Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00342

 

 

 

 

 

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/04268 дугаар шийдвэртэй Д.Д-ийн нэхэмжлэлтэй, П.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч П.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гуйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний дагуу хариуцагчийн Хаан банк ХХК-ийн 0000000000 тоот дансанд 14,600,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 5,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бэлнээр хүлээлгэж өгсөн талаар гэрээнд тусгасан. Мөн хариуцагч үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөгийг төлөөгүй. П.Б зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасныг зөвшөөрч, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 90 хоногийн хугацаатай гэрээг сунгаж, хүү, алдангийг хэвээр тооцохоор тохиролцсон. Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, 90 хоногийн зээлийн хүү 9,000,000 төгрөг, 20 хоногийн хүү 2,000,000 төгрөг нийт 31,000,000 төгрөг болсон. Үндсэн зээл, хүүг төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хүү, алдангийг хэвээр тохирч сунгасан. Алдангийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 365 хоногоор тооцоход 56,110,000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй гэж заасан. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлөх алданги 15,500,000 төгрөг бөгөөд хариуцагчийн төлөх өр 46,500,000 төгрөг болсон. Зээл төлөгч 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 20,349,800 төгрөгийг төлсөн. П.Б нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл 2,400,000 төгрөг төлсөнг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээг дахин 90 хоногийн хугацаагаар сунгасан боловч зээлийг төлөөгүй. Иймд 22,250,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шүүх хуралдаан товлогдох хүртэлх хугацаанд 19,400,000 төгрөгийг төлсөн. Мөн 2,400,000 төгрөгийг нэмж төлсөн. Нийт 21,800,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 15,000,000 төгрөгт эвлэрэх санал гаргасан. Түүнчлэн 46,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талууд зээлийн гэрээнд алдангийн талаар тусгаагүй. 5,000,000 төгрөгийг нэмж төлөх хүсэлтэй байна. Гэрээнд хүүг 10 хувь гэж тусгасан боловч хэрхэн тооцох нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 10 хувийн хүүтэй гэж тайлбарласан. Үүний дагуу жилийн 10 хувь болгох боломжтой гэж үзэж байгаа тул зээлийн хүүг 10 хувиар тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Б-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т зохигчид гэрээнд зээлийн хүүг 10 хувь байхаар тохиролцсон боловч уг хүүг хэрхэн тооцох нь тодорхойгүй байх тул шүүхээс гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу сараар тооцсон хүү гэж тайлбарлаж, хүүгийн хэмжээг тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т зээлийн хүүг 30 хоногоор 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 120 хоногийн хугацаанд хүү 8,000,000 төгрөгөөр тооцсон нь буруу. Гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 110 хоногоор тооцох ёстой байсан. Алдангийг 3,000,000 төгрөгөөр тооцсон нь буруу. Зээлийн гэрээний алданги 0,5 хувь байх ёстой гэж зээлдүүлэгч бичсэн. Алданги төлөхөөр тохиролцоогүй. Учир нь хэт өндөр хүүтэй зээл авсан. Шүүх энэ талаар дүгнээгүй. 2019 оны 11 сард Монгол банкнаас гаргасан судалгаагаар зээлийн дундаж хүү 16,8 хувь байсан. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу хүүг буулгах хүсэлт гаргасан боловч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр шүүх хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Д.Д нь хэрэгт эх хувиар зээлийн гэрээг өгсөн. Энэхүү гэрээнд 20 хоногийн хугацаатай үндсэн гэрээнд он, сар, өдрийг тодорхой бичсэн байхад удаа дараагийн шүүх хуралд хоног өдөр тодорхойгүй гэх тайлбар хэлж байна. Мөнгөө төлж чадахгүйгээс болж 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг 90 хоногоор сунгасан. Шүүгч хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж байхдаа зээлийн гэрээг дутуу дүгнэсэн. Зээлийн гэрээ нь үндсэн гэрээнд 20 хоног, сунгасан гэрээнд 90 хоног нийт 110 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөгийн 10 хувийн хүү төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээний дагуу нийт 31,000,000 төгрөг авах байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад 14,000,000 төгрөгийг төлсөн, 8,000,000 төгрөгийг нэмж нийт 22,000,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрсөн. 31,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг үлдсэн байсан. Алданги 4,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөг нэхэмжлэх ёстой байснаас шүүхэд 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тайлбараа хэлж байсан. Хариуцагч П.Б нь зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү, алдангийг хүлээн зөвшөөрсөн атлаа давж заалдах гомдолд өөрөөр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх 9,000,000 төгрөгийг гаргуулахаар дүгнэсэн боловч 13,500,000 төгрөг гаргуулах байсан. Алданги 0.5 хувиар тооцохыг талууд хүлээн зөвшөөрсөн. Харин хариуцагч П.Б нь таньдаг хүнээрээ асуулгаж ирсэн тул барьцаа хөрөнгө аваагүй, 20,000,000 төгрөгийг итгээд өгч явуулсан. Д.Д нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэй эрхэлсэн тодорхой ажилгүй тул өөрийн үндсэн хөрөнгө болох орон сууцаа барьцаанд тавьж бага хүүтэй зээл авч таньдаг хүндээ хүүтэй зээлдэг. Нэхэмжлэгч нь эвлэрэх саналыг удаа дараа тавьж байсан боловч эвлэрээгүй, хүү багасгах талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч П.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 22,250,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба үндэслэлийг 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч нийт 22,000,000 төгрөг төлсөн. Хүү 11,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 22,250,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч Анх гэрээ байгуулахдаа алданги төлнө гэж бичээгүй, дараа нь бичсэн. Гэрээнд хүүг 10 хувь гэж тусгасан боловч жилээр юм уу, сараар юм уу гэдэг нь ойлгомжгүй байх тул зээлийн хүүг жилийн 10 хувиар тооцуулах хүсэлтэй байна гэж маргасан байна.

3. Хэргийн баримтаас үзэхэд зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч П.Б нь 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлэхээр тохиролцсон, гэрээний хугацааг 90 хоногоор сунгасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон. /хх-92/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заасан.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу 20,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин зээлийн гэрээний хүү тогтоосон хугацаа болон гэрээгээр алданги төлөхөөр талууд тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1. Нэхэмжлэгч хүүг гэрээний 1-д заасан хугацаагаар буюу 20 хоногийн хугацаанд 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэж, хариуцагч нь зээлийн гэрээнд хүүг сар, жил, өдрийн алинаар тооцохоор заагаагүй тул жилийн 10 хувиар тооцно гэж тус тус маргасан ба шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийг үндэслэн сараар тооцсон хүү гэж үзсэн байна.

Гэрээний 1-д зээл өгөгч нь 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр, 2-т зээл авагч нь авсан зээл болох 20,000,000 төгрөгт 10 хувийн хүү төлөхөөр заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхаарч гэрээний заалтыг тайлбарлах ба гэрээний дээрх хоёр заалтын агуулгаас үзэхэд 20 хоногийн хугацаанд 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хүүг сараар тооцсон нь үндэслэлгүй.

5.2. Гэрээний 5-д гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөхөөр заасан байна. Хариуцагч анх гэрээ байгуулахдаа алданги төлнө гэж бичээгүй, дараа нь бичсэн гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байх тул хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.3. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Үндсэн зээл 20,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 11,100,000 төгрөг, нийт 31,100,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 22,000,000 төгрөгийг хасаж 9,100,000 төгрөг, үүнээс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 4,550,000 төгрөг, нийт 13,650,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба шийдвэрт нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй болно.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/04268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН