Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00250

 

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00250

 

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/04264 дугаар шийдвэртэй,

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох,

32,254,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гүнжиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбогд плаза үйлчилгээний төвийн **** ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар сарын 10,000,000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээслүүлсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар гэрээний сунгалтыг хийсэн.

Гэвч түрээслэгч Б ХХК 2 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зэрэг олон удаагийн зөрчил гаргасан учраас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/269 дүгээр Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг түрээсийн гэрээг цуцалсны дараа олж мэдсэн.

Холбогдох төлбөр, торгуулийн арга хэмжээгээ барагдуулсны үндсэн дээр 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл шинээр авсан. Хорио цээрийн дэглэм сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд үүнээс үүдэн манай компанид маш их хохирол учирч, компанийн үйл ажиллагаа буюу ресторанаа ажиллуулж чадаагүй. Хэдийгээр тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ёстой хэдий ч түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй байсан бол хохирохгүй байсан.

Гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өргөдлийг шийдвэрлэх хүртэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлыг түрээслэгч буюу хариуцагч Б ХХК хариуцах ёстой гэж үзэж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал энэхүү 4 сар гаруйн хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас манай компани ресторанаа түрээслэх боломжоо алдаж, энэ хугацааны түрээсийн төлбөрөөр хохирсон ба шинээр тусгай зөвшөөрөл авахад гэрчилгээний үнэд 2,254,000 төгрөгийг төлсөн.

Иймд түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 30,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ 2,254,000 төгрөг, нийт 32,254,000 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Түрээсийн гэрээний гол зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Баянбогд Плаза үйлчилгээний төвийн **** ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг сарын 10,000,000 төгрөгөөр түрээсэлсэн болохоос согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг манай байгууллага түрээсэлж аваагүй. Мөн тусгай зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/269 дугаар тушаалаар цуцалсан байх ба манай байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлсэн. Түрээслэгч нь түрээсийн төлбөр болон, түрээслүүлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүйн дээр тус гэрээг цуцлахдаа түрээслүүлэгч талд 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Гэрээнд заасны дагуу тус обьектыг зориулалтын дагуу ашиглан буцаан түрээслүүлэгч талд өгсөн.

Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь гэрээ болон хуульд нийцэхгүй ба Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна, тус хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул гэрээ хүчин төгөлдөр бус.

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн, бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулахыг хориглодог. Иймд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А- ХХК-ийн гаргасан 32,254,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б ХХК-аас 1,354,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,900,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36,614 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

4.1. Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар түрээслэгч буюу хариуцагчийн зүгээс үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байхад 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх төлбөр төлснийг бүх хохирлыг барагдуулсан гэж дүгнэж байгаа нь анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих уулийг хэрэглээгүй гэж үзэх үндэстэй.

4.2 Түүнчлэн хариуцагчаас өгсөн 10,000,000 төгрөг бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн -утаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам зэрэгт зааснаар энэ төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг 21 хоногийн дотор шийдвэрлэхээр заасны дагуу энэ хугацааны хохиролд тооцож өгсөн төлбөр бөгөөд энэ хугацаа нь тодорхойгүй хугацаагаар сунгагдсанаар хариуцагчийн үйлдэлтэй холбоотой хохирлын хэмжээ нэмэгдсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү үйл явдлыг буруу үнэлж дүгнэн, тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш хорио цээрийн дэглэм цуцлагдах хүртэл буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх бүх хугацааг урьдчилан тооцоод хохирол барагдуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн хувьд түрээсэлсэн ч бай, өөрөө үйл ажиллагаа явуулсан ч бай 10,000,000 төгрөг гэдэг бол олох ёстой байсан орлогын хамгийн доод хэмжээ болох нь ойлгомжтой байхад анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэн бусдад түрээслэх гэж байгаад цуцлагдсан нь тогтоогдоогүй учраас энэ хэмжээний орлого олох ёстой байсан гэж үзэх боломжгүй мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Түрээсийн гэрээний үүргийг манай компани зөрчөөгүй. Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол плаза үйлчилгээний төвийн **** ресторан караокег 610 м.кв талбайтай заал, гал тогоо, уурын агуулах, эр, эм ариун цэврийн өрөө зэргийг манай байгууллага түрээсийн гэрээгээр түрээсэлж авсан. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын 6.1.5 дахь заалтад Зөвшөөрөл олгосноос хойш байршлаа өөрчилсөн буюу тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан.

Мөн журмын 7.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулахыг хориглоно гэж заасан. Тусгай зөвшөөрөл компани дээр гарсан болохоос тухайн хаяг, байршил дээр гараагүй. Бид тухайн газраас гарахдаа 10,000,000 төгрөгийг харилцан тохирч шилжүүлсэн. Тухайн газрыг түрээсэлж байхдаа ашиг олсон. Гэхдээ тухайн тусгай зөвшөөрлийг бид нар түрээсэлж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 32,254,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээ хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус бөгөөд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхийг түрээслээгүй гэж маргажээ.

 

3. А- ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-тай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбогд плаза үйлчилгээний төвийн **** ресторан, караокег үйлчилгээний зориулалтаар 12 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг байхаар тохиролцож, түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 12 сараар дахин сунгасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Харин түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч маргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

3.1 Зохигч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан талаар маргаагүй ба хариуцагч нь түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байдаг.

 

3.2 Түрээсийн гэрээний зүйл болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбогд плаза үйлчилгээний төвийн **** ресторан, караоке бүхий 610 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаарх лавлагаа, нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн түрээсийн гэрээний зүйл болсон талбайн хэмжээ нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн аль хэсэгт хамаарах нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх ийнхүү нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/04264 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ