Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00290

 

Д.Иын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/03008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.И,

Хариуцагч: Ө СӨХ-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,434,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Манай хотхоны байрны В1 давхар болон үүдэн хэсэгт 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бохирын шугам хальж, маш их хэмжээний бохир задгай алдагдсан. Ус зайлуулах шугамаас бохир хальсан явдал нь анх барилгыг барихдаа ус зайлуулах шугамыг төвийн бохирын шугам руу шууд холбосноос болсон. Төвийн бохирын шугам ачааллаа дийлэхгүй болоход ус зайлуулах шугамаар дамжин бохир хальж гарч ирсэн. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд тухай бүрд нь акт, дүгнэлт гаргаж, СӨХ-д шаардлага гаргаж байсан боловч СӨХ яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй байсан.

Миний бие өөрийн хөрөнгөөр орчныг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор 180,000 төгрөгөөр, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ХХК-иар 200,000 төгрөгөөр халдваргүйжүүлэлт, шавьж устгалтыг, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг 220,000 төгрөгөөр тус тус хийлгэсэн.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол болох ариутгал хийлгэсэн 600,000 төгрөг, уг бохир хальж гарч ирсний улмаас гараашид хадгалаатай байсан хувцас, бараа материал бохирдсоныг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн 192,832 төгрөг, ашиглах боломжгүй болсон ширээний үнэ 800,000 төгрөг, бохироос болж миний бага насны хоёр хүүхэд гэдэсний халдварт өвчин тусаж, эмчилгээний зардал 541,250 төгрөг, хотхоны ногоон байгууламжийг СӨХ-оос засаж, янзлаагүйгээс болж зэрлэг ногоо замбараагүй ургасныг 2018 онд тайруулж, засаж янзлуулахад гарсан 300,000 төгрөгийн зардал нийт 2,434,000 төгрөгийг Ө СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ө СӨХ нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. ц ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ө СӨХ-нд ирүүлсэн албан бичигт ...тус компани нь конторын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож м ХХК-д, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс СӨХ-ны ажлыг Ө СӨХ-нд хүлээлгэн өгсөн. Тус компани Өы оршин суугчдаас 64,550,100 төгрөгийн авлагатай байсныг бүртгэлээр хүлээлгэн өгсөн гэжээ. Түүнчлэн, ц ХХК-ийн ажил хүлээлгэж өгсөн албан бичигт төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхүүдийн жагсаалтыг хавсралтаар өгсөн ба байгууллага иргэдэд өгөх өглөгийн талаар огт дурдагдаагүй.

2.2 Нэхэмжлэгч Д.И нь Ө СӨХ-той маргаан үүсгэсэн үеэсээ хойш СӨХ-ны төлбөрөө огт төлөөгүйгээс өнөөдрийн байдлаар 3,761,000 төгрөгийн өр үүсгэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасан үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь манай СӨХ-г байгуулагдахаас өмнө болсон бөгөөд Ө СӨХ-ны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хохирол учраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ө СӨХ-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 434 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Иын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ц ХХК-ийн үйл ажиллагааг Ө СӨХ эрх залгамжлан хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа гэх талаар эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2 Хэрэгт авагдсан нотлох баримт болох Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3/918 дугаар албан бичигт ...Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Ө СӨХ нь манай байгууллагатай Хэрэглэгчийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах 26013000 тоот аж ахуйн гэрээтэй ажилладаг. Ө СӨХ гадна зам талбайн хурын ус зайлуулах шугамь, грашийн үүдэнд байрлах трапыг тус тус төвийн шугаманд зөвшөөрөлгүй холболтыг хийсэн байсан нь 09 дүгээр сарын 04-ний өдөр зоорийн давхарт бохир ус халих шалтгаан болсон. Үүссэн нөхцөл байдлаас харахад Ө СӨХ нь БНбД 31-11-08-ийн 8.24-д заасан Ариун цэврийн тоноглолууд нь ойролцоох үзлэгийн худагны тагнаас доор байрлах үед бохир усны системд зориулсан тусгай зориулалтын бохир усны хаалт эсвэл янз бүрийн хийцтэй үл буцаах хаалтуудыг барилгын дотор бохир усны шугам дээр байрлуулна гэсэн шаардлагыг хангаагүй байсан... гэж бичсэн баримт байхад үнэлж дүгнэсэнгүй. Уг баримт нь Ө СӨХ-ны буруутай ажиллагаанаас болж бохир ус хальсан байна гэсэн мэргэжлийн байгууллагын хариулт байсан учир шүүх тодруулж үзсэний үндсэн дээр маргааны үйл баримтаа тогтооход ач холбогдолтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Ө СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,434,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 74/

3. Анхан шатны шүүхийн 2020 оны 00 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01213 дугаар шийдвэрээр Д.Иын нэхэмжлэлтэй Ө СӨХ-д холбогдох гэм хорын хохирол болон бусад хохирол 2,434,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1533 дугаар магадлалаар ц ХХК-ийн үйл ажиллагааг Ө СӨХ эрх залгамжлан хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа гэх талаар эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй, анхан шатны шүүх дээрх байдлыг тодруулалгүйгээр хохирлыг СӨХ хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. /хх 136-137, 159-164/

 

3.1 Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00767 дугаар тогтоолоор магадлалд дурдсан үйл баримтыг тогтоох нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэж магадлалыг хэвээр үлдээжээ. /хх 182-184/

 

4. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан ц ХХК-ийн үйл ажиллагааг Ө СӨХ нь эрх залгамжлан хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Түүнчлэн, ц ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар хүсэлтээр Өы оршин суугчдаас авах авлага нийт 64,550,100 төгрөгийг хариуцагч Ө СӨХ-д шилжүүлсэн байна. /хх 200/ Ийнхүү авлагыг шилжүүлэхдээ үүргийг мөн адил шилжүүлсэн эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдотой байна.

4.1 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ц ХХК-ийг татан оролцуулахгүйгээр ц ХХК, Ө СӨХ-ны хооронд ямар тохиролцоо байсныг эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/03008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 53,894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН