Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 515

 

Б.М, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Р.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 689 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 838 дугаар магадлалтай, Б.М, Б.А нарт холбогдох 1906022970833 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 3 жил хорих ял шийтгэгдсэн Б овогт Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заанаар 2 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Б овогт Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг, шүүгдэгч Б.А-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 13 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 13 жил хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М-ын цагдан хоригдсон 181 хоногийг, Б.А-ын цагдан хоригдсон 192 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Б.А-ыг ял эдэлсэнд тооцож, шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэл заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Б овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадаагүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “...Б овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Б.М-г 13 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.М-г 12 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д 13 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М гаргасан гомдолдоо “...Миний бие 2006 онд гэр бүлтэй болж, 1 хүүтэй болсон. Эхнэр маань 2009 онд өвчний улмаас нас барж 2014 он хүртэл эх н.С, хүү М.М-н хамт Сэлэнгэ аймагт амьдарч байсан. 2014 онд одоогийн эхнэр н.А-тай танилцаж, 3 охинтой болсон. Гэр бүлийн хамт Хүчит шонхор зах дээр дайвар бүтээгдэхүүний худалдаа эрхэлж, зөв шударгаар амьдарч ирсэн. Эх н.С маань 28 жил боловсролын салбарт ажиллаж байгаад гавъяаны амралтдаа гарсан бөгөөд миний том хүү М.М-н хамт Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд амьдарч байгаа. Миний эхнэр н.А нь бага насны 3 охины хамт Улаанбаатар хотод амьдарч байна. Миний эх, эхнэр, хүүхдүүд маань харж хандах хүнгүй үлдсэн. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 12 жилийн хорих ялыг хөнгөрүүлэхийг хүсье. Миний бие энэ хугацаанд бусдад учруулсан гэм хороо ухамсарлаж, нийгэмд тустай зөв хүн болон төлөвшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй зөв шударгаар амьдрах болно. Энэхүү гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэжээ.
 

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Р.Уранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...тухайн үед Б.А, Б.М нар нь талийгаачтай цуг байж байгаад хэрүүл, маргаан Б.А-аас эхэлсэн байдаг. Гэрчийн мэдүүлгээс харахад эдгээр хүмүүс тухайн үед маргалдаж, зодолдсон боловч шинжээчийн дүгнэлтээр нүүрэн хэсэгтээ хөнгөн зэргийн гэмтэл, цээж хэсэгт тодорхой гэмтэл авсан байна гэдэг. Эдгээр гэмтлүүд нь хэний буруутай үйлдлээс учирсан гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл  миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс согтуурсан, мансуурсан болох нь бүрэн тогтоогдохгүй байна гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь 8-12 жилийн хорих ялтай гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн ар гэр, бага насны 3 хүүхэдтэй, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М, Б.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шалгавал зохих ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Чингис” зочид буудлын хашаан дотор байрлах нурсан барилгын орчим иргэн Л.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэнд нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Чингис” зочид буудлын хашаан дотор байрлах нурсан барилгын орчим иргэн Л.Б-г зодож алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхээс Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял болгон хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын хэнийх нь цохилтоос шалтгаалан хохирогч нас барсан эсэх нь эргэлзээтэй хэмээн гэм буруугийн асуудал дээр маргасан атлаа Б.М-ын хувийн байдал болон түүний ар гэрийн асуудлыг дурдаж, ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн хууль зүйн үндэслэл сул, хоёрдмол салаа утгатай гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан байна.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Б.А нь амь хохирогч Л.Б-н биед халдан нүүр рүү нь 2 удаа цохисон, хэсэг хугацааны дараа амь хохирогч нь шүүгдэгч Б.М-тай маргалдсаны улмаас Б.М нь хохирогчийн нүүр рүү цохиж, толгой руу нь өшиглөхөд Л.Б үхэлд хүрэх гавал тархины гэмтэл авч хохирогчийн үйлдэл тэр даруй хязгаарлагдаж, хариу үйлдэл үзүүлж чадалгүй нас барсан болох нь шинжээчийн 935, 1280 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дээрх дүгнэлтүүд болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр Б.М-н үйлдлийн улмаас амь хохирогч үхэлд хүргэх гэмтэл авч нас барсан болохыг үндэслэлтэй зөв тогтоосон  байх бөгөөд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул өмгөөлөгчийн хэний үйлдлийн улмаас хохирогч нас барсан эсэх нь эргэлзээтэй гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлуудын тухайд Эрүүгийн хуулийн хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах наймаас арван таван жил хүртэл хугацаатай хорих ялаас хоёр шатны шүүх дунджаас харьцангуй дээгүүр буюу арван хоёр, арван гурав жилийн хорих ялыг сонгож шүүгдэгчид оногдуулсан байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 10 /арав/ жил болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг хоёр шатны шүүхийн шийдвэрт оруулж, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүгдэгч Б.М нарын гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” тухай гомдлыг хангаж, өмгөөлөгч Р.Уранцэцэгийн хэргийн үйл баримтын талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

          1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 838 дугаар магадлалд:

            “Шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Р.Уранцэцэгийн гаргасан гомдлыг хэсэгчлэн, шүүгдэгч Б.М-н гаргасан гомдлыг бүхэлд нь хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН