Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 539

 

Т.Амарсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Амарсанаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

           

М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв талбайтай авто зогсоол, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр, 96 тоот, 40.1 м.кв талбайтай орон сууцны үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн

Эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Базаррагчаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Алтансувд

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан, Б.Болорчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.Амарсанаагаас 130 405 215 төгрөг гаргуулж, “Ориент инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Төлбөр авагчийн хүсэлтээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжинд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дараах ажиллагааг хууль бусаар явуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг гаргаж зайна. 

Шүүхийн 3587 дугаартай захирамжинд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон талаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/8619 дүгээр мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шуудангаас хүлээн авлаа.

Уг мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн, өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47 м.кв талбайтай орон сууцыг 55 200 000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг 8 300 000 төгрөгөөр, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м.кв орон сууцыг 98 060 000 төгрөгөөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн болохыг мэдэгджээ.

Гэтэл 3587 дугаартай захирамжаар дээр дурдсан 3 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж төлбөр төлөгч Т.Амарсанаагийн төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй, захирамжлаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дур мэдэн бусдын хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар болж байгаа нь хууль бус юм.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчиж 51 тоот 2 өрөө орон сууц, 10 тоот зогсоолын өмчлөгч М.Энхцэцэг, 96 тоот орон сууцыг өмчлөгч Д.Сарангэрэл, Ж.Тамир нараас үнийн санал авалгүй үнэлгээ хийлгэжээ.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгөд хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож өгнө үү.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байгаа. Гүйцэтгэх баримт бичиг гэдэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187, 188 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх хуудас байдаг. Орон сууц болон автозогсоол дээр гүйцэтгэх хуудас бичигдсэний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очдог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн байна гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Т.Амарсанаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын хамтран өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот 40.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Т.Амарсанаа нь 250 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасан. Хамтран өмчлөгч Д.Сарангэрэл, Ж.Тамир нарт үнийн саналаа өгөх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/3860 тоот мэдэгдэлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа өгөөгүй.

Төлбөр авагч “Ориент Инвест” ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход  орон сууц 98 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

 Төлбөр төлөгч Т.Амарсанаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47.52 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв талбайтай авто зогсоолын хамт битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад өмчлөгч М.Энхцэцэг нь орон сууцаа 90 000 000 төгрөг, авто зогсоолоо 25 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал гаргасан.

Төлбөр төлөгч Т.Амарсанаад үнийн саналаа өгөх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/5291 тоот мэдэгдэлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа өгөөгүй.

Төлбөр авагч “Ориент инвест” ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход орон сууц 55 200 000 төгрөг, авто зогсоол 8 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/8616, 3/3619, 3/8617 тоот мэдэгдлүүдээр үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Амарсанаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Бие даасан шаардлагын тухайд М.Энхцэцэг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу өөрийн өмчлөлийн, 2 өрөө орон сууц, 15 м.кв авто зогсоолын хамт Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах итгэмжлэлийг Т.Амарсанаад олгосон. Т.Амарсанаагийн барьцаалсан тус эд хөрөнгүүдийг хурааж үнийн санал авсан боловч үнийн санал ирүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.Амарсанаагаас 130 405 215 төгрөг гаргуулж, “Ориент инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн цагаас хойш төлбөр төлөгч Т.Амарсанаа нь төлбөрөө сайн дураар төлөхөөс татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зайлсхийх болсон. Мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэгтэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан гэж байгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас зайлсхийх үндэслэл болохгүй. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг шүүхэд гаргасан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.Амарсанаагаас 130 405 215 төгрөг гаргуулж, “Ориент Инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

Би өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон, баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот, 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот, 15 м.кв талбайтай авто зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт гаргаж байсан бөгөөд уг гомдолд одоо болтол хариу өгөөгүй, мөн хууль бус ажиллагаагаа таслан зогсоохгүй байгааг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдлээ.

Шүүгчийн 3587 дугаар захирамжаар М.Энхцэцэгийн өмчлөлийн хөрөнгүүдийг худалдан борлуулж, төлбөр төлөгч Т.Амарсанаагийн төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй, захирамжлаагүй, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудаст дурдагдаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дур мэдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчиж, албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар болж байгаа нь хууль бус бөгөөд өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас М.Энхцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураан, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомолд гаргасан бол түүнийг шийдвэрлэх хугацааанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжинд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Г.Алтансувд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/8619 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгсон талаар мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шуудангаас хүлээн авсан.

Уг мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47 м.кв талбайтай орон сууцыг 55 200 000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоот 15 м.кв талбайтай авто зогсоолыг 8 300 000 төгрөгөөр, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м.кв талбайтай орон сууцыг 98 060 000 төгрөгөөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн болохыг мэдэгдье гэжээ.

Гэтэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар М.Энхцэцэгийн өмчлөлийн 51 тоот 2 өрөө орон сууц, 10 тоот автозогсоол, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж төлбөр төлөгч Т.Амарсанаагийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлээгүй, захирамжлаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дур мэдэн бусдын хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар болж байгаа нь хууль бус юм.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д "...дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох..." гэж заасныг зөрчиж 51 тоот 2 өрөө орон сууц, 10 тоот авто зогсоолын өмчлөгч М.Энхцэцэг, 96 тоот орон сууцыг өмчлөгч Д.Сарангэрэл, Тамир нараас үнийн санал авалгүй үнэлгээ хийлгэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Гэвч шүүхээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 3587 дугаартай захирамжаар зохигчдын буюу дээрх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж буйг үнэлээгүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.1 дэх хэсгийг зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх байтал шүүх дээрх заалтыг үнэлэлгүйгээр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01622 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Т.Амарсанаад өөрийн эзэмшлийн нэр дээрх Сонгонохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах хилчин хотхоны 12-51 тоот орон сууцыг, гараашийн хамт залилуулж, хохирсон учир миний гомдлыг барагдуулж орон сууцыг минь барьцаанаас чөлөөлж, гомдолгүй болгож өгөхийг хүсэж шүүхэд бие даасан шаардлага гаргасан. Гэтэл миний нэхэмжлэлийг хүлээж авалгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2013 оны 10 дугаар сард Т.Амарсанаа нь миний орон сууцыг 1 сарын хугацаатай өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед би Т.Амарсанааг огт таньдаггүй байсан. Т.Амарсанаа нь манай нөхөрийн эгчийн ажилд хамт ажилдаг юм. Тухайн үед эгчийн таньдаг хүн гэдэг утгаар итгэж, тухайн үед итгэмжлэл хийж өгсөн. Т.Амарсанаа нь 1 сарын хугацаатай компанийн үйл ажиллагаанд ашиглана гэж итгэмжлэлд гарын үсэг зуруулсан. Ингээд миний орон сууцыг 3 сарын хугацаатай барьцаанд тавьсан байсан. Энэ  хүн анхнаасаа миний орон сууцыг залилан авах санаатай байсан. Би үл хөдлөх хөрөнгөө энэ хүнд алдсанаас хойш 3-4 жил байр түрээслэн амьдарч, олон жил сэтгэл санаа болон эд хөрөнгөөр хохирч байна. Т.Амарсанаа нь миний орон сууцыг одоо болтол барьцаанаас чөлөөлж өгөөгүй бөгөөд одоо шүүхийн шийдвэрийн дагуу хураагдах гэж байна. Үүнд миний бие их гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хууль зөрчиж асуудлыг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гуравдагч этгээд М.Энхцэцэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжийг хангаж, мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан болох нь баримтаар тогтоогдож байна” гэжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан баримтууд хэрэгт хавсаргагдсан ч М.Энхцэцэгт өөрт нь мэдэгдээгүй, мэдэгдлийг ч шуудангаар аваагүй, барьцааны эд хөрөнгийн талаар үнийн санал өгөхөөс татгалзаагүй болно. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 183/02 тоот тогтоолыг болон эд хөрөнгө хураасан тухай тэмдэглэлийг ч М.Энхцэцэгт танилцуулаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно гэж заасан нь баримт бичиг бичигдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хэлнэ. 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр гүйцэтгэл хангуулахаар дурдаагүй нь гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн хөрөнгө битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон заалтыг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Амарсанаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан М.Энхцэцэгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон автозогсоол, бусадтай хамтран өмчлөх 3 өрөө орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнэлгээ тогтоолгохоор томилогдсон шинжээчийн үнэлгээ, үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд М.Энхцэцэг нь хариуцагч шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон албадан битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоолгох ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.Амарсанаагаас 129 851 610 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1118 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн ба уг гүйцэтгэх хуудаст Т.Амарсанаагаас 129 851 610 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 403 605 төгрөгийг тус тус гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор заажээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15250471 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан шүүхийн 2014 оны 3587 дугаар захирамжид барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заалт байхгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах ажиллагааг явуулах боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан дарааллаар явуулах байжээ. Гэтэл анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Т.Амарсанаа нь өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргах эрхтэй тул бусадтай хамтран өмчлөх 3 өрөө орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнд бусдын буюу М.Энхцэцэгийн өмнөөс түүний эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тул М.Энхцэцэгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон автозогсоолтой холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Гуравдагч этгээд М.Энхцэцэгийн гаргасан бие даасан гомдлын шаардлага нь үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн шийдвэрт заагдаагүй тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцаа хөрөнгө гэж үзэж хуулиар тогтоосон дараалал харгалзахгүй ажиллагаа явуулсан нь буруу юм.

 

Нэхэмжлэгч Т.Амарсанаа нь нэхэмжлэлийн нэг шаардлагаа шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох гэж тодорхойлсон боловч энэ нь үл хөдлөх эд хөрөнгөд явуулж буй ажиллагааг хүчингүй болгох шаардлагын үндэслэл байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг, гуравдагч этгээд М.Энхцэцэгийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичиж, тэмдэгтийн хураамж авах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэснийг залруулах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01622 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Т.Амарсанаагийн бусадтай хамтран өмчлөх, Баянгол дүүргийн 3 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр 96 тоот 40.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд явуулж буй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлээс М.Энхцэцэгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон автозогсоолд явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар М.Энхцэцэгийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр 51 тоот 2 өрөө, 47 м.кв талбайтай орон сууц, мөн байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв талбайтай автозогсоолд явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

4 дэх заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4” гэж, “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж, үүнээс 70 200 төгрөгийг Т.Амарсанаад, 70 200 төгрөгийг М.Энхцэцэгт тус тус олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА