Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00227

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00227

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03860 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.У , Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46,462,962 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б , түүний өмгөөлөгч Х.Чинбат, П.Еркэбулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Б , Д.У нартай 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар 2018 оны 03 дугаар сараас үүргийн зөрчил гаргаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.У болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Б гаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 34,943,301 төгрөг, хуримтлагдсан хүү 11,375,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,436 төгрөг, нийт 46,462,962.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зөрчил үүсээд 1,671 хоног болсон тухай анхны мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гэрээний 2.2.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн графикт хугацаанд үүргээ биелүүлээгүй 90-ээс дээш хоног хугацаа хэтрүүлсэн бол барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг холбогдох хуулийн дагуу захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч эрхээ санаатай хэрэгжүүлэхгүй хүү хуримтлуулж байна. Т ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 299900355413 тоот дансны дугаартай Д.У ын дансны хуулгаас үзэхэд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 7,645,543 төгрөг төлснөөс зөвхөн хүү хассаныг зөвшөөрөхгүй. Барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаа /14060/, Бэлхийн 48 дугаар гудамж 18913 тоот 112 м.кв 4 өрөө, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Нэхэмжлэлээс бусад хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Б гаас 46,120,865.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 375,593.83 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.У т холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Т ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шүүх тодруулаагүй нь буруу. Орон сууцны зээлийн гэрээг хариуцагч нар Орон сууц санхүүжилтийн корпораци ТӨҮГ-тай байгуулсан ба Т ХХК-тай Б.Б , Д.У нар 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийн зээл аваагүй. Хариуцагч нарын Орон сууц санхүүжилтийн корпораци ТӨҮГ-тай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг Т ХХК болон Үндэсний хөрөнгө оруулалт банк ХХК-аас шилжүүлж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гэрээний шаардах эрхийг эзэмшигч этгээд гэрээний үндсэнд бусдад шилжүүлэх эрхтэй ба энэ нь Орон сууц санхүүжилтийн корпораци ТӨҮГ юм. Гэтэл орон сууцны зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн гэрээ, нотлох баримт авагдаагүй. Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8-д зааснаар орон сууцны зээлийн гэрээний шаардах эрхийг Т ХХК шилжүүлсэн авсан гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй. Шаардах эрх шилжүүлэх гэрээний 3.1-д гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан ч 2 банк нь шаардах эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээг хуульд зааснаар шилжүүлж аваагүй. Иймд давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг тодруулахаар хэргийг буцаах, эсхүл Иргэний хуулийн 117, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

4.б. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй. Гэрээ нь 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан, 18 жилийн урт хугацаатай гэрээ. Гэрээний үүргийг шаардахын тулд нэг тал нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан журмыг баримтлах ёстой. Т ХХК нь мэдэгдэл хүргүүлсэн ч хариуцагч нарт гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, татгалзсан гэх агуулга дурдагдаагүй. Урт хугацаатай зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь гэрээг цуцалсан шаардлага гаргаагүй байхад шийдвэрт дур мэдэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэл Т ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн гэрээг цуцлагдсан гэх агуулгаар тайлбарлаж нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй байхад шүүх санаачилгаар дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна.

4.в. Хариуцагч нарыг 2018 оны 03 дугаар сараас хойш зээл төлөөгүй гэж буруутгасан. Гэтэл зээлийн хуваарь нь гэрээний хугацаанд 216 удаа зээлийн төлөлт хийх байхад хариуцагч нарыг 34 удаагийн төлөлт хийгдээгүй гэсэн. Хариуцагч Б.Б гийн нөхөр Д.У хүнд өвчний улмаас гадаад улсруу эмчилгээнд явж улмаар өвчний улмаас нас барсан. Зээлийг талийгаач Д.У өөрийн төрсөн эгчийг амьдран суух зориулалтаар Орон сууц санхүүжилтийн корпораци ТӨҮГ-аас хувийн сууцыг худалдаж авах зориулалтаар зээлж тухайн хувийн сууцанд талийгаачийн төрсөн эгч нь амьдарч, сар бүр зээлийг төлдөг байсан. Эдгээр байдлыг харгалзан шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлыг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Б , Д.У нарт холбогдуулан зээлийн төлбөр 34,943,301 төгрөг, үндсэн хүү 11,375,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,436 төгрөг, нийт 46,462,962.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.У болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Д.У , Б.Б нар 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц санхүүжилтын корпораци ТӨҮГ-тай 403233 тоот зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлжээ. Зээлдүүлэгч 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А ХХК-ийн Г ХХК дахь 1100000000 тоот дансанд зээлийг шилжүүлсэн болон зээлийн эргэн төлөлтийн төлбөрийн хэмжээнд талууд маргаагүй. /хх 9-12, 18/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Ууганбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021096 дугаартай, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаа /14060/, Бэлхийн 48 дугаар гудамж, 189/3 тоотод орших хувийн сууц, гараашийг барьцаалсан барьцааны гэрээг талууд 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, улсын бүртгэлд 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлжээ.

4. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/05 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 1,062,685,072.21 төгрөгийн зээлийн багцад хамаарах зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-иас шилжүүлэн авсны дунд хариуцагч нарын Орон сууц санхүүжилтын корпораци ТӨҮГ-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ багтжээ. Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь хариуцагч нарын эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох Т ХХК шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарах ба зээл болон барьцааны гэрээ хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

6. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Б гаас нэхэмжилж, талийгаач Б.Ууганбаатараас татгалзсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т нийцжээ. Хариуцагч Б.Б , талийгаач Б.Ууганбаатар нар 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан, зээлийн 40,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон болон гэрээ байгуулах хүсэл зоригийн талаар маргаж байгаагүй байна. Иймд гэрээний үүргийн зөрчил үүссэнтэй холбоотойгоор хариуцагч гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэх талаар маргаж нэхэмжлэлээс татгалзсан нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байх тул хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.а. Зээлдэгч нар гэрээний үүргийг 2018 оны 03 дугаар сараас эхлэн зөрчиж, зээл, хүүгийн төлбөр төлөгдөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 3.3, 3.3.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

6.б. Анхан шатны хариуцагч Б.Б гаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34,943,304 төгрөг, үндсэн хүү 11,375,721.55 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 198,157,05 төгрөгийг хасч, 11,177.546.50 төгрөг, нийт 46,120,868.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож үлдэх 375,593.83 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2. дахь хэсэгт нийцсэн байна.

6.в. Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан эрх зүйн маргаанд хэрэглэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдааг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд зөвтгөн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...453 дугаар зүйлийн 453.1 гэснийг ...452 дугаар зүйлийн 452.2... гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ