Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00665

 

Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00046 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 562 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7221 дүгээр шийдвэрээр Д.Наранцэцэгээс 173 804 338 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Д.Наранцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 39 байрны 218 тоотод байрлах 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 хороо, “Хүрмэн” эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулсан гэх бөгөөд албадан дуудлага худалдааны комиссын хурлын тогтоолоор миний дээрх эд хөрөнгийг 173 804 338 төгрөгт тооцож, С.Отгоннямд шилжүүлэн өгөх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс илтэд багаар үнэлэн С.Отгоннямд өгөх гэж байгаад гомдолтой байна.Миний газар түүн дээр дутуу баригдсан барилгын үнэлгээ нь зах зээлийн үнээр бол 300 000 орчим ам.долларын үнэтэй байхад хэт багаар үнэлж шилжүүлээд мөн орох орон байрыг маань хүртэл шилжүүлэн өгөх гэж буйг би хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7221 дүгээр шийдвэрээр Д.Наранцэцэгээс 173 804 338 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Номин супермаркет”-ын 39 дүгээр байрны 218 тоотод байрлах 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Хүрмэн” эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан тохиролцож, орон сууцыг 113 750 000 төгрөг, эзэмших эрхтэй газрыг 500 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал гаргасан. Төлбөр төлөгч Д.Наранцэцэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/94843 дугаартай үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 113 750 000 төгрөгийн 70 хувь буюу 79 625 000 төгрөг, эзэмших эрхтэй газрыг 500 000 000 төгрөгийн 70 хувь 350 000 000 төгрөгөөр барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Номин супермаркет”-ын 39 дүгээр байрны 218 тоотод байрлах, 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Хүрмэн” эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв эзэмших эрхтэй газрыг анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдааны талаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/183 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцож тогтоосон үнэлгээний 50 хувь буюу орон сууцыг 56 875 000 төгрөгөөр, эзэмших эрхтэй газрыг 250 000 000 төгрөгөөр тус тус 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Д.Наранцэцэгийг байлцуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн.Мөн төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөртөө тооцож төлбөр авагч С.Отгоннямын нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж тус албанд хүсэлт гаргасны дагуу энэ хугацааг олгож, хэрэв хугацаа өнгөрвөл орон сууцыг, газар эзэмших эрхийн хамт С.Отгоннямд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00046 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 562 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна....Хуульд заасан журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосны дараагаар дуудлага худалдааг хоёр удаа явуулж борлогдоогүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр заасан байна. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй. Д.Наранцэцэг нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эд хөрөнгийн үнэлгээний талаар саналыг гаргаж байсан боловч тухайн үнэлгээг төлбөр авагч зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй. Иргэний хуульд заасан харилцан тохиролцох гэдэг ойлголт нь төлбөр төлөгч болон төлбөр авагчийн хоёр талын хүсэл зориг нэгдсэн байхыг ойлгоно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь ямар ч нотлох баримтад үндэслэлгүйгээр төлбөр авагчийг зөвшөөрч байсан мэтээр тааж шийдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл төлбөр авагч нь төлбөр төлөгчийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар өөрийн хүсэл зоригийн илэрхийлээгүй байхад төлбөр авагчийг уг үнэлгээг зөвшөөрсөн мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.Хуульд заасан журмын дагуу талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээчин томилж үнэлүүлэх ёстой юм. Гэтэл хариуцагч нь үнэлгээчин томилолгүйгээр талууд харилцан тохиролцож хөрөнгийн үнэлгээг тогтоосон мэтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь бүхэлдээ хууль зөрчсөн үйлдэл юм. Хариуцагч нь Д.Наранцэцэгийн эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүйгээр төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна....Хариуцагчийн хууль зөрчсөн, хууль бус ажиллагаануудад нь нэхэмжлэгч гомдол гаргаж байгаагүй нь гомдол гаргаагүй гэдгийг илэрхийлэхээс биш тухайн хууль зөрчиж хийсэн хууль бус ажиллагааг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал нь хэсэгт “хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцааны эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй байна. Хэрэв барьцааны хөрөнгүүд дуудлага худалдаанд орсон бол тухайн эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах гэж буй талаарх зар, хуралдааны тэмдэглэл байх ёстой юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эд хөрөнгүүдийг хоёр дахь дуудлага худалдаанд орсон мэтээр дүгнэж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид адил тэгш эрхтэй байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч хариу тайлбар татгалзлаа нотлох ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талд элэгсэг хандаж ямар ч баримтаар нотлоогүй тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Мөн нэхэмжлэгч Д.Наранцэцэгийг санал болгох комиссын хуралд оролцуулаагүй. Уг хурал болсон талаар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу санал болгох комиссын хурлын тогтоолыг гардан авах үед мэдсэн гэдэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 73 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн санал болгох комиссын хуралд оролцоогүй талаар тайлбарыг надад хэлсэн. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авч хэргийг түдгэлзүүлсэний дараагаар хэргийг сэргээсэн талаар мэдэгдээгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй. Дахин шинжээч томилуулах боломжоор хангаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжоор хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг явуулаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.-т “Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ.” гэж заасан байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад уг эрхийг нэхэмжлэгч Д.Наранцэцэгт эдлүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гарсан эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7221 дүгээр шийдвэрээр С.Отгоннямд 172 685 497 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөр хангуулах талаар шийдвэрт тодорхой заажээ.

Шүүхийн гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх бөгөөд шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасан журмын дагуу явагджээ.

Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч тал харилцан тохиролцсон тул уг үнийн 70 хувиар дуудлага худалдааны санал өгөх доод үнийг тогтоосон хариуцагч байгууллагын ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан шаардлагад нийцсэн байна.

Анхны дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санал ирээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж, санал болгох үнийн доод хэмжээг төлбөр төлөгч болон төлбөр авагчийн харилцан тогтоосон үнийн 50 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Дээрх дуудлага худалдааны санал болгох үнийн дүнг буруу тогтоосон гэх нэхэмжлэгчийн гомдол баримтаар нотлогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д зааснаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгодог байна. Барьцааны эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож, шилжүүлэх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 562 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН