Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00664

 

Амарсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01622 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 539 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Амарсанаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв талбайтай авто зогсоол, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр, 96 тоот, 40.1 м.кв талбайтай орон сууцны үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн Эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваа, Б.Бадрах, Б.Болорчимэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3587 дугаартай захирамжаар Т.Амарсанаагаас 130 405 215 төгрөг гаргуулж “Ориент инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Төлбөр авагчийн хүсэлтээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд дээрх захирамжинд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дараах ажиллагааг хууль бусаар явуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг гаргаж байна.Шүүхийн 3587 дугаартай захирамжинд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон талаар 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/8619 дүгээр мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шуудангаас хүлээн авлаа. Уг мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47 м.кв талбайтай орон сууцыг 55 200 000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг 8 300 000 төгрөгөөр, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м.кв орон сууцыг 98 060 000 төгрөгөөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн болохыг мэдэгджээ.Гэтэл 3587 дугаартай захирамжаар дээр дурдсан 3 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж төлбөр төлөгч Т.Амарсанаагийн төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй, захирамжлаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дур мэдэн бусдын хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар болж байгаа нь хууль бус юм. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчиж 51 тоот 2 өрөө орон сууц, 10 тоот зогсоолын өмчлөгч М.Энхцэцэг, 96 тоот орон сууцыг өмчлөгч Д.Сарангэрэл, Ж.Тамир нараас үнийн санал авалгүй үнэлгээ хийлгэжээ. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгөд хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож өгнө үү.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байгаа. Гүйцэтгэх баримт бичиг гэдэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187, 188 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх хуудас байдаг. Орон сууц болон автозогсоол дээр гүйцэтгэх хуудас бичигдсэний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очдог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Төлбөр төлөгч Т.Амарсанаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын хамтран өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот 40.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Т.Амарсанаа нь 250 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасан. Хамтран өмчлөгч Д.Сарангэрэл, Ж.Тамир нарт үнийн саналаа өгөх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/3860 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа өгөөгүй. Төлбөр авагч “Ориент Инвест” ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход орон сууц 98 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.Төлбөр төлөгч Т.Амарсанаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47.52 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв талбайтай авто зогсоолын хамт битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад өмчлөгч М.Энхцэцэг нь орон сууцаа 90 000 000 төгрөг, авто зогсоолоо 25 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал гаргасан.Төлбөр төлөгч Т.Амарсанаад үнийн саналаа өгөх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/5291 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа өгөөгүй. Төлбөр авагч “Ориент инвест” ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход орон сууц 55 200 000 төгрөг, авто зогсоол 8 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/8616, 3/3619, 3/8617 тоот мэдэгдлүүдээр үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Амарсанаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.Бие даасан шаардлагын тухайд М.Энхцэцэг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу өөрийн өмчлөлийн, 2 өрөө орон сууц, 15 м.кв авто зогсоолын хамт Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах итгэмжлэлийг Т.Амарсанаад олгосон. Т.Амарсанаагийн барьцаалсан тус эд хөрөнгүүдийг хурааж үнийн санал авсан боловч үнийн санал ирүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасантай нийцсэн.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3587 дугаартай захирамжаар Т.Амарсанаагаас 130 405 215 төгрөг гаргуулж, “Ориент инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн цагаас хойш төлбөр төлөгч Т.Амарсанаа нь төлбөрөө сайн дураар төлөхөөс татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зайлсхийх болсон. Мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэгтэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан гэж байгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас зайлсхийх үндэслэл болохгүй. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг шүүхэд гаргасан шаардлагадаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3587 дугаар захирамжаар Т.Амарсанаагаас 130 405 215 төгрөг гаргуулж, “Ориент Инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Би өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот, 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот, 15 м.кв талбайтай авто зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт гаргаж байсан бөгөөд уг гомдолд одоо болтол хариу өгөөгүй, мөн хууль бус ажиллагаагаа таслан зогсоохгүй байгааг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдлээ.Шүүгчийн 3587 дугаар захирамжаар М.Энхцэцэгийн өмчлөлийн хөрөнгүүдийг худалдан борлуулж, төлбөр төлөгч Т.Амарсанаагийн төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй, захирамжлаагүй, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудаст дурдагдаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дур мэдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчиж, албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар болж байгаа нь хууль бус бөгөөд өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас М.Энхцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураан, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01622 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хугацааанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 539 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01622 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Т.Амарсанаагийн бусадтай хамтран өмчлөх, Баянгол дүүргийн 3 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр 96 тоот 40.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд явуулж буй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлээс М.Энхцэцэгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон автозогсоолд явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар М.Энхцэцэгийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр 51 тоот 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, мөн байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв талбайтай автозогсоолд явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, 4 дэх заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4” гэж, “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж, үүнээс 70 200 төгрөгийг Т.Амарсанаад, 70 200 төгрөгийг М.Энхцэцэгт тус тус олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот 40.1 м.кв 3 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 183/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/01 тоот тогтоолоор хураасан.Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47.52 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв авто зогсоолын хамт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/02 тоот тогтоолоор тус тус хурааж авсан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2016 оны 3/3860, 3/5291 тоот мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллага “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээ тогтоолгож тогтоосон үнийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/8616, 3/3619,3/8617 дугаар албан мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу гомдол гаргах хугацаа нь дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөнд Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу юм.Иймд давж заалдах шатны шүүхийн 539 дүгээр магадлалыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 539 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Т.Амарсанаа нь тус ББСБ-аас 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 50 000 ам.долларын зээлийг авахдаа ....үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Тус ББСБ нь Иргэний хуулийн 166 зүйл болон ҮХБТХуулийн 11 дүгээр зүйлд заасан хэлбэр бусад шаардлагыг хангасан хэлцлийг Т.Амарсанаатай байгуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Хүчин төгөлдөр 15/4088 тоот Хөрөнгө барьцааны гэрээ, 15/2084 тоот Зээлийн гэрээ байгаа болно.Иргэний хуулийн 174.1 дэх заалтаас үзвэл Т.Амарсанаа нь зээлийн төлбөрийг төлөхгүй бол барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг тус ББСБ нь худалдан борлуулахыг шаардах эрхтэй нь нотлогдож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаас тус тус үзвэл зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй нь нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйл нь барьцаа хөрөнгөгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад мөрдөгдөх ёстой гэж тус ББСБ нь үзэж байна. Гэтэл барьцаа хөрөнгөтэй байхад барьцаагүй ажиллагаанд мөрдөгдөх хуулийн заалттай хольж тайлбарлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Шийдвэр гүйцэтгэгч Г.Алтансувд нь УБЕГ-ийн газраас эд хөрөнгийн лавалгааг авахад маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгөнүүд нь тус ББСБ-ын барьцаа хөрөнгө гэж лавлагаа ирсэн болно. Энэхүү лавлагааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа гэж дур мэдсэн зүйлгүй. УБЕГ-аас ирсэн лавлагаагаар барьцаа хөрөнгө гэсэн тул барьцаа хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэлгүй гэж тус ББСБ нь үзэж байна.Иймд давж заалдах шатны шүүхийн 539 тоот магадлалд өөрчлөлт оруулж, Т.Амарсанаагийн барьцаа хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Т.Амарсанаа хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан М.Энхцэцэгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон автозогсоол, бусадтай хамтран өмчлөх 3 өрөө орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнэлгээ тогтоолгохоор томилогдсон шинжээчийн үнэлгээ, үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Гуравдагч этгээд М.Энхцэцэг өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон автозогсоолыг албадан битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлагуудыг зөвшөөрөөгүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.Амарсанаагаас 129 851 610 төгрөг гаргуулж, “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй шүүгчийн захирамжид төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахаар тухайлан заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дан ганц орон сууц болон автозогсоолын үнээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь учир дутагдалтай болжээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлдэг. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага харгалзан үзэх боломжтой юм.

Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах учиртай.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг зохих банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх, нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн хадгаламжийн болон харилцах дансанд байхгүй бол энэ талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах үүрэгтэй болно.

Түүнчлэн, төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого нь банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол төлбөр гаргуулж болохгүй орлогыг хасаж, төлбөрийг шилжүүлэх, дээрх эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар хуульд заасан байна.

Харин дээрх эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах ёстой.

Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан тухайн маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл болгосон байх тул нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн зарим хэсгийг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН