| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/05587/И |
| Дугаар | 210/МА2022/02089 |
| Огноо | 2022-12-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2022/02089
| 2022 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2022/02089 |
З ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03636 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч З ХХК-ийн
Хариуцагч Т ХХК, Б , Л , Б нарт холбогдуулан гаргасан
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 566,357,366 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: З ХХК 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Т ХХК-тай 108/2019/TT/02 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн 000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Манайх худалдан авагчаас ирүүлсэн захиалгын дагуу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 88,046,000 төгрөгийн 46,340 литр, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 88,046,000 төгрөгийн 46,340 литр, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 86,192,400 төгрөгийн 46,340 литр, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 18,600,000 төгрөгийн 10,000 литр, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 90,358,800 төгрөгийн 48,580 литр, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 86,192,400 төгрөгийн 46,340 литр, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 90,358,800 төгрөгийн 48,580 литр, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 86,192,400 төгрөгийн 46,340 литр, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 11,322,000 төгрөгийн 6,120 литр, 2019 оны 09 дүгээр 14-ний өдөр 17,600,000 төгрөгийн 10,000 литр дизель түлшийг нийт 10 удаагийн ачилтаар 348,860 литр буюу 651,586,800 төгрөгийн дизель түлш нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.
Хариуцагч 662,908,800 төгрөг төлөхөөс 568,008,800 төгрөг төлж 94,900,000 төгрөг төлөөгүй. Үүргийн гүйцэтгэлд Б ын өмчлөлийн 117 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, Б гийн өмчлөлийн 39.14 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б , Б , Л нарын өмчлөлийн 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Хариуцагч нь гэрээний 5.2.1. 5.2.2-т зааснаар ачилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөр төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар торгууль 33,145,440 төгрөг, алданги 438,311,926 төгрөг болж байна. Иймд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөг, алданги 438,311,926 төгрөг, торгууль 33,145,440 төгрөг, нийт 566,357,366 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Үндсэн төлбөр 94,900,000 төгрөгийг зөвшөөрч байна. Харин алданги, торгууль, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Л , Б нар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б т орон сууцаа барьцаалж зээл авах бүрэн эрхтэй итгэмжлэл олгосон. Итгэмжлэлээр Иргэний хуульд зааснаар бичиг үсэг мэдэхгүй, өвчний улмаас гарын үсэг зурах чадваргүй тохиолдолд өөрсдийгөө төлөөлүүлж гарын үсэг зурах эрхийг олгодог ба Л , Б нар нь гарын үсэг зурах боломжтой тул итгэмжлэл хууль бусаар олгогдсон байна. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлийн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болно. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болж байгаа. Итгэмжлэл нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс өмнө дуусгавар болчихсон байгааг мэдсээр байж авч байгаа нь хууль бус тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бөөний худалдааны тусгай зөвшөөрлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл олгосон байна. Жижиглэнгийн худалдааны тусгай зөвшөөрлийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл олгосон. З ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр шатахууныг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх ёстой байхад тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн нь тогтоогдож байна. Иймд талуудын байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэжээ.
3. Хариуцагч Л , Б , Б нарын тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК-ийн хариу тайлбартай ижил байр суурьтай байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 142,350,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,007,366 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т ХХК үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050223 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 27/6 дугаар байрны 13 тоот хаягт байршилтай 117 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, Б гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204049427 дугаартай, Баянзүрх дүүргийн 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байрны 2 давхрын 3 тоот хаягт байршилтай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Б , Б , Л нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000214 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол 19-р байр, 349 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,217,886.83 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т ХХК-аас 939,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
5.1. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж буруу дүгнэсэн. Уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ юм. Т ХХК нь худалдан авсан түлшний төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн төлж зөрчил гаргасан ч нэхэмжлэгч гэрээний 5.2.3-т зааснаар нийлүүлэлтийг зогсоох эрхээ хэрэгжүүлээгүй, нийлүүлэлтээ хийж байсныг тухайн үед зөвшөөрсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь анз тооцож авах эрхтэй учраас нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан. Харин нийлүүлэлтийг зогсоох эсэх нь нэхэмжлэгчийн эрх ба хэзээ яаж хэрэгжүүлэх, эсхүл хэрэгжүүлсэн үгүй нь анзыг тооцоход хамааралгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нэг гэрээнд алданги, торгуулийг хамтад нь хэрэглэж болох ба нийлбэр нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 424,007,366 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
6.1. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлээр худалдаж авсан дизель түлшээ Говийн шигтгээ ХХК-д зээлээр худалддаг байсан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал болон Монгол Улсын Засгийн газрын 2020, 2021 онд нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 144/ШШ2021/00023 дугаар захирамжаар Говийн Шигтгээ ХХК-аас дизель түлшний төлбөрт 120,000,000 төгрөг гаргуулж Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус хэрэгт шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа одоог хүртэл явагдаж байгаа боловч Говийн Шигтгээ ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрөө төлж чадахгүй байна.
6.2. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 869,700 төгрөг тус тус төлжээ. Тухайн баримтуудын хүлээн авагчийн мэдээлэл хэсэгт дансны дугаар 1165117377, эзэмшигчийн нэр ТАХ, банк Голомт банк гэж бичигдсэнийг нотлох баримт шинжлэн судлах хэсэгт судлуулсан боловч шүүгчээс нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн эсэхийг дүгнэлгүй орхигдуулсан. Төлбөрийн баримтууд дээр Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, эсвэл шүүхийн талаар бичигдээгүй, нэхэмжлэгч нь төлбөрийн нэхэмжлэхээ хавсаргаагүйгээс болж улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэх нь нотлогддоггүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 дэх хэсэг зөрчигдсөн.
6.3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д зааснаар З ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр шатахууны бөөний худалдаа эрхэлнэ. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ шүүхэд гаргаж өгөөгүй нь хуулийн дагуу шатахууны бөөний худалдаа эрхэлсэн гэдгээ нотолж чадаагүй. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл ба нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу алданги, торгууль авах эрх зүйн үндэслэлгүй. Хариуцагч шатахууны төлбөрт 94,900,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа.
6.4. Б , Л нар өөрсдийн орон сууцуудыг барьцаанд тавих эрхийг Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Б т олгосон 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 000000000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Тус гэрээнд хариуцагч Л , Б нар гарын үсэг зураагүй ба компанийг төлөөлж Б гарын үсэг зурсан. Хариуцагч Л , Б нар өөрсдийн хөрөнгийг барьцаанд тавих эрхээ итгэмжлэлээр иргэн Б т олгосон болохоос биш тус компанид олгоогүй. Гэрээнд Б нь Б , Л нарын өмнөөс гарын үсэг зурсан нь гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй. Б т олгосон итгэмжлэл нь Б , Л нар өөрсдөө гарын үсгээ зурж чадаагүйн улмаас хариуцагч нарын өмнөөс гарын үсэг зурах итгэмжлэл биш. З ХХК нь Б , Л нартай зохих ёсоор буюу Иргэний хуулийн 43.2.1, 196.1.2-т зааснаар гэрээ байгуулаагүй тул Б , Л нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: еtax.mta.mn сайтаар орж нэхэмжлэгч өөрөө төлбөрийн даалгавар үүсгэж тухайн төлбөрийн даалгаврын дагуу QR кодыг уншуулж төлбөрөө төлснийг банкнаас баталгаажуулж, гарын үсэг зурж тамга, тэмдэг, дардаг. Үүнийг шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгаад иргэний хэрэг үүсгэсэн. Улсын тэмдэгтийн хураамжийг зөв төлсөн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх ойлголт байхгүй. Анхан шатны шүүхийн данс руу биш татварын данс руу төлдөг. Тусгай зөвшөөрөл нь З ХХК-ийн гэрчилгээний ар талд бичигдсэн гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн. Хэн ч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих, захиран зарцуулах эрх олгох боломжтой. Зөвхөн гарын үсэг зурж чадахгүй, бичиг үсэг мэдэхгүй хүнд итгэмжлэл олгоно гэдэг нь хууль хэрэглээний хувьд маш том эндүүрэл. Итгэмжлэлд зөвхөн барьцаанд тавих эрх олгосон болохоос биш барьцааны гэрээ байгуулах, зээлийн гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгоогүй. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан бүх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ мөн. Иймд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Гэрээний 5.2.3-т зааснаас үзэхэд 5 хувийн торгууль нь шугамын үнэ буюу гэрээний 5.2.1-т заасан 400,000,000 төгрөгт хүрсэн тохиолдолд торгууль төлөхөөр тохиролцсон гэж үзэж байна. Иймд торгууль авах үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Т ХХК, Б , Л , Б нарт холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 566,357,366 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснээс хариуцагч нар үндсэн төлбөр 94,900,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзжээ.
3. Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу З ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр 14-ний өдрийн хугацаанд 348,860 литр дизелийн түлшийг Т ХХК-д нийлүүлсэн, төлбөрийн үлдэгдэл 94,900,000 төгрөг болох талаар талууд маргаагүй. Дизелийн түлш нийлүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг болохоо нэхэмжлэгч нотлоогүй учир талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус учир нэхэмжлэгч гэрээний дагуу алданги, торгууль шаардах эрхгүй гэж хариуцагч маргажээ. /хх 9-14, 105-114/
4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, зохигчийн маргаж буй асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
а. Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол компани нь зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан ба Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэж заасан.
Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж байсан эсэх нь маргааны зүйл болж зохигч маргасан байхад анхан шатны шүүхээс тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг тодруулалгүй, тусгай зөвшөөрөл нь гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралтай, маргааны үйл баримтыг зөв тогтооход ач холбогдолтой байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
б. Хэрэгт авагдсан З ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард хэсэгт эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг бүх төрлийн шатахуун импортлох, бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгэж 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаагаар олгосон байна.
в. Түүнчлэн, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний эхний нүүрэнд бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх, бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхлэх гэж бичигдсэн нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.2.16-д заасны дагуу компанийн дүрмээр тодорхойлсон эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг илэрхийлэх учир түүнийг тусгай зөвшөөрөлтэй адилтгахгүй, нотолгооны хувьд тусгай зөвшөөрлийг орлохгүй. Эдгээр нь нэхэмжлэгчийг 2019 онд шатахууны бөөний худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж байсныг нотлохгүй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл нь тодорхой төрлийн үйл ажиллагааг тогтоосон хугацаанд эрхлэх эрхийг тусгайлан олгож буй баримт бичиг юм. Иймд нэхэмжлэгч дизелийн түлш нийлүүлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байсан гэх анхан шатны дүгнэлт баримтад үндэслэгдээгүй байна.
5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зохигчийн гаргасан гомдолд дүгнэлт хийх, үйл баримтыг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/03636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,277,987 төгрөг, хариуцагчаас төлсөн 869,700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ