Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 500

 

                                                       Х.У нарт холбогдох                                                           

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Х.Уийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 500 дугаар магадлалтай, Х.У, Г.Т, О.Н, М.Х нарт холбогдох 1905002830059 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Нын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2013 оны 5 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял шийтгүүлсэн,

2014 оны 10 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 9 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн эдлэх 6 жил 9 сар 22 хоног хорих ялаар тогтоож, 2018 оны 5 дугаар сарын 29-нд 8 сар 10 хоногийн хорих ялаас тэнсэгдэж сулласан, Тайж овогт Х.У,

2.Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2017 оны 10 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Боржигин овогт Г.Т,

3.Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2006 оны 8 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2011 оны 1 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 31-нд эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан,

2013 оны 11 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулиар 2 жил 11 сарын хорих ялыг өршөөн хасаж, 1 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж суллагдсан,

2019 оны 01 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт О.Н,

4.Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Үжээд овогт М.Х.

Шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

мөн шүүгдэгч Х.У, Г.Т, О.Н, М.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х, О.Н нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х нарыг тус бүр 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х, О.Н нарыг тус бүр 3 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х нарын эдлэх ялыг тус бүр 4 жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Над энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Уд энэ тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ял дээр 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 8 сар 10 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт энэ тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ял дээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тооцож 62 хоногийг түүний эдлэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 62 хоног хорих ялаар тус тус тогтоож,

шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Х.Уийн цагдан хоригдсон 391 хоног, Г.Тын цагдан хоригдсон 391 хоног, шүүгдэгч М.Хгийн цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч О.Нын цагдан хоригдсон 252 хоногийг тус тус тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.Н нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 105 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сар 25 хоног хорих ял эдэлсэн болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн 160 см уяа, Хаан банкны 9496188120371989 дугаартай виза картыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, Sony гэсэн бичигтэй хар өнгийн флашийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч М.Хд холбогдох хэсгийг “Шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй." гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч М.Хд холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын шүүгдэгч О.Над холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Над энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 жил 7 сар 21 хоног хорих ялаар тогтоосугай.” гэж, шүүгдэгч Г.Тын нийт эдлэх ялын хэмжээг “...4 жил 62 хоног...” гэснийг “... 4 жил 2 сар 2 хоног...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “...шүүгдэгч О.Н нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сар 25 хоног ял эдэлсэнг дурдсугай...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч М.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Х.У, Г.Т, О.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Н гаргасан гомдолдоо: “Би 2019.01.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн учир 3 жилийн хорих ял шийтгэгдсэн юм. 2020.02.10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин энэ төрлийн гэмт хэргээр 3 жилийн хорих ял шийтгэгдэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилээр тогтоон шийдвэрлэсэн. Энэ үеэс эхлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тодорхой заалт, тухайлбал ялыг нэмж нэгтгэх журам зөрчигдөн миний эрх зүйн байдал дордож, ял хүндрэх зэрэг нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа учир Эрүүгийн хууль буруу хэрэглэгдсэн байдалд хяналт тавиулахаар гомдол гаргаж буйг хүлээн авна уу. Миний бие энэ хэрэг дээр эхний удаа буюу 2019.01.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр таслагдах үед өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэрэг илэрчихсэн, прокурорын хяналтан дор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Хуульд заасан журмаар бол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй 2 хэргийг нэгтгэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан ба миний бие прокурорын болон шүүн таслах ажиллагааны үед хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр 2 тусад нь шийтгэх тогтоол гаргаж шууд нэмж нэгтгэн олон жилийн хорих ял шийтгэсэнд гомдолтой байна.

Хэргийг ингэж нэмж нэгтгээгүйгээс миний эрх зүйн байдал дордож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх боломж хаагдаж, цаашлаад олон жилийн хорих ял шийтгэгдэх үндэс болсон. 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх журмыг маш тодорхой заасан байсан бол 2015 оны шинэ хуулиар энэ зохицуулалтыг халсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн, жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсан. Энэ шийтгэх тогтоол гарахын өмнө илэрсэн хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай заалт биш учраас шүүн таслан ажиллагаан дээр гарсан алдаа гэж үзэхэд хүргэж байна. Аль ч хууль дээр өмнөх хэргийг нэгтгэлгүй таслаад дахин шийдвэрлэж, хооронд нь нэмж нэгтгэж болно гэсэн заалт байхгүй. Харин шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан. Үүний дагуу хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй юм. Нэгэнт хуульд өмнөх хэргийг хүсэлт гаргасан байхад орхигдуулаад дахин өөр тогтоолоор ял оногдуулж болно гэж заагаагүй болохоор энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг хүчээр буруу хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж гомдол гаргаж буйг хүлээн авч шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Уийн өмгөөлөгч Б.Баярмагнай хэлсэн саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс шүүх О.Нын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Х.У мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлыг арилгасан учир эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.У, Г.Т, О.Н, М.Х нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар буюу өөр цаг хугацаанд өөр газар үйлдэгдсэн хоёр гэмт хэргийг үндэслэлтэй зүйлчилсэн байна. Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Нын гаргасан гомдлыг үндэслэн Х.У, Г.Т, О.Н, М.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.У, Г.Т, О.Н, М.Х нар нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Хаус 25” нэртэй зочид буудлын өрөөнд хохирогч О.Аыг  зодож ухаан алдуулан, гар хөлийг хүлж, улмаар иргэний үнэмлэх, түрийвч, Хаан банкны виза карт, “Iphone-5” загварын гар утас, монетон бөгж болон зочид буудлын гадна зогсоолд байрлуулсан “Тоёота Харриер” загварын 31-34 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг 29.507.100 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан,

мөн шүүгдэгч Х.У, Г.Т, М.Х нар 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуст ойл” шатахуун түгээх станцаас “Тоёота Харриер” загварын 31-34 УНӨ улсын дугаартай автомашинд 121.971 төгрөгийн бензин хийлгэж, улмаар төлбөр төлөхгүй зугтаасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.У, Г.Т нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих, шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, шүүгдэгч Х.У, Г.Т, О.Н нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жил хорих ял, шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн 6.8 болон 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, шүүгдэгч нарын нийт эдлэх ялын төрөл хэмжээ, дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч О.Нын үйлдсэн дээрмийн гэмт хэргүүдээ нэгтгүүлж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх талаар гаргасан гомдлыг судалж үзэхэд тэрээр бусадтай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны орой зочид буудлын өрөөнд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлжээ.

Шүүгдэгч О.Нын 2017 оны 8 дугаар сарын 12-нд үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед О.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхэд мэдэгдэж, үйлдсэн гэмт хэргүүдээ нэгтгэн шалгуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгдэгч дахин өөр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүх О.Нын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8 болон 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэмж нэгтгэх замаар түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хэргийг прокурорт буцааж, үйлдсэн хэргүүдээ нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх талаар түүний гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч О.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 500 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч О.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН