Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2016/01483/И |
Дугаар | 001/ХТ2017/00484 |
Огноо | 2017-04-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2017/00484
А.Дөлгөөний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01488 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 275 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч А.Дөлгөөний нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн төлөөлөгч А.Осорбурам, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00623 дугаар шийдвэрээр А.Дөлгөөнөөс 56 040 000 төгрөг гаргуулж, “Мөнгөн зоос ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.1.2-т заасан шаардлагыг хангаагүй, тухайлбал уг тогтоолд хуульд зааснаар албадан дуудлага худалдааг явуулах хаягийг заагаагүйгээс төлбөр төлөгч миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй.Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 623 дугаар шийдвэрээр А.Дөлгөөнөөс 56 478 100 төгрөгийг гаргуулж “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Дөлгөөний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 326 тоот орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13/128 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.Төлбөр төлөгч А.Дөлгөөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал өгөх мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2/14141 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу 120 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналыг бичгээр өгсөн. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр А.Дөлгөөнд албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тогтоолын хамтаар биечлэн хүлээлгэн өгсөн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 тоот үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын тогтоох хэсэгт төлбөр төлөгч А.Дөлгөөний төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002402 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 326 тоотод байрлах орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож үнэлсэн 120 000 000 төгрөгийн 70%-иар буюу 84 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох албадан дуудлага худалдаа гэж дурдсан нь үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай, албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг, зэргийг хуульд заасны дагуу дурдсан байгаагийн зэрэгцээ дуудлага худалдааны зарыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл нь хуульд нийцсэн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01488 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай А.Дөлгөөний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 275 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Дөлгөөний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогч талуудад хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан....Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч намайг хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгээгүй хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь хангасан мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай”, 46.1.2-т “албадан дуудлага худалдаа явуулах, огноо, цаг, хаяг” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт заасны адилаар үнэн сонинд нийтэлснийг тооцохгүй гэж ойлгогдож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байх тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэрэглэгдэхээр хуульчлагдсан.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Шүүх зохигчдын хоорондох маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэгч А.Дөлгөөн нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6\233 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102\ШШ2016\00623 дугаартай шийдвэрээр А.Дөлгөөнөөс 56 040 000 төгрөг гаргуулан “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.
Хариуцагч байгууллага нь үүргийн биелэлтийг хангах арга хэрэгсэл болох барьцааны үл хөдлөх эд хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байр, 326 тоот 1 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, энэ эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах зэрэг ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1., 46 дугаар зүйлийн 46.1.-д заасан журмыг зөрчөөгүй гэж хоёр шатны шүүхийн дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдлээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй шалтгаанаа шүүхэд мэдэгдээгүй тул шүүх хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарласан, хэргийн материалыг танилцуулсан баримт хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01488 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 275 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН