Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0509/з |
Дугаар | 221/МА2019/0052 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2019/0052
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Д” ХХК-нд холбогдох хэсгийг, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын “МИк” ХХК-нд холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын “Д” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрт “Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн газрын албатай газар ашиглах талаар гурвалсан гэрээг байгуулаагүй хэдий ч газрын төлбөрийг төлж байсан болох нь ..... тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дурджээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх зөвхөн гэрээний үндсэн дээр үүсэхээр хуульчилсан ба “Д” ХХК нь гэрээ байгуулаагүй нь маргаж байгаа газрыг ашиглах эрхгүй этгээд юм. Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..... газрын төлбөр төлөгч байна" гэж заасан ба “Д” ХХК нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулаагүй тул газрын төлбөр төлөгч биш юм.
“Д” ХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн утга бүхий албан бичиг тус яамны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй ба тус яамны ирсэн баримт бичгийн жагсаалтад бүртгэгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Химийн бодисын зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн 07 дугаартай албан бичиг, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Аялал жуулчлалын зориулалтаар газар ашигладаг нь үнэн гэсэн тодорхойлолт гаргуулах тухай” 10 дугаартай албан бичиг, 2015 оны 08 сарын 02-ны өдрийн “Төслийн үйл ажиллагааны тухай” гэсэн 03 дугаартай албан бичиг, 2015 оны 9 сарын 07-нд “Ерөнхий үнэлгээ гаргуулах тухай” хүсэлт зэрэг албан бичгүүдийг тус яаманд гаргаж байсан байна.
Дээрх албан бичгүүд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн эсвэл хүндэтгэн үзэх шалтгаантайгаа дурдсан албан бичиг, хүсэлтийг Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж хандаж байгаагүй ба Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн .... газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна" гэснийг зөрчиж 2012 оноос хойш ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй дөнгөж 2015 оны 9 сарын 07-нд “Д” ХХК анх удаа ерөнхий үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг Байгаль орчны яаманд гаргасан. Нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй барилгын эскиз зургаа батлуулаагүй зэрэг нь Д ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхад анхан шатны шүүх дүгнэхдээ 5 одтой зочид буудал барьж байгуулах төсөл хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан нь тогтоогдож байна гэж ор үндэсгүй дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0750 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-265 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Д ХХК” нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайваны ам гэх газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон байна.
Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасантай нийцэхгүй, энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд ... дараах зүйлийг тусгана”, мөн хэсгийн 2-т “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж заасан, хариуцагчаас нэхэмжлэгч “Д” ХХК-тай газар ашиглах гэрээг байгуулаагүй хэдий ч 2012 оноос хойш нэхэмжлэгч нь газар ашигласны төлбөрөө төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад хариуцагчаас “Д” ХХК-ийг хэдий хугацааны төлбөрийг төлсөн эсэхийг нягтлан шалгалгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх тул тус компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж үзэх үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Д” ХХК-иас газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу төслөө хэрэгжүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар “Таван одтой зочид буудал барьж байгуулах” төсөлд байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгэсэн, нарийвчилсан үнэлгээг “П” ХХК-иар хийлгүүлэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргаж, дээрх зочид буудлын барилгын зураг төслийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулах санал нь дэмжигдсэн, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Тц” ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан зэрэг тодорхой ажил зохион байгуулсан болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.
Энэ тохиолдолд, хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар зохицуулсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх зөвхөн гэрээний үндсэн дээр үүсэхээр хуульчилсан ба “Д” ХХК нь гэрээ байгуулаагүй нь маргаж байгаа газрыг ашиглах эрхгүй этгээд” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэгэнт газар ашиглуулах шийдвэр гарсан, гэрчилгээ олгосон бол газар ашиглах гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг юм.
Мөн хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/4854 дүгээр албан бичиг болон түүний хавсралт баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Д” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээг хийлгэсэн болох нь тогтоогдсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2012 оноос хойш ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй дөнгөж 2015 оны 9 сарын 07-нд анх удаа ерөнхий үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг Байгаль орчны яаманд гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, гуравдагч этгээдийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй захирамж нь 2012 оны акт байхад анхан шатны шүүх бие даасан шаардлагад 2016 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуульд үндэслэн дүгнэлт хийсэн нь буруу байна.
Тэрчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт найруулгын алдаатай байх тул зөвтгөх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын “МИк” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
2 дахь заалтаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “МИк” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэн, 2, 3, 4 дэх заалтын дугаарыг 3, 4, 5 болгон тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН