| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2018/0416/З |
| Дугаар | 221/МА2019/0049 |
| Огноо | 2019-01-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0049
| 2019 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2019/0049 | Улаанбаатар хот |
“Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.М, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-ийн давж заалдах гомдлоор, “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үнэлгээний хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд тус тус холбогдуулан гаргасан,
“Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дүгээр дүгнэлтийг “Э т” ХХК-д холбогдох хэсэг”, “Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэв” гэх хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох:
“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны “П” ХХК-тай хэлэлцээ хийж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэв” гэх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох:
“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2/12318 дугаартай “П” ХХК-д 179,501,600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо: “...Нэгдүгээрт: Тус компани шүүхэд 5 нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай “Э т” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж байна”,
2. “Шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэв” гэсэн 2 дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дугаартай “П” ХХК-тай хэлэлцээ хийж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэв гэсэн дүгнэлт,
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2/12318 дугаартай “П” ХХК-д 179,501,600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр” хууль бус байсан болохыг тогтоолгох”,
5. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 12 сарын 25-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох”,
Хоёрдугаарт: Бодит байдал дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороо нь төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчин “хамгийн баг” үнийн санал буюу 139,695,000 төгрөгийн “хамгийн сайн” тендер санал болгосон “Э т” ХХК-ийг хянан үзэх шатанд үндэслэлгүйгээр хассан. Өөрөөр хэлбэл, “хуулийг буруу тайлбарлан”, “Сангийн сайдын баталсан жишиг баримт бичгийг буруу тайлбарлан”, “Өөрсдийн боловсруулсан баримт бичгийг буруу тайлбарлан” “Э т” ХХК-ийн тендерээс татгалзсан. Ингэхдээ мөн тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Тендерийг хянан үзэх” гэсэн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоогүй байна.
Гуравдугаарт:Тодруулбал, “Э т” ХХК-ийг хассан үндэслэл нь сүүлийн 3 жилийн буюу 2014, 2015, 2016 оны ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага гэдгээс 2015 оны туршлага алга гэсэн үндэслэл болно. 3 жилийн туршлага гэдэг нь бидний ойлгосноор тухайн компанийн хэр зэрэг туршлагатай юм бэ гэдгийг харах, харьцуулах үзүүлэлт юм. Хуульд заавал 3 жил дараалан, жил бүр тийм үйл ажиллагаа явуулсан байхыг шаардана гэж заагаагүй байна. Хэрэв энэ үзүүлэлтийг удирдлага болгох юм бол байнга тендер авдаг нэг л компани байнга шалгарах болно. Нөгөө талаасаа энэ үзүүлэлтийг удирдлага болговол дараах хүснэгтэд үзүүлснээр маш олон компани тендерт өрсөлдөх боломжгүй болно.
| 2014 | 2015 | 2016 | Захиалагчийн ойлгож байгаагаар | Хуулийн ойлголтоор | |
| 1 | - | - | - | Шалгарахгүй | Туршлагагүй |
| 2 | + | - | - | Шалгарахгүй | Болно |
| 3 | - | + | - | Шалгарахгүй | Болно |
| 4 | - | - | + | Шалгарахгүй | Болно |
| 5 | + | + | - | Шалгарахгүй | Болно |
| 6 | + | - | + | Шалгарахгүй | Болно |
| 7 | - | + | + | Шалгарахгүй | Болно |
| 8 | + | + | + | Шалгарна | Болно |
Дөрөвдүгээрт: Ингээд “Э т” ХХК-ийн үнийн саналаас даруй 39,806,600 төгрөг буюу бараг 40,0 сая төгрөгөөр илүү үнээр “Протек” ХХК-тай 179,501,600 төгрөгийн шууд гэрээ байгуулж, 1 өдрийн дараа худалдан авалт хийсэн байна.
Ингэхдээ уг компанийн нээлттэй тендерт анх санал болгосон 160,550,016 /үнэ 169,000,000-хөнгөлөлт 8,450,001/ төгрөгийн үнээс нь 18,951,584 төгрөгөөр илүү үнээр гэрээ хийсэн. Ингээд Сангийн яамны хуульч мэргэжилгүй, эрх зүйн боловсролгүй, электроникийн мэргэжилтэй хүний хяналт дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн 2 том яам, агентлагийн мэргэжилтнүүд 211,6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ганцхан тендерээс 40,0 сая төгрөгийг бусдад “бэлэглэсэн” байна.
Тавдугаарт: Анхан шатны шүүх үүнийг зөв гэж шийдвэрлэсэнд харамсалтай байна. Өөрөөр хэлбэл, шүүх өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх” гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.3-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа ... гүйцэтгэлийн талаарх өмнөх худалдан авагчдын тодорхойлолтыг үндэслэн тогтооно” гэсэн заалтыг буруу тайлбарласан байна. Тодруулбал, “сүүлийн 3 жилийн хугацаанд” гэдгийг “сүүлийн 3 жилийн хугацаанд жил бүр” гэж тайлбарлаж байна.
Зургадугаарт: Анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай “Э т” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж байна” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа үндэслэх хэсгийн 14 дүгээр талд “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ... сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан нь өрсөлдөөнийг хязгаарласан буюу баримт бичиг бэлтгэх явцад зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд энэ талаарх гомдлоо тендер шалгаруулалтын нээлт болохоос өмнө гаргахаар байжээ”. Мөн 15 дугаар талд “...2015 онд хамаарах гэрээ, акт, тодорхойлолт ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэсэн байна.
Долдугаарт: Харин бид “тендерийн баримт бичиг буруу байна” гэж огт маргаагүй. Харин тендерийн үнэлгээний хороо “Э т” ХХК-ийн тендерийн саналыг хянан үзэхдээ хууль, журам, тендерийн баримт бичгийг буруу тайлбарлаж, дүгнэлт хийсэн. “... онуудын хугацаанд” гэдгийг “...онуудын хугацаанд жил бүр” гэж ойлгож тайлбарласан байна. Харин бид тухайн шалгуур үзүүлэлтийг “тухайн компани тухайн онуудад хэр зэрэг их туршлага хуримтлуулсан юм бэ, хэр их туршлагатай компани вэ? Барааг нэг удаа ч гэсэн нийлүүлж байсан юм уу? гэдгийг харах шалгуур үзүүлэлт болохоос “заавал 3 жил дараалан ижил төстэй бараа нийлүүлсэн байх туршлагатай” гэж ойлгохгүй байна. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4 ба 5 дугаар талд дэлгэрэнгүй бичсэн байна.
Наймдугаарт: Ийнхүү манай нэгдүгээр шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэснээс бусад шаардлага хангагдах, эс хангагдах эсэх нь шийдвэрлэгдэнэ.
Есдүгээрт: Нэг зүйлийг нэмж тайлбарлахад нэхэмжлэгчийн 4 дүгээр шаардлага буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2/12318 дугаартай “П” ХХК-д 179,501,600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр” хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг анхан шатны шүүх “хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-д “гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах эрх олгох тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг” ойлгоно гэдгийг анхаараагүй буюу “гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг” захиргааны акт биш гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд манай давж заалдах гомдол, нэхэмжлэлийг үндэслэлийг хянан үзэж, шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг газраас “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим тоног төхөөрөмж худалдан авах тухай /БСШУСЯ-2017-Х1.3.16-02/ төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тендерийг нээхэд Багц-2 “Техник хэрэгсэл нийлүүлэх тендер”-т нийт 6 компани тендер ирүүлснийг Тендерийн үнэлгээний зааврын дагуу үнэлгээг хийхэд шаардлагад нийцсэн тендер ирээгүй тул дахин нээлттэй тендер зарлаж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тендерийг нээхэд Багц-2 “Техник хэрэгсэл нийлүүлэх тендер”-т нийт 6 компани тендер ирүүлснийг үнэлэхэд мөн л шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар ирүүлсэн бүх тендерүүдээс татгалзаж, шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгохоор 04 дүгээр тэмдэглэлээр шийдвэрлэж, энэ талаарх мэдэгдлийг тендерт оролцогчдод 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр “Р” ХХК, “Б” ХХК, “П а” ХХК, “О б” ХХК болон нэхэмжлэгч “Э” ХХК-иудыг 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь ТОӨЗ-ны 18.2 /б/-д заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр, харин “П” ХХК-ийг үйлдвэрлэгчийн каталогийг Монгол хэлээр баталгаат орчуулгаар орчуулж баталгаажуулаагүй нь ТОӨЗ-ны 11.1-д заасан шаардлага хангаагүй гэж ирүүлсэн тендерүүдээс нь татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлж, мөн албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болсныг мэдэгджээ.
Уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Э” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасныг хянаж үзээд, Сангийн яамны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дүгээр албан бичгээр захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй, гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн байна.
Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороо 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн “шууд гэрээ байгуулах” аргыг хэрэглэх зөвлөмжийн дагуу гуравдагч этгээд “П” ХХК-тай хэлэлцээ хийж, шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс эхний тендер шалгаруулалттай маргаагүй бөгөөд 2 дахь шалгаруулалтын хувьд нэхэмжлэгч нь ТОӨЗ-ны 18.2 /б/-д заасан 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь тогтоогдож байх бөгөөд тендерийн баримт бичигт нийлүүлэгчээр ажилласан жилийн тоог 2014, 2015, 2016 гэж 3 жилээр тогтоож, тус бүрт нь гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тодорхойлолт ирүүлэхийг заасан тул шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэх боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигтэй маргаагүй байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар тендерийг шаардлагад нийцсэн гэж үзвэл дараагийн шалгаруулалтын үндсэн шалгуур болох тендерийн үнийг харгалзаж үзэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тендер нь шаардлагад нийцээгүй тул тендерийн хамгийн бага үнэ санал болгосон байхад хассан гэсэн гомдол нь үндэслэлгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасны дагуу хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороо бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 30.4.3-т “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж тус тус зааснаар шууд гэрээ байгуулах нөхцөл байдал үүссэн тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно”, 34.1.1-д “энэ хуулийн 30.4.3, 33.4 -т заасан тохиолдолд” гэж зааснаар шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосноор, хуульд заасан үүргийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 2/12318 дугаартай албан бичгээр гуравдагч этгээд “П” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг агуулаагүй тул уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ