.Уад төлбөр барагдуулахаар тохиролцов гэж заасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц Д.У нарьн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээний оролцогч Д.У биш байхад, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Д.М-аас болон Б.Ц М.Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 'Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээний шаардах эрх Б.У-д хуульд заасны дагуу шилжээгүй байхад Б.Ц Д.У нар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү шаардах эрхгүй байсан. 12,200 америк долларыг Б.Цг нь 17,008 америк долларыг П.М-ийн дансанд төлсөн. 10,000,000 төгрөгийн хамт төлж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4008 америк доллар төлснөөр зээлийн гэрээний үүргийг биелүүлж дууссан. Шүүх 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээл зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээний 2.9-д зааснаар Д.Уад шаардах эрх шилжсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.Цг нь төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний оролцогч тал биш Д.У-ын гуйлтаар байгуулсан тул бодит үр дагавар үүсгэх гэрээ биш гэж үзэн гэрээг байгуулсан. Мөн шаардах эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж аваагүй байхад төлбөр авагч мэтээр тус гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 31.1.6-д зааснаар үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана. Нотариатын үйлдэл болон мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.У болон Б.Ц нарын хооронд төлбөр барагдуулах гэрээг баталгаажуулсан. Энэ гэрээг баталгаажуулахдаа Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг үндэслэж баталгаажуулсан. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талууд хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулан тухай гэрээний 2.9-д нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн. Ингэж шилжүүлснийг үндэслэж 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг баталгаажуулсан. Мөн нэхэмжлэгч тал манайх дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж ярьдаг боловч тухайн төлбөр барагдуулах гэрээ нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж нотариатчид очиж баталгаажуулсан. Үүний дараа 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.У-аас нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэх гэж хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлт болон нотариатын тухай хуулийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Д.У-ын гаргасан тайлбарын агуулга: 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд өр төлбөр үүссэн талаар зөвшөөрсөн хэлцэл байна. Үүний дагуу 20,000 ам.долларын үлдэгдэлтэй гэдгийг зөвшөөрсөн. Талуудын хооронд байгуулсан зээл, зээлийн үүргийг эргүүлэн төлөх тухай гэрээний 2.9-д энэ гэрээний гүйцэтгэл болон шаардах эрхийг надад шилжүүлсэн. Учир нь анхнаасаа эгчийнхээ мөнгийг би өөрөө авч өгсөн тул манай эгч энэ асуудлаа дуусга гэж гэрээний биелэлтэд хяналт тавих болон шаардах эрхийг надад шилжүүлсэн. Д.М-аасбаяр, Б.Цг нар хоёулаа зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурахаас гадна намайг шаардах эрхээ шилжүүлж байгаа тул надаар гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш янз бүрийн шалтгаан хэлж маш их хугацаа авсан. Б.Цг шаардах эрхээ надад шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 2016 онд 4,800 ам.доллар шилжүүлсэн. Ингээд 20,000 ам.доллараас 16,000 ам.доллар үлдсэн. Үүнийг хэрхэн төлж барагдуулах тухай 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нотариат дээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул мэдэгдэх хуудас бичсэн. Энэ мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид мэдэгдэх үүрэгтэй тул шуудан хийж хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байгаа. Үүнээс хойш 1 жилийн дараа уг мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдал болон нотлох баримтад үндэслэж үндэслэлтэй шийдвэр гаргасан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус гэж давж заалдах гомдол гаргасан. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал дүр үзүүлсэн хэлцэл гэж маргаж байсан. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь гэрээний талууд гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээх хүсэл, зориг эрмэлзэл байхгүй байдгаараа онцлог. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэгтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж маргаж байгаа боловч ямар хууль зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Нотариатын тухай хуульд зөрчсөн гэж байгаа нь учир дутагдалтай. Учир нь төлбөр барагдуулах гэрээний 1.1-д талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргэн төлөх тухай гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүйн улмаас гэсэн байна. Төлбөр барагдуулах гэрээг ямар учраас байгуулж байгаа талаар талууд Төлбөр барагдуулах гэрээний 1.1-д тодорхой заасан. Харин 2015 оны гэрээний 2.9-д хэсэгт заасан шаардах эрх шилжүүлж байгаа тухай анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж талууд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.У-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч С.Н-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн үйлдлийг болон уг гэрээг үндэслэн бичсэн нотариатын мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлэгч Б.М зээлдэгч Б.Ц М.Э нарын хооронд Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Д.У Б.Цг нарын хооронд Төлбөр барагдуулах гэрээ тус тус байгуулагдсан, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг төлбөр барагдуулах гэрээний үүрэг болох 16,640 ам долларыг Б.Ц-ээс гаргуулж Д.Уад олгуулахаар нотариатын мэдэгдэх хуудас бичигдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Б.Ц Д.У нарын хооронд төлбөр барагдуулах гэрээний харилцаа үүсээгүй гэж тодорхойлсон, хариуцагч Д.У зээлдүүлэгч Д.М-аас талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээний 2.9-д зааснаар түүнд шаардах эрхээ шилжүүлсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг, хариуцагч С.Н Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатын үйлдэл хийсэн, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй гэсэн тайлбарыг тус тус гарган маргаж байна.

5. Анхан шатны шүүх зээлдүүлэгч Д.М-аас зээлийн гэрээний шаардах эрхээ Д.Уад шилжүүлсний дагуу Д.У Б.Ц-тэй төлбөр барагдуулах гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр, нотариатч уг гэрээг гэрчилж, гэрээний үндсэн дээр нотариатын мэдэгдэх хуудас үйлдсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

5.1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.

Д.М-аас болон Б.Ц нарын хооронд байгуулагдсан Зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай гэрээний 2.9 дэх заалтад Энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Д.У-д үүгээр олгож байгаа бөгөөд гэрээний талууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ. Гэрээний уг заалтын агуулгаас үзэхэд зээлдүүлэгч Д.М-аас зээлийн гэрээний шаардах эрхээ Д.У-д шилжүүлсэн гэж дүгнэхгүй юм. Харин тэрээр зээлийн гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд хяналт тавих эрхийг Д.У-д олгосон байна. Өөрөөр хэлбэл Д.У нь зээлдүүлэгч Д.М-аас шаардах эрхийг шилжүүлж аваагүй буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөллийг хэрэгжүүлэх юм. Гэрээнд төлөөлөл хэрэгжүүлэх хугацааг заагаагүй байх тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл, Д.М-аас болон Б.Ц нарын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэг жил буюу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.У-ын төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон байхад 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Д.У нь Б.тэй төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байгааг нотариатч анхаараагүй байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна.

5.2. Нотариатч төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлаагүй байх тул уг гэрээг гэрчилсэн үйлдлийг болон түүний үндсэн дээр олгосон нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй.

6. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хэмжээг буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Д.У Б.Цг нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн үйлдлийг болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар нотариатын мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцсугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 533,000 гэснийг 529,400 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 529,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтын 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.БЯМБАСҮРЭН