Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00049

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00049

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03209 дугаар шийдвэртэй,

 

А-ийн нэхэмжлэлтэй,

“Абанк” ХХК, “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 35,300,000 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Хонгор, хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголбаяр, Э.Болорзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь эцэг Б-тай хамтран 48,120,840 төгрөгийг 2006 оны 01 дугээр сарын 24-ний өдрөөс нэг жилийн хугацаатай хадгалуулахаар **** дугаар хадгаламжийн данс бүхий Платинум мөнгөн хадгаламжийн гэрээг "Вбанк" ХХК-тай байгуулсан. 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар тухайн дансанд 68,510,905 төгрөг байснаас 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 34,309,205 төгрөгийн, үүний дараа 25,000,000 төгрөгийн зарлага гарч, 9,465,265 төгрөг үлдсэн.

1.2. Уг 9,465,265 төгрөгийг авах гэсэн боловч тус банкны тооцооны 1 дүгээр тевийн эрхлэгч Г- гэмт хэрэгт холбогдсон тул өгөх боломжгүй, энэ хэргийг шийдвэрлэсний дараа өгех боломжтой гэх байдлаар тайлбарласан. Тухайн үед "Вбанк" ХХК-ийн 1 дүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Г- нь бидний зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн дансыг олон удаа нааш, цааш нь шилжүүлж, ямар орлого зарлагын гүйлгээ хийгдээд байсныг хадгаламж эзэмшигч нар мэдэх боломжгүй байсан. Г-, Д- нар нь хадгаламж эзэмшигч Б-ын нэрийг ашиглан банкнаас нийт 50,000,000 төгрөгийг авч ашигласан байдаг. Г-, Д- нарын хадгаламж барьцаалан бусдыг залилсан үйлдлийн талаар хадгаламж эзэмшигч нар мэдээгүй бөгөөд улмаар дээрх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ***** тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг тур данс болох *** тоот данс руу Б-, “хадгаламж хааж шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Б-ын данснаас “хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв” гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн. Г-, Д- нарын эрүүгийн хэргийг шалгаж 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

1.3. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б-ын өв хөрөнгө болон “Вбанк” ХХК дахь ***** тоот дансны 9,465,265 төгрөг хүүгийн хамт 35,300,000 төгрөгийг А-т 100 хувь олгохоор өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Дээрх 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хадгаламжийн дансан дахь 9,465,265 төгрөгийг 11 жил 4 сарын 2,01 хувийн хүүгээр тооцож үзэхэд 2019 оны 05 дугаар сарын байдлаар 35,300,000 төгрөг байна.

1.4. “Вбанк” ХХК-ийг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу өөрчлөн байгуулж Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаар, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар “Вбанк” ХХК-ийн актив, пассив хөрөнгө, тэдгээртэй холбоотой ажил үйлчилгээг “Ббанк” ХХК-д шилжүүлсэн. “Вбанк” ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон хүчингүйд тооцож, “Ббанк” ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жилийн хугацаатайгаар авсан байдаг. Харин Банкны тухай хуулийн 48.2, 55 дугаар зүйлийн холбогдох хэм хэмжээг үндэслэн “Ббанк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилон, эрх хүлээн авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт “Абанк” ХХК-д шилжүүлсэн.

1.5. Иймд “Вбанк” ХХК-ийн буюу түүний эрх хүлээн авсан “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 35,300,000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч “Абанк” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

2. Хариуцагч “Ббанк” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Вбанк” ХХК болон “Ббанк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “Вбанкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр “Вбанк” ХХК-ийн зарим шаардах эрхийг Ббанк ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүний дараа “Ббанк” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

2.2. Б-ын нэр дээрх зээлийн болон хадгаламжийн дансны бүртгэлээс шүүлт хийж үзэхэд манайд Б-, А- нарын ******** тоот хадгаламжийн дансны үлдэгдэл болох 9,508,831 төгрөг “Вбанк” ХХК-аас “Ббанк” ХХК-д шилжин ирээгүй, харин ****** дугаар дансанд бүртгэлтэй 24,692,869 төгрөгийн үлдэгдэлтэй зээл шилжиж ирсэн байдаг. Б-ын нэр дээр 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******** тоот данс нээсэн. Энэ хадгаламжаас тодорхой хэсгийг удаа дараа авч, 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 34,467,265 төгрөгийг бэлнээр авснаар хадгаламжийн дансны үлдэгдэл 0 төгрөг болсон байдаг. Үүний дараа 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ***** тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг түр данс болох *** тоот данс руу Б-, “хадгаламж хааж шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Б-ын нэр дээр бүртгэлтэй гэх ***** тоот данс руу Б-ын данснаас “хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв” гэсэн утгатайгаар зарлага гаргаснаар хадгаламжийн дансыг тэглэсэн байдаг. Иймд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот Вбанкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.2.2.б-д заасан хадгаламжийн дүнд 9,508,831 төгрөг орж тооцогдон “Вбанк” ХХК-аас “Ббанк” ХХК-д шилжих боломжгүй юм.

2.3. “Ббанк” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал, “Вбанк” ХХК-ийн нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 дугаартай тогтоол болон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Вбанкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хадгаламжийн үлдэгдэл 9,465,265 төгрөг шилжиж ирээгүй. Эдгээрээс үзэхэд “Вбанк” ХХК нь “Ббанк” ХХК-д зарим актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй байх үеийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн төлөлт байх бөгөөд “Ббанк” ХХК-д шилжиж ирээгүй актив, пассив хөрөнгөтэй холбоотой аливаа эрх үүргийг “Ббанк” ХХК дахь эрх хүлээн авагч хариуцах эрх зүйн үндэслэлгүй байна.

2.4. Дээр дурдсан “Ббанк” ХХК-ийн тэнцэлд шилжиж ирсэн Б-ын зээл нь Г-ийн “Вбанк” ХХК-д ажиллаж байх үедээ холбогдох хууль тогтоомжийг зөрчиж авсан зээл байсан тул түүнд холбогдуулан иргэний шүүхэд гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэм хорын хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Түүнчлэн тус шүүгчийн захирамжийг үндэслэн зээлийн үлдэгдлийг Г-ийн нэр дээр бүртгэлтэй дансанд шилжүүлж, Б-ын зээлийн дансыг хааж, хувийн хэргийг архивт шилжүүлсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зээл гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт. хугацаа, эргэн төлөгдөх тохиролцоогоор хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг ойлгохоор зохицуулжээ. “Вбанк” ХХК болон “Ббанк” ХХК нарын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот гэрээнээс үзвэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь заалтыг тус тус үндэслэн гэрээг байгуулсан ба тус хуулийн 123.2 дахь хэсэгт “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэсэн нь нэг этгээдээс нөгөөд шилжүүлж буй тэрхүү хөрөнгөтэй /зээл буюу мөнгөн хөрөнгө/ холбоотой шаардах эрхийн тухай зохицуулалт юм. Харин Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ” гэж зохицуулсан байх ба талуудын дээр дурдсан гэрээнээс үзвэл “Ббанк” ХХК нь “Вбанк” ХХК-ийн үйл ажиллагааны бүхий л эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр огтхон ч тохиролцоогүй гэдэг нь илэрхий харагддаг.

Нэхэмжлэгч нь “Г-, Д- нарын хадгаламж барьцаалан бусдыг залилсан үйлдлийн талаар хадгаламж эзэмшигч нар мэдээгүй бөгөөд улмаар дээрх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд бид иргэний журмаар нэхэмжлэл гаргах боломжгүй байсан, одоо “Абанк” ХХК-аас гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Абанк” ХХК-аас нийт 35,300,000 төгрөгийг мөнгөн хадгаламжийн гэрээнээс үүдэлтэй шаардаж байна” гэж маргадаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байхаар зохицуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол тэр тухай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. “Вбанк” ХХК-тай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан гэх ба энэхүү гэрээтэй холбоотойгоор мөнгөн хадгаламжийг хадгалуулагчийн мөнгийг хадгалахаар тохиролцсон хугацааны хүүгийн хамт гэрээний нөгөө талаас шаардах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй хариуцагч нараас ямар үндэслэлээр 35,300,000 төгрөгийг шаардаж буй нь тодорхойгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хариуцагч “Абанк” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157 тоот Албадан татан буулгах тухай тушаалаар “Ббанк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 тоот тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэж, эрх хүлээн авагчийг томилсон байдаг. Абанк нь эрх хүлээн авагчтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 “Актив, хөрөнгө шилжүүлэх гэрээ, 007/2013БЭХА/164 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр “Ббанк” ХХК-ийн зарим актив, пассив хөрөнгийг шилжүүлэн авсан. Үүнд мөнгөн хадгаламж мөн хамаарна. Ббанкны мөнгөн хадгаламжийг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 014/2013БЭХА/171 тоот гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ, түүний хавсралтын дагуу шилжүүлэн авсан. Ийнхүү шилжиж ирсэн хадгаламж эзэмшигчдийн жагсаалтад Б-, А- гэсэн хадгаламж эзэмшигч байдаггүй.

3.2. Мөн Г- гэх ажилтан шилжин ажиллаагүй. Дээр дурдсан Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Ббанкийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж эрх хүлээн авагч томилсон бөгөөд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу Абанканд нэгтгээгүй, харин Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн байдаг. Иймд Абанк нь Б-, А- нартай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний эрх үүргийг “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн аваагүй тул хадгаламжийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. Мөн 9,508,831 төгрөг байсан гэх “Вбанк” ХХК-ийн ***** тоот дансны эзэмшигч нь А- биш бөгөөд тухайн дансны хадгаламжийн гэрээ, дэвтэр зэрэг баримт байдаггүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Б- нь дансан дахь мөнгөө хэзээ ч шалгаад мэдэх боломжтой тул эрх зөрчигдсөн талаар 2008 онд мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл /эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан зэрэг/ гаргасны улмаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Маргааны үйл баримттай холбоотойгоор хадгаламж эзэмшигч Б- нь хадгаламжаа өөрөө захиран зарцуулаагүй, хадгаламжийг түүний авсан зээлд төлүүлээгүй болон “Ббанк” ХХК, түүний ажилтны хууль бус ажиллагаатай холбоотойгоор Б- нь хохирсон гэх үйл баримт баримтаар нотлогдоогүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 9,465,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлээс 25,834,735 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Абанк” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ббанк”  ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 166,394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэжээ.

 

5. “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. "Вбанк" ХХК-ийн ажилтан байсан Г-ийг ажиллах хугацаандаа нэхэмжлэгч талд гэм хор учруулсан тул түүний буруутай үйлдлийг ажил олгогч хариуцах ёстой гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Вбанкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Г- Б-ын хадгаламжийг барьцаалж, түүний нэрээр Вбанкнаас 2006 оны 08 дугаар сарын 22, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хадгаламж барьцаалсан зээл авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, Б-ын хадгаламжийн үлдэгдэл 9,465,265 төгрөгөөр Г-ийн авсан зээлийг төлүүлж, дансыг хаасан байх тул Иргэний хуулийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Ббанк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг шүүх буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Г-ийн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад Б-т хохирол учруулсан зүйл биш, харин Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, санаатайгаар Б-т хохирол учруулсан байж болзошгүй байна. Түүнчлэн Г- нь "Ббанк" ХХК-ийн ажилтан биш бөгөөд түүний гэм буруутай үйлдэл нь 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот "Вбанкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ" байгуулагдахаас өмнө буюу 2008 оны 03 дугаар сард үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

5.2. Шүүх "Вбанк" ХХК өөрийн зарим актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг "Ббанк" ХХК-д шилжүүлсэн харилцааг хуулийн этгээдийг нэгтгэсэн гэж дүгнэн, "Ббанк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 9,465,265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

a. 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот "Вбанкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ" нь Иргэний хуулийн 123 дугаар зуйлийн 123.2, 123.6 дахь хэсгийг тус тус үндэслэн байгуулагдсан зарим актив, пассив, хөрөнгийг шаардах эрх шилжүүлэх гэрээ юм.

Вбанкнаас Ббанкинд актаар шилжүүлсэн актив, пассив хөрөнгөд юу хамаарч авч үзсэн талаар гэрээний 1.2-т тодорхой тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зүйлтэй холбогдох аливаа нэгэн баримт, шаардах эрх шилжиж ирээгүй болох нь хавсралтаар тогтоогддог. Мөн гэрээний 6.1-т "Ббанк ХХК нь гэрээний 1.2-т заасан хавсралтуудад тусгагдаж "Вбанк" ХХК-аас хүлээн авснаас бусад актив, пассив хөрөнгө /зээл, бусад хүлээж болзошгүй үүрэг/-тэй холбоотой бусад үүрэг, хариуцлагыг хариуцахгүй", 6.2-т "Вбанк" ХХК нь энэ гэрээний 1.2-т заасны дагуу "Ббанк" ХХК-д хүлээлгэн өгснөөс бусад өөрийн тэнцэлд үлдсэн актив, пассив хөрөнгө /зээл, бусад хүлээж болзошгүй бусад үүрэг/-тэй холбоотой бусад үүрэг, хариуцлагыг өөрөө хариуцна" гэж тохиролцон гэрээг байгуулсан нь банкууд хоорондоо нэгтгэгдээгүйг илтгэж байна.

б. 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 дугаартай "Ббанкны хувь нийлүүлэгчдийн хурал, Вбанкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан тогтоол"-ын 7-д "Вбанкны санхүүгийн тайлан тэнцэлд үлдсэн актив, пассив хөрөнгөд хяналт тавьж, тэдгээрийг үнэгүйдүүлэхээс хамгаалах шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Вбанкны гүйцэтгэх захирал И-д үүрэг болгосугай" гэж тогтоосноос үзвэл "Вбанк" ХХК-ийн хувьд үйл ажиллагаатай үлдсэн ба бүх актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй болох нь нотлогддог.

в. Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт "Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно" гэж заасан. Хэргийн 1 дүгээр хавсралтын 6 дугаар талд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтад Вбанкны хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээлэл байгаа нь Вбанк одоог хүртэл Монгол Улсад бүртгэлтэй гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл, “Вбанк” ХХК-ийн банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болж, үйл ажиллагаа нь зогссоноос биш хуулийн этгээдийн хувьд татан буугдаагүй, тусдаа компани бөгөөд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот "Вбанкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ний 2.1-т заасан хавсралтад дурдагдаагүй бусад үүрэг, хариуцлага буюу ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг "Вбанк" ХХК хүлээх үүрэгтэй юм.

Гэвч бодит байдал дээр "Вбанк" ХХК болон "Ббанк" ХХК-ийг нэгтгээгүй, зөвхөн зарим шаардах эрхийг шилжүүлсэн. "Вбанк" ХХК-ийн ажилтан Г-ийн буруутай үйлдлээс учирсан хохирлыг "Ббанк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

5.3. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно" гэж хуульчилжээ. Дээрх хуулийн "хуульд заасан журмын дагуу" гэх зохицуулалт нь Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасан харилцаа үүсэж, талууд харилцан тохиролцож, хууль, журамд нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсанд тооцохоор байна.

Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот "Вбанкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ний удиртгал хэсгийн 2 дахь мөрөнд дурдсанаар "Энэхүү гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 123 (2,6) дугаар зүйл ...-ийг үндэслэн байгуулах тухай тохиролцсон байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж зохицуулсны дагуу уг гэрээгээр талууд зарим хөрөнгийн шаардах эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Ийнхүү талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад шүүх уг гэрээний хэрэгжилтэд саад учруулан, гэрээний талуудын дундуур орж гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулан, гэрээгээр тохирсон нөхцөлийг нэгдэх хүсэл зоригтой байсан мэтээр тайлбарласан нь шүүх төвийг сахисан, хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...***** тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг Ббанкны дотооддоо ашигладаг, тухайн өдөрт хийсэн нийт харилцагчийн гүйлгээг дамжуулдаг түр данс болох *** тоот данс руу “Б-, хадгаламж хааж шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн..." мөн "******** тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9,508,831 төгрөгийг Ббанкны дотооддоо ашигладаг" гэж тус тус дүгнэсэн байна.

Гэвч хэргийн 249 дэх талд авагдсан 634 дугаартай албан бичгийн 2 дахь хэсэгт “*** тоот данс нь банкны дотооддоо ашигладаг, тухайн өдөрт хийсэн нийт харилцагчийн гүйлгээг дамжуулдаг түр данс юм" гэх тайлбар байдаг. Энэхүү албан бичигт Ббанкны данс гэж огт дурдаагуй, банкны данс бүртгэлийн ерөнхий мэдээллийн хувьд тайлбар гаргасан.

Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хариуцагч банкны эрх хүлээн авагч нь бичгээр, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл "Вбанк" ХХК нь "Ббанк" ХХК-д зарим актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй байх үедээ буюу 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр "Х/Б зээл төлүүлэв" гэх утгатайгаар зарлага гаргаж зээл төлүүлсэн байх тул шилжиж ирээгүй актив, пассив хөрөнгөтэй холбоотой аливаа эрх, үүрэг хариуцлагыг Ббанкны эрх хүлээн авагч хариуцах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна" гэж маргасан байхад шүүхээс "Маргаан бүхий хадгаламжийн мөнгөөр зээл төлүүлсэн түр данс нь Ббанкны тур данс юм" гэж шууд хэт нэг талыг барьж, үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Ббанкны 1 дүгээр тооцооны тевийн эрхлэгчээр ажиллаж байсан Г- ...” гэж дүгнэсэн. Гэвч хэргийн 220 дахь талаас үзвэл Вбанкны гүйцэтгэх захирлын 146 дугаар тушаалаар Г-ийг Вбанкны 1 дүгээр тооцооны төвд эрхлэгчээр томилж шийдвэрлэсэн. Мөн хэргийн 221 дэх талд Вбанкны гүйцэтгэх захирлын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаар тушаалаар Г-ийг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Хариуцагч банкны эрх хүлээн авагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа "Г- нь "Ббанк" ХХК-д ажиллаж байгаагүй" тухай тайлбарлан маргасан. Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Г-ийг Ббанканд шилжиж ажилласан тухай нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүхээс түүнийг Ббанканд ажиллаж байсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь банкны эрх хүлээн авагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

5.5. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр Ббанканд банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар өөрийн хөрөнгө алдагдсан "Ббанк" ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхийг банкны эрх хүлээн авагчид даалгасан.

Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч банкны активыг төлүүлэх, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

“Ббанк” ХХК нь тухайн үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкнаас Хадгаламжийн даатгалын корпорациар дамжуулан Ббанкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Ббанкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 108,0 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр төрийн байгууллагад хохирол, зардал учирсан. Одоо банкны эрх хүлээн авагчаас энэ хохирлыг банкны зээлдэгч нарын бодит төлбөрөөс барагдуулахаар ажиллаж байна. Үүнд Вбанктай гэрээ байгуулсны дагуу банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд шилжиж ирсэн Б-т холбогдох зээл хамаарна. Банкны эрх хүлээн авагч нь зээлийн хувийн хэргийг судлаж, холбогдох ажиллагааг гүйцэтгэн ажиллаж байгаа.

Гэвч энэхүү чиг үүргийг хэт өргөжүүлэн шүүхээс "...Б-ын хадгаламжийн үлдэгдэл 9,465,265 төгрөгөөр Г-ийн авсан зээлийг төлүүлж, дансыг хаасан тул ... "Ббанк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж дүгнэснээр холбогдох хууль тогтоомжийг төдийгүй хууль ёсны ба шударга ёсны зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд дээр дурдсан болон Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсгийг үндэслэн "Вбанк" ХХК нь өөрийн зарим актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг "Ббанк" ХХК-д шилжүүлсэн гэрээ, Ббанкны хувь нийлүүлэгчдийн хурал, Вбанкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан тогтоол, Иргэний хуулийн 31 болон 498 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх зүйлийг нөхцөл байдалтай уялдуулан дүгнэн үзвээс "Ббанк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь "Вбанк" ХХК-ийн ажилтан Г-ийн буруутай үйлдлээс учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгуй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Манай нөхөр, охин А-ийн хамт 2006 онд “Вбанк” ХХК-д 1 жилийн хугацаагаар мөнгөө хадгалуулж, 2008 онд 68,510,000 төгрөг байснаас мөн оны 01 дугаар сарын 25-ны өдөр 34,309,000 төгрөг авсан.

“Вбанк” ХХК-аас “тус банкны хадгаламж эзэмшигч Б-, А- нар нь 4869 тоот хадгаламжийн данстай, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 34,201,000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн болно” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн хадгаламжаас мөнгө авч болохгүй, зөвхөн хадгаламж нээлгэсэн салбараас мөнгө авдаг байсан учраас тухайн данснаас 6123 тоот данс руу 25,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Хадгаламжийн дансанд 9,469,000 төгрөг үлдсэн бөгөөд 2006 онд хадгалуулсан мөнгөө одоо болтол авч чадахгүй байна.

“Ббанк” ХХК-ийн эрх хүлээн авагч нь Г-ээс хохирлын мөнгийг авч байгаа, мөн “Вбанк” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа. Тухайн банкны авлагыг авч байгаа атлаа мөнгө өгөхгүй гэдэг. Г-ээс асуухад “би банкны нэхэмжилсэн мөнгийг өгч байгаа, хохиролгүй болгоно” гэж хэлдэг. Г-ээс хохиролд 113,000,000 төгрөг нэхэмжилсэн ба уг дүнд Б-ын хохирол орсон.

“Ббанк” ХХК-ийн эрх хүлээн авагч нь “Б-ын нэр дээр 35,000,000 төгрөгийн зээл шилжиж ирсэн, түүнээс 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “зээл дарав” гэсэн утгаар гүйлгээ хийгдсэн байна, манайд хадгаламж шилжиж ирээгүй” гэж тайлбарладаг. 2019 онд Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Абанк” ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Абанк” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

3.1. Хадгаламж эзэмшигч Б- 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, түүний өвийг хуульд заасан журмаар А- хүлээн авсан үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.   

3.2. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 тоот тушаалаар “Ббанк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатай авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон ба хугацааг тухай бүр сунгасан талаар зохигч маргаагүй.

 

4.1. Нэг талаас “Вбанк” ХХК болон нөгөө талаас Б-, А- нарын хооронд 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хадгаламжийн гэрээ байгуулагдсан, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2. Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулсан мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүд 2006-2008 онд хийгдэж байсан бөгөөд эдгээрээс нэхэмжлэгчид учирсан гэх хохиролтой холбоотой маргаантай асуудлын хүрээнд:

“Вбанк” ХХК-ийн ***** тоот хадгаламжийн дансанд 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 9,465,265 төгрөгийн орлого орсон,

уг ***** тоот данснаас 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *** тоот дансанд 9,508,831 төгрөгийг шилжүүлсэн, уг *** тоот данс нь банкны дотооддоо ашигладаг,

тухайн өдөрт хийсэн нийт харилцагчийн гүйлгээг дамжуулдаг түр данс, *** тоот дансанд 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжиж ирсэн 9,508,831 төгрөгийг тухайн өдөрт нь Б-ын нэр дээр бүртгэлтэй ***** тоот данс руу шилжүүлж зээлийн үлдэгдлээс төлүүлсэн үйл баримт нь маргаанд хамааралтай, ач холбогдолтой байна. /1хх 26, 249/

 

5.1. “Вбанк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 146 тоот тушаалаар тус банкны 1 дүгээр төвийн эрхлэгчээр Г- томилогдон ажиллаж байсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 107 тоот тушаалаар Г-ийг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлжээ. Уг тушаалд Г-ийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн үндэслэлийг түүний ажиллаж байсан тус бакны 1 дүгээр төвд ноцтой зөрчил илэрсэн гэж заасан байна. /2 хх 220, 221/

 

5.2. Г-т холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 тоот тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Прокурорын тогтоолд Г- нь өөрийн ажиллаж байсан “Вбанк” ХХК-ийн 1 дүгээр төвөөс 2004 оны 05 дугаар сараас 2007 оны 11 дүгээр сар хүртэл нэр бүхий 33 иргэний нэр дээр зээл гаргуулан авч, хохирол учруулсан гэх үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан, уг үйлдэлийн дунд Б-т 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтыг дурдсан байна. /2хх 119, 129-130/

 

5.3. “Ббанк” ХХК-ийн эрх хүлээн авагч нь Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 131,746,377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлд “... Иргэн Б- нь Вбанктай 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 196 дугаартай “Зээлийн гэрээ”, 196 дугаартай “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.01 хувь, жилийн 24.14 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар авсан бүртгэлтэй байна. ... зээлийн болон барьцааны гэрээнд иргэн ... Б- ... нар гарын үсэг зурсан боловч зээлийг өөрсдөө авч ашиглаагүй, тухайн үед Вбанкны тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Г- зээлдэгч нарын нэр дээр авсан зээлийг өөрөө авсан гэх үйл баримтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлж байсан ... Вбанкны дотоод хяналтын хэлтсээс тус банкны төвд шалгалт хийж 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... нийт 348,400,000 төгрөгийг тус тооцооны төвийн эрхлэгч Г-ээр төлүүлэх акт тогтоосон. ...” гэсэн үйл баримтыг дурдсан. Г- уг нэхэмжлэлд дурдсан хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/02316 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3хх 126-130/

 

5.4. Дээрхээс дүгнэвэл Г- нь “Вбанк” ХХК-ийн 1 дүгээр төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн Б- болон “Вбанк” ХХК-ийн хооронд 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 196 дугаартай “Зээлийн гэрээ”, 196 дугаартай “Барьцааны гэрээ”-ний дагуу 25,000,000 төгрөгийн зээлийг  Б-т олголгүй өөрөө авсан гэж үзнэ.

 

5.5. “Вбанк” ХХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хадгаламжийн орлого гэх баримтаар Б-ын эзэмшлийн ***** тоот хадгаламжийн дансанд 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 9,465,265 төгрөгийн орлого орсон байх бөгөөд уг баримтын мөнгө тушаагч хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна. Хэн мөнгө шилжүүлснээс үл хамаарч 9,465,265 төгрөгийн мөнгөн хөрөнгө Б-ынх байсан гэж дүгнэнэ. /1 хх 25, 98, 100/

“Вбанк” ХХК-ийн ***** тоот хадгаламжийн данснаас 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус банкны дотоод үйл ажиллагаанд буюу тухайн өдөр гүйлгээ хийсэн харилцагчдын гүйлгээг дамжуулдаг түр данс болох *** тоот дансанд Б-ын 9,508,831 төгрөгийг банк шилжүүлсэн, гүйлгээ хийсэн мемориалын ордер гэх баримтад “хадгаламж хаав, Төмөрбаатар” гэх тэмдэглэл үйлдэгдсэн боловч банкны ажилтан болох ня-бо болон хянагч гэсэн хэсэгт гарын үсэг зурагдаагүй байв. /1 хх 249 дэх тал, 2 хх 1, 18 дахь тал/

Дээрх *** тоот дансанд 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжиж ирсэн 9,508,831 төгрөгийг тухайн өдөрт нь Б-ын нэр дээр бүртгэлтэй ***** тоот данс руу шилжүүлсэн ба шилжүүлгийн утгыг “Б-ын данснаас х/б зээл төлүүлэв” гэж тодорхойлсон ба гүйлгээ хийсэн салбар, теллерийг “*****” гэж тэмдэглэсэн байх тул уг гүйлгээг банк харилцагчийн өмнөөс хийсэн гэж үзнэ.       /1 хх 249, 250 дахь тал, 2 хх 1, 2 дахь тал/

 

6.1. Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаар тушаалаар “Вбанк” ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, хүчингүйд тооцжээ. /1 хх 119/

6.2. Ббанкны хувь нийлүүлэгчдийн хурал, Вбанкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот тогтоолын 4 дэх хэсэгт: “Вбанкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн пассив хөрөнгө Ббанкинд шилжиж буйтай холбогдуулан тэдгээрийн гүйлгээг хийж гүйцэтгэж ирсэн Вбанкны нэгж, харьяа салбар, тооцооны төвүүдийг 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Ббанкны нэгж, харьяа салбар, тооцооны төв болгон өөрчлөн зохион байгуулахыг Ббанкны захирал Н-т даалгаж”, мөн тогтоолын 5 дахь хэсэгт: “Энэхүү тогтоолын 4-т заасан өөрчлөн байгуулалттай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж буй Вбанкны ажилтнуудаас Ббанкны ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн томилж ажиллуулахыг Вбанкны гүйцэтгэх захирал И-, Ббанкны гүйцэтгэх захирал Н- нарт тус тус даалгаж” гэж шийдвэрлэсэн байна.

 

6.3. “Вбанк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 107 тоот тушаалаар ажилтан Г-ийг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлснээс өөр баримтгүй байх тул түүний ажлын байр болон уг ажилтныг шилжүүлж аваагүй байдлыг хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан журмын дагуу гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учирхад буруугүй болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

6.4. Дээрхээс дүгнэвэл “Вбанк” ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, банкны үйл ажиллагаатай холбоотой эрх, үүргийг “Ббанк” ХХК-д нэгтгэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөхгүй юм.  

 

7. “Вбанк” ХХК-ийн тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Г- нь хууль бусаар иргэн Б-ын мөнгөн хадгаламжийг барьцаалж, зээл авсан, улмаар банк иргэн Б-ын хадгаламж болох 9,465,265 төгрөгийг барьцаа хөрөнгө гэх үндэслэлээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар иргэн Б-т хохирол учруулсан талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар түүний ажил олгогчийн эрх, үүргийг шилжүүлж асван. “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэж дүгнэж, хохирлыг 9,465,265 төгрөгөөр тооцож гаргуулж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

8. 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот “Вбанкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ” нь “Вбанк” ХХК-ийн ажилтны асуудлыг шийдвэрлэсэн баримт бичиг биш болно.

 

9. Нэхэмжлэгч нь хохиролд хадгаламжид байсан 9,465,265 төгрөгийг хүүгийн хамт 35,300,000 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг багасгасан, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

10. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлийг үндэслэлтэй гэж хүлээн авсан нь зөв болжээ.

 

11. Талуудын хооронд үүссэн маргаан нь гэм хорын эрх зүйн харилцаанд хамаарч буй тул гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

12. Анхан шатны шүүх хариуцагч “Абанк” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т  зааснаар хариуцагч “Ббанк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА