Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 526

 

Ч.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 814 дүгээр магадлалтай,Ч.Л-т холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгэлгүй, О овогт Ч-н Л-.

Ч.Л-нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 9-241Б тоотод байрлах байшинд хамтран амьдрагч Б.Н-тэй марган улмаар түүний хоолойн тус газарт хутгаар 5-7 удаа зүсэж, олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ч.Л-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Л-гаргасан гомдолдоо “...Өөрийн хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна. Талийгаач Б.Н-тэй 2016 онд танилцаж улмаар хамтран амьдардаг байсан. Бид 2-ын дунд гэр бүлийн маргаан гардаг байсан, тэр үед нь бие биенийгээ уучлаад явдаг байсан. Хэрэг гардаг өдөр буюу 2019.03.22-ны өдөр талийгаач бид 2 мөнгөнөөс болж маргалдан улмаар талийгаач уурлаж, хутга авч дайрахаар нь өөрийгөө хамгаалж хутганаас зугтаж, булааж авах гэж байгаад талийгаачийн амь насыг хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна. Ийм байдлаас болж ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би талийгаачийг санаатайгаар, онц харгисаар алах зорилго анхнаасаа байгаагүй. Маш их айж, цочирдсоноос ийм байдал бий болсон. Үүндээ би одоо болтол гэмшиж байна. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ засаж болохгүй эрдэнэт хүний алтан амыг хохироосондоо чин сэтгэлээсээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах болно. Мөн би талийгаачийг гэмтээж, орхиж явсан минь үнэн, өөрийн алдаагаа ухамсарлан цагдаа, эмнэлгийн байгууллагыг дуудсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар зөв шударгаар байцаалт өгч байсан.

Хэргийг шийдвэрлэхдээ шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг 2 удаа зөрүүтэй гаргасан. Мөн зүйлчлэлийг хүндрүүлж байгаад гомдолтой байна.

Хэргийн жинхэнэ байдал шүүхийн шийтгэх тогтоолтой нийцэхгүй байгаагаас болж миний эрх зүйн байдлыг дордуулж хүнд зүйлчлэлээр яллаж байгаа нь шударга бус байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 16 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Надад үнэхээр талийгаачид өс хонзон санасан зүйл байгаагүй. Би талийгаачийн ар гэрийнхэнтэй дотно байдаггүй. Бид 2-ын дунд гэр бүлийн маргаан гардаг байсан, тэр болгон ар гэрийнхэндээ хэлээд байдаггүй байсан. Маш их гэмшиж байна.

Миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа хэлсэн саналдаа “Ч.Л-ын онц харгис, хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон үйлдэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон.

Ч.Л-ын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй, уучлал хүсээгүй. Хүүгээ амь хохирсноос болж эцэг нь саяхан нас барсан. Энэ хэрэгт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй.

Шүүгдэгч нь амь хохирогчийг олон удаа хутгаар зүсэж амь насыг нь хохироосон бөгөөд тарчлан зовсон нөхцөл байдал байсан учир хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн. Шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Л-нь хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүдээр хангалтай нотлогдож тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Л-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ч.Л-нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9-241Б тоотод хамтран амьдрагч Б.Н-тэй маргалдан, улмаар түүний хоолойн тус газарт хутгаар 5-7 удаа зүссэн олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Л-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, хүнийг алах гэмт хэрэг бүр нь гэм буруутай хүний хэрцгий байдлыг илэрхийлж байдаг боловч уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхэд хэрцгий байдал бүрийг бус харин хүний амийг хороож байгаа арга болон гэм буруутай хүний онц хэрцгий байдлыг илэрхийлж байгаа бусад нөхцөл байдлыг тогтоон дүгнэх шаардлагатай байдаг.

Шүүгдэгч Ч.Л-нь амь хохирогчийн хоолойг нэг бус хэд хэдэн удаагийн үйлдлээр хутгаар хэрчиж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон байх бөгөөд зөвхөн учруулсан шархны тоо төдийгүй, уг шархнуудын байрлал, үйлдлийн чиглэл, давтамж зэрэг нь түүний зүгээс хүнийг алахдаа сонгож авсан арга, зэвсэг болон түүндээ хандаж буй хандлагын онц харгис шинжийг илэрхийлж байх тул хүний амь насыг болгоомжгүйгээр, эсхүл санаа сэтгэл цочрон давчидаж хохироосон гэх шүүгдэгчийн хяналтын журмаар гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алах санаа зорилго анхнаасаа байгаагүй гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар шүүхүүд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Тиймээс анхан шатны шүүх Ч.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хүнийг алсан гэмт хэрэгт 16 жил хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Л-ын гаргасан “...гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэшиж байна, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 814 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Л-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН