Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2022/00109

 

 

“Х банк” ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т,

Г.Б нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01079 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Т, Г.Б нарт холбогдох,

“ Зээлийн гэрээний үүрэгт 15.019.223,27 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч С.Т, Г.Б нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч С.Т, Г.Б, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Г.Б, С.Т нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төвөөс ЗГ201642858547 тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11.741.116,55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4.017.028,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.542,72 төгрөг, нийт 15.765.717,28 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Банк зээлдэгчийг сайн дураар зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 8.258.883,45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.408.224,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349.615,21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2.500 төгрөг, нийт 15.019.223,27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01079 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Б, С.Т нараас үндсэн зээлийн төлбөр 8.258.883,45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.408.224,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349.615,21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2.500 төгрөг, нийт 15.019.223,27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, С.Т нараас 233.046 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Т, Г.Б нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01079 шийдвэрийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:41 минутанд С.Т гардаж аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Х банк”-наас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Үндсэн зээлээс 11.741.116,55 төгрөг, хүүнд 4.017,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.542,72 төгрөг нийт 15.765.717,28 төгрөг төлсөн. 15.765.717,28 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээл 8.258.883,45 төгрөг, хүү 6.408.224,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349.615,21 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг нийт 15.019.223,27 төгрөгийг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс бидэнд нэхэмжлэлийг өгсөн. Өгөхдөө 14 хоногийн дотор хариу тайлбар өгөөрэй гэж огт хэлээгүй. Мэдэхгүй учраас хариу тайлбар өгөөгүй байгаа. Бид хоёрт 2, 3 ширхэг бичигтэй цаасан өгөөд гарын үсгээ зур тэгээд болоо гэхээр нь зурчихаад явсан. Шүүх хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагт товлосон. Г.Б, С.Т бид хоёр шүүхийн хүлээлгийн зааланд сууж байхад огт дуудаагүй.14:30 минут болчихоор нь шүүхийн туслах дээр очоод шүүх хүрал нь 14 цагт гэсэн хэзээ болох юм бол гэж асуухад сая шүүх хуралдаан болоод шийдвэрлэчихсэн гэж хэлсэн. Тэгээд та 2 давж заалдах гомдол гаргаж болно, шийдвэр гарахаар залгаж хэлэхээр ирж шийдвэрээ аваарай гэсэн. Бид хууль эрх зүйн мэдлэг байхгүй анх удаа шүүхэд дуудагдаж байгаа болохоор юугаа ч ойлгоогүй. Бид шүүх хуралдаанд оролцож яагаад зөвшөөрөхгүй байгаа талаар ярьж хэлнэ гэж байсан боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр бидний эрхийг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид шүүхийн дуудсан цагт ирж байсан. 2017 оны хавар биеийн байдал ажил хийх боломжгүй болсон болохоор ажлаасаа халагдсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгээд зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн тухайгаа эдийн засагчид удаа дараа мэдэгдсэн. Бие гайгуй болоод ажил хийх гэтэл ковид гараад хөл хорио тогтоож, ажилд орж чадаагүй. Энэ байдлаа бас эдийн засагчид хэлсэн. Намайг хариуцсан эдийн засагч хэсэг хугацаанд ажиллаад хэд хэдэн удаа солигдсон. Би мөнгөө төлнө гэхдээ “Х банк”-наас нэхэмжилж байгаа мөнгөн дүн өндөр байна. Зээлийнхээ талаас илүү хувийг төлсөн байхад дахин тийм хэмжээний мөнгө нэхэмжилсэнд гомдолтой байна. Шүүх банкны талд орж бидний ингэж хохироож болохгүй. Цар тахал гээд бүх банкнууд зээлээ түр царцаасан. Бид бас царцаах хүсэлтийг бичгээр өгсөн. Бидэнд хариу өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд банк алданги тооцож 110.000 төгрөг, 108.000 төгрөг гээд хэд хэдэн удаа төлсөн. Үүнийг огт оруулалгүй тооцоолол хийсэн байна. Хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн мөнгийг төлмөөр байна. Шүүхийн шийдвэр гарвал ярьж мэдэгдэнэ гэж хэлчихээд бид хоёр руу залгахгүй их удаад байхаар нь шүүгчийн туслах руу залгаж асуухад монгол шууданд хийсэн гэж хэлсэн. Монгол шуудан дээр очиж шийдвэрийг авсан. “Х банк”-ны гэрээг бидэнд танилцуулаагүй. Хэргийн материал дотор юу байгааг мэдэхгүй байсан болохоор өөрсдөөс шалтгаалсан нотлох баримтыг өгч чадаагүй. Илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж биднийг их хэмжээний мөнгө төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа юм. Шийдвэр С.Тд ирсэн. Г.Бд ирээгүй. Шүүх хуульд заасан оролцогчдын эрх, үүргийг минь тайлбарлаж өгөөгүйгээс болж хариу тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авах, нотлох баримт бүрдүүлж өгөх гэх мэт олон эрхийг минь зөрчиж шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан үндэслэлд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч С.Т, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 15.019.223,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Оюут тооцооны төвтэй байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төвтэй зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалттай авч гэрээний хугацаанд үндсэн зээлд 11.741.116,55 төгрөг, зээлийн хүүнд 4.017.028,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7.542,72 төгрөг тус тус төлсөн, 2018 оны 03 дугаар сараас хойш зээлийг графикийн дагуу төлөөгүй, нэхэмжлэгч талаас зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэл өгч байсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нар үүргээ биелүүлж төлбөрөө барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, хэргийн үйл баримтын талаар мэтгэлцүүлээгүй, /хариуцагч С.Т, Г.Б нар тухайн өдөр шүүх хуралдаан 14 цагаас гэсэн тул шүүх дээр ирж хүлээлгийн танхимд хүлээж байсан, биднийг дуудаагүй, эрх үүргээ сайн ойлгоогүйгээс 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбар гаргахыг мэдээгүй тул хариу тайлбар гаргаагүй гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан./ Хариуцагч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй, хэргийн материалыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2., 168.1.3., 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийн 2 дахь заалтанд нэхэмжлэгч банкны нэрийг буруу бичсэн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01079 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч С.Т, Г.Б нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.046 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.Б

ШҮҮГЧИД                                         Б.О

                                                                                                             С.У