Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 182/2019/00220/И |
Дугаар | 210/МА2023/00117 |
Огноо | 2023-01-09 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2023/00117
2023 01 09 210/МА2023/00117
“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03336 дугаар шийдвэртэй
“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ххх” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунтүлхүүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. “***” ХХК нь өөрийн салбар дэлгүүр болох э-Залуу монгол, э-120 мянгат дэлгүүрүүдийн барилгын гадна талын үүдний хэсэгт засвар шинэчлэл хийх ажлын хүрээнд “ххх” ХХК-тай NR/18/290, NR/18/291 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Гэрээнд зааснаар дээрх дэлгүүрүүдийн гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг чанартай өндөр түвшинд хугацаанд нь хийж гүйцэтгэх буюу 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хуанлийн 10 хоногт багтаан хийж дуусгахаар гэрээ байгуулж “***” ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч талд төлбөрийн 50 хувийг гэрээ тус бүрд 7,450,000 төгрөг нийт 14,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал “ххх” ХХК нь ажлаа бүрэн дуусгалгүй гэрээний үүргээ зөрчин ажлаа хаяж явсан ба манай компани NR/18/290 тоот гэрээний ажлын гүйцэтгэл 32.1 хувьтай, NR/18/291 тоот гэрээний гүйцэтгэл 25.6 хувьтайгаар гүйцэтгэсэн ажлыг нь дүгнэн хүлээн авсан. Ингээд өөр компаниар ажлыг хийлгэж дуусгасан.
Хариуцагч талд тооцоо хийж, зөрүү төлбөрийг буцаан төлүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд актад тусгаснаар 290 тоот гэрээнд хариуцагч “ххх” ХХК-аас урьдчилгааны зөрүү 2,664,440 төгрөг, алданги 9 хоног 0,3 хувиар тооцож 402,300 төгрөг, торгууль 20 хувь буюу 2,980,000 төгрөг, нийт 6,046,740 төгрөг, 291 тоот гэрээнд урьдчилгааны зөрүү 3,623,392 төгрөг, алданги 9 хоног 0,3 хувиар тооцож 402,300 төгрөг, торгууль 20 хувь буюу 2,980,000 төгрөг, нийт 7,005,692 төгрөг, бүгд 13,710,813 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар гаргуулна. Алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Ажил гүйцэтгэх хоёр гэрээний дагуу Залуу монгол, э салбар дэлгүүрийн гадна тамбур, фасадны ажил, 120 мянгат, э салбар дэлгүүрийн дээврийн засвар, гадна тамбур, фасадны ажлыг тус тус хийхээр тохиролцсон. Эдгээр ажлын нийт үнийн дүнгийн урьдчилгаа 50 хувь болох 14,000,000 төгрөгийг авсан.
Бид 14,000,000 төгрөгт таарсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу Залуу монгол салбарт 46 ажлын даалгавар бичигдсэнээс зохих ажлууд хийгдсэн, 120 мянгат салбар дэлгүүрт нийт 63 ажлын даалгавар бичигдсэнээс мөн зохих ажил хийгдсэн. “ххх” ХХК нь “***” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээний 1.1-т зааснаар гэрээний ажлын даалгавар болон зураг төсөл нь өгөгдөлдөө буруу өгөгдөж, “***” ХХК-ийн энэ ажилд зориулагдсан хяналтын төсөв хийгдээгүй, гэрээ баталгаажиж хавсрагдаагүй, “***” ХХК-ийн зургийн инженер н.Мөнх-Эрдэнэ, барилгын хяналтын инженер н.Цолмон нарын буруутай үйлдлээс шалтгаалан ажил цааш үргэлжлэх боломжгүй болсон.
Бид “***” ХХК-аас хяналтын төсөв шаардсан боловч өгөөгүй. Захиалагч тал хуульд байхгүй алданги, торгуулийг зэрэг авахаар гэрээнд тусгасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч гэрээ цуцлагдсан талаар мэдэгдэж байсан ба нэхэмжлэлийн шаардлагадаа ч гэрээ цуцлагдсан талаар тусгасан.
Нэхэмжлэгч өөрөө акт үйлдэж манай хийсэн ажлыг хувиар илэрхийлсэн байгааг зөвшөөрөхгүй. Энэхүү актаа үндэслэн урьдчилгаанд илүү мөнгө өгсөн гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээг цуцлагдсан талаар маргахгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ххх” ХХК-аас 4,823,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,887,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “***” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,505 төгрөгийг Улсын орогод хэвээр үлдээж, хариуцагч “ххх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 92,127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгож,
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх нэхэмжлэгч талын дангаараа үйлдсэн актыг үндэслэж, хариуцагчийн тайлбарыг харгалзан үзээгүй.
4.2. Мөн нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байхад гэрээнд заасан алданги, торгуулийн заалтыг шүүх үзэмжээрээ сонгож хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь гэрээ цуцлагдсан, хүчин төгөлдөр биш байхад гэрээнд заасан алданги, торгууль болон төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэсгүй.
4.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана.” гэж заасныг биелүүлээгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас аль төлбөрийг гаргуулж байгаа болон торгууль, алданги хоёроос яагаад торгууль гаргуулах үндэслэлтэй гэж үсэн талаар тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй төлбөрийг санаачилгаараа хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг талд үйлчилсэн шинжтэй байна.
4.4. Маргаан бүхий ажил, үүргийн онцлогийг нарийвчлан тогтоогоогүй буюу шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг хангаагүй.
4.5. Гэрч оролцуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхүүдийг зөрчсөн.
4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан талаар хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан хариуцагч байгууллагын эрхийг, мөн хуулийн 6, 22, 23, 25 дугаар зүйлийн 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хөндсөн.
Шүүхийн хэт нэг талыг барьж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэжээ.
5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасныг үндэслэн нэг тал гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
Гэрээний алданги, торгуулийн аль нэгийг сонгохыг санал болгосны дагуу гэрээнд зааснаар 20 хувийн торгуулийг сонгож алдангаас татгалзсан. Мөн анхан шатны шүүхэд хариуцагч талаас нотлох баримтыг гаргаж өгөхдөө ажил гүйцэтгэсэнтэй холбоотой ажлын дэвтрийг гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, гарын үсэг тамга тэмдэггүй тул шүүх авч хэлэлцээгүй.
Гэрч оролцуулах хүсэлттэй холбоотой шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж байгаа боловч шүүхийн шийдвэрийн 16 дугаарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь гэрч П.Ц, Э.М нараас гэрчийн мэдүүлэг авахаар хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч гэрч тус хаягт оршин суудаггүй, утасны дагуурын эрх хаагдсан байсан нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр нотлогдсон.
2022 оны 10 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах, гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хуралдаан 2022 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулсан.
Энэ өдөр дахин хурал давхардсан гэсэн баримтыг явуулсан байсны дагуу дахин хуралдааныг хойшлуулж 2022 оны 11 сарын 16-ны өдөр товлосон. Гэтэл хариуцагч талаас дахин шүүх хуралдаан давхардсан гэсэн хүсэлт ирүүлсэн тул санаатайгаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах арга хэрэглэсэн гэж үзэж эзгүйд нь шийдвэрлэсэн.
Шинжээчийн дүгнэлтэд 2 талаас санал авахад ажлын гүйцэтгэл, ажлын үнэлгээнд дүгнэлт гаргуулна гэсний дагуу дүгнэлт гарч уг дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч тал ажлын чанарт шинжээчийн дүгнэлт гаргуулна гэсэн боловч өмнөх дүгнэлтээр ажлын чанарт дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Гэтэл талууд анхнаасаа чанарын талаар маргаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, үнэлгээг гаргуулах гэж маргаж байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “ххх” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол 6,287,832 төгрөг, алданги 1,462,985 төгрөг, торгууль 5,960,000 төгрөг нийт 13,710,817 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2018 оны 09 сарын 20-ны өдөр NR/18/290 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр э дэлгүүрийн Залуу монгол салбарын гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг 10 хоногийн дотор гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч “***” ХХК нь төлбөрийн урьдчилгаанд 7,450,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт, үлдэгдэл төлбөрийг ажлыг актаар хүлээлцсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 9-11 дэх тал/
3.а. Мөн өдөр талууд NR/18/291 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “ххх” ХХК нь э дэлгүүрийн 120 мянгат салбарын гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг 10 хоногийн дотор гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч “***” ХХК нь төлбөрийн урьдчилгаанд 7,450,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт, үлдэгдэл төлбөрийг ажлыг актаар хүлээлцсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 6-8 дахь тал/
3.б. Анхан шатын шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
4. Захиалагч “***” ХХК нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж гүйцэтгэгч “ххх” ХХК-д 2018 оны 09 сарын 24, мөн оны 09 сарын 25-ны өдрүүдэд тус бүр 7,450,000 төгрөг шилжүүлсэн талаар талуудын хэн аль нь маргаагүй. (хэргийн 2 дугаар хавтасны 8 дахь тал)
4.а. Гүйцэтгэгч “ххх” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тул “***” ХХК-аас 2018 оны 09 сарын 28-ны өдөр гэрээт ажлыг хугацаандаа чанартай гүйцэтгэж өгөхийг мэдэгдэж, улмаар мөн оны 10 сарын 09-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 19, 22, 23)
Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “ххх” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд илүү төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн э дэлгүүрийн 120 мянгат салбарт гүйцэтгэсэн ажлыг 25.6 хувь гэж, тус дэлгүүрийн Залуу монгол салбарт гүйцэтгэсэн ажлыг 32.1 хувь гэж гэрээ дүгнэсэн актаар тодорхойлон, урьдчилгаанд илүү төлсөн төлбөрийг алданги, торгуулийн хамт шаардсан.
5.а. Хариуцагч нь уг гэрээ дүгнэсэн актуудыг нэхэмжлэгч тал ганцаараа үйлдсэн тул зөвшөөрөхгүй, урьдчилгаа төлбөрийн хэмжээнд ажлаа хийж гүйцэтгэсэн, уг ажил төсөвт тусгагдаагүй зардал болон нэмэлт хугацаа шаардлагатай болохыг нэхэмжлэгч талд мэдэгдсэнийг зөвшөөрөөгүй тул гэрээ цуцлагдсан гэж татгалзлаа тайлбарлажээ.
Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, түүний үнэлгээ болжээ.
5.б. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.2-т “Талууд гэрээт ажил бүрийг захиалгын дагуу гүйцэтгэсэн эсэхийг шалгаж, ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээлцэх бөгөөд энэхүү актад талуудыг төлөөлөх эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заасан.
Нэхэмжлэгч “***” ХХК-ийн дангаар үйлдсэн гэрээ дүгнэсэн акт гэх баримтуудаар хариуцагч “ххх” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоох боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ.
Уг дүгнэлтэд э дэлгүүрийн 120 мянган салбарт хийгдсэн ажлыг 3,055,702 төгрөг, мөн дэлгүүрийн Залуу монгол салбарт хийгдсэн ажлыг 6,924,664 төгрөг нийт 9,980,366 төгрөг гэж үнэлсэн байна. (хэргийн 2 дугаар хавтасны 138 дахь тал)
Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээ 9,980,366 төгрөгийг урьдчилгаанд өгсөн 14,000,000 төгрөгөөс хасаж 4,019,634 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх нэхэмжлэгч талын дангаар үйлдсэн гэрээ дүгнэсэн актыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.6-д заасныг үндэслэн хариуцагчаас торгууль 803,926 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрт өөрчлөлт оруулна.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан зохицуулалтын дагуу үндсэн үүрэг дуусгавар болсон тохиолдолд нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болдог бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзснаар үндсэн үүрэг дуусгавар болсон болохыг шүүх анхаараагүй, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ.” гэж заасан.
Анзын гэрээ нь үндсэн үүргээс тусдаа бие даан хэрэгждэггүй, үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой эрх тул үндсэн үүрэг дуусгавар болоход мөн адил дуусгавар болох тул торгууль гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий ажлын гүйцэтгэлийн чанарыг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
7.а. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан П.Цолмон, Э.Мөнхбат нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад гэрч П.Ц, Э.М нар нь холбогдох хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүх гэрч нарыг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.б. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулжээ.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...4,823,561 /дөрвөн сая найман зуун хорин гурван мянга таван зуун жаран нэг/” гэснийг “...4,019,634” гэж, “...8,887,256” гэснийг “...9,691,183” төгрөг гэж,
2 дахь заалтын “...92,127” гэснийг “...79,264” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ххх” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,130 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ