Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00181

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00181

 

******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02932 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ********ны ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээнээс ******эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан гэх 23,278,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******** нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цалингийн зээл авах гэсэн юм, хамтран зээлдэгчээр өгөөч, би 5,000,000 төгрөгийн зээл авна гэхэд нь би зөвшөөрч, нотариатч Ж.Наранцацрал дээр очиж цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон. Гэтэл уг итгэмжлэлийг ашиглаж ******** нь ******** ХХК-аас 14,900,000 төгрөгийн зээл авч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан байна. ******** ХХК-аас ******эд зээл олгоогүй ба ******** ХХК, бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. ******** нь анх ******эд хамтран зээлдэгчээр оруулах итгэмжлэл хийж өгсөн ч уг итгэмжлэлийг ашиглан хамтран үүрэг гүйцэтгэгчээр зөвхөн зээлийн гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан байна. Гэтэл зээлийн гэрээнд ******ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.19-т зээлийг авч ашиглах эрхгүй гэж зааснаас үзэхэд ****** нь хамтран зээлдэгч биш зөвхөн батлан даагчийн хэлбэрээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэдэг нь харагдаж байна. Иргэний хуульд батлан даагчийн гэрээг бичгээр байгуулахыг шаарддаг. Гэтэл ******** ХХК-ийн зүгээс хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд оролцуулах хүсэл сонирхлоо илэрхийлсэн итгэмжлэлийг ашиглан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд ******ийг тодорхойлж үүрэг хүлээлгэж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Хамтран зээлдэгчээр итгэмжлэл олгосон болохоос итгэмжлэл өөрчлөгдөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох бүрэн эхийн ********д өгсөн байгаа талаар нэхэмжлэгч ******** ХХК-д мэдэгдээгүй. Гэтэл ******** итгэмжлэлд хамтран зээлдэгчээр оролцох хүсэл зоригоо ****** илэрхийлсээр байтал хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулж төлөөлүүлэгчээр гарын үсэг зуруулж байгаа нь уг итгэмжлэлийг ашиглаж болохгүй гэсэн агуулгыг зөрчиж байна. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******ийн ******** ХХК дахь 0000000000 тоот цалингийн данснаас мэдэгдэхгүйгээр 23,278,000 төгрөгийг татсан. Би ******** ХХК-д барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрх олгосноос цалин хөлсөө барьцаалах эрх олгоогүй. Иймд ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан н*******ад холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр заагдсан боловч өөрийн цалин хөлсийг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй этгээд болох ******эд хамааруулах боломжгүй гэж үзэж байна. Иймд ******** ХХК-ийн төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хууль бусаар суутгаж авсан 23,278,000 төгрөгийг ******** ХХК-аас гаргуулж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******** ХХК-ийн ЗГ201843613266 тоот 20,000,000 төгрөг барьцаалсан Барьцааны гэрээний ******эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Зээлдэгч ******** нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЭГ20184361 3266 тоот зээлийн гэрээ байгуулан 19,973,800 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийн гэрээнд ****** нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон бөгөөд ингэхдээ ****** нь ********д 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №1336 дугаартай итгэмжлэлээр тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосны үндсэн дээр тус зээлийн хамтран зээлдэгчээр ******ийг оролцуулж, түүнийг төлөөлж ******** нь гарын үсэг зурсан байна. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ201843613266 дугаартай зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,073,800 төгрөг дээр нэмж 14,900,000 төгрөгийг нэмж нийт 19,973,800 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж зээл авсан ба уг зээлд хамтран зээлдэгч ****** /2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗГ201743281468/ мөн хамтран зээлдэгчээр оролцож байсан болно. Өмнө нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ****** нь уг зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байсан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/1111112020/01593 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1804 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг, Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00429 дугаар тогтоолоор шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хуулийн шаардлагыг хангасан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч ******ийн нэхэмжлэлтэй ******** ХХК-д холбогдох 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ201843613266 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж хууль бусаар суутгаж авсан 23,278,000 төгрөгийг ******** ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: ******** ХХК-аас цалингийн зээл авах асуудлыг ******ийн эгч ******* гаргаж байсан . Хамтран хариуцагч байна уу хамтран зээлдэгч байх эсэхээс үл хамаараад тухайн зээлд хариуцлага хүлээж зээлийн үүргийг гүйцэтгэхээр заасан нөгөө талаар анхнаасаа эгчтэйгээ хэлэлцэн эгчдээ авч өгсөн зээл юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар урьд нь хүчин төгөлдөр шийдвэр гарч байсан, нэхэмжлэгчид хандаж хэлэхэд өөрийн эгч *******аас төлбөрөө нэхэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нэхэмжлэгч ******ийн ******** ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ201843613266 тоот зээлийн болон барьцааны гэрээний ******эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар ******** ХХК-аас 23,278,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100200100941 дугаарын дансанд төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******эд олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. ****** нь ******** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний данснаас ******** 630,000 төгрөг татан авах үед буюу зээл авснаас 4 сарын дараа би ******** нь хэлэлцэн тохирсноосоо хэт их хэмжээний мөнгө зээлсэн болохыг мэдсэн гэдэг. Хэрэв итгэмжлэлд зааснаар Зээлийн гэрээнд ******ийг хамтран зээлдэгчээр оруулж, тэдний нэр дээр дундын данс нээж зээлийг шилжүүлсэн бол Э*******ыг зээл авах тухайн үед ****** зээлийн хэмжээг мэдэх боломжтой байсан. Гэтэл ******ийг үүрэг гүйцэтгэгчээр оруулсан тул Э*******ыг үүргээ биелүүлээгүй хэмээн түүний цалингаас зээлийн төлбөрийг суутган авах үед ****** зээлийн хэмжээг мэдсэн байдаг. ******** ХХК-ийн зээл олгосон ажилтны хариуцлагагүй, сэтгэлгүй үйл ажиллагааны улмаас ****** хохирсон үйл баримтыг тогтоох шаардлагатай байсан. Хэргийн бодит нөхцөл байдал, түүний үр дагавар болсон хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн үр дагавар хамтран зээлдэгчээс ялгаатай болох нь ******ийн нэхэмжлэлтэй хэргээс харагдана. Үүнд анхаарлаа хандуулж өгнө үү. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1804 дугаартай магадлал, УДШ-ийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00429 дугаартай тогтоолд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/201843613266 дугаартай Зээлийн гэрээ нь ИХ-ийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт заасанд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн байх тул ... иргэний хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Гэтэл дээрх шүүхийн шийдвэрүүдээр ******** ХХК-аас ******ийн данснаас суутган авсан 630,700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцагчийн данснаас зээлийн төлбөрт суутган авахгүй байхыг даалгуулах тухай шаардлагыг хянан шийдвэрлэсэн. Харин 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02932 дугаартай шийдвэрээр "2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******** ХХК-ийн ЗГ201843613266 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээнээс ******эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23,278,000 төгрөгийг ******** ХХК-аас гаргуулах тухай шаардлага гаргасан. Шүүх шууд дээрх шийдвэрүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэл, Улсын дээд шүүхийн тогтоолын үндэслэлд ...Хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлийн гэрээний үүргийг зээлдэгчтэй хамтран биелүүлэх үүрэг хүлээсэн нэг л агуулгатай. ... нэхэмжлэгч анхнаасаа өөрөө зээл авах зорилгоор бус Э*******ыг зээл авахад нь эргэн төлөх баталгаа болж, үүргийг хамтран хариуцахаар хамтран зээлдэгчээр гэрээнд оролцох эрхийг олгосон ... хэмээн итгэмжлэлийг дүгнэсэн.

Улсын Дээд шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ тухайн өмнөх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн тул Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагын хувьд хийсэн дүгнэлт биш юм. Өөрөөр хэлбэл, 3 шатны шүүх нь өмнөх шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн тул итгэмжлэл нь ******ийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн эсэхэд нарийвчилсан дүгнэлт хийгээгүй болно. Харин Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагын хувьд дээрх итгэмжлэл нь ******ийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй юм.

Тухайлбал, уг итгэмжлэлд аль банкнаас хэдэн төгрөгийн зээл авах тухай ******, ******** нарын хүсэл зориг бүрэн тусгагдаагүй байна. Хэдийгээр хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлийн гэрээний үүргийг зээлдэгчтэй хамтран биелүүлэх үүрэг хүлээсэн нэг л агуулгатай гэж тайлбарлаж болох ч ****** нь Э*******ын аль ч банкнаас авсан хэдэн ч төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэг хүлээхгүй юм. Хавтаст хэрэгт ******** ХХК-д гаргасан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 449 дугаартай ******ийн цалингийн тодорхойлолт, 2017 оны цалингийн карт, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ********, ****** нарын 2,000,000 төгрөгийн зээл авах тухай хүсэлт ба хугацаа байхгүй, тодорхойгүй. ******ийн зээл хүсэгчийн анкет-ыг ********ны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт гаргаж өгсөн байдаг. Эдгээр баримтаар ****** өмнө нь ********тай ********наас зээл авч байсан тул энэ удаа ч энэ банкнаас л зээл авах ёстой гэж дүгнэж болохгүй. Мөн ******** ХХК-д ******ийн 2017 оны цалингийн тодорхойлолт байх боловч энэхүү тодорхойлолт он, сар, өдөр, дугааргүй юм. Иймээс энэхүү тодорхойлолт нь зээл авахаас өмнө, хойно хэзээ гарсан нь тодорхойгүй буюу ******ийг ******** ХХК-аас зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй. Дээрх итгэмжлэлд болон нотлох баримтуудад 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******** нь ******** ХХК-аас 19,973,800 төгрөгийн зээл авах, түүнийг төлөх үүргийг ********тай хамтран хариуцахаар заагаагүй.

 

5.б. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байгаа тухайд

******** ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ201843613266 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний ******эд холбогдох хэсэг нь дараах үндэслэлээр хийсэн цагаасаа хууль бус болно. ******** ХХК нь ********тай маргаан бүхий гэрээнүүдийг байгуулахдаа ******ийн ашиг сонирхол, хүсэл зоригт үндэслэх байсан бөгөөд Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймээс төлөөлөгчийн /Э*******ын/ бүрэн эрхийн хүрээ нь төлөөлүүлэгчийн /******ийн/ хүсэл зоригоор тодорхойлогддог. Төлөөлөгчийн бүрэн эрх нь гуравдагч этгээд болох ******** ХХК-д амаар буюу бичгээр тодорхой, шууд илэрхийлэгдсэн байх ёстой. Иймээс ******** ХХК нь Э*******ыг 14,900,000 төгрөгийн зээл нэмж авах бүрэн эрх нь итгэмжлэлд шууд, тодорхой илэрхийлэгдээгүй болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан. Итгэмжлэлд 14,900,000 төгрөгийн зээл авах эрхийг тодорхой заагаагүй байсан тул итгэмжлэлд бичсэн утсаар асуух боломж ******** ХХК-д байсан. Иймд төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох ********тай зээлийн гэрээ байгуулж 14,900,000 төгрөг зээлсэн гэм хорын хохирлоо ******** ХХК хариуцах, эсхүл энэхүү гэм хорын хохирлоо ********ар арилгуулах шаардлагатай юм. ******** ХХК нь ********тай зээлийн гэрээ байгуулахдаа түүнээс болон ******ээс өмнөх 2,000,000 төгрөгийн зээл төлж чадахгүй байгаа шалтгааныг тодруулсан, ********, ****** нар нь хэдэн төгрөгийн цалинтай, нийт 19,973,800 төгрөгийн зээл авах хүсэлт, түүнийг хэрхэн төлөх тухайгаа илэрхийлсэн баримтыг хэрэгт гаргаагүй. 2,000,000 төгрөгийн зээл төлж чадахгүй байгаа харилцагчид 20,000,000 төгрөгийн зээл олгох үндэслэлгүй байсан. Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш бараг 2 жил болж байхад ******** ХХК хуульд заасан дээрх зарчмуудыг зөрчөөгүй болохоо хуульд заасан нотлох үүргийн дагуу нотлоогүй юм. Хэдийгээр Улсын Дээд шүүх нь дээрх заалтуудыг Хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчтэй хамтран биелүүлэх үүрэг хүлээсэн нэг л агуулгатай хэмээн тайлбарласан хэдий ч 800,000 төгрөг хүрэхгүй цалинтай ******ийн хувьд 5,000,000 төгрөг зээлэх, 20,000,000 төгрөг зээлэх нь бодит амьдралд маш их ялгаатай, эрх зүйн үр дагавар нь огт өөр гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Гэтэл ******** ХХК нь шүүх хуралдаанд ********д зээл олгож байх үед энэхүү хууль үйлчилж эхлээгүй байсан... гэж тайлбарладаг. ******** ХХК нь зээлийг хуульд заасан, үндэслэл журмын дагуу зээлээгүй буюу хууль зөрчсөн. Иймд зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн... хэлцэл юм. ******** ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ201843613266 тоот зээлийн гэрээний ******эд холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 23,278,000 төгрөгийг ******** ХХК-аас гаргуулж ******эд олгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа хүсэл зоригийн илэрхийлэл өөр байсан гэж тайлбарласан. Гэтэл тухайн гомдол нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаар үгүйсгэгдэж байна. Учир нь нэхэмжлэгч хамтран зээлдэгчээр байх хүсэлтэй байсан боловч өөр нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч нь зээлтэй холбогдуулан итгэмжлэл, ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт гэх баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн зээл нь ******ийн 4 дэх удаагийн зээл бөгөөд өмнө нь нэхэмжлэгч нь эгч, хүргэн ах нарын хамт 2 удаа гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх боловч хууль зүйн үндсэн агуулгад анхан шатны шүүхээс дүгнэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхээс тогтоосон үйл баримт байгаа тул дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн. 2022 оны 429 дүгээр тогтоолд тухайн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хүсэл зориг илэрхийлэгдсэн байна. Мөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа эцэслэн шийдвэрлэгдсэн зүйл биш бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчидтэй холбогдолтойгоор харилцан зохицуулсан гэж хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******** ХХК-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнээс өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан гэх 23,278,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Хэрэгт авагдсан ******ээс ********д 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна гэх агуулгатай итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу олгогдсон байх тул уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. /хх.6/

3.б. Уг итгэмжлэлийн үндсэн дээр 2018 оны 05 дугаар сарын17-ны өдөр ******** ХХК-аас 19,973,800 төгрөгийг нэг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл олгох зориулалтаар олгохоор тохиролцож, зээлдэгчээр ********, хамтран үүрэг гүйцэтгэгчээр ****** нар гарын үсэг зурж, улмаар зээлийн гэрээний барьцаанд 20,000,000 төгрөгийн цалингийн орлогыг барьцаалсан БГХ201843613266 дугаар барьцааны гэрээ ******** ХХК, ******** нарын хооронд байгуулагдаж, барьцаалуулагчаар ********, ******, ******* нарыг төлөөлөн мөн ******** гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх 10-14/

4.а. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1804 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00429 дугаар тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. /хх37-43, 129-133/

Дээрх шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, түүний үр дагаврыг арилгахтай холбоотой шаардлагыг шийдвэрлээгүй байхад хүчин төгөлдөр иргэний хэргийн шийдвэртэй гэж үзэхгүй.

4.б. Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээний харилцаанд орох хүсэл зоригийг илэрхийлэн олгосон итгэмжлэлийг үндэслэн хариуцагч байгууллага зээлийн гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулсныг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, талуудын хоорондын 2018 оны 05 дугаар сарын17-ны өдрийн зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ********ны ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээнээс ******эд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түүний үр дагавар арилгуулах тухай шаардлага үндэслэлгүй.

4.в. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хариуцагч байгууллагаас ******ийн эзэмшлийн ******** ХХК дахь 0000000000 тоот данснаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн төлбөр гэсэн утгатай 23,000,000 төгрөг, зээл хаав гэх утгатай 273 854 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлсэн байна гэж үзэв. /хх 15-16/

5. Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх маргааныг шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах зохицуулалттай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа бол тухайн шаардлагатай иргэний хэргийг тусгаарлах замаар уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй учраас ******** ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль бусаар суутган авсан 23,278,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтыг хасаж, 3 дах заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02932 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хасаж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй учраас ******** ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль бусаар суутган авсан 23,278,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР