Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00110

 

 

 

 

 

 

 

 

 

Д , Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/03047 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д , Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нар Т ХХК-тай Орон сууц бартерийн гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хороо, Өлгий 20 гудамжны 271 тоотод орших 549 м.кв өмчлөлийн газар, 72 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагчид шилжүүлж, тус газарт баригдах барилгын А блок, 2 орц, 3 давхар, 305 тоот 65,63 м.кв 3 өрөө байр, мөн төслийн барилгаас 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53.36 м.кв 2 өрөө орон сууцыг тооцож авахаар тохиролцсон.

Хариуцагч нь орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, тухайн хугацаанд захиалагч талд хүлээлгэн өгөөгүй бол хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасан. Бид гэрээний 1 дэх нөхцөлд заасан орон сууцыг 2019 оны 11 сард хүлээж авч, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээнд заасан 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээж авахаар очиход 3 давхрын зүүн тийш харсан цонхтой 301 тоотыг хуваарилсан гэсэн тул анхны тохиролцсон байраа авахыг хүссэн. Улмаар хариуцагч 301 тоот байрыг зарсан, өөр байр байхгүй, мөнгийг өгнө гэх мэтээр удаа дараагийн уулзалтаар зөвшилцөлд хүрээгүй. Иймд гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхар, 301 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, алданги 29,294,640 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч байрыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний дотор өгөх үүргээ хэтрүүлсэн ба Ковид-19 цар тахлын байдлыг тооцож хугацаа хэтрүүлсэн хоногоос 60 хоногийг хасч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь буюу 96,048 төгрөгөөр тооцоход 29,294,640 төгрөг нэхэмжлэхээр байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Төслийн барилга нь А, Б блокоос бүрдэх 2 хос барилга тул бид тус төслийн барилгаас 53.36 м.кв 2 өрөө орон сууцыг 96,048,000 төгрөгт тооцон олгохоор тохиролцсон. Төсөл нь Ковид-19 халдвараас үүдэн ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон. Д нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр компанид ирж А блокын 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 мкв байрнаас олгохыг хүссэн. Хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02 дугаар улиралд ашиглалтанд орох Б блокын 41,48 м.кв байрыг санал болгож зөрүү төлбөрийг нь олгох саналаа илэрхийлсэн. 2019 оны орон сууцны бартерийн гэрээ нь арилжааны гэрээний нэмэлт гэрээ тул тус гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь Г.Гантулгын нэр дээр шилжиж ирсэн учир гэрээний алдангид 29,294,630 төгрөг өгөх үүрэгтэй эсэх нь тогтоогдохгүй байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхарт 53,36 м.кв 2 өрөө байрыг Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сард худалдан авсан билээ. Гэвч яаралтай мөнгөний хэрэгцээ гарч уг орон сууцанд орж амжилгүй худалдсан гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д , Ц нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Т ХХК-иас алданги 29,294,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д , Ц нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д , Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-иас 784,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д , Ц нарт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад шүүх хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Алданги 29,294,640 төгрөгийг гаргуулах нь нийгэмд илэрхий давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Талууд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г г гуравдагч этгээдээр оролцуулсан ба эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй. Захиалагч нар гүйцэтгэгч Т ХХК-ийг үүргээ биелүүлэхийг шаардсан. Захиалагч нарт 301 тоотыг хуваарилсан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.   Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлын хүрээнд хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2.   Нэхэмжлэгч Д , Ц нар хариуцагч Т ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоотод орших 53,36 м.кв талбайтай, 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 29,294,640 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангагдаагүй байна.

4.   Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 12 тоот Орон сууцны бартерийн гэрээ-гээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хороонд баригдах төслийн барилгаас 53.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан гүйцэтгэх үүргийг хүлээжээ.

 

Нэхэмжлэгч нар 2022 оны 01 дүгээр сард орон сууцыг хүлээн авахаар хариуцагчтай уулзах үед хариуцагч төслийн барилгын А блок буюу 95 дугаар байрны 3 дугаар давхарт зүүн тийш харсан цонхтой, 53.20 м.кв талбай бүхий 301 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр болсныг эс зөвшөөрч 6 дугаар давхарт өмнө зүгт харсан цонхтой 53.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц хүлээн авна гэж нэхэмжлэгч нар татгалзжээ.

Хариуцагчаас санал болгосон төслийн барилгын А блок буюу 95 дугаар байрны 3 дугаар давхарт зүүн тийш харсан цонхтой, 53.20 м.кв талбай бүхий 301 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нар өмчлөлдөө шилжүүлж авахыг эс зөвшөөрч, 6 дугаар давхарт өмнө зүгт харсан цонхтой 00,00 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг авна гэжээ.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нар хариуцагчийн санал болгосон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бол хариуцагч нь анх санал болгосон буюу нэхэмжлэгчийн шаардлсан орон сууцыг бусдад худалдсан, харин төслийн Б блокоос 00,00 м.кв талбай бүхий орон сууцыг олгож, зөрүүг мөнгөн хэлбэрээр төлөхийг зөвшөөрчээ. Энэ саналаас нэхэмжлэгч мөн татгалзсан байна.

5.   Хэрэгт хариуцагч Т ХХК, иргэн Г нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр байгуулагдсан 20/106 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ авагдсан, уг гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ТХ апартмент байрны 1-р орц, 3-р давхар 301 тоотод орших 53.20 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 106,400,000 төгрөгөөр Г д худалдахаар тохиролцсон талаар дурджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г г гуравдагч этгээдээр оролцуулж тэрээр тус орон сууцыг 2022 оны 07 дугаар сард Т ХХК-иас худалдан авсан боловч орон сууцандаа орж амжилгүй бусдад худалдсан гэх агуулгатай тайлбар гаргажээ. /хх 109-112/

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч нарын шаардсан маргааны зүйл болох 53.20 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь бодитоор буюу улсын бүртгэлээр хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа нөхцөл байдлыг тодруулах нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Мөн уг нөхцөл байдлыг тодруулах нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд хамааралтай байна.

Өөрөөр хэлбэл, зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд байгаа эсэх нь эргэлзээтэй, гуравдагч этгээд болон өөр бусад этгээдийн өмчлөлд шилжсэн эсэх нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаархи мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, хариуцагч нараас гаргуулж өмчлөгч хэн болохыг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

 

Иймд ...эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн талаар шүүх шийдвэр гаргахдаа дүгнэлт хийгээгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

6.   Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/03047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 784,663 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ