Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00267

 

 

 

 

 

     

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/02942 дугаар шийдвэртэй М ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХК-д холбогдох ажлын хөлс 45,450,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэнгэл гэх газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийхээр ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөг хийж устай тохиолдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төслийг тохиролцсон. Гэрээний дагуу цахилгаан хайгуулын ВЭЗ-ийн аргаар М ХХК-ийн цахилгаан хайгуулын отрядын инженер техникийн ажилчид хайгуул хийхэд 6 цэгт ус гарах цэг заасны дагуу тус цэгүүдийн 4 цэгт хайгуулын өрөмдлөгийн цахилгаан хайгуулаар заасан хэмжээнд өрөмдөхөд маш бага устай гарсан тул үлдсэн 2 цэгт захиалагчтай тохиролцож хайгуулын ажлыг зогсоохоор болсон. Хайгуул хийсэн цэгүүдэд захиалагчийн төлөөлөл болон хяналтын инженер Г.Н газар дээр хяналт тавьж хайгуул хийсэн цооног болгонд ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээн авсан. Хайгуулын өрөмдлөгийн ажлын хөлсийг 1 у/метр-т 170,000 төгрөгөөр тооцож нийт өрөмдлөгийн гүнээр үнийн дүнг тооцохоор гэрээ байгуулсан. Нийт 4 цооногийг бүгд 385 у/метр өрөмдсөн хөлс 65,450,000 төгрөг болсон Тухайн үед захиалагч санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 11 дүгээр сард багтаан өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд хариуцагчаас 45,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэнгэл гэх газарт алтны уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Уг ажлын хүрээнд нэн шаардлагатай хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийлгүүлж, тогтоогдсон цэгт хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийлгүүлж ус гаргуулан авах ажлыг гүйцэтгэхээр болсон. Талууд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, хамтран ажилласан. Гэтэл М ХХК нь гэрээний дагуу усны хайгуул судалгааг хийгээгүй, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй мөн өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай цооног, төсвийг гаргаж хүлээлгэн өгөөгүй. Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч М ХХК нь уурхайн үйлдвэрийн хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийж, тогтоосон судалгаа шинжилгээндээ үндэслэн газрын гүний өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэд хийх, өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийг бүрэн хийж дуусгасны үндсэн дээр ус гаргах, гаргасан усны цооногийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч компани хайгуулын өрөмдлөгийг хэдэн метр гүнд өрөмдсөн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баримтыг хаанаас баталж гаргасан, хэрэгт ямар ач холбогдолтой баримт ойлгомжгүй байна. М ХХК нь ВЭЗ-ийн аргыг ашиглан цахилгаан хайгуулаар цооногыг 4 удаа дутуу ухаж орхисон, уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй. Мөн гүйцэтгэгч М ХХК-ийн уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний ус гарган, цооног хүлээлгэн өгөөгүй, үр дүнгүй ажлын улмаас манай компани хэвийн ажиллах боломжоо алдан, уурхайн олборлолтын үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орсны улмаас өр, зээл, хүүгийн алдагдалд орсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Тус компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын МҮ-021083 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайд баяжуулах үйлдвэрийг барьж байгуулсан. Үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай усны хайгуулыг хийлгэж, гүний усны эх үүсвэрийг олж тогтоож, үйлдвэрийн зориулалттай худаг гаргах зорилгоор усны хайгуул судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг М ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж усны хайгуул өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэтэл М ХХК нь гэрээний дагуу усны хайгуулын судалгаа хийгээгүй, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй. Мөн усны хайгуулын судалгааны үр дүнгийн тайлан болон үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн ба гүйцэтгэгч М ХХК нь усны хайгуулын ажлыг М ХХК-иар гүйцэтгүүлж, дүгнэлт гаргуулан устай цэгийг тогтоосны үндсэн дээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг боловч бодит нөхцөл байдал дээр ажлыг гүйцэтгүүлж дүгнэлт гаргуулаагүй. Устай цэгийг тогтоолгүйгээр өрөмдлөгийн ажил хийсний улмаас өрөмдсөн цооногоос нь ус гараагүй, үйлдвэрлэлийн зориулалттай худгыг гаргаж хүлээлгэн өгөөгүй. М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг манай компанид буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу компанийн эзэмшил бүхий ашиглалтын талбайн хэмжээнд багтаан, хариуцагч компанийн зааж өгсөн газарт усны хайгуул хийж, зохих ус гарах хэмжээнд мэргэжлийн төвшинд өрөмдлөг хийсэн. Өрөмдсөн цооногоос үйлдвэрийн үйл ажиллагааг хангах, ундарга тодорхойлох хангалттай хэмжээний ус гараагүй болно. Мөн гэрээнд үйлдвэрийн зориулалттай худаг гаргаж өгөх талаар тохиролцоогүй ба ус хангалтгүй газарт гүний худаг гаргах боломжгүй. Гэрээний 4.4-т захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авсан өдрөөс хойш эрсдэлийг дангаараа хариуцах үүрэгтэй. Ажлын хөлсний талаар гэрээний 3-т хэлэлцэн тохирсон. Хариуцагч урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, ажлыг дуусгасны дараа 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байхад 5,000,000 төгрөг илүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 32,020,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,430,000 төгрөгийг, хариуцагч Э ХК-ийн нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,200 төгрөг, хариуцагч Э ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХК-иас 318,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлыг хийгээгүй, өрөмдлөгийн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу усны хайгуул судалгааг хийх, ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж 3-4 устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийж гүйцэтгэн хариуцагч компанид хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн нэхэмжлэгч компани хайгуулын ажлыг өөрсдөө биечлэн гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн ба хайгуул судалгааны ажлыг хийлгүйгээр гүний өрөмдлөг хийсэн тул цооногоос ус гараагүй. Гэрээний 3.5-т заасан үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас 32,020,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу урьдчилгаанд төлсөн 25,000,000 төгрөгийн буцаан гаргуулах эрхтэй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч компани үйлдвэрлэлийн хэрэгцээний усны худаг байхгүй тул баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлж, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчаас М ХХК нь тандалт судалгаа хийлгүй өрөмдсөн гэж маргасан. Шүүх уг маргаантай холбоотойгоор ВЭЗ-ийн аргаар судалгаа, хайгуул хийсэн инженер н.А-ээс гэрчийн мэдүүлэг авч, тодруулсан. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч ВЭЗ-ийн аргаар тандалт судалгаа хийх, өрөмдлөгийн ажил, усны хайгуул хийх гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагчаас ашиглалтын худаг гаргах талаар гомдолд дурдсан байна. Гэрээнд худаг гаргах талаар хэлэлцэж, тохиролцоно гэж заасан. Хариуцагчийн зүгээс ВЭЗ-ийн аргаар хийсэн тандалт судалгаанд зааснаас илүү өрөмдсөн боловч ус хангалттай хэмжээнд гараагүй тул хүлээлгэн өгсөн. Хариуцагчийн төлөөлөгч уг ажилд байнгын хяналт тавьж оролцож байсан. Хариуцагчаас эхэлж 10,000,000 төгрөг шилжүүлж, ажил дууссаны дараа 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй. М ХХК нь хайгуул, өрөмдлөгийн ажил хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан 45,450,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 25,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 65-66/

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... гэрээний зорилго биелэгдээгүй, үйлдвэрлэлийн хэрэгцээний устай цооног байхгүй байхад шүүхээс гэрээний зорилго биелэгдсэн, ажлын үр дүнг хүлээж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй... гэжээ.

4.1. Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр заасан байна.

Хэрэгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийх, хайгуулын болон ашиглалтын цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ авагджээ. Ажил гүйцэтгэгч М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг ус хуримтлуулан ариутгаж түгээх үйл ажиллагаа эрхлэхээр заасан байх ба Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан усны мэргэжлийн байгууллагын эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.

4.2. Анхан шатны шүүх хэргийн 11-16 дугаар талд авагдсан зургийг үндэслэн ажил гүйцэтгэгч нь 1, 5, 6 дугаар цооногийг уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдсөн, 4 дүгээр цооногийг уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй гэж дүгнэжээ. Гэвч тухайн зурагт уст цэгийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, уг зургийг зурсан гэх гэрч Г.А-ийн мэдүүлэгт энэ талаар тодорхой мэдүүлээгүй байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ВЭЗ-ийн аргыг ашиглан цахилгаан хайгуул хийсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна. Иймд уг асуудлыг тодруулах нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлох боломжгүй.

Иймд маргаанд ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/02942 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 318,050 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т. БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН